
Лодонгийн Дандар (1914–1986) нь Монгол Улсын баатар, цэргийн зүтгэлтэн, “Алаг морьт” нэрээр алдаршсан эрхэм юм. Тэрээр Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд Японы эсрэг эрэлхэгээр тулалджээ. Түүний амьдрал, гавьяа нь өнө мөнхийн бахархал болон үлдсэн билээ.
Л.Дандар Булган аймгийн Бүрэгхангай сумын Рашаант гэдэг газарт төржээ. Бага наснаасаа эхийн гар дээр хүмүүжиж, Лодонгийн Лувсанд үрчлэгдэн өссөн тэрбээр цэргийн замналд гүнзгий сонирхолтой болжээ. ЗХУ-ын Тамбов хотын морин цэргийн сургуульд суралцаж, 1938 онд төгссөнөөр Монголын Ардын армийн 6 дугаар морьт дивизийн 17 дугаар морьт хорооны захирагчаар томилогджээ.
Тэрбээр Японы милитарист хүчний эсрэг олон удаагийн морин дайралтыг удирдаж, өөрийн командынханд зориг, сэтгэл зүрхээ бэлэглэсэн юм.
“1939 он чинь зэр зэвсэг их хөгжсөн үе гэдгийг та нар юу эс андах вэ. Цэрэг хүн бүр хурдан буутай, гар бөмбөгтэй болсон цагаас эрт урьдын морин цэргүүд шиг сэлэм, жадаар байлддаг үе өнгөрсөн. Тийм үед морины хурдаар давхиж, япон цэргийн толгой цавчина гэдэг байхгүй юмны нэг. Гэхдээ ах, дүү орнуудын армитай тулгарч балмагдан зугтсан ганц, хоёр япон явган цэргийн толгойг сэлмээр араас нь цавчих үе байсан гэдгийг хэлье. Миний бие тийм тулгарах байлдаанд цөөнгүй оролцсон. Тэгж явахад сэлмээр хүний толгой цавчаад зогсохгүй, гар буугаар цөөнгүй япон цэргийг араас нь буудаж, унагасныг миний морин жолооч нар гэрчилнэ.” гэж Л.Дандар дараа нь дурссан байдаг.
Л.Дандар нь 1939 онд Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан бөгөөд 9 дүгээр сарын 27-нд Монгол Улсын Гарамгай баатар цолыг авчээ. Энэ шагналыг олгоход Маршал Х.Чойбалсан биечлэн оролцсон нь түүний гавьяаг илүү тодотгожээ.
1945 оны Чөлөөлөх дайнд дэд хурандаа цолтойгоор морьт хороо командлан оролцож, хятадын цагаан хэрэм хүртэл тулалдсан. Дайн дууссаны дараа түүнд олгосон шагнал, гавьяаг нэгэн цагт хурааж, дараа нь 1964 онд цагаатгасан ч бүх шагналыг нь буцаан олгожээ.
Л.Дандар баатар 1986 онд Улаанбаатар хотод таалал төгссөн ч түүний гавьяа Монголын түүхэнд мөнхөрч, олон үеийнхэнд үлгэр дууриал болсон юм. Түүний зориг, эгэл бус амьдрал нь өнө мөнхөд Монголын ард түмний бахархал, дайчин сэтгэлгээг төлөөлдөг билээ. Түүний дайчин нөхдийн хамт оролцон, ялалт байгуулсан Халх голын дайн, Чөлөөлөх дайнууд нь Монгол Улс тусгаар тогтноход чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Иймээс ч Монголын хойч үе түүний гавьяаг хэзээ ч мартах учиргүй юм.
Н.Отгончимэг
Сэтгэгдэл0