sonin.mn

Хошин урлагийн ууган продакшнуудын нэг бол яах аргагүй “X түц". Эв нэгдэл, авьяас чадвараараа эрхгүй ялгардаг энэ их айлаар овоглож, уран бүтээлээ туурвиж яваа жүжигчин Т.Бархүүтэй энэ удаагийн дугаартаа ярилцлаа.

Түүний бие даан бүтээсэн “Танхай тээгч” инээдмийн уран сайхны кино хэдхэн хоногийн өмнө үзэгчдийн хүртээл болсон билээ. Ингээд түүнтэй уран бүтээл, хувийн амьдралынх нь талаар ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө шинэ оныг шинэхэн уран бүтээлээр угтаж байгаад баяр хүргэе. Ихэнх уран бүтээлчид он солигдох торгон мочид ажиллаж таардаг. Энэ удаад та шинэ оноо хэрхэн угтав?

-Энэ жилийн хувьд мөн л ажил ихтэй явсаар шинэ оноо угтлаа. Нэгдүгээр сарын 1-нээс “Танхай тээгч" инээдмийн уран сайхны кино маань нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болж эхэллээ.

Киноныхоо өнгө шүүлтийн ажлыг Хөх хотод энэ чиглэлээр мэргэшсэн хүнээр хийлгэж байгаад өнгөрсөн сарын 30-нд ирсэн. Тэгээд 31-ндээ мөн л кино театрууд дээрээ ажиллаж, нээлт дээ бэлдсээр байгаад л өдөр өнгөрсөн. Их л ажилтай байлаа. Харин яг он солигдох мөчийг гэртээ угтаж амжсан шүү.

-Шинэ оноор охиноо хэрхэн баярлуулав?

-Хөөрхий гэртээ л байсан. Аав, ээжийнхээ нэвтрүүлгийг зурагтаар үзээд л баярласан даа /инээв/. Одноо бид хоёрыг киноныхоо ажлаар Хөх хотод явж байхад манай охины цэцэрлэгийн шинэ жилийн баяр давхацсан.

Ирээд л бичлэгийг нь үзэж байгаа юм. Иймэрхүү харамсалтай зүйлүүд тохиолдоно шүү. Харин киногоо нээчихээд охинтойгоо салхинд гарч, амарсан. Аав, ээжийнхээ оролцсон нэвтрүүлэг, тоглосон киног зурагтаар хараад л баясч байх юм даа, хөөрхий минь. Гэхдээ энэ байдпыгаль болох олон давтахгүйг хичээж байна.

-Охинд нь аав, ээжийгээ дуурайсан урлагийн авьяас харагдаж байна уу?

-Манай охин “Танхай тээгч" кинонд тоглосон шүү дээ / инээв/. Одоо ч арай жаахан байна. Гэхдээ бид хоёроос их өөр характертай хүн болох байх. Инээгээрэй гэхээр инээнэ. Уурлаад үзүүлээрэй гэхээр уурлаж байгаа царай гаргана.

-Том болоод урлагийн зам сонговол сонголтыг нь хэрхэн хүлээж авах вэ?

-Тэр болтол их зай байна л даа. Гэхдээ авьяас. мэдрэмжийг нь харж байж л болно доо. Болохгүй бол тэрийг нь хэлээд, өөр тийш нь чиглүүлсэн нь дээр шүү дээ.

-“Танхай тээгч” кино үзэгчдийн хүртээл болж эхлээд хэдхэн хонож байна. Үзэгчдийн хандлага хэр байх шиг байна?

-Киногоо үзэгчдийн суудлаас үзлээ. Үзэгчид их сайхан хүлээн авч байна. Киноны ерөнхий найруулагчаар И.Одончимэг, ерөнхий зураглаачаар Г.Баттулга ажиллалаа. Мөн “Аurоrа” фильмийнхэнтэй хамтран ажилласан гэдгийг хэлмээр байна. Киноны гол дүрүүдэд жүжигчин Амбий буюу Ц.Батхуяг, О.Долгор, мөн Одноо бид хоёр тоглосон.

-Аливаа уран бүтээл бүхэн үзэгчдэд ямарваа зүйлийг хэлж, ойлгуулах зорилгыг агуулдаг. Энэ удаагийн бүтээлээ үзэгчдэд юу хэлэхийг хүсэв?

-Би кино болгоноороо үзэгчдэд ямарваа нэгэн зүйлийг ойлгуулах, хэлэхийг хүсдэг. Үр хүүхэд гэдэг бол ямар ч эд баялаг, хөрөнгө мөнгөнөөс илүү эрхэм шүү гэдгийг харуулахыг хүссэн.

Тийм ч учраас тээгч эх дээр тулгуурлан энэ сэдвийг хөндлөө. Ер нь энэ сэдэв дээр инээдэм үүсгэх жаахан хэцүү байлаа. Маш их бодож, тунгаасны эцэст кино зохиол бичигдсэн.

-Бие даан хийж байгаа хоёр дахь уран бүтээл нь байх аа. “Худалч залуу” гээд кино хийж байсан?

-Тиймээ. Миний бие даан хийсэн хоёр дахь кино.

-Киноны зураг авалт хэзээ эхэлсэн юм бэ?

-Зураг авалт өнгөрсөн 2014 оны хоёрдугаар сараас гурав;угаар сарын дунд үе хүртэл үргэжилсэн. Тэрнээс хойш арван сарын дараа киногоо үзэгчдэд хүргэж байна.

-Их удаан хугацаанд бүтжээ. Сүүлийн үед киночид аль болох л үзэгчдэд хурдан хүргэхийг хүсдэг болж?

-Сүүлийн үед хүмүүс их хурдан кино хийгээд, их хурдан гаргаад байдаг болж. Би бол энэ асуудалд жаахан шүүмжлэлтэй ханддаг. Эдийн засгаа бодож хэт их яарснаас сулавтар кино их гарч байна. Үүнээсээ болж үзэгч залуусын дунд Монголын кино муу гэсэн үнэлгээ гарч байгаа байх.

-Киноныхоо өнгө шүүлтийн ажлыг урд хөршид хийлгэсэн гэлээ. Заавал тэнд хийлгэсэн нь ямар учиртай юм бол?

-Гаднын кино хийж байгаа түвшинд жаахан ч гэсэн ойртуулах гэсэндээ тэр л дээ. Бид RЗD камериар зураг авалтаа хийсэн. Энд авсан дүрс маань түүхий эд гэсэн үг шүү дээ. Тэр түүхий эдийг урд очиж боловсруулсан гэсэн үг юм даа.

Энэ дашрамд дараагийн хамтарч ажиллах уран бүтээлийн аман гэрээг хийчихээд ирлээ. Тун удахгүй албан ёсны гэрээ хийгдэх байх. Яагаад бид гаднын зах зээлд өрсөлдөхүйц уран бүтээл хийж болохгүй гэж.

Гадныхны техник технологийг ашиглах, зураг авалтын хувьд ч тэр их олон шинэлэг зүйл энэ хамтын ажиллагаагаас гарах байх. Ирэх зун шинэ уран бүтээл хийгдэнэ.

-“X түц” продакшн дэлгэцийн уран бүтээлдээ Монголын шилдэг зураглаачдын нэг Д.Ангарагтай хамтран ажилладаг. Харин таны хувьд зураглаач Баттулгатай хамтарч ажиллаад байна уу даа?

-Тиймээ. “Миний хөрш чөтгөр“,“Болсон явдал" зэрэг уран сайхны кинонуудад зураглаач Д.Ангарагтай ажилласан. Хятадад мэргэжил эзэмшсэн мэргэжлийн хүн. Ур чадварын хувьд ч манайдаа дээгүүрт орохоор зураглаач шүү дээ.

Харин миний хувьд “Худалч залуу”, “Танхай тээгч” кинонууддаа зураглаач Г.Баттулга ахыг сонгон ажилласан. Мөн л шилдэг зураглаач шүү дээ.

-“Танхай тээгч” киноны зохиолыг таны эхнэр бичсэн байна лээ. Тэгвэл хэзээ Бархүүгийн зохиол дэлгэцнээ амилах бол?

-Одноо бичиж байна гэдэг чинь цаана нь би байна л гэсэн үг шүү дээ. Шөнө хамт суугаад бичнэ. Бүх л үйл явдал, өрнөл, харилцан яриануудыг бид ярилцдаг байлаа.

-Дүрийн сонголтуудын тухай сонирхмоор байна. Ялангуяа жүжигчин О.Долгорыг инээдмийн кинонд харах сонирхолтой байлаа?

-О.Долгор ихэвчлэн уянгын кинонд тоглодог хүн. Тийм жүжигчинг өөр талаас нь үзэгчдэд харуулах нь илү сонирхолтой санагдсан. Однс ч “Их дотортой жүжигчин" гэж үнэлдэг юм. Тиймