sonin.mn
Гол баатраа, би хувьдаа “Инээдэг Нараа” гэж нэрлэдэг. Магадгүй, уншигч та энэ хэний тухай болохыг төвөггүйхэн мэдэх биз. БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн нягтлан бодогч Г.Нармандах нь 37 дахь жилдээ нягтлан бодогчоор ажиллаж байгаа нэгэн бөгөөд Зэвсэгт хүчинд үр бүтээлтэй алба хааж байгаа ажилтан албан хаагчдын нэгэн төлөөлөл юм. Үргэлж инээд цацруулж, бахдам сайхан энергийг ойр тойрныхондоо түгээж байдаг тэрээр “Манай хэлтэс чинь их л онцлогтой шүү дээ” гэж ирээд л хэлтсээ, хамт олноо магтсаар яриагаа эхэлсэн юм.
 
Уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу?
 
-Намайг Г.Нармандах гэдэг. Говь-Алтай аймгийн Биндэр сумынх. 10 дугаар ангиа төгсөөд хотод ирж байлаа. Их сургуулиа төгсөөд Мах комбинатад нягтлан бодогчоор ажиллаж байхдаа нөхөртэйгөө анх танилцаад Өмнөговь аймаг руу хамт явж байсан. Тэнд байх хугацаандаа Өмнөговь аймгийн "нисэх"-д ажиллаж байгаад 1992 онд Улаанбаатар хотод ирсэн. Нөхөр маань нийслэлийн цэргийн ангид томилогдсон хэрэг. Тэр жилдээ төв нисэхэд мэргэжлээрээ ажиллаж байгаад Зэвсэгт хүчний 065 дугаар ангид ажиллах болсон. Ахлах нягтлан бодогчоор тус ангид ажиллаж байгаад одоогийн БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ аж ахуйн хэлтэст нягтлан бодогчоор 23 дахь жилдээ ажиллаж байна.
 
Хэлтсийнхээ онцлогийн талаар ярихгүй юу?
 
-Мөрдөсгүй цэргийнхэн гэдэг тодотгол манай хэлтсийнхэнд яг тохирдог юм. Учир нь хэлтсийн дийлэнх бүрэлдэхүүн нь энгийн алба хаагчид байдаг. БХЯ, ЗХЖШ-ын хашаанд болж өнгөрдөг бүхий л үйл ажиллагаанд бэлтгэл ажлаас нь эхлээд оролцохоос гадна өнцөг булан бүрд нь хүрч ажилладаг нь манай хэлтсийнхний онцлог гэж тодотгож болно. Дан ганц энэ хашаагаар хязгаарлахгүй энд тэнд зохион байгуулагддаг цэргийн сургалт бэлтгэлийн бүхий л арга хэмжээнд оролцдог хүмүүс шүү дээ. Одоо бас бидний ажил харьцангуй хөнгөвчлөгдөж байна.
 
Өмнө нь манай хэлтэс 2000 онд буюу О.Чулуунбаатар даргын үед туслах аж ахуйтай байлаа. Энэ үед хэлтсээрээ явж БХЯ, ЗХЖШ-ын ажилтан алба хаагчдын цайны газрын хүнсний хэрэгцээний мах болох 400-500 хонийг нядалж өвлийн идэш бэлтгэдэг байсан.
 
Мөн хавар төмс, хүнсний ногоо тарина, намар нь хурааж авна. Хураасан төмс, хүнсний ногоогоо хатаах, ялгах ажилд мөн л дарга цэрэг, энгийн цэргийн ялгалгүй бүгд оролцдог. Мөн тэрхүү туслах аж ахуйтай байх үед манайх дөрөв, таван малчинтай байсан юм. Тэр үед ҮААХ-ийн дарга О.Чулуунбаатар, тухайн үеийн нягтлан бодогч нар өглөө бүр ажил эхлэхээс өмнө малчдаасаа сүү, таргаа авч ирдэг байсан. Энэ нь ажилтан алба хаагчдын тухайн өдрийн сүү, цагаан идээний хэрэгцээг бүрэн хангадаг байлаа. Энэ бүгд эргээд харахад хамт олныг ажилд сургахаас гадна нийтэч, хамт олонсог болгож өгдөг юм билээ.
 
Олон ажлыг хамт олны хүчээр даван гардаг байжээ.
 
-Тэгэлгүй яах вэ. Манай хамт олон шаардлага гарсан тохиолдолд аливаа нэгдсэн үйл ажиллагаа, ажилд хамтдаа ханцуй шамлаад л ордог. Бусад үед өөр өөрсдийн хариуцсан ажилдаа эзэн болдог. Энд нэг дурсамж хуучлахад, 2000 оны үед байх. Тэр зун тус хэлтсийн дийлэнх бүрэлдэхүүн амарч байхад нь 12 орны зочид ирсэн гээд дуудагдан "Тэрэлж"-д очиж үйлчилгээний албанд дайчлагдаж байсан. Тэр үед гаднын зочид ч их ирдэг байж.
 
Таны хувьд ажилдаа баримталдаг гол зарчим юу вэ?
 
-Миний үндсэн ажил бол нягтлан бодогч. БХЯ, ЗХЖШ, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахлагч нар, ажилтан албан хаагчдын болон гадаад, дотоодын сургуульд суралцах сонсогчдын хувцасны хангалтыг нь хариуцаж ажилладаг. Мөн эм, ороох боох материал, бичиг хэрэг гээд олон төрлийн ажлыг хариуцдаг юм. Тэгэхээр миний ажилд төлөвлөгөө, дэс дараалал хамгаас чухал. Тиймээс өглөө эртлэн гэрээсээ гарахдаа л тухайн өдрийн ажлаа төлөвлөдөг.
 
 
 
Төлөвлөсөн ажлаа ямар ч үед биелүүлэхийг л өөрийн жанжин шугам болгож ирсэн. Мөн бусдадаа үлгэр жишээч байхыг эрхэм болгодог. Энэ ч ёсоор залуустаа үсээ засуул, хувцсаа цэвэр, аятайхан өмс, хамт олны дунд биеэ зөв авч яв гээд зах зухаас нь хэлж ярих зүйл бишгүй л байдаг.
 
 
 
Гэр бүлээ танилцуулна уу?
 
-Миний ханийг М.Ганшир гэдэг. ҮБХИС, Зэвсэгт хүчний 167, 013, 310, 353, 238, 065 дугаар ангиудад алба хааж байгаад өдгөө гавьяаныхаа амралтыг эдлэн суугаа бэлтгэл хурандаа. Бид гурван хүүхэдтэй.
 
 
 
Амьдралд тохиох нандин, сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
 
-1986 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бид Улаанбаатар хотод хуримаа хийхээр товлосон байсан юм. Гэтэл миний нөхрийн ажилладаг Зэвсэгт хүчний 167 дугаар ангид Ж.Ёндон сайд тэргүүтэй шалгалтын комиссынхон ирж таарсан ба түүнд чөлөө олддог юм биш. Гэтэл тэр үеийн ангийн захирагч, хурандаа Я.Санжаа сайдад илтгэснээр 11-ний шөнө сайдын онгоцоор нөхөр, хүү, бид гурав Улаанбаатарт ирсэн. Нисэх буудалд буухад машин ирчихсэн тосож байлаа. Тэгээд л 12-ны өглөө Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийж байсан юм. Сайдын онгоцоор ирж хуримаа хийх боломж хэн бүхэнд олдохгүй ховор агшин учир ихэд бэлгэшээж, нандигнаж явдаг юм.
 
Яг тэр мөчид та юу бодож байсан бол. Хуримаа хойшлуулахаас гэж бодсон байх даа ...
 
-Том хүү маань төрчихсөн байлаа. Тэр үед "Энэ хүнтэй суухгүй юм байна. За нутаг буцъя, энэ цэргийнхэн ч дээ" гэж бодож байсан. Гэтэл тэр сайд, дарга нарын гаргасан шийдвэр, өөрөө цэргийн байгууллагад ажиллаад явахаар “энэ цэргийнхэн ч дээ” гэсэн бодол 360 градус эргэсэн дээ. Хэчнээн чанга хатуу дүрэм, журамтай ч хүнээ бодсон дарга нар олон байдаг юм.
 
Цэргийн хүний гэргий байна гэдэг бас л тэвчээр шаардаж байжээ ...
 
-Тэгэлгүй яах вэ. Аль ч цаг үед цэргийн хүний гэргий нь тэдний хамгийн чухал хүмүүс нь байдаг гэж би хувьдаа боддог.
 
 
 
Цаг наргүй, гэрийн бараа ховор хардаг хүмүүстэй хувь заяагаа холбосон учир цэргийн хүний гэргий нарт ар гэрээ авч явах, үр хүүхдээ өсгөх хүндхэн үүрэг ноогддог. Сүүлийн үед залуус олон сараар энхийг дэмжих ажиллагаанд явж байна. Энд мөн л эхнэр хүний үүрэг, үүрэх "ачаа" нэмэгдэж байна л гэж би хардаг. Найдвартай ар тал нь болж явна гэдэг их чухал шүү.
 
 
 
Сүүлийн асуултыг танд үлдээе ...
 
-Энэхүү завшааныг ашиглан "Соёмбо" сонины уншигчид болон намайг таньдаг хэн бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсье.
 
 
Хошууч Д.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин