“Төгсөх курс учир ангиараа орно шүү манайхаан" гэж ангийн дарга уриалав. Дөрвөн жил сурахдаа сургуулийн шинэ жилд нэг ч удаа орж үзээгүй би энэ жил ч мөн орохгүй байх бодолтой байлаа. Ангийн дарга анги чимэглэх үүргийг надад оноов.

Хичээл тарсны дараа чимэглэх материал сэлтийг авахаар худалдааны төвийг зорилоо. Өнгө өнгийн гэрэл солигдсон гацуурууд, нүд гялбам саан чимэглэл, тоглоом зэргийг харахад шидэт юм шиг санагдаж, сэтгэл хөдлөв. Бодол минь тэр дороо 360 градус өөрчлөгдөж шинэ жилдээ орохоор шийдэв.

Үдэшлэгийн өдөр өөрийгөө бэлдсэний дараагаар даашинзаа тэврээд л сургуулийг зорилоо. Хувцсаа өмсөх цаг болоход туфль маань байсангүй. Гэртээ мартаж орхижээ.

Гэр хол тул яах ч арга байсангүй. Орохоо болих гэтэл ангийнхан нэгэнт ирсэнийх оролцохыг хүсэв. Хэсэг зөвлөлдсөний эцэст ширээний араас босохгүй сууж байх шийдэлд хүрлээ.

Ангийнхаа охины туфлийг өмсөөд торонд гутлаа хийгээд барив. Ширээндээ очингуутаа туфлийг нь хүнээр явуулж, өөриинхөө гутлыгөмсөв. Ширээн дээгүүр харвал нэг их ганган охин, харин ширээн догуур бол паарайсан өвлийн гуталтай. Шинэ жилийн вальс эгшиглэж хүн бүр хосоо урив.

Тэр үед нэгэн залуу манай ширээг чиглэн алхав. Би ч дотроо “Би биш байгаасай” хэмээн бодож дуусаагүй байтал өмнө минь ирээд гараа өглөө. Түүнд "Би бүжиглэж чаддаггүй юм аа" гэтэл "Тэр хамаагүй, би аваад явчихна" гээд татаад босгочихов.

Сандарсандаа “Үгүй ээ миний гутал” гэтэл тэр доош харснаа “гоё л байна ш д” гэж хэлээд яах ийхийн зуургүй эргэлдэн бүжсээр талбайн голд хүрлээ. “Ээ бурхан минь, одоо бүх хүн намайг харж байна” гэж бодохоос л ичсэндээ юу болоод байгааг ч мэдэхээ болив.

Харин залуу маань хувцсаа тохируулж мэддэггүй мэт харагдаж буй охинтой бүжиж байгаагаасаа огтхон ч ичсэн шинжгүй өөртөө итгэлтэй байлаа. Гоёлын гутлаа мартаж орхисон шинэ жилийг хэзээ ч мартахгүй байх. Учир нь ингэж би заяаны ханьтайгаа учирсан юм.

Б.Шүр

Эх сурвалж: "Ган зам" сонин