sonin.mn
Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн радио станцын дарга-жолооч, ахлах ахлагч Х.ДАВААНЯМТАЙ ярилцлаа.
 
Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
 
-Би 1978 онд төрсөн. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Тус ангид 2002 оноос ажиллаж байна. 
 
Энхийг дэмжих ажиллагаанд монгол хүн, тэр тусмаа эмэгтэйчүүд үүрэг гүйцэтгэнэ гэдэг бахархалтай хэрэг. Таны хувьд үүнийг өөрийн биеэр ойлгож мэдэрсэн байх?
 
-Би 2010 онд Сьерра Леон, 2013 онд Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн. Ажиллагааны газар оронд буухад айхтар халуун агаар өөдөөс үлээснийг ерөөсөө мартдаггүй юм. Эндээс явахдаа тухайн орны цаг уурын талаар тодорхой төсөөлөлтэй явсан ч тийм аагим халуун байх юм гэж ёстой санаагүй. Хүн ер нь “Мянга сонсохоор нэг үз” гэдэг шиг өөрийн биеэр очиж газар оронтой танилцах хэрэгтэй юм билээ. Миний үзэл бодол эрс өөрчлөгдсөн. Монгол цэргийн сүр жавхаа, ур чадварыг сайн гэж боддог байсан, өөрийн биеэр харж мэдэрсэн зүйл минь бүр ч илүү гэдгийг нотолж байлаа. Ялангуяа манайхны дасан зохицох чадвар бусад улсын цэргийн алба хаагчдаас хавьгүй илүү санагдсан шүү. Огт төсөөлөөгүй, таньж мэдэхгүй газарт очиж үүрэг гүйцэтгэнэ гэдэг амаргүй ч бидэнд үлдэх зүйл их юм билээ. “Нүд нээгдэнэ”, өөр орны ард иргэдийн аж амьдрал, соёл, ёс заншил, гоё сайхан, хэцүү адармаатай гээд бүх зүйлийг харж мэдэрнэ. Мөн миний цэргийн мэргэжлийн болоод гадаад хэлний мэдлэг ч дээшилсэн. Гол нь энэ бүхний эцэст хүн өөртөө дүгнэлт хийж, цаашид яах ёстой, өөрийгөө хаана яваагаа мэдрэх шиг сайхан зүйл үгүй.
 
Бүсгүй хүн энэ салбарт ажиллаж, алба хаана гэдэг эрчүүдээс илүү их тэсвэр тэвчээр, хатуужил шаардах нь лавтай ...
 
-Бид ч бас эх орон, төр, ард түмэндээ тангараг өргөсөн мөрдэстнүүд учраас анги, хамт олны амжилтаас хойш татах эрхгүй, эрчүүдээс дутахааргүй л мэрийж зүтгэдэг. Ер нь салбар бүрт л эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх шаардлагатай болсон. Манай Зэвсэгт хүчнээс тэр оролцоо, манлайллыг харж болно гэдэгт эргэлзэхгүй байна. Ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэснээс хойш өөрийгөө эрчүүдээс дутахааргүй нөөц, бололцоотой гэдгээ ойлгосон. Олон хүнтэй хамтарч ажиллан нэг баг болж, бусдад өөрийгөө илэрхийлж, өөрийгөө шинээр нээж, аливаад дасан зохицох чадвартай болсон зэргээр би олон зүйлийг сурч мэдсэн. 
 
 
Нөхөр, үр хүүхдээ үлдээгээд хилийн чанадыг зорих амаргүй байсан байх даа ...
 
-Тэгэлгүй яах вэ. Хүний хань, эх хүн учраас цаанаа л гунигтай, гэр бүлээ санах үе ч цөөнгүй л байсан. Гэхдээ Зэвсэгт хүчинд олон жил алба хааж байгаагийнхаа хувьд сэтгэлээ барина, тангараг өргөж мөрдэс зүүсний хэрэг юу сан билээ. Тайван цагийн харуул манаанд яваа бидний бахархал нь өргөсөн тангарагтаа үнэнч байх явдал шүү дээ.
 
Эх орондоо ирэхэд ямар мэдрэмж төрсөн бэ?
 
-Онгоцноос буух агшинд сэтгэл гэгэлзээд цаанаа л дотно, сайхан. Монголын минь салхи цаанаа л өөр. Тэр үед л эх орон, гэр бүл, үр хүүхэд гээд үнэтэй бүхнээ их санасан гэдгээ мэдэрсэн. Хилийн чанадад байхдаа эх орноороо бахархах сэтгэл их төрнө. Монголд хүмүүн заяаг олж төрсөндөө бүр их баярладаг юм билээ. Учир нь Африк тивийн зарим оронд усыг уутанд граммлан орон нутгийн иргэдэд зарж байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн. Бид чинь яасан жаргалтай, дайн дажингүй, энх тунх, амар жимэр амьдардаг юм бэ гэж бодогдсон. 
 
Зэвсэгт хүчинд алба хааснаар таны амьдралд гарсан өөрчлөлтийн тухайд юу хэлэх вэ?
 
-Аав, ах маань цэргийн хүмүүс. Манай гэр бүлийн хувьд цэргийн хүн болно гэдэг уламжлал төдий бус хүмүүжлийн цаашлаад амьдралын их сургуульд суралцаж байгаагаас өөрцгүй хэрэг. Нэг удаа ээж надад хандан “Миний охин аавынхаа мэргэжилд дурлаж байв уу, гадуур яваа сонсогч охидууд нүдэнд дулаахан бас их сүр жавхаатай харагдах юм. Миний охинд ч бас тэр дүрэмт хувцас нь жигтэйхэн сайхан зохих байх даа” гэж хэлж байсан. Сурагч байхдаа гүйж харайдаггүй, уралдаан тэмцээнээс хол хүүхэд байж билээ. Энэ мэргэжлийг сонгосноос хойш харин ч цэрэгжлийн спортоор идэвхтэй хичээллэж байна. Цанын спортын дэд мастер ч боллоо.
 
Таны нөхөр энэ ангид алба хаадаг гэж сонссон. Нөхөртэйгөө анх хэзээ танилцсан бэ, хамт нэг салбар, нэг ангид ажиллахын онцлог юу вэ?
 
-Миний нөхрийг Г.Дашням гэдэг. Мөн адил станцын дарга-жолоочоор ажилладаг. Ер нь ханийгаа ахлагчийн сургуульд байхаас нь л мэднэ. Би тус сургуулийг төгсөөд энэ ангид хуваарилагдаад нэг жил гаруй болж байлаа. Гэтэл нэг өдөр Г.Дашням дадлага хийхээр манай ангид ирчихсэн гүйж явсан. Тухайн үедээ намайг та гэж дуудаад л ёсорхоод дагаж явсан залуу одоо амьдралын минь түшиг тулгуур болсон байна. 
 
Цэргийн мэргэжлийн хүмүүсийн гэр бүл цаанаа л дэг журам, эмх цэгцтэй байдаг юм шиг санагддаг... 
 
-Бичигдээгүй хууль гэдэг шиг л юм үйлчилдэг. Намайг хүүхэд байхын л аав аливаад ариг гамтай, их нямбай байсан. Ж.Ёндон генералын жолоочоор олон жил ажилласан хүн дээ. Би аавынхаа аливаад чин сэтгэлээсээ ханддаг занг нь дуурайж өссөн. Бас өөрийнхөө үр хүүхдүүдийг тийм зөв хандлагатай болгохыг л хичээж байна. 
 
Нөхөр тань бас ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэсэн үү, тийм бол танай гэр бүл бүр ч их бахархах түүх, дурсах яриатай байх ...
 
-Нөхрийгөө бас намайг явахад ч хэн хэн нь үр хүүхдэдээ илүү их анхаарал хандуулж, тэднийгээ халамжлан ажил албаа ч тасралтгүй явуулсаар л байсан. Нөгөө бие биеэ нөхнө гэдэг л тэр. Ханийгаа ажиллагааны газар оронд үүргээ гүйцэтгэж байхад манайх гэдэг айл шинэ хүнээ өлгийдөн авч бүл нэмсэн. Эх орондоо ирэхдээ шинэ хүнээ харах гээд их л яарч, догдолсон хүн л онгоцноос буусан гэнэ лээ.
 
Залууст хандаж юу гэж зөвлөх вэ?
 
-Хүнийг илэрхийлдэг зүйл нь боловсрол бас хүмүүжил. Тиймээс үргэлж өөрийгөө сорьж, шинээр нээж байх хэрэгтэй. Ялангуяа өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийж, болж өгвөл өөр мэргэжлээр суралцахад илүүдэхгүй. Миний хувьд хүний нөөцийн менежментээр суралцаж төгссөн, нийгэм, цаг үеэсээ хоцорчих шахаж гэдгээ ойлгосон. Тиймээс чаддаг зүйлдээ бус шинэ зүйлийг сурч, мэдэхэд цагаа зарцуулаарай.
 
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин