sonin.mn
Хил залгаа орших Монгол, Хятад хоёр улсын хувьд энэ 2019 он түүхэн тэмдэглэлт үйл явдлаар элбэг баян байна. Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиов. Энэхүү түүхэн ойн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар болоод Бээжинд нэг биш арга хэмжээ зохиогдов. Соёлын өдрүүд болж, утга зохиолын номын нээлт хийж, сэтгүүлчид зохиолчид харилцан зочилж хоёр улс, хоёр ард түмний хөгжил дэвшил, ажил амьдралтай танилцав. Үр дүнд нь сонин сэтгүүл, радио телевизээр олон сайхан цуврал нийтлэл нэвтрүүлэг гарлаа.
Энэ бүгдээс Монгол, Хятадын зохиолчид Бээжин хотноо удирдлагын түвшинд уулзалдаж харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр ярилцаж тохиролцсон нь тэмдэглэлт үйл явдал боллоо. МЗЭ-ийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багталцаж, яриа хэлэлцээнд оролцсон хүний хувьд аяны богцоо задалж уншигчидтайгаа сэтгэгдлээ хуваалцах нь миний үүрэг билээ.
 
Их цагаан хэрэм ба тэнгэрийн хөвгүүний хаалттай хотоор аялсан нь
 
Хятадын зохиолчдын хорооныхон Их Цагаан Хэрэм дээр гарч, бээжин нугас амтлахгүй бол Хятадад ирсэн гэж битгий хүнд яриарай гэв. Ингээд монголын зохиолчдын багийнхан Их Цагаан Хэрэм өөд ээлжит авиралтаа хийлээ. Энэ жил Бээжинд харьцангуй сэрүүхэн зун болж байна гэж тэд ярьж байлаа. Нэмэх гучин градусын дулааныг нийслэл хотынхон нь ингэж ойлгодог юм байна. Их Цагаан Хэрмийн орой дээрээс эргэн тойрныг саравчлан харахад сэрүүн салхи хацар нүүрийг илбэн таалаад ойр орчмын өндөр нам уул толгод ногооронхон дуниартаад үнэхээр сэтгэлд таатай байв. Дэлхийн долоон гайхамшгийн нэг Их Цагаан Хэрмийг хэдэн зуу мянган жил дамнуулан уйгагүйгээр хөдөлмөрлөж хөлс цусаараа, нус нулимсаараа бүтээн босгож чадсан хятадын ард түмний ажилч хичээнгүй, шоргоолж шиг хөдөлмөрч шинж чанарыг бишрэн хүндэтгэхгүй байхын аргагүй аж. Тэднийг тэгтэл нь айлгаж сандаргаж амар заяа үзүүлэхгүй дайрч давшилж довтолж доргиож байсан, өөрөөр хэлбэл шахаж шавдуулж байгаад Их Цагаан Хэрмийг “бариулсан” тал нутгийн нүүдэлчин “дээрэмчид” буюу монголчууд бидний өвөг дээдэс ч бас л горьгүй идэрмэг дайчин байлдаанч ард түмэн байж дээ. Тойруу замаар Их Цагаан Хэрмийг босгох зайлшгүй нөхцлийг нь бүрдүүлээд өгчихсөн юм бишүү гэж эрхгүй бодогдож байлаа. Цагаан хэрмийн орой дээр яг энэ мөчид надаас гадна хөлс нь бороо мэт мөндөрлөж ус адил урссан арав хүрэхгүй залуус зогсож байлаа. Их Цагаан Хэрмийн оройд ингэж ядарч туйлдаж “шүд зуун” тэмүүлж тэмцэж байж л гарч ирдэг юм байна. Ийш зүглэх хүн урсгал их мөрөн адил үерлэж харагдавч ихэнх нь замын дунд хүрээд зогсдог, зарим нь эргэж буцан бэлээ бараадан буудаг аж. Эгц өөд нь эгнүүлж тавьсан чулуун шат хэдэн мянгаар тоологдох агаад нэмэх гуч хальж шарсан халуун өдөр хэн хүний хар хөлсийг өөрийн эрхгүй ийнхүү савируулж гоожуулан хөл гарын булчинг эцээж ядраадаг тул олон хүн оройд нь гарч чаддаггүй бололтой.
Их Цагаан Хэрэм бол буурал түүхийн буман дуртгалыг өөртөө агуулж шивнэн хүүрнэсэн эрт дээр цагийн харуул хамгаалалтын нүсэр том барилга байгууламж аж. Хүний гараар бүтсэн ийм аварга гайхамшигт архитектурын бүтээл өөр үгүй юм. ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын гайхамшигт өвийн бүртгэлд байр сууриа баттай эзэлсэн Их Цагаан Хэрмийн урт нь 21196,18 км урт гэнэ. Үүсэн бүрэлдэж буй болсон үүх түүхийг нь хэлбэл 2300 жилийн тэртээгээс эхлэлтэй аж. Архитектурын энэ хосгүй гайхамшигт бүтээл туурвилыг үзэх гэж дэлхийн таван тивийн улс орнуудын хэдэн арван сая жуулчид Бээжин рүү жилийн дөрвөн улиралд тасралтгүй цувдаг. Тэрбум таван зуун сая хүн амтай Хятад улсын иргэд ч мөн ялгаагүй. Нэг өдөрт дунджаар 70 мянган хүн Их Цагаан Хэрмийг зорьж ирдэг гэж бодоод үзэгтүн. 2001 онд гэхэд 63 сая хүн Их Цагаан Хэрмийн чулуун шатан дээр хөл тавьсан байна.
Их Цагаан Хэрмийн нэрийг хятадаас үгчлэн орчуулах юм бол “Урт хэрэм” гэсэн утга санаа аж. 2300 жилийн түүхийг ардаа орхиж, Хятадын янз бүрийн тухайлбал Жoy /манай эрний 707-221/-ийн, Цинь /221-207 он/, Хань /206-220 он/, Мин гүрний /1368-1644 он/ хаанчлалын он жилүүдэд үргэжлэн баригджээ.
Энэ цагаан хэрэм бол Их Хятад гүрний газар нутгийн хойт талын хилийн зааг хязгаар мөн гэсэн түүхэн гүн агуулгыг илэрхийлсэн хамгаалалтын барилга байгууламж юм. Тэр тэмдэглээ нь тэнгэр огторгуйгаас ч алган дээр тавьсан мэт тодхон харагддаг гэлцнэм.
Энэхүү түүхэн гайхамшигт дурсгалаа үүрд мөнх авч үлдэхийн тулд хадгалан хямгадаж хайрлан хамгаалж арчилж тордож буй хятад нөхдийн зүтгэл сэтгэлийг үзээд үнэнхүү хүндэтгэх сэтгэл төрөв. Их Цагаан Хэрмийн ар өвөргүй битүү ногоон мод тарьж хүрээлүүлжээ. Энэ нь газрын хөрсийг бэхжүүлж, гулгалт нуралтаас хамгаалдаг байна. Хог новш хаях гаж үзэгдэл бүрмөсөн арилжээ. Хана хэрэм дээр нэр ус бичих, будаг шохой түрхэхийг хатуу хориглосон байна.
Түүхэн дурсгалт хана хэрмийн талаарх мэдээ мэдээллийг ил тодоор бичиж энд тэндгүй байрлуулан тавьжээ. Хэн гэдэг эрхэм аль улсын хаан, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэдийд ирж үзэж байсныг тэмдэглэсэн нь нэг бус. БНХАУ-ын үе үеийн дарга нараас Их Цагаан Хэрэмд ирээд хэлж ярьж, захиж захиаслаж захирамжилж үлдээсэн үг сургамж ч нүдэнд үзэгдэж л байх юм.
 
 
Их Цагаан Хэрмийн орой дээр удтал зогсож өнгөрсөн үүх түүхийг эргэцүүлэн бодох сонин аж. Гэвч ард буюу тэртээ дор үлдсэн нөхдөө хүлээлгэхийн зовлонг бодолцож түргэхэн буухын хүслэнд автагдав. Дээш авирахаас доош буух нь илүү хэцүү, хэдийгээр хүч тэнхээ орж хөлс урсгахгүй ч гэлээ тийм ч амархан боорцог биш болох нь удахгүй мэдрэгдэв. Анхаарал болгоомжтой гишгэхгүй бол хальтрах, гулгах энүүхэнд аж.
 
 
Их Цагаан Хэрмийн дунд хэрд манай залуу нөхөд намайг хүлээж байв. Утга зохиолын авьяаслаг судлаач Р.Батхуяг надаас та яаж ийм өндөр өөд ингэж хурдан авирч чадаж байна хэмээн гайхсан байдалтай асууж байна. “Ах нь Алтайн өндөр ууланд хонь хариулж өссөн хүн шүү дээ” гэж хариуллаа. “Тэгнээ тэр тийм байж таарна” гэсэн байдалтай тэд толгой дохиж харагдав.
Маргааш өдөр нь бас л сонирхолтой үзмэр үзлээ. Бээжин хотын дунд орших “Тэнгэрийн хөвүүн”-ий орд харшийг ахин нэгэнтээ сонирхох аз завшаан тохиов. Хориод жилийн өмнө бүтэн өдөр үзээд гүйцээж чадаагүйгээ эргэн саналаа. Энэ өдөр Бээжинд их уст бороо тасралтгүй шаагисан бүүдгэрдүүхэн өдөр байлаа. Нар, борооны халхавч барьсан мянга мянган хүн эртний хотын эрхэмсэг цамхаг, орд харшийн дундуур шахцалдан түлхэлцэн сүлжилдэнэ. Тэнгэр язгуурт дээдэс, энд тэндхийн Элчин сайдаас бусад хэнийг ч босго алхуулдаггүй байсан энэхүү хаалттай хотод өнөөдөр тасалбар худалдаж авсан хэн боловч чөлөөтэй зорчиж тайлбарлагчдын үлгэр домог адил яриаг чих дэлдийлгэн чагнаж, мянган жилийн үүх түүхийг өгүүлэх, эртний архитекторчдын ур ухаанаар сүндэрлэн боссон орд харшийн гоёмсгийг нүд бүлтийлгэн харах боломжтой болжээ.
Бээжин хотын Тянь ань мэнь талбайн дэргэд орших эл эртний нийслэл Гугун хэмээх нэрээр алдаршиж түүх шашдирт бичигдэж ирсэн байна. Орчин үеийн Бээжин хотын доторх “эртний хаалттай хот” гэж нэрлэлтэй. Дөрвөн талаараа 3400 метр урт хөх тоосгон өндөр хэрмээр бас уст голоор битүү халхлагдсан учир түүний дотор юу болж байдгийг хэн ч үл мэднэ. Эрт дээр үеэс ингэж явж иржээ. Гугун хот 500 жилийн турш Хятадын Мин ба Чин гүрний 24 эзэн хааны оршин сууж тансагладаг орд харш байсан аж. Хятадын эзэн хаан Юнлэ гэгч нийслэл хотыг Нанкинаас Бээжинд шилжүүлэх үе буюу XV зууны эхээр эзэн хааны энэ орд харшийг барьж эхэлжээ.
Бүтээн байгуулалтад нэг сая хүн гар бие оролцож, чулуу болоод модон эдлэлийн нэг зуун мянган урчууд дархчууд хаан эзний хаалттай хотыг барьж байгуулахад дайчлагджээ.
15 жилийн турш бүтээн байгуулалт тасралтгүй үргэлжилж байж үлгэр домгийн эл орд харшийг сая нэг дуусгасан гэдэг. Хаан болоод хатад, шадар сайдууд, энд тэндхийн зочин гийчин Элчин сайд нарыг хүлээн авах өрөө тасалгаа, дайллага цайллага, амрах цэнгэх байр байшин бүгдийг иж бүрнээр гүйцэлдүүлсэн олон орд харш, цамхагууд нь 9999 өрөөтэйгээр үүд хаалгаа нээжээ. Тэнгэр бурханы эзэн бол арван мянган өрөө тасалгаатай байна гэдгийг бодолцон нэгээр дутуудуулан барьж байгуулсан аж. Өнөөдрийн байдлаар Гугун хотын 980 орд харшийн барилгууд нь 8707 өрөө тасалгаатай байгаа юм байна. Эзэн хаантан хаана аль өрөө тасалгаанд заларч буйг хэн ч олж мэдэх ёсгүй гэж ийм олон өрөө тасалгаа хийжээ.
Энэхүү хаалттай хотод жирийн иргэн хүн нэвтрэн орох эрхгүй бөгөөд онцгой тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан эзэн хаан зочид гийчид хүлээн авч хүндэтгэлийн хүлээн авалт хийх их ёслолын үеэр л хамгийн тансаг “Тайхэдянь” танхим үүд хаалгаа нээдэг байсан гэнэ. Орд харшийн доторх гоёл чимэглэлээрээ түүнтэй эн зэрэгцэх нь ертөнцөд үгүй аж. Аварга том 72 ширхэг баганыг нь тэнгэрийн луугаар эрээлүүлэн хүрээлүүлжээ. Ордын хойморт хамгийн хатуу бат бэх сандал модоор урлаж хийсэн эзэн хааны онцгой содон олбогт ширээ байх бөгөөд тэргүүн дээрээс нь савартаа эрдэнэс атгасан хамгийн хүчирхэг луу өнгийн харж өмгөөлөн хамгаалж халхавчилна. Хятадууд лууг эр бяр, эрэмгий хүчирхэгийн илэрхийлэл гэж үзэж итгэж биширдэг агаад хэрэв хэн нэгэн хуурамч “эзэнтэн” хааны олбогт ширээнд санаархан очиж суух юм бол хүчирхэг луугийн савар дахь эрдэнэс дээрээс нь унаж тархийг нь хага цохин хагалах учиртай аж. Тийнхүү бэлгэджээ.
 
1911 оны Синьхайн хувьсгалаар Хятадын сүүлчийн эзэн хааныг олбогноос нь түлхэн унагаснаас хойш хаалттай хотыг “Гугун” гэж нэрлэх болсон юм байна. 1925 онд бүх хүнд нээлттэй музей болгож өөрчилжээ. Орд харшууд, тэдгээрт байгаа эрдэнэс баялаг, урлагийн бүх бүтээлүүд нийт ард түмний буюу хятад үндэстний үнэт баялаг мөн гэж тунхагласан байна. Хаалттай хотын энэхүү музейн фондод 1 сая 807 мянган үзмэр хадгалагдаж байдгаас 1,7 сая нь улсын хэмжээний хамгаалалтын үнэт зүйлсэд тооцогддог гэнэ. Орд харш доторх хана туурга, багана, ширээ сандал, ор дэр, аяга тавгаас эхлээд хөрөг зураг, эдлэл хэрэглэлүүд нь хатуу хяналттай хамгаалалтад байдаг юм байна. Шороон түмэн үзэгчид тэдгээрийг өлмий дээрээ өндийн байж хаалга цонхных нь цаанаас хальт мөлтхөн хараад л өнгөрөх аж. Зураг хөрөг авахыг ч үл зөвшөөрнө. Харин орд харшууд, гэрэлт цамхагуудын өмнө үүд хаалган дээр нь бол болно. Орсон гарсан, харсан зөрсөн хүн бүр зураг татуулж, гар утсаараа бичлэг хийж авах ажээ. Хаалттай хотын хэрэм дотор хөл тавьж, хамаг тансаг үзмэрүүдийг үзэж харсны дурсгалт баталгаа болдог бололтой.
 
Хүн төвтэй нийгэмд оюун санааны хоол тэжээл үйлдвэрлэгчид нь зохиолчид юм
 
Монгол, Хятадын зохиолчдын байгууллагын удирдлагын хэмжээний уулзалт, хоёр орны утга зохиолын харилцаа холбоог бэхжүүлэх асуудлаар санал солилцсон ярилцлага ихээхэн үр дүнтэй болж өнгөрснийг тэмдэглэх нь зүйтэй буй заа. Монголын зохиолчдын бүтээлийг хятад хэл рүү, Хятадын зохиолчдын бүтээл туурвилыг монгол хэл рүү хэрхэн яаж хөрвүүлэх сонирхолтой сэдвийг тойрч ярилцсан.
МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн дарга МУСГЗ До.Цэнджав хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн өмнө энэ ажлын эхлэл амжилттай тавигдлаа. Тэгэхдээ тодорхой бодлого үгүйлэгдэж байна. Орчуулагчид өөрсдийнхөө санаачилгаар, бас үзэмжээр орчуулж байна. Тэдэнд мэдээж баяр хүргэх ёстой боловч бодлого дутагдаж алаг цоог болж байна. Тиймээс хоёр зохиолчдын байгууллагын хэмжээнд уг асуудлаар санал солилцох Ажлын хэсэг байгуулж зөвлөлдөе. Хэний ямар зохиолыг хэдийд багтааж орчуулах вэ гэдгээр нэгдсэн санал зөвшилцөлд хүрье. Тэгвэл дуун хөрвүүлэх ажил эмх цэгцтэй, Монгол ба Хятадын зохиолчдын сонгодог сайн бүтээлүүдийг харилцан орчуулж уншигчдад хүргэх ажил тодорхой нэгдсэн бодлогод зангигдах болно гэсэн санааг Бээжингийн уулзалт дээр илэрхийлсэн.
Хятадын тал уг саналыг талархан хүлээн авч байна лээ. Манай тал бичгээр тодорхой санал тавьж байр сууриа илэрхийлэх, ирэх жил буюу 2020 оны зун Хятадын зохиолчдын эвлэлийн төлөөлөгчид Монголд айлчилж харилцаа, хамтын ажиллагаагаа ахиулж шинэ түвшинд гаргахаар ярилцаж тохиролцсон нь онцгой ач холбогдолтой юм.
 
Бээжингийн уулзалтын дараагаар бидний яриа тус улсын Шаньши мужид үргэлжлэв. Шаньши мужийн зохиолчидтой Датун хотод уулзаж,түүх дурсгалын газруудаар нь аялсан юм. Энд олон мянган жилийн өмнөөс хүн аж төрж амьдарч эхэлсэн түүхтэй аж. Тус мужийн газар нутаг дээр 2400 жилийн өмнө Жү хэмээх улс үндэстэн оршин тогтнож байсан гэнэ. Датун хотын нэр түүх шашдирт 970 жилийн өмнөөс тэмдэглэгдэж эхэлжээ. Хятадын гурван ч удаагийн улсын нийслэл энд 440 гаруй жилийн турш төвлөрч байсан удаатай аж. Уг хот тус муж бүх Хятадын түүхэнд мянгаад жилийн турш чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ. Эдүгээгээс 900 жилийн өмнө Датун хотыг Бээжин буюу умард нийслэл гэж нэрлэж байжээ. Өнөөдрийн байдлаар 3 сая хүн амтай юм байна. Утга зохиолын уламжлал шинэчлэл нь мянган жилийн түүхтэй гэнэ.
“Утга зохиол ба уншигчид” гэсэн сэдвээр бид энд Хятадын зохиолчидтой санал солилцож ярилцав. МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн дарга Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав монголчууд бол номч мэргэн ард түмэн байгаа юм. Номыг есөн эрдэнээр бичиж дээдэлж шүтэн биширч ирсэн ард түмэн. Номыг газар тавьдаггүй, торгоор баринтаглаж Бурхантайгаа хамт залдаг. Сүүлийн үед ном хэвлэх, хүмүүст хүргэх ажил улам өргөжиж үздэг, сонсдог гэх зэрэг шинэ хэлбэрээр баяжин дэлгэрч байна гэлээ.
 
Шаньши мужийн зохиолчдын байгууллагын орлогч дарга ноён Ван Сянфей өөрийн байгууллагын ажил үйлс, зохиолчдын бүтээл туурвилын талаар дэлгэрэнгүй мэдээлж танилцуулаад бид зохиолчдын бүтээлийн чанарт онцгой анхаарч байгаа. Хятадын ард түмэнд бид оюуны чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэгтэй. Нийгмийн өмнө хүлээсэн энэ үүрэг, хариуцлагаа манай зохиолчид сайтар ухамсарлаж бүтээл туурвилынхаа чанарт анхаарч бичлэгийн арга барилдаа эрэл хайгуул, өөрчлөлт шинэчлэл хийж байна. Зохиол бүтээлийн чанарыг шагнал урамшуулал бус өнгөрөх цаг хугацаа харуулна. Уншигч үгүй бол зохиолч үгүй. Жинхэнэ зохиолч хүн бол зуун жилийн дараа миний зохиолыг хүмүүс унших уу, үгүй юү гэдгийг мэдэж мэдэрч байдаг юм. Тийм мэдрэмж бүх зохиолчдод байх ёстой. Утга зохиолоос хүн чанар, шударга ёс үнэртэж байх учиртай. Үнэн амьдралаас ургуулж соёолуулж уран дүр дүрслэлээр баяжуулж бичсэн зохиол мөнхөрдөг гэв.
Манай төлөөлөгчийн нэг, МЗЭ-ийн шүүмж судлалын төвийн тэргүүн, доктор Р.Батхуяг уншигч төвтэй утга зохиолын эрин үед та бид амьдарч аж төрж байна. Уншигчид янз янз, тухайлбал судлаж уншдаг, туршиж уншдаг, тандаж уншдаг, бусдыг дагаж уншдаг гэж тэднийг ялгаж болно. Та бидний өмнө тулгамдсан чухал асуудал нэг бус байна. Үндэсний утга зохиолоо орчуулгын зохиолын түрэлтээс хамгаалах асуудал, цаг хугацааг давж үлдэж чадах сонгодог зохиолоо ашгийн төлөөх уран зохиолоос яаж ялгаж салгаж авч үлдэх вэ гэсэн асуудал бас байна. Европод уншигчдынхаа боловсролыг дээшлүүлэх, дэмжих чиглэлд маш их ажил хийж хүчин чармайлт тавих боллоо. Үүнийг шийдвэрлэхгүйгээр амжилтад хүрэх аргагүй юм. Гадны шилдэг уран зохиолыг эх хэл рүүгээ хэрхэн яаж хөрвүүлэх вэ, тухайн бүтээлийн тансаг хэллэг, утга зохиолын өвөрмөц давтагдашгүй онцлогийг хаяж гээгдүүлэхгүйгээр буулгаж, дэвшүүлэн тавьсан санааг нь яаж товойлгон гаргах вэ гэдэг тун чухал асуудлын нэг. Утга зохиолыг хүн төрөлхтний үнэт зүйлс болгож хувиргах асуудал бас анхаарлын төвд байх ёстой. Үүнийг хамтын хүчин чармайлт, хамтын оюун ухаанаар л сая оновчтой шийдвэрлэнэ. Манай, танай утга зохиолын түүх нэг биш гурван мянган жилийн түүхээр хэмжигдэнэ. Үүнийг та бид хоёр улсын утга зохиолын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаснаар мэдэж мэдрэх болно хэмээн онцлов.
 
Хятадын зохиолч Ван Вихуа би бол уурхайчны охин байгаа юм. Уурхайчдын ажил аьдралыг сайн мэднэ. Эцгийнхээ, түүний үеийнхний дүр төрхийг би зохиол бүтээлдээ дүрслэх дуртай. Би үнэнийг, шударга ёсыг эрхэмлэж бичдэг. Уурхайчид бол миний зохиол бүтээлийн гол баатрууд юм гэж байв.
 
МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал, яруу найрагч Саруулдалай эртний түүхт Шаньши муж Датун хотноо ирж үзэг нэгт хятад нөхөдтэйгээ танилцаж, сонирхолтой сэдвээр санал солилцож байгаадаа бид тун баяртай байна. Та нарынхаа үйл ажиллагааны туршлагыг бид бас сонирхон судалж байна. Тус мужид 600 гаруй гишүүдтэй зохиолчдын том салбар ажилладаг, тэдний бүтээл туурвилд ихээхэн анхаарал тавьдаг юм байна. Уран бүтээлчдийн сургалтыг байнга зохион байгуулж, уншигчидтайгаа тогтмол уулзаж санал солилцож байдаг нь сайхан сэтгэгдэл төрүүллээ. Та бүгдийн бүтээл туурвилд үнэн бодит амьдрал, тэрчлэн түүхэн сэдэв зонхилж байдаг аж. Уншигчдад амьдралын үнэнийг өгүүлж гоо сайхныг мэдрүүлдэг. Нийт зохиолчдынхоо бичлэгийн ур чадвар, уран дүрслэлд онцгой анхааран ажиллаж хөхиүлэн урамшуулж байдаг нь тун сайхан санагдлаа. Энэ мужид Бүх Хятадын зохиолчдын байгууллагын 10 гаруй гишүүн байдаг юм байна. Энэ бол зохиолчдын гишүүнчлэлд өндөр хатуу шаардлага тавьдгийн илэрхийлэл буйзаа гэж ойлгогдлоо гэв.
МЗЭ-ийн Хүүхдийн зохиолын төвийн тэргүүн зохиолч Сундуй хүүхдийн зохиолчид биднийг эх хэлний багш нар гэж нэрлэдэг. Энэ үнэн, хүүхдүүдэд бага балчраас нь эх хэлний өндөр боловсрол олгох учиртай. Үүнд нь хүүхдийн зохиолчид зохиол бүтээлээрээ үлгэрлэл үзүүлж байдаг. Сүүлийн үед нийт утга зохиолд орчуулгын зохиол давамгайлах хандлага ажиглагдаж байна. Үүнээс үндэсний уран зохиол, тэргүүн ээлжинд хүүхдийн уран зохиолоо хамгаалж авч үлдэх үүрэг та бидэнд оногдож байна. Монголд энэ ажлыг уншлагын уран зохиолоос эхлүүлж байгаа. Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд чанга буюу дуут уншлагын хэлбэр ихэд таашаагддаг, залгуулаад уран уншлагыг хөгжүүлж байна гэж хятад нөхөдтэйгээ туршлагаа хуваалцав.
 
Үргэлжлэл бий.
 
Тугалхүүгийн Баасансүрэн