Монголын төдийгүй дэлхийн сонгодог дөч гаруй бүтээлийг тайзнаа амьдруулснаас гадна Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар дөрвөнтөө ажилласан УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарыг энэ удаагийн зочноор урилаа.
Тантай уран бүтээлийн талаар яривал дуусашгүй, өрнүүн сайхан ярилцлага болох нь мэдээж. Харин би өнөөдөр тантай эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө цохилох зүрхтэй эр хүн, нийгмийн шинжээч болсон найруулагч хийгээд өнөр өтгөн өрхийн тэргүүн, аав хүний хувьд үзэл бодлыг тань сонсож ярилцахаар шийдлээ. Зөвшөөрөх сөн болов уу?
-Тэгье ээ, харин ч сонирхолтой байна. Би таны саналыг сонсоод л төрсөн сэтгэгдлээсээ хуваалцъя. Эрдэнийн Соёмбыг тэргүүндээ дээдэлсэн, 99 жилийн түүхэн замналтай, ирэх жил нэгэн зууныхаа төрсөн өдрийг тэмдэглэх танай сонины хамт олон, уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Хүмүүс мэдэх л байх. Гэхдээ л Соёмбоос эхэлж яримаар санагдлаа. Соёмбын үндсэн дүр төрх, дүрс нь Мянган бурхны тамганаас үүдэлтэй. Сүүлд анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар маань “Өөрөө харагдсан дүрс” хэмээн тодруулж, тусгаар тогтнолын баталгаа, үндэстний бахархал, ерөөл бэлгэдэл, бидний оршин байхуйн үндэс, сэтгэхүйн гол зарчмыг шингээсэн Соёмбыг бидэнд үлдээсэн юм шүү дээ. Дүрс бүхэн нь утга учир, билиг ерөөлтэй, авшигтай дээд хүндлэл юм. Мянган бурхны тамга дээр титэм гэдэг, Өндөр гэгээний соёмбо дээр бол чандманилсан гал дүрэлздэг. Монголчуудыг “нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой” гэдэг нь ч гал махбодтой ард түмний дүрэлзсэн, цовоо цолгиун, басхүү ариун гэсэн утгыг илэрхийлнэ. Түүнчлэн Хүннүгийн үеэс монголчууд өглөө нарандаа мөргөж, үдэш сарандаа залбирдаг. Нар сарны тохиол байгаль дэлхий төдийгүй хүн төрөлхтний амьдралд ул мөр, үр нөлөөгөө үзүүлсээр ирсэн. Монголчуудын философи сэтгэлгээний үндэс нь байгалиа хайрлах их ухаан юм. Тэгээд өстөн дайснаа дарах, бат тогтворыг сахих гурвалжин, дөрвөлжин дүрснүүд, эр эм, үнэн худал, хар цагаан, өдөр шөнө зэрэг амьдралын эерэг сөрөг хоёр талын тэнцвэрийг илэрхийлэх хос загас, улс орны хил хязгаар, бүрэн бүтэн байдал, бат бөх хамгаалалтыг илэрхийлсэн хос багана гэсэн гүн утга бүхий бэлгэдлийг оршоосон Соёмбоо дээдэлсэн та бүхний ажил үйлс өөдрөг байдагт эргэлзэх зүйл алга аа.
Хоймортоо залах, сэтгэлдээ дээдлэх ямар нэгэн хүчин зүйл нь хөгжиж дэвшихийн үндэс, нэгтгэн зангидагдах нэгэн үзүүр болох нь бий.
-Манай монголчууд эртнээсээ “Төрийн минь сүлд өршөө” гэж дээдэлж ирсэн. Харин сүүлийн үед зарим мугуйд хүмүүс төрөө хараадаг, төр хэрэггүй гэдэг болжээ. Төр нүдэнд харагдаж, гарт баригдахгүй, бидний оюун санаанд байдаг. Төр бол газар шороо, ард түмэн, засаглалын нийлбэр. Төрөө харааж байгаа хүн өөрөө ард түмний нэг учраас өөрийгөө харааж байна гэсэн үг. Гол асуудал нь тухайн үеийн удирдлага, засаглал, Засгийн газарт байгаа. Төр бол хамгийн ариун нандин юм. Германы их сэтгэгч Г.Гегель “Хүн төрөлхтний түүх Дорноос, тэр дундаа Монголчуудаас эхэлдэг. Учир нь тэнд төр байсан юм” гэсэн байдаг. Манайхны зарим нь “Нутгийн зон олон...” гэж буруу ярьдаг. Зон олон гэдэг удирдлагагүй, зоргоороо хэсэг хүмүүс шүү дээ. Төрт улсыг бий болгосноор зон олон нь ард түмэн болдог. Ард түмэн нэгдсэн удирдлагатай, хариуцлагатай, нийтээрээ зөв хэмнэлээр амьдарч чаддаг. Улс орны батлан хамгаалах талын эмзэглэлээ өөрийн эрхгүй хуваалцаад байгаа юм шүү, ойлгоорой.
Ойлгож байна аа, угаасаа найруулагч хүний гярхай нүдээр харснаа төдийгүй дугаар хорооны иргэн хүний хувьд ч үзэл бодлоо эрхгүй хэлмээр санагддаг үе бий.
-Төрийн түшээ, төрийн албан хаагч, эх орны цэрэг, эмч нар тангараг өргөдөг. Харин ихэнх нь тангаргийнхаа үнэ цэн, мөн чанарыг төдийлөн чин сэтгэлээсээ мэдрэхгүй байх шиг санагддаг. Монголчууд эртнээсээ дэнс, дүйчээгээрээ ялгарах амлалт, андгай, тангараг гэсэн гурван чухал ойлголттой байсан. Амлалт бол ам алдахын тухайд юм. “Ам алдвал барьж болохгүй” гэж эмээл хазаартай морь, хэт хутга, хаш гаанс гээд эд зүйлсээ өгдөг байсан. Дараагийнх нь андгай. Андгайлсан зүйлийнхээ утгаас шалтгаалан зөрчвөөс хуруу гар, өрөөсөн чих гээд эрхтний төлөөстэй байсан. Хамгийн хатуу нь тангараг. Ямартаа л “Тангараг зөрчвөл тамд унана” гэж байх вэ дээ. Тангараг өргөнө гэдэг нь тэнгэрт мэдүүлэх гэсэн утгатай учир зөрчвөөс амь насны төлөөстэй. Тэнгэрт мэдүүлсэн тангаргаа чин сэтгэлээсээ ойлгож ухаарахгүй, асар их хариуцлага, итгэл үнэмшил ирж байгааг мэдрэхгүй байна. Тухайн үеийн шүүх, засаглал шийтгэж чадахгүй ч тэнгэрийн гэсгээл ирнэ гэдгийг байнга санаж байх хэрэгтэй. Түмнийг төлөөлж, төр улсдаа хүчээ өгч, бодлого уралдуулж, хууль санаачилж, хэлэлцүүлж батлуулсан ч эцэст нь уг хууль хэрэгжиж байна уу, хэрэгжих явцад ямар асуудал, бэрхшээл тулгарч байна, гарц гаргалгаа юу байна, хэрхэн сайжруулах талаар огтхон ч сэтгэл гаргадаггүй. Улс түмний тусаас өөрийн эрх ашгийг ямагт тэргүүнд тавьсан хэрээс хэтэрсэн шунахай, аминч албан тушаалтнууд их болжээ. Нийгмийг тэнцвэржүүлэх, үнэнийг тунхаглах, нийгмийн дөрөв дэх засаглал болсон шударга сэтгүүл зүйн орон зай ч үгүйлэгдэж байна. Сенсааци хөөдөг, хаалтын гэрээ хийдэг, нийгмийг талцуулдаг байдал хэрээс хэтэрлээ. Үнэндээ сошиал ертөнц ард түмний тархийг угааж байна. Модун шанью, Чингис хааны үеэс монголчууд хөрш улсуудтайгаа найрсаг харилцаатай, торгон мэдрэмжтэйгээр оршин тогтносоор ирсэн. Гагцхүү урвагч нарыг л үзэн ядаж, эмээдэг байсан. Гэтэл өнөө цагт бид талцаж маргаад, хоёр хөршөө үзэн ядаад, аливаад туйлшраад байна. Биднийг эе эвгүй байлгах зорилготой цөөн хэдэн троллуудын аясаар ханараад байна. Гаднынхнаас биш тэдний гар хөл болсон үндэстэн нэгтнүүдээсээ эмээх учиртай. Хэл, хил, хэвлий гээд бүхий л тусгаар тогтнол маань тэдний гараар улам хэврэгшиж, мөхөж байна шүү дээ.
Тийм шүү. Хамгийн сүүлийн шинэхэн жишээг дурдахад л бид салбараараа доромжлуулж, үгүйсгэгдэж, баалууллаа. Арми хэрэггүй, цэрэг шорон хоёр юугаараа ялгаатай юм гэхчлэн дайрахыг харах, мэдрэх таагүй л байлаа.
-Арми хэрэггүй гэж эрүүл хүний амнаас гарах ёсгүй. Харин ч бүр байх ёстой. Аливаа үндэстний бат итгэлтэйгээр оршин тогтнох үндэс нь батлан хамгаалах, Зэвсэгт хүчин шүү дээ. Цэрэг арми хэр хүчтэй байхаас улс орны тусгаар тогтнол шууд шалтгаална. Хилээ манах, улсаа хамгаалах эр цэрэг зайлшгүй хэрэгтэй. Монгол хүү болж төрсөн л бол эр цэргийн алба хааж, өөрийнхөө мөн чанарыг таньж мэдэх ёстой. Асуудал бол байдаг, хуучин ч байсан, одоо ч байгаа, нуух аргагүй. Гагцхүү түүнийг илрүүлж, учир шалтгааныг тодорхойлж, засаж залруулах хэрэгтэй. Эцэг эхчүүд хөвгүүдээ эргэлзэх зүйлгүйгээр эр цэргийн албанд илгээх итгэл үнэмшлийг нь бадрааж өгөх хэрэгтэй. Байлдах тухай асуудал огтоос бус юм. Тэнд эх оронч үзэл төлөвшиж, улс орон, тусгаар тогтнолын үнэ цэн улам тодотгогдож, омогшил нь бадардаг гэж би боддог.

Та бол зургаан хүүхэдтэй Монголын нэгэн сайхан өнөр өтгөн айлын тэргүүн, удам залгах дөрвөн сайхан хүүтэй эцэг хүн. Хөвгүүдээ цэрэгт явуулах уу гээд шууд асуучихъя даа?
-Явуулна аа, явуулна. Ер нь би хөвгүүдээ эх орон дуудахад эргэлзэх зүйлгүй явуулна. Эцэстээ хөвгүүн төрүүлснийх тэгэх гэж л өсгөж бойжуулж байгаа юм шүү дээ. Дунд хүү маань “Тэмүүжин Өрлөг” сургуульд суралцахыг хүсэж байсан ч бид шалгалтад нь орж амжсангүй.
Та түрүүнд тусгаар тогтнолын талаар цөхрөнгүй дуугарлаа. Тодруулж санал бодлыг тань зориуд сонсмоор санагдлаа.
-Тусгаар тогтнолын үндсэн таван хэв шинжийг бид үүрд сахиж, хадгалж, хамгаалж явах учиртай. Эн тэргүүнд, эцэг өвгөдийн минь халуун амь, бүлээн цусаараа бидэнд өвлүүлж ирсэн эх орныхоо хил хязгаарын тусгаар тогтнолыг бид нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж явах учиртай. Их Нацагдоржийн алган дээр тавьсан юм шиг зураглан бичсэн “Миний нутаг” шүлгийн “Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд... Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд...”-аас өнөө цагт Саян, Номин хоёроо алдчихсан байна шүү дээ, цаашдаа хэдийг алдах уу?!
Хэлний тусгаар тогтнол асар чухал. Өнөөдөр монгол хэлний үгсийн сан нутгийн аялгатайгаа нийлээд 120-иод мянган үгтэй. Гэтэл бид өнөөдөр 3000-хан үгсээр ярилцаж байна. Бүр 500-хан үгийн дотор эргэлдээд ном гаргачхаж байна шүү дээ, нэр усыг нь зарлаад яах вэ. Нийгэм нийтээрээ англи хэл, гадаад хэл гэж туйлширч байна. Үнэндээ хэл нь боловсрол биш мэдлэг шүү дээ. Хэн ч эхлээд үндсэн монгол хэлээ цэвэр сайхан сурах учиртай. Яруу тунгалаг, язгуур монгол хэлээр тайз, дэлгэцээс үзэгчдэд үлгэр дуурайл өгч байгаагаараа манай Эрдмийн театрын жүжигчид нэг талаараа хэлний тусгаар тогтнолын манаанд зогсож байна.
Оюуны тусгаар тогтнолыг төрийн бодлогоор хамгаалахгүй бол хэрээс хэтэрлээ. Урлаг соёл, кино үзвэрээр дамжуулан өдөр шөнөгүй иргэдийн оюун санаанд нөлөөлсөөр байгаа гаднын соёлын довтолгооны үр дагаврыг тооцож, хянаж, хааж зохицуулж чадахаа байчихсан юм уу?!
Дэлхийн улс орнууд, хүн төрөлхтөн даяарчлагдаж байгаа ч үндэстний цусны тусгаар тогтнол гэдэг хамгийн чухал. Хэвлийгээ манах эмэгтэйчүүд, хилээ манах эрчүүд, хэлээ манах мэргэд үгүйлэгдэх үе ирэх вий дээ. За, тэгээд эцэст нь эдийн буюу эдийн засгийн тусгаар тогтнол чухал шүү. Өнөөдөр бид юу үйлдвэрлэж байна? Дандаа гаднын импортын бараагаар хэрэгцээгээ хангаж байна. Тэр чигээрээ ченж хэмээх хуучныхаар бол панз наймаа үсэргэдэг хэдэн нөхдийн эрхшээлд орсон. Нүүрсний аугаа баялаг сантай, газар дороо ашигт малтмалтай атлаа бид яагаад өнөөдөр хараат, ядуу тарчиг амьдраад байгаа юм бэ. Заримдаа энэ нийгмээ бодохоор гайхшаа бардаг. 30 биш 3-хан сая хүнийг сайн сайхан, амар амгалан амьдруулах хүсэл алга, төрийн толгойд гарсан хүмүүс дэндүү сувдаг шунахай байна. Нийтийн болоод улс орны эрх ашгаас ямагт өөрийн, хувийн эсвэл намын эрх ашгаа тэргүүнд тавьдаг. Өнөөдөр Монгол Улс бус нам улс болчхоод байна. Оюунлаг, эрдэмлэг, шинийг эрэлхийлэгч эрдэмтэн судлаачдаа яагаад дэмжихгүй байгаа юм бэ. Шулуухан хэлэхэд, Монголын нийгэм сэтгэцийн эмгэгтэй болжээ.
Бид тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгээ мэдэрч, Монгол үндэстэн гэдгээрээ бахархаж омогших сэтгэлээр нэгэн цул болдог нь Улсын их баяр наадмын өдрүүд байдаг. Та бол наадмын ерөнхий найруулагчаар дөрвөнтөө ажилласан хүн. Таны баримталж ирсэн гол зарчим юу вэ?
-Монгол төрийн наадмыг найруулна гэдэг асар том хариуцлага, үүрэг даалгавар. “Монгол хүн билгээрээ, төвд хүн шидээрээ, хятад хүн бэнчингээрээ” гэдэг. Тиймээс би үндэсний их баяр наадмаа бэлгэдэл гэж хардаг, монголчууд ерөөлтэй л байх учиртай. Энэ бол миний үндсэн концепц. Түүнээс гадна би дэлхийн түүхийг яривал Монголын түүх, Монголын түүх гэдэг цэргийн түүх юм гэсэн шугамыг баримталдаг. Түүхэн замналаас маань яг өнөөдрийн нийгэмд ямархан хэсгийг онцолж харуулах, хэрхэн огшоох зэргийг бодолцдог.
Тэгээд мэдээж монгол өв соёлоо харуулахыг хичээдэг. Түүнчлэн бид гурван цагийн хэлхээсэнд амьдардаг болохоор өнгөрсөн үе-түүх, одоо цаг-бид, ирээдүй цаг-хүүхэд гэсэн ерөнхий шугамыг баримталж, хүүхэд багачуудын хэсгийг заавал оруулдаг.
Олноо “Арслан” гэгддэг аугаа найруулагч Г.Доржсамбуу гуай 1992 онд Монгол наадмын шинэ хэв маягийг бий болгосон хүн. Төрийн есөн хөлт цагаан тугаа хүндэтгэлтэйгээр залж, Монгол Улсын Ерөнхийлөгч цагаан эсгийгээр алхаж, хүндэтгэлийн тавцанд гарч, ард түмэндээ хандаж, баяр наадмаа нээдэг. Одоо бол Баяр наадмын тухай хуулиараа хуульчлагдан батлагдсан. Би 2016 оны наадмаар “Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой” монголчууд хийгээд ямагт ариуныг билэгдэн гал бадраасан. Бид айл бүрийн галыг асааж чадахгүй учир баяр наадмаараа бүх ард түмнийхээ сэтгэлийн галыг бадрааж өгье гэж бодож хийсэн. Ард түмэнд таалагдсан учраас өнгөрсөн жилээс Баяр наадмын тухай хуульд орлоо шүү дээ. Энэ бол хувь уран бүтээлч, монгол иргэн хүний хувьд маш том бахархал шүү дээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч маань монгол айл бүр эзэн Чингис хааныхаа хөргийг хоймортоо залах зарлиг гаргасныг Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор Үндэсний их баяр наадмаараа төв цэнгэлдэх хүрээлэндээ залсан нь ард нийтээрээ огшоосон үйл явдал болсон.
Ингэснээр улс нэг эзэнтэй болсон шиг сэтгэл дүүрсэн. Үүнчлэн бидний үеийнхэн ахмадуудаасаа суралцаж, өнөө цагт үе тэнгийнхнээрээ наадмын шинэ дэгээ бий болгож байна. Бидний дараа үеийнхэн улам баяжуулаад, сайжруулаад явах болно. Зарим хүмүүс наадмыг олимп шиг орой шөнө хийж болдоггүй юм уу гэдэг. Би үгүй л гэнэ. Харин хүсээд байдаг шөнийн үзүүлбэрийг хаалтын үйл ажиллагаагаараа гаргаж байна. Дрон нисгэж тэнгэрт соёмбоо залсан, наадмын түрүү бөхчүүд дуучидтай хамтран дуулсан зэрэг наадамчин олныг огшоосон шийдлүүд бий бий.
Ард түмнээ урлагаар цэнгүүлэн цэнэглэдэг хүн маань харин эрч хүч, онгодоо хэрхэн нөхдөг, сэлбэдэг юм бол?
-Хүн л юм хойно мэдээж уурлах, гуниглах үе тохиолдоно. Тиймээс өдөр тутам өөрийгөө сонсох, өөртэйгөө ажиллах таван хормыг заавал гаргадаг. Би багаасаа бурхны шашинт хүн л дээ. Хүн итгэл үнэмшилгүй бол хорвоог туулахад хэцүү шүү дээ. Бас “Хүн ажил мэргэжил, амраг хань, амьдралд дурлах хэрэгтэй” гэсэн миний афоризм шахуу үг, зарчим бий. Эхээс унаж уйлахаас эхлээд эцсийн амьсгалаа татах хүртэлх хугацаа буюу амьдралд ямархан түүх бүтээж, хэрхэн амьдарч, зам мөр гаргахаа хүн шийднэ. Амьдралд хайртай байж, цаг хугацаатай өрсөж, байхгүй болсон ч байгаа юм шиг санагдаж, үгүйлэгдэж амьдрах учиртай. Мөнхийн хутгийг олно гэдэг үзэл баримтлалдаа үнэнч байх, үйлдлээрээ биелүүлсний илэрхийлэл. Тийм л байхыг хичээдэг, зорьдог.

Та Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хүн. Анхдагчдын өлгий нутаг. Та бас драмын урлагаас төрсөн анхны төрийн соёрхолт. Ер нь төрсөн нутаг, усны авшиг хүний хувь тавиланд нөлөөлдөг талаар юу гэж боддог вэ?
-Би гурван Намнанд залбирч, шүтэж амьдардаг. Монголдоо ганцхан Намнан хайрхан уул Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байдаг. Үйлс бүхнийг тэтгэдэг, язгуурын таван бурхны голын цагаан дүрт Намнан бурхныг шүтдэг. Нэрийг нь хөрвүүлбэл “Гэгээн үзэгдэл” шүү дээ. Тэгээд мэдээж хүмүүн заяаг оноож өгсөн аавдаа залбирдаг. Манай Булган аймаг яахын аргагүй анхдагчдын өлгий нутаг. 2018 онд Булган аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойгоор бид судалгааг үзээд, үнэхээр гайхаж байсан. Ийм их анхдагч төрнө гэдэг үнэхээр газар нутаг, төрсөн нутаг усны авшиг гэж бодож, бэлгэшээж явдаг. Хар Намнан уул, хатан Сэлэнгэ мөрний өлгий нутаг гэж сүслэн бодож, нутаг усаа хайрлаж, залбирч, хамгаалж явахыг хичээдэг дээ. Аав хүний хувьд хүүхдүүддээ нутаг ус, эх орноо зүсэлж, зундаа гэр бүлээрээ заавал нэг шинэ газраар аялдаг. Тухайн газар орны талаар өөрөө судалж мэдчихээд хүүхдүүддээ тайлбарлаж, харилцан ярилцдаг нь өгөөжтэй байдаг л даа. Миний Монголын сайхныг үзэж барах биш дээ.
Нэгэнтээ “Алдар нэр, амар тайван хоёр нэг саванд таарахгүй” гэж уншаад сэрдхийсэн сэн. Алдар нэрийн тухайд таныг бүтээл туурвилаараа гуйж биш гуядаж авсан хүний нэг гэж үзэгчид үнэлдэг. 21 насандаа “Алтан гадас” одон, 30-аадхан насандаа Төрийн соёрхол, 40-өөд насандаа Урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх алдрын тавцанд зогссон.
-Алдар нэр хүсэж амьдарна гэдэг утгагүй л дээ. Харин хийсэн бүтээсэн нь алдрын тавцанд хүргэх нь бий. Төрдөө үнэлэгдэнэ гэдэг сайхан. Тэр тусмаа эцэг эхдээ хүний дайтай яваагаа харуулах сайхан шүү дээ. Миний өвөө Мод боловсруулах үйлдвэрт насаараа ажиллаад энгэртээ Хөдөлмөрийн хүндэт медальтай л тэтгэвэрт гарч байсан. Хүүхэд байсан ч томчуудын ярианаас болсон уу, өвөөгөө “Алтан гадас” одонтой харах юм сан гэж боддог байсан. Тэр бодлын хүч нөлөөлсөн үү, мэдэхгүй. Ямартай ч “Алтан гадас” одонгоо өвөөдөө зүүж өгөхдөө өөрийн эрхгүй уйлсан. Өвөө минь ч уйлсан сэтгэл хөдлөм хором байсан шүү. Өвөө минь хөдөлмөрлөхийн чухлыг, дотоод сэтгэлийн хүчээ сэлбэх, шүтэх дээдлэх зүйлтэй байхын чухмыг надад зааж сургасан.
2019 онд “Legend” буюу “Домог” хэмээх тухайн үедээ шинэлэг шоугаа хийхдээ “Монголчууд дотоод сэтгэлийн нүүдлээ сэрээх цаг болсон” гэж хэлж байсан тань санагдчихлаа.
-Монголчууд язгуурын нүүдэлчин ард түмэн. Ахуй, оршихуй, сэтгэхүй нь ч нүүдэлчин, чөлөөтэй, эрх дураараа байсан. Цаг хугацаа, түүхийн нугачаанд “унтчихсан” сэтгэл, мэдрэмжээ сэргээх цаг болсон. Их хаан маань хүртэл дэлхийг байлдан дагуулж явахдаа улс түмнүүдийн шашин шүтэх эрх, сэтгэлгээний эрх чөлөөнд нь халддаггүй байсан. Хамгийн мэргэн түргэн, номч, сэтгэгч хүмүүсээр хүрээлүүлдэг, тэднийг сонсдог, сэтгэлийн мэлмий ангид хүн байсан.
Өстнийхөө үр удмыг авч өсгөөд өрлөг жанжнаа болгон шадарладаг байсан нь ч гайхмаар аа...
-Тийм шүү, Шихихутаг гээд Татарын хөвгүүнийг авч өсгөөд улсын их хуульч болгож л байсан. Ер нь түүний “Сэтгэлийг нь хурааваас бие нь хаа холдох вэ” гэсэн үзэл бол аугаа шүү дээ. Тиймээс бид аливааг чөлөөтэй сэтгэн олон талаас нь харж, тунгааж, эцсийн шийдвэрийг гаргаж чадах сэтгэлийн нүүдэл, сэтгэлгээний цар хүрээтэй болох цаг ирсэн.
Театр нэг үе уналтад орж байхад танай “Драмын дөрвөл” шиг авьяаслаг залуус хүч түрэн орж ирж босголцсон. Чухам дуучин, жүжигчин хүн тайзнаас бууж найруулагч болоход чухам юу нөлөөлөв өө?
-Жүжигчин хүн найруулагч болоход дөхөм л дөө. Яагаад гэвэл жүжигчнээ, сэтгэл зүйг нь мэдэрдэг, түүнтэй ажиллах аргаа мэддэг. Жүжигчин бүр өдөр бүхэн асаалттай байдаггүй. Найруулагч хүн жүжигчнээ асааж чаддаг, түлхүүрийг нь олдог байх хэрэгтэй. Монголын театрын урлагийн домог найруулагч Б.Мөнхдорж багш маань “Найруулагч болно гэдэг ганц жүжиг хийхийн нэр биш ээ. Бүхий л төрлөөр өөрийгөө сорь. Тэгж үзсэний дараа сая нэг өөрийгөө найруулагч болжээ гэж бод” гэдэг байсан. Нэг бүтээлээр хэн нэг жүжигчнийг нээж, цоо шинээр төрүүлж, таниулдаг байх нь найруулагчийн уран чадвар. Найруулагч хүн бас эх оронч, маш том үзэл суртлын зэвсгээр наадаж байгаа гэдгээ ухамсарладаг, голтой, үзэл бодолдоо үнэнч хүн байх ёстой. Тийм байхыг хичээдэг.
