sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /AFP/. Есдүгээр сарын 11-ний халдлага болон Афганистан, Иракт болсон дайны үеэр Жорж Бушийн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Дик Чейни даваа гарагт 84 насандаа таалал төгсжээ. 

Д.Чейни энэхүү ач холбогдол багатай албан тушаалыг хаших хугацаандаа нөлөө бүхий томоохон үүрэг гүйцэтгэж, Ж.Буш АНУ-ыг “терроризмын эсрэг дайн”-д оруулах үед “хаан ширээ”-ний ардах гол хүч болж байв.




Зүүний үзэлтнүүдэд үзэн ядагддаг тэрбээр 2024 онд Цагаан ордонд эргэн ирэх Дональд Трампын сонгуулийн кампанит ажлыг эсэргүүцсэнээр амьдралынхаа төгсгөлд гайхалтай эргэлтийг хийжээ. Д.Чейнигийн охин, Вайоминг муж улсын конгрессын гишүүн асан Лиз Чейнигийн хэлснээр, Бүгд Найрамдах намыг дэмжигч эцэг нь Д.Трамптай Ардчилсан намаас өрсөлдсөн Камала Харрист саналаа өгсөн байна.




Конгрессын гишүүн, Батлан ​​​​хамгаалахын сайд асан Д.Чейни “уушгины хатгалгаа, зүрх судасны өвчний хүндрэлийн улмаас нас барсан” гэж гэр бүлийнхнийх нь мэдэгдэлд дурджээ. АНУ-ын 46 дахь дэд Ерөнхийлөгч тэрбээр 2001-2009 оны хооронд уг албан тушаалыг хашиж байлаа.

Энэхүү албан тушаал нь амбицтай улс төрчдөд ихэвчлэн бухимдал төрүүлдэг боловч Д.Чейнигийн Макиавеллийн ур чадвар нь түүнд ихээхэн нөлөө үзүүлсэн байна. Тэрбээр "ерөнхийлөгч нь хууль тогтоогчид болон шүүхээс хараат бусаар, ялангуяа дайны үед чөлөөтэй ажилладаг байх ёстой" гэж үздэг байв.




Ж.Буш дэд ерөнхийлөгч агсныг “үеийнхээ хамгийн шилдэг төрийн албан хаагчдын нэг байсан” хэмээгээд, Цагаан ордонд байх үед минь надад их хэрэг болж байсан хүн" хэмээн тодорхойлжээ. Д.Чейни бол “хүлээн авсан албан тушаал бүрдээ шударга байдал, оюуны өндөр чадвар, буурь суурьтай байдлаа харуулж байсан эх оронч хүн” гэж Ж.Буш нэмж хэлсэн байна.




Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливиттээс мягмар гарагт Д.Чейни нас барсан талаар асуухад, Ерөнхийлөгч Д.Трамп дэд ерөнхийлөгч асныг нас барсныг мэдэж байгаа бөгөөд хуулийн дагуу Цагаан ордон дахь төрийн далбааг бөхийлгөсөн гэдгийг дурджээ


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг