sonin.mn
"Отгонтэнгэр" их сургуулийн Сэтгүүл зүй, олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч, хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Г.Жаргалсайхантай ярилцлаа.
 
 
Таны судалгааны ажлын зонхилох сэдвүүд Монголын түүх соёл, ёс заншил, мал аж ахуйн талаар байдаг. Тэр чанараараа таныг мал аж ахуйтай ойр өссөн болов уу гэсэн бодол төрлөө ...
 
-Аав минь удам дамжсан малчин хүн. Тийм болохоор монгол ахуйг мэднэ. Орчин цагт бид монгол ахуйгаас холдож байгаа дүр зураг ажиглагдах болсон. Суурин газрын хүүхдүүдэд энэ талын мэдлэг, мэдээлэл хомс. Үүнээс үндэслээд зааж байгаа хичээлээрээ дамжуулан хүүхэд, залууст зөв, цэгцтэй ойлголт өгөхийг зорьж ирсэн. Гэхдээ нэг их гүн гүнзгий нэвт судалчихсан зүйл алга. Уг нь би анхнаасаа хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа хийж байсан л даа.
 
Урьд өмнө сонсож байгаагүй ч монгол хэлний үгсийн санд байдаг, аль эртнээс хэрэглэгдсээр ирсэн тийм үгстэй их таарах юм. Монгол хэлний үгсийн санд идэвхтэй хэрэглэгддэг хэдэн үг байдаг вэ?
 
-Яг нарийн тоолсон зүйл байдаггүй. Харин нэрт эрдэмтэн Б.Ренчин хамгийн багадаа идэвхтэй хэрэглэгддэг гурван сая гаруй үг бий гэсэн. Судлаачид монгол хэлийг малчны хэл гэдэг дээр санал нэгдсэн. Өөрөөр хэлбэл монгол хэлний үгсийн сангийн дор хаяж 70 орчим хувь нь уугуул мал аж ахуйн амьдрал, соёлын өвийн шинжтэй үгс байдаг. Суурин газар, унаган ахуйгаасаа холдож өссөн зарим хүнд малчдын өдөр тутмын хэрэглээний үгсийн утга төдийлөн ойлгомжтой биш. Жишээлбэл, миний хичээл дээр сууж байсан нэгэн оюутнаас “Хуц, ухна хоёрыг эр, эм гэж ойлгоод байтал хонь, ямаа хоёр байсан юм уу” гэсэн онигоо маягийн шинжтэй яриа гарсан шүү дээ. Инээдтэй хэдий ч бодит байдал ийм л байна. Би малчны хотонд өсөөгүй учраас мэдэхгүй гээд цааргалаад байж болохгүй. Миний хувьд түүх, соёлын шинж чанартай зүйлсийг хэлээр дамжуулан илэрхийлэх, үргэлжлүүлээд монгол хэлийг соёл, ёс заншилтай нь барилдуулахад сургалт, судалгааны ажлаа чиглүүлсэн. Манай сургуулийн оюутны хэлснээр бол монгол хэлний багш нарыг бэлтгэхдээ хөдөө орон нутагт дадлага хийлгэх ёстой аж. Бас л сонирхолтой санаа. Яг ахуйд нь очиж байж нүдээрээ үзэж, илүүтэй мэдрэх нь хамаагүй үр дүнтэй байж болно. Жишээлбэл, эмээлийг өмнө харж байгаагүй, тодорхой дүр дүрслэлгүй бол цааш нь тайлбарлан таниулахад бэрх.
 
Сүүлийн жилүүдэд малаа хариулахдаа морь биш, мотоцикл ашигладаг болсон. Энэ нь мал хариулах ёс болон малын тарга, тэвээрэгт сөргөөр нөлөөлөх үү?
 
-Мал аж ахуйн симбиоз амьдрал гэж бий. Таван хошуу мал тавуулаа нэг нэгэндээ түшигтэй. Байгалиа мөн малчныхаа амьдралыг тэтгэж байдаг. Цагийн аясаар хүн гэдэг амьтан аливаа зүйлийн амрыг нь эрдэг болж. Гэхдээ машин, мотоциклоор мал элдэж хөөх нь маш сөрөг талтай. Мориор болон мотоциклоор хариулж байгаа малын амьдын жингийн хооронд хол зөрүү бий. Ийм төрлийн судалгаа ч байна.
 
 
 
Малчин хүн чанга дуугарахгүй байж мал нь тайван амгалан бэлчиж тарга тэвээрэг авдаг онцлогтой. Гэтэл техникийн тэр их дуунд мал яаж тэсэх юм. Ер нь малыг малаар нь хариулах нь байгальдаа ч зохицдог.
 
 
 
Манай улсын бэлчээрийн мал аж ахуй, нүүдэл бусад улсаас юугаараа онцлогтой вэ?
 
-Бидний нүүдлийн онцлог нь байгальтайгаа хамгийн ойр, байгальд хор хөнөөл учруулдаггүй амьдралын хэвшилтэй. Нэг үгээр хэлбэл, байгалиа хамгаалж байдаг. Энэ нь бид бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэгтэй шууд холбоотой. Малчин хүн малтайгаа ойр байснаар бид нинжин сэтгэлтэй болдог. Учир нь мал чинь эзнээ үймрүүлнэ, баярлуулна, хүмүүжүүлнэ. Монгол хүний онцлог, үнэт зүйлээс тухайн хүн төлөвшиж байгаа юм болов уу гэж хувьдаа дүгнэдэг. Одоо жаахан хөндийрөөд байгаа нь ажиглагдаж байна. Малын бүх зүйл монгол хүний биед зохицсон байдаг. Ганцхан мал гэхээр мах гэсэн ойлголт байж болохгүй. Хэрэглэхгүй орхидог зүйл нэг ч байдаггүй.
 
Аргалын увдист чанарын талаар юу хэлэх вэ?
 
-Аргалыг зөвхөн гэр орноо дулаацуулахад биш, хашаа хороогоо шавах, малын хэвтрийг дулаалах зэрэг олон янзаар хэрэглэдэг. Үүнээс гадна аргалын утаа агаарт байгаа олон нянг устгах чадвартай. Монгол мал өөрөө өвсний соргог, усны тунгалаг дагаж ургамлын хамгийн шим тэжээлтэй, зэрлэг дагшныг нь олж, шилж иддэг.
 
 
Хортой өвсийг ялгаад хаячихдаг. Бидний амьдарч байгаа энэ цаг үед соёлын довтолгоо маш олон сувгаар дамжин орж ирэх болсон байна. Энэ талаар ...
 
-1948 онд улс ардын аж ахуйн соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөө батлагдсан байдаг. Тухайн үед бид суурин амьдралд дасаагүй, хөнжлийн оронд бараг хөдсөн дээлээ хөдөрч унтдаг байж. Тухайн үеийн монгол ахуйг нийтийн соёлд дадуулах ажил гар нүүрийн алчуур, ор, хөнжлийн цагаан хэрэглэл, оо, сойзтой болгохоос эхэлж байсан. Соёлын довтолгоо анх ингэж орж ирсэн. Монголчуудыг нийтийн соёлд маш хурдан сургасан ололттой тал бий. Одоо дангаарших, даяарших гэсэн хоёр ойлголтыг чухалчилж авч үздэг боллоо. Даяаршлын хувьд улс орнуудын зөөлөн хүчний бодлого ч гэж хэлэгддэг. Урлагаар дамжуулан өөрсдийн соёлыг нэвтрүүлэх нь их далайцтай болж ирлээ. Үүнд бид их бодлоготой, буурьтай хандах хэрэгтэй юм шиг санагддаг. Үзэж, харж болно. Түүнийгээ харин шууд нэвтрүүлэх эсэх дээр буурь заамаар. Монгол ахуйгаасаа холдчихсон байхад нь олон төрлийн кино, нэвтрүүлэг, контентуудаар хүүхэд, залуусын сэтгэлийг хөдөлгөхөд хэцүү зүйлгүй. Харин бид өөрсдийн гэсэн монгол ахуй, соёлоо сурталчилж таниулсан, их цаг хугацаа, том орон зай эзэлсэн монгол уран бүтээл, контентуудаар тэнцвэржүүлж болно. Гаднын соёлд бүрмөсөн уусаж, шингэмээргүй байна шүү дээ. Чухамдаа Монгол Улсын тусгаар тогтнол нь иргэдийн ухамсарт оршдог. Тиймээс соён гэгээрүүлэх үүргээ л илүү өндөр түвшинд гүйцэтгэх нь зөв болов уу. Хүн бүр л би монгол хүн учраас соёлын өвийг тээгч, хадгалагч гэсэн сэтгэлээр хандаад эхэлбэл асуудал нааштайгаар эргэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Харин тийм үзэл санааг бид бага наснаас нь суулгаж өгөх үүрэгтэй. Ингэвэл итгэл үнэмшилтэй болно. Энэ үүрэг дан ганц монгол хэл, түүхийн багш нарынх биш. Иргэн бүрийн оролцоо чухал. Сүүлийн үед зарим сэхээтэн монголоо муулах үзэгдэл мэр сэр үзэгдэх болж. Чингис хааныг гэхэд л домгийн баатар мэтээр яриад байх жишээтэй. Монгол бичгийг нэн эртний, хэрэглэхэд тохиромжгүй, технологийн шаардлагад нийцэхгүй гэх зэрэг сөрөг сэтгэгдэл их байна. Гэтэл тэр шаардлагад нь нийцүүлэх гэсэн оролдлого хэд гарсан билээ дээ. Ингэхээр бодох зүйл их байна. Үндэстнээ үгүйсгэх үзлээс ангид байя. Бид цөөхүүлээ. Хүн нэг бүрийн зүрх үндэстний өвөрмөц, онцлог хэв шинжээ хадгалж үлдэхийн төлөө цохилдог байх нь чухал. Хадгалж үлдэж чадваас тэр нь дангааршил болно. Гаднын орнуудын соёлоос сайхан нь бий юу гэвэл бий. Гэхдээ бид тунг нь тааруулбал зохистой.
 
Хүний үүслийн өлгий нутгийг Монгол орон байх боломжтой талаар хаа нэгтэйгээс уншиж байсан минь санаанд орлоо. Манай орон нэн эртнээс байгалийн чанга шалгарлыг хүн төрөлхтний өмнө нүүрэлдүүлсэн байх нь ...
 
-1860-аад оны үед АНУ-ын хэсэг эрдэмтэд цаг уурын эрс тэс нөхцөл, гадаргын хувьд олон хэв шинжтэй ийм бүс нутагт хүн үүссэн байх боломжтой гэж үзсэн. Тэр бүс нутаг нь Төв Ази, Монголын нутаг дэвсгэр юм. Ийм онолын таамаглалыг тухайн үедээ дэвшүүлсэн байдаг. 1905 онд Эндрьюс, Мэтьюгийн хамтарсан экспедиц энэ талаар судалгаа хийсэн бөгөөд үүнээс хойш Монгол, Орос, Америкийн хамтарсан хээрийн шинжилгээний ангиуд Монголын нутаг дэвсгэрт ажилласан байдаг. Одоогийн тогтоосноор 800 гаруй мянган жилийн тэртээ Төв Ази, Монголд хүн үүссэн гэж үзээд байна. Ийм таамаглал, онолыг дэвшүүлсэн нь тухайн үеийн байгалийн шалгарлыг давах гэсэн оролдлого, зүтгэлээс оюун ухаант хүн үүссэн гэж үзсэн хэрэг. Орхоны Шаамарын хөндийгөөс олдсон эртний хүний эрүүний яс мөн Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйн олдворууд гээд бий. Эдгээр нь 800 гаруй мянган жилийн тэртээх үед хамаардаг. Бас хүний генийн сан хадгалагдах боломжтой бүс нутаг гэж байдаг. Түүнд хүйтэн мөсөн агуй, далайн усны гүнийг хамаатуулж болдог аж. Энэ талаар судалсан ОХУ-ын эрдэмтэн Эрньст Мулдашев Ховд аймгийн Хойд Цэнхэрийн агуйд генийн сан хадгалагдаж байна гэж хэлсэн байна лээ. Энэ бүгдээс харахад биологийн, ген фондын талаас мөн зүйлийн үүслийн онолоор ч хүн үүссэн байх боломжтой бүс нутаг нь манайх. Харин хүний үүслээс хойших цаг хугацаанд мөн Монголын нутаг дэвсгэрт хээрийн амьтныг анх удаа гаршуулсан гэдэг нь ч үнэн. Саяхан Монголын хамгийн нам дор цэгийг шинэчлэн тогтоогоод буй. Уг нь далайн түвшнээс дээш 553 метр бүхий зүүн өмнөд хэсэгт орших Хөх нууруудын хотгор байсан. Харин одоо баруун хэсэгт буюу Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт бий гэж үзэх болж. Ингэснээр нэг бүс нутагт хамгийн өндөр, нам дор цэг орших боллоо. Энэ нь өнөөх эрс тэс уур амьсгалтай гэдгийг зүй ёсоор батлаад өгчихлөө.
 
Хүний үүсэл гарал, түүхийн асуудал хөндсөнийх Факс Монголикагийн талаар мэдээлэл өгөхгүй юу? Ямартаа ч Xlll зууны Их Монгол Улсын талаар ярих байх ...
 
-Монголын энх гэж орчуулагддаг. Үндсэндээ 13-14 дүгээр зуунд холбогддог. Дэлхийн хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд бүтэн нэг зууны турш өнгөлсөн улс Монголоос өөр байхгүй. Дэлхий нийт түгжигдмэл, хаалттай, улс орнууд хэн хэндээ дайсагнах үзэлтэй тийм үед хоорондоо харилцах үүд хаалгыг нээж өгсөн. Үлгэрлэж хэлбэл, 16-хан настай шавилхан бүсгүй хасаг тэрэг дүүрэн алт ачаад, наран ургахаас жаргахуй хүртэл газарт айх аюулгүй явж болох тийм тайван цагийг авчирсан гэж болно. Хуучин цагт Монголын байлдан дагуулалтыг их муушааж, буруутгаж бичдэг байсан. Монголын морин туурай хүрсэн газарт, цусан далай урсаж, үнсэн нурам хийсдэг гэх мэт. Гэтэл тухайн үед цус урсаагүй дайн гэж юу байсан бэ. Энэ цус, үнс нурмын цаана энх тайвныг бий болгох хүсэл эрмэлзэл байсан нь лавтай. Одоо дэлхий нийтийн энх тайвны асуудлыг анх Xlll зуунд монголчууд хөндөн тавьжээ гэж үзэх эрдэмтэд олон болсон. Өнөөдрийн даяаршлыг монголчууд бий болгосон гэж үзэх боломжтой. Тухайн үед өөрсдийн соёлоо хэн нэгэнд хүчээр тулгаж байсангүй. Бусдыг шашин, гарал үүслээр нь хавчин гадуурхах үзэгдэл бас байгаагүй. Өөрсдийнхөө газар нутаг дээр төрөлх шашин, хэл, соёлоороо амьдрах боломжийг бүрэн олгодог байж. Жишээлбэл, Монголын “Хархорум” хотод гэхэд Буддын, Христосын, Лалын гээд бүх шашны сүм хийд байсан. Эдгээрээс юу дуртайгаа тахин шүтэх эрх нь нээлттэй. Одоо харахад энэ нь цэвэр ардчиллын шинжтэй байсан гэж үзэхэд болно. Эцсийн эцэст дэлхийн энх тайвны төлөө өөрсдийгөө зольсон ард түмэн нь монголчууд. Энэ ч утгаараа дэлхий нийтийн санал асуулгаар Чингис хааныг мянганы сод хүнээр тодорхойлсон шүү дээ. Энгийн жишээ гэхэд л улс гүрэнд удирдлагын хамгийн оновчтой тогтолцоо мөн дэлхий нийтийн энх тайвны сүлжээ, худалдааны зам, морин өртөөг бий болгож өнөөдрийн харилцаа холбооны суурийг тавьснаас гадна дипломат албыг бий болгоход гол үүргийг гүйцэтгэсэн. Дан ганц манайд биш дэлхийн түүхэнд хийсэн том эргэлт юм.
 
Энэ жил сар шинийн баярыг тэмдэглэхгүй гэж тогтсон ч танин мэдэхүйн талаас нь мэдээлэл өгөх нь зөв болов уу?
 
-Хуучин уламжлалт ёсондоо анчин, нүүдэлчин овог аймаг байх цаг үед Цагаан сар намрын баяр байсан аж. Хөхүүрийн ам цаашлаад хүйтний эрч наашилсан учраас сүү саалиа бэлдэж цагаан идээгээ хурааж авдаг байжээ. Нөгөө талдаа ангийн улирал хаяанд ирдэг. Энэ хоёрын нийлэмжээр цагаан идээний болон ангийн баяр гэж хэлэх боломжтой. Тухайн үедээ төр гэж байгаагүй учраас иргэний шинжтэй байснаа Их Монгол Улс байгуулагдах үед хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрөөс тэмдэглэдэг төрийн баяр болж хэвшжээ. Энэхүү баярын хоёр том ёсон байна. Нэгдүгээрт битүүний буюу битүүрэх ёсон гэж бий. Нэг жил дуусаж шинэ жил эхэлж байгаа тэр цаг үед битүүлж дүүрэх ёстой. Ингэснээр тухайн жилдээ элбэг дэлбэг байхыг бэлгэддэг. Мөн ангийн махнаас хувь хүртэх эрт цагийн ёс нь хадгалагдсаар ирэхдээ битүүлэх ёсон болсон гэж үзэх ч талтай. Үүнийг дагаад янз бүрийн зан үйл тогтсон байдаг. Жишээлбэл, өөлдүүдийн дотор битүүлэг гүйлгэх буюу үхрийн толгойг жиргээд ойр орчмын хүмүүст хувь хүртээдэг. Энэ нь өв тоног авах ёсноос эхтэй буюу дайснаа дарж дархан цолоо мандуулъя, хуйхаа хувааж идье гэсэн санаа юм. Битүүний гол ёсолгоо нь ахмад настай айл нь залуу айлдаа орж битүүлдэг. Дутуу дундуураа дүүргэж байгаа хэрэг. Мэдээж шинийн нэгний өглөө ахмад настандаа түрүүлж золгох бөгөөд ёслолын хувьд цагаан идээгээр эхэлнэ. Зарим нутагт цагаалга гээд үзэмтэй будаа, аарцтай будаа тавьсан байдаг. Ингээд битүүний өдөр ангийн хувь хүртээх уламжлал сэргэсэн бол шинийн нэгний өглөө цагаан идээний баярын дурсамж сэдэрдэг онцлогтой. Ерөнхийдөө эрт цагийн онцлог, хэв маягийг ямар нэгэн байдлаар хадгалсаар өнөө цагтай золгоод байна. 1952 оноос сар шинийн баярыг түр цуцалснаас уламжлал бага зэрэг алдагдсан. Гэхдээ бага багаар сэргэж байгаа.
Монголчууд Бурхны шашнаар бол шинийн 15-ны дотор засал номоо хийлгэх учиртай. Гэтэл шашнаас хамааралгүй байхад засал номыг юугаар орлуулдаг байсан нь их сонирхолтой санагдлаа ...
 
-Том туульсыг хайлах, хуур татах, хүүхдийн даахь авах зэрэг нь засал номын шинжтэй байсан гэдэг. Намар цагт жилээ угтаж буюу сар шинээс өмнө засал номоо хийлгэдэг байж. Тухайлбал, гал тахиулах зан үйл нь том засал номдоо тооцогддог. Галаа тахиулсан айл тухайн жилдээ алзахгүй.
 
Та “Монгол угсаатны нэрийн үгийн сангийн онцлог” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Судалгааны ажлынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
 
-Судалгааны ажлынхаа хүрээнд Монгол гэдэг нэр болон Монголын газар нутагт байсан эртний төрт улсуудын болон угсаатны нэрс, наашаагаа 2000 оны тооллогын дүнгээр гарсан 27 ястан болон нийт 3200 овгийн нэрд утга зүйн ангилал хийсэн. Нэг хэсэг нь сайхан бэлгэдлээр өгсөн бол, нөгөө хэсэг нь хоч бөгөөд доромж нэрийн шинжтэй нэрс байна. Мөн уул, усны болон хүний нэр гээд янз бүрийн байдлаар тогтсон байна. Докторын ажлын суурь маань миний анхлан судалсан түүх, угсаатны зүй гэсэн судалгааны ажил байлаа. Түүнийгээ гүнзгийрүүлсэн хэрэг.
 
Угсаатны бүлгийн ижилсэл гэж юу вэ?
 
-Угсаатны ижилсэл гэдэг нь гарал угсаа нэгтнүүд хоорондоо нийлэхээр тодорхой цаг хугацааны дараа ялгаанууд нь арилж эхлэхийг хэлдэг. Хамгийн ойрын жишээ гэхэд л АНУ, Их Британид тийм зүйл тохиолдсон. Эсвэл хоёр өөр угсаатан хоорондоо ууссан байж болно. Ингэж ууссан тохиолдол гэвэл Хамниган Монгол, Хотон монгол, Казак Монгол, Чантуу монгол. Чингис хаан Их Монгол Улсыг байгуулснаар овгийн байгууллыг үндсээр нь халсан. Хооронд нь холиод нэгтгэчихээр би ийм, тийм овгийн хүн гэж хэлэх аргагүй болсон байх. Ингэж нийлэгшиж явсаар 1925 онтой золгосон байдаг. Угсаатны бүлгүүд Xlll зууны үеэс үүсэж, XVll зуунд бүрмөсөн ялгарсан байдаг. Жишээлбэл, Буриад, дөрвөд, баяд, захчин, мянгад, хотон гэж ялгарсан. Ингэхдээ ажил үүргийн онцлогоос болсон юм билээ. Хорчин гэхэд л нум, сум хийж, сэлбэж засна. Хишигтэн нь цэргийн нэг бүлэг. Торгууд нь Чингис хааны торгон цэргээс улбаатай байх жишээтэй. Захчин гэвэл захын нутгийг сахисан харуулын хүмүүсээс үүсэлтэй гэх мэт. Дарьгангын тухайд л хоёр өөр газраас нэг газарт хамтран аж төрсөөр нэг угсаатны бүлэг болчихсон байна. Гэхдээ угсаатны бүлгийн ялгаагаа тодорхой хэмжээнд хадгалж үлдсэн байгаа юм. Мэдээж ялгаа нь удаан хадгалагдах тусам Монгол угсаатны дархлаа бат оршино гэсэн үг.
 
1990-ээд оноос бид ургийн овгоо эргэн хөтлөх болсон. Гэтэл судалгаа, нотолгоогүй хандаж, сайн дураараа Боржигон болчихсон хүмүүс ч байна ...
 
-1925 онд ЗХУ-ын Засгийн газрын шийдвэрээр тусгай тогтоол гарган монголчуудын ургийн овгийг эцгийн нэрээр солих болсон. Тухайн үедээ эмзэглэх зүйл байгаагүй, бид ч хүндээр хүлээж аваагүй юм билээ. Ингээд 1960-аад оноос хойш цус ойртох үзэгдэл ихэссэн. Энэ нь өнөөх ургийн овгийн нэрийг эцгийн нэрээр сольсонтой л холбоотой байгаа юм. Угаас бэсүд бэсүдтэйгээ суухгүй нь ойлгомжтой. Гэтэл ямар ургийн овогтой хүн гэдгийг нь, мөн өөрийнхөө овгийг ч мэдэхгүй тийм цаг үед тулаад ирсэн учраас асуудлыг эргэж харах шаардлага тулгарсан байх. Есөн үе улирсан тохиолдолд төрөл аглагшдаг. Ийм учраас 1990-ээд оноос ургийн овгийг сэргээх ажил өрнөсөн ч нэг ноцтой алдаа гарсан. Жишээлбэл, тухайн газар орон нутгаас хамаараад язгуур овгуудыг нь нэрлэнэ. Тэдгээр нэрсээс өөрийнхөө овгийг сэргээж чадахааргүй бол бусад овгоос сонголт хийнэ. Энэ үед л Нууц товчооны Боржигон, Бэсүд зэрэг овог хүний нүдэнд их өртөж, сонгогдсон байх гэж боддог. Ургийн овгоо зөв хөтлөх нь цус ойртолтоос сэргийлнэ. Бид ургийн овогт нийгмийн үүрэг байгаа юу гэдэг асуудлыг хөндөж, овгоо зөв тогтоох ажлыг далайцтай хийх нь чухал. Гагцхүү есөн үеийн дотор хоорондоо гэрлэж болохгүй гэдгийн гэрч тэмдэг нь ургийн зөв хөтлөлт. Манайхны дотор гэхэд л хэд хэдэн өөр овог байна. Уг нь эртнээсээ "Захирагч" овогтой. Гэтэл одоо нэг эцгийн хүүхдүүд өөр өөр ургийн овогтой. Сайн мэдэхгүй хэрнээ хэсэг яриад суухаар төрөл садан шахуу болчихдог нь учиртай. Бид үүнийг эргэж харах нь зөв.
 
Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын судалгааны ажилд амжилт хүсье.
 
 
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин