“Намрын адаг сар гэлээ ч энэ жилийн Октябрийн баяр чинь тас няс хийж байх чинь вэ. Цас ч их орж, мөс ч их тогтож. Чихний үзүүр хайрах нь ээ. Сунадаг улаан маань дээшээ өгсөж чадахгүй тэшээд байхыг бодоход зам ч мөсөн каток болсон бололтой дог шүү. За, охин минь одоо унтаж байгаа болов уу, хэр том болоо бол доо, хэнийг дуурайсан үр бол...” гэхчлэн бодол хөврүүлж, жаргалтайхнаар инээмсэглэж яваа залуухан дэслэгчийг харин зөрж өнгөрсөн хүмүүс гайхан харна. Өвлийн хувцсаа хэдий нь ээ өмсөж, сээгий лоовуузаа дарж мөрөө хавчсан хүмүүст зуны гутал хувцастай, чемодан барьсан цэргийн залуу сонин харагдах нь аргагүй шүү дээ. 1978 оны тавдугаар сард Зүүнбаянгаас гэнэт дуудагдаж, хотод ганц хоёр хоноод мэргэжил дээшлүүлэх курст сурахаар ЗХУ-ын Бердянск хотыг зорьсон залуу ийнхүү зургаан сарын дараа Монголдоо газардаад, хөлөглөсөн автобус нь зорьсон газраа хүрэлгүй эргэж, хайрт гэргий, шинэхэн төрсөн охин руугаа хүйтнийг үл ажран яаран алхаж яваа нь энэ ээ.
Сэтгэлдээ гэр бүлээ багтааж яваа тэрбээр харин оюундаа ЗСУ-23-4 сууриар зэвсэглэсэн салбарын РЛС-ын инженер хэмээх шинэхэн мэргэжил, арга барилыг баринтаглаж, Монголын Ардын Армийн Цэргийг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн зэвсэглэлд нэвтрүүлэх анхны мэргэжилтэн нь болж ирснээр амьдралынхаа замналын нэгэн шинэ хуудсыг нээсэн төдийгүй арми болоод Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн түүхэнд онцгой чухал үйл явдлын гэрч болжээ.
Хошууч Д.Бямбаа даргаар удирдуулсан найман офицер, нэг ахлагч, 20 цэрэг түрүүч тухайн үеийн ЗХУ-ын Бердянск хотын ойролцоо зенитийн мэргэжлийн сургалтын төвд зургаан сарын хугацаанд тийнхүү бэлтгэгдэхдээ Азовын тэнгисийн эрэг дээр орос ах нартайгаа галын бэлтгэл хийж, мэргэжлээ сайтар эзэмшжээ. Ганцхан хоромд 3400 буудлага хийх тэр хүчит техник нэг дор олуулаа галын бэлтгэл хийх нь тун ч сүртэй аймаар санагдаж байж. Эгээ л галын урсгал тэнгэрт цоройж, газрын энгээр нүргэлж байхыг харах нь аядуу тайван монгол залуучуудын хувьд үнэхээр шинэ, сэтгэл огшоом үзэгдэл байлаа. Шинээр орж ирж байсан Зенитийн өөрөө явагч суурь ЗСУ-23-4 Шилка нь ГМ-575 гинжит машинд суурилагдсан, өөрөө явдаг, өвөл зун, өдөр шөнийн ямар ч нөхцөлд явдал дундаа агаарын целийг эрж илрүүлээд, цель, сум хоёрын уулзах цэгийн өгөгдөхүүнүүдийг маш богино хугацаанд өндөр нарийвчлалтайгаар тооцоолон бодож, буунуудаа автоматаар чиглүүлж целийг устгаж чаддаг дэлхийн шилдэг зэвсэглэлд тооцогддог юм. Энэхүү зэвсэглэл манайд орж ирсэн нь түүхэн онцгой чухал үйл явдал болсон нь үүнээс өмнө манай армид өөрөө явдаг, явдал дундаас үүрэг гүйцэтгэх чадвартай нэг ч зэвсэг байгаагүйтэй холбоотой юм.
Өнөөдөр буурал дэд хурандаа маань тэр үед батарейны зөвлөх мэргэжилтнээр ажиллаж байсан ахлах дэслэгч Таванец В.И болон хамтран ажиллаж байсан батарейны дарга ахлах дэслэгч П.Шухарт, ахмад Ж.Дагдан, ахмад С.Бадам, салааны захирагч ахлах дэслэгч Т.Далхаасүрэн, цахилгаанчин, КРАС-ын дарга ахлагч Д.Хадбаатар, суурийн дарга О.Нэргүй, Т.Баярсайхан, Ё.Жавхлант, Б.Цэрэнбат, М.Чандманьбадрах нарын гар нийлж, сэтгэл зүтгэлээ нэгтгэж, бие биеэ дэмжиж, зэвсэг техникээ эзний ёсоор эзэмшиж, арчлан хамгаалж, ажиллаж байсан анд нөхдөө овог нэрээр нь дурсаж сууна. Алаг адуун овогт Лхамсүрэнгийн Маналжав гуай Завхан хангай нутгийн Булнайн нурууны өврийн Анандын цохионы өвөлжөөнд хүн болж мэндэлсэн нэгэн агаад хойд газрын гойд хүмүүс буюу хотгойд түмний үр сад билээ. Цөнгөө түрж хотлыг ундаалсан цэнхэрхэн Тэлмэн нуурын хөвөөнд өсөж, ханагар уулсын дундах хатан тунамал Идэрийн голын хөндийд дунд сургуулиа дүүргээд төрсөн нутаг, өссөн хангайгаа орхиж, 1972 онд хугацаат цэргийн албанд мордсоноор ирээдүйн амьдралын зам мөрөө сонгож, хувь тавилангийнхаа хүрдийг өөрөө залуурдаж эхэлжээ.
Цэргийн албанаас ЗХУ-ын Одесса хотын цэргийн нэгдсэн дунд сургуульд явж суралцаад “Онц” дүнтэй төгсөж, Зенитийн артиллерийн командын мэргэжил эзэмшсэн байна. Сургуулиа төгсөөд ирсэн шижигнэсэн арван залуугийн ихэнхийг нь Монголын Ардын Армийн хээрийн гарнизон хэмээгддэг Зүүнбаянгийн Зенитийн анги, салбаруудад хуваарилсан бөгөөд Л.Маналжав салааны захирагчийн албан тушаалд томилогджээ. Ер нь Зүүнбаян түүний амьдралд томоохон орон зай эзэлдэг сэтгэлээс салшгүй сайхан нутаг хэмээн тэр дурсаж байна.
Энэ л нутгаас тэр ажил амьдралын гараагаа эхэлсэн бол хожим 1984 онд ЗХУ-ын маршал А.М.Василевскийн нэрэмжит Цэргийг агаараас довтлон хамгаалахын академийг команд-штаб, оператив-тактикийн мэргэжлээр мөн л “Онц” дүнтэйгээр төгсөж ирээд, ахиад Зүүнбаяндаа нэгтгэлийн АДХ-ын даргын ахлах туслахаар томилогдон ажиллажээ. Түүнийг цэргийн дунд сургууль төгсөөд ирэхэд арми ид өргөтгөн зохион байгуулагдаж, цэргийн олон анги салбар шинээр байгуулагдаж, тухайн үедээ олон төрлийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан шинэ зэвсэг техникээр хангагдаж, түүнийг өөрөө шинээр эзэмших, салаа, салбарынхаа бие бүрэлдэхүүнд зааж өгөх, сургаж дадлагажуулах гээд нүсэр ажилтай байв. Өдөр шөнө, цаг нарыг мэдрэхгүй л ажилладаг байсан. Үүр цүүрээр ангидаа очиж, цэрэг дайчидтайгаа хамт өнжиж, ажиллаж хөдөлмөрлөн, басхүү амьдралын их сургуульд хамтдаа суралцаж байлаа. Уул ус нь жигдэрсэн хангай нутгийн хүү наран дуртмал говьд анх очоод цочирдсон гэдэг. Хавартаа хачин гэмээр хавсаргатай, зундаа зулгарч унамаар халуун, намар нь налайж суумаар урт, өвөлдөө харин өлчир суулгахаар жиндүү ийм л соньхон байгалийн эрхшээлд тийм л завгүй он жилүүдийг өнгөрүүлжээ. Засвар үйлчилгээ хийж байгаад наранд халсан төмөр түлхүүр барьж аваад цочсондоо дуу алдан шидэж байсан, ангийн гаднах халсан төмөр сандал дээр санаандгүй суучхаад огло харайн босож байсан гээд хөгжилтэй дурсамж их бий.
Түүний Монголын Ардын Арми, Зэвсэгт хүчинд зориулсан дөч гаруй жилд онцолж тодотгомоор түүхэн үйл явдал олонтоо байдгаас Зүүнбаянд өрнүүлсэн нэг томоохон бүтээн байгуулалтыг дурдахгүй байхын аргагүй. Тэрбээр Ардын Армийн 126 дугаар нэгтгэлийн АДХ-ын ахлах туслахаар ажиллаж байх хугацаандаа манай арми, Зэвсэгт хүчний хэмжээнд ганцханд тооцогдох Зенитийн артиллерийн буудлагын полигоныг бий болгоход хүчин зүтгэж, амжилттай дуусгажээ.
Тус дивизийн АДХ-ын дарга дэд хурандаа Б.Төмөр-Очир, командын салааны захирагч ахлах дэслэгч Д.Баатарзолбоо нарын хамт удирдах салааны цөөн тооны бие бүрэлдэхүүнтэйгээр хоёр жил гаруй хугацаанд уйгагүй хөдөлмөрлөж, хичээлийн гурван танхим, удирдлагын томоохон танхим бүхий хоёр давхар, өвөл зунгүй ашиглах боломжтой хээрийн полигоны байрыг барьж дуусгажээ. Энэхүү байранд агаарын целийн буудлагыг хянах тусгай төхөөрөмж, хяналтын РЛС-ын станц, түүний зөөврийн индикаторыг байрлуулж, 20 гаруй км урт холбооны кабелийг газар доор ухаж суулгаад бүх батарейнуудын галт байруудыг төв командын байртай холбон төхөөрөмжилж ашиглалтад оруулсан байна. Энэхүү полигонд Монгол орны өнцөг булан бүрээс МАА-ийн зенитийн мэргэжлийн бүх анги, тэр ч бүү хэл Хилийн цэргийн Зенитийн мэргэжлийн бие бүрэлдэхүүн хүртэл ирж мэргэжлийн дадлага, байлдааны нэгдсэн буудлага хийж, агаарын цельд хийж байгаа бүх буудлагын үр дүнг бодитойгоор үнэлэх боломжийг бүрдүүлсэн ажээ. Тэрбээр мөн Монголын АДХЦ-ийн анхны боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх үйлсийн тулгын чулууг тавигчдын нэг юм. 1990-ээд оны эхэн үеийг хүртэл АДХ-ын мэргэжлийн офицеруудыг зөвхөн ЗХУ-ын академи, дээд, дунд сургуулиудад бэлтгэдэг байсан бөгөөд өөрчлөн байгуулалт, ардчилсан хувьсгал өрнөснөөр гадаадад бэлтгэх боломжгүй болсон учир АДХЦ-ийн мэргэжлийн офицеруудаа эх орондоо бэлтгэх тухай Засгийн газар, армийн командлалын шийдвэр гарчээ. Ингээд 1991 оны 11 дүгээр сарын тэр нэгэн өдөр Л.Маналжавыг гэнэт дуудаж, ЦИС-д багшийн сонгон шалгаруулалтад оролцуулжээ. Уг шалгаруулалтад магнайлсан тэрбээр АДХЦ-ийн тэнхимд багшаар томилогдсоноос хойш тасралтгүй 20 гаруй жил багш, эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан байна. Түүнийг багш болж очиход уг тэнхим сургалтын ямар ч суурь материаллаг баазгүйгээс гадна хичээл, сургалтдаа эх хэл дээрээ ашиглах ганц ширхэг ч ном, гарын авлага, ганц ширхэг ч үзүүлэн таниулах материал байгаагүй бөгөөд тус тэнхимийн анхдагчид бүгдийг шинээр эхэлж хийх нөр их ажилд хүчин зүтгэсэн гэдэг. Тиймээс ч ЦИС-ийн АДХЦ-ийн тэнхимийн дарга хурандаа Л.Дашдаваа, тэнхимийн орлогч дарга дэд хурандаа С.Гантөмөр, анхны багш Л.Мөнхбаяр, Л.Маналжав, С.Отгонбаяр, Ж.Ганбат нарын анхдагчид АДХЦ-ийн мэргэжлийн офицеруудыг өөрийн эх орондоо бэлтгэх үйлсэд сэтгэл хоёргүй зүтгэж, шаргуухан ажилласан байдаг. Ямартаа л уг тэнхимийн багш нарын өрөөний гэрэл хамгийн түрүүнд асаж, хамгийн сүүлд унтардаг байсан талаар хуучны хүмүүс дурсах юм билээ.
Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн тэнхим анх байгуулагдаж, сургалт явуулж эхлэх үед бүх төрлийн хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг нэг бүрчлэн шинээр боловсруулах, сургалтын материаллаг бааз бүрдүүлэх, анги танхимуудыг шинээр төхөөрөмжлөх, сургалтад шаардлагатай зэвсэг, техникийг армийн агуулах, хот хөдөөгийн бусад мэргэжлийн салбаруудаас татах, тэдгээрийг анги танхимуудад байршуулж ажиллуулах, хичээл заах, хичээлүүдийнхээ конспект, үзүүлэн таниулах материалыг компьютерын техник хэрэгслийг ашиглан бэлтгэж, зенит артиллерийн зэвсэглэлийн танхимыг шинээр төхөөрөмжилж, үзүүлэн, макет, бусад үзүүлэн таниулах материалуудыг ашиглан өөрийн үндсэн дамжаануудад мэргэжлийн хичээлээ заах, хээрийн гаралт, сонсогчдын дадлага, буудлагын төлөвлөгөө боловсруулах, түүнийг зохион байгуулж удирдан явуулах, фондын лекц, гарын авлага, ном сурах бичиг бичих гээд тэнхимийн бүхий л ажилд Л.Маналжав бусдыгаа хошуучилж, цаг завгүй, өдөр шөнөгүй л ажиллаж өөрийн ажил үйлсээрээ тэнхимдээ тэргүүлж байжээ.
Л.Маналжав тус сургууль, тэнхимд ажиллаж байхдаа “Хос гол төмөрт зенитийн суурь”, “37мм-ийн Зенитийн автомат буу”, “Радиобагажийн цогцолбор РПК-1”, “Радиолокаторын станц П-19-ын бие анги”, “П-19 станцын байлдааны ажиллагаа” зэрэг сурах бичгүүдийг гаргасан бол “АДХЦ -40 жилд”, “Зенитчидийн түүхэн замнал”, “Радиотехник, Зенитийн зэвсэглэл, техникийн орос, монгол нэр томьёоны толь”, “Бидний түүх, тэнхимийн түүх” зэрэг олон ном бүтээлийг судлаач эрдэмтэдтэй хамтран бэлтгэж, олны хүртээл болгожээ.
Буурал дэд хурандаатай ийнхүү ажил амьдралын талаар хөөрөлдөх зуур гаднаас орж ирсэн түүний хань И.Дүйнхэржав эгч яах ийхийн зуурт аарц буцалгаж, бүхэл үрийн бууз хийж жигнээд дайлав. Тэгэх зуураа ярианд маань оролцож, “Арай л их ажилладаг байсан даа. Залуудаа бид нэг тооцож үзсэн чинь жилийн долоон сарыг хээр хөдөө, ажил дээрээ өнгөрүүлсэн байсан даа. Ялангуяа сургуульд ажиллаж байхад мөн ч их суусан даа. Хэдийд ч өрөөгөөр нь ороход ном шагайж, орчуулга хийж, цаас цоохорлож сууна. Ямартаа л үс нь туг тугаараа унаж байсан үе ч бий. Нэг сүрхий өвдсөнөөсөө хойш үгэнд ордог болоод байна аа, бас. Энэ мэт эрүүл мэндийн хоол цай л хэрэглэж байна даа” гэж хуучлав. Өвгөн ах маань ч ханийнхаа зүг зөвшөөрөнгүй толгой дохиод “Хүний амьдралд ажил мэргэжил, насны ханиа сонгох нь л хамгийн чухал. Тэгээд эзэмшсэн мэргэжилдээ тууштай ажиллах, ханиа түшиж, зөв амьдрахад л бүх зүйл аандаа дагаад явчихдаг. Энэ маань л бүх насаараа ар талыг минь дааж ирлээ дээ. Охидоо өсгөхөд ч миний оролцоо бага байсан даа” гэж билээ. Тэднийх цэцэг шиг дөрвөн сайхан охинтой байжээ. Харамсалтай нь, сурлага, сэргэлэн хоёроороо гайхагддаг гурав дахь охин нь инженер мэргэжил эзэмшиж, ажил амьдралын захад хүрч, басхүү магистрын ажлаа хамгаалахаар бэлтгэж байхдаа хавдар хэмээх хэцүү нэртэд нэрвэгдэж, хорвоог орхиход дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу санагдаж, шаналж явсан өдрүүд бий. Бусад охид нь аавынхаа “Сурсан шиг сур” гэсэн захиас, ээжийнхээ номд дурлуулсан үлгэр жишээгээр эзэмшсэн мэргэжил, хариуцсан ажилдаа хариуцлагатайгаар зүтгэж, сайхан амьдарч элгийг нь дэвтээж явна. Том бага хоёр охин нь Монголын мөрдэст бүсгүйчүүдийн төлөөлөл. Том охин бэлтгэл дэд хурандаа М.Пунсалмаа нь багаасаа сэтгэл хоёргүйгээр Зэвсэгт хүчин хэмээх их айлын нэгэн гишүүн болсон агаад БХЯ, ЗХЖШ, анги байгууллагуудад ажилласан бөгөөд өдгөө НҮБ-д ажиллаж байна. Насаараа Ардын Арми, Зэвсэгт хүчин, цэргийн боловсролын байгууллагад ажилласан буурал хурандаа гавьяаныхаа амралтад гараад зүгээр сууж төвдсөнгүй ээ. 2010 оны хавар бэлтгэл хошууч М.Ягаан, бэлтгэл хурандаа Г.Дорж, Т.Далхаасүрэн, бэлтгэл дэд хурандаа Д.Баасанжав нарын мэргэжил нэгт нөхдийн хамт “Зенитчидийн холбоо” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, анхны гүйцэтгэх захирлаар нь ажиллажээ. Төрийн бус байгууллагынхаа дүрэм журмыг боловсруулах, тамга тэмдгийг хөөцөлдөж авахаас эхлээд бүхий л ажлыг нөхдийн хамт хийж, тулгын чулууг тулалцжээ. Өдгөө холбооны ажиллагаа хэдий нь ээ жигдэрч, сэтгэл зүтгэл нийлсэн нэгэн сайхан хамт олныг бүрдүүлж чадсан байна. Түүний сэтгэлийн орон зайд “Монголын хөх тэнгэр цэлмэг байж, манай улсын агаарын хил үеийн үед дархан байгаасай” хэмээх хүсэл, бас залбирал хойморлон оршдог. Таны минь ерөөл хүсэл бат сайхан орших болтугай.
Д.ГҮНЖИЛМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Баасан - 05 сарын 15,
2026
Сэтгэгдэл3
Хотгойд гэж хойт Хойдууд гэсэн угийн дуудлаг гойд юм байхгуй Ойрдын нэг салбар чукчанууд гээд ойлгочих
Цэнгүнжав ноены албатууд Гойд юу байх вэ миний эцэг хотгойд түүхч эрдэмтэн пүрэвжав хотгшойдын түүхийг бичсэн зүгээр л ард түмэн
Урцанд амьдарч байсан ойн иргэдийн удам.