ПАРИС, 2026 оны хоёрдугаар сарын 14 /Kazinform/. Луврын музейн тасалбартай холбоотой луйврын сүлжээг илрүүлэх өргөн хүрээтэй ажиллагааг Францын цагдаа нар явуулсны дараа тус музейд 10 сая гаруй еврогийн хохирол учирсан болохыг Парисын прокурорын газар тогтоожээ.
Энэ сарын 10-ны өдөр явуулсан ажиллагааны явцад музейн үүдэнд тасалбар шалгадаг хоёр ажилтан, жуулчны хэд хэдэн хөтөч болон луйврыг сүлжээг зохион байгуулагч нэг этгээдийг баривчилсан байна.
Эдгээр этгээд 20 хүнтэй жуулчдын бүлгийг зохион байгуулахдаа хүний тоог хэтрүүлж, Луврт нэвтрэх нэг тасалбарыг хоногт хэд хэдэн удаа олшруулан ашигладаг байжээ. Түүнээс гадна, жуулчдад, ялангуяа Хятадын иргэдэд албан ёсны кассаар тооцоо хийхгүйгээр музейд нэвтрэх, арай илүү үнэтэй “экскурс”-д хамрагдахыг санал болгодог байжээ. Мөн музейн ажилтнууд тасалбарыг шалгахгүйгээр нэвтрүүлснийхээ төлөө хахууль авдаг байв.
Харин Луврын захиргаа "жуулчны хөтчүүд хэт идэвхтэй ажиллах болсон, тасалбарын орлогод зөрүү гарах" болсныг анзаарчээ. Ингээд 2025 оны зургаадугаар сард шүүхээс “зохион байгуулалттай луйвар, мөнгө угаах, авлига” гэсэн зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж эхэлжээ. Мөрдөлтийн явцад сэжигтнүүдийн орон байранд хийсэн нэгжлэгээр 957 мянган еврог бэлнээр, мөн банкны дансан дахь 486 мянган евро болон хэд хэдэн автомашиныг хураан авсан байна.
Энэ бол дэлхийд алдартай Луврын музейд сүүлийн хэдэн сарын дотор гарсан хоёр дахь том гэмт хэрэг юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард гэгээн цагаан өдрөөр тус музейгээс 88 сая еврогийн үнэ бүхий үнэт эдлэлийг хулгайлсан хэрэг гарсан билээ.
Одоогоор музей ердийн хуваарийн дагуу ажиллаж байгаа бөгөөд нэвтрэх цэгүүдэд хяналтыг чангатгажээ.
Б.Адъяахүү
Бямба - 02 сарын 14,
2026
Сэтгэгдэл1
Оросын Эрмитажд ч гэсэн яг адилхан ! гэхдээ илрүүлж зарлахгүй !