Монголын ард түмэн, үзэгчид таныг “Бооцоо” жүжгээр тань хүлээн зөвшөөрсөн гэдэг. Түүнээс хойш та маш олон бүтээл, өндөр алдар нэрийн ард гарлаа. Чухам аль бүтээлээрээ өөрийгөө найруулагчийн хувьд тоосон бэ?
-Та асуусан учраас би хариулъя. Би одоо хүртэл найруулагч болоогүй л явна. Найруулагч гэдэг насаараа суралцдаг ажил мэргэжил юм байна. Би өнгөрсөн үеийн томчуудын дэргэд өчүүхэн гэдгээ мэдэрсээр л явна. Надад том амбиц бий. Хэрэв би түүнийгээ биелүүлж, хэрэгжүүлчихвэл хамгийн түрүүнд чам руу залгаж хэлнэ ээ... Гэхдээ удахгүй байх аа, за нэг таван жил...
Гэхдээ л таныг ард түмэн үнэлдэг. Та 2004 онд “Гэгээн Муза I” наадамд “Шилдэг залуу уран бүтээлч”-ээр шалгарч байсан бол зургаахан жилийн дараа “Гэгээн Муза VII”-д “Шилдэг найруулагч”-аар шалгарсан. Түүнээс хойш найруулагчийнхаа хувьд багагүй үнэлэгдсэн.
-Хамт олонтойгоо хийсэн бүтээл маань түмэнд үнэлэгдсэнд баярлалгүй яах вэ. “Гэгээн Муза”-гийн зургаан удаагийн шагнал, “Мөнгөн мод”, “Гоо марал”-ын тэргүүн шагналууд байна. Театр гэдэг хамтын хөдөлмөр. Тэгэхээр манай театрын хамт олны үнэлэмж, хүч, хөдөлмөрийн үр дүн. Би театртаа чин сэтгэлээсээ сүсэлж, хамт олныхоо хүчинд биширч явдаг хүн. Энэ театр маань ахмад үеийнхний маань оюун санаа, хөдөлмөр зүтгэлийн эрч энерги шингэсэн аугаа орон зай. Би “Хэний мориор газар дөхсөнөө санаж яв” гэдэг үгийг байнга санаж, хэн байснаа хэзээ ч мартахгүй явахыг хичээдэг. Бусдад ч тэгж хэлдэг. Найруулагч Б.Мөнхдорж, Б.Баатар, Ч.Найдандорж, Н.Болд нарынхаа үгийг дуулж, зэмлэлийг нь дааж явсны хүчинд өдий зэрэгтэй явна.
Д.ГҮНЖИЛМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Баасан - 05 сарын 15,
2026
Сэтгэгдэл7
Энэ сайхан гэр бүл - энэ сайхан хүмүүст өлзий хутгийн далайг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе!
Wow, az jargal husie
Kk
Kk
Домог,агуу гэх мэт суржин суржин угс, Бусдын л ярьдаг нутаг ус,уул,хайрхан. Бас анхны Торийн шагналт ч гэх шиг Ванган,Оюун нар Торийн шагнал Торийн шагнал жинхэнэээрээ байхад авсан биш уу ? Ах нар урдах туухээ сайн судлаа,унш,боловсруул. Сайн бод !
ГАВЬЯАТ ЦОЛ ХҮРТСЭН. ХҮН БҮХНИЙГ МЭДДЭГ гэж тун буруу ойлгодог бололтой Өөрийгөө хянах чадвараа нилээд алдах өнгө будаг энэ ярилцлагаас тодорхой байна даа Нэн даруй засраасай,хайран хүн
Setguulch Batbayariig Elbegdorjid medeelj aluulahiig oroldsonoo martaagui biz, Naranbaataraa. Hiisen muu uiliinhee tuluusiig chi tuluh bolno. Karma gej baidag yum shuu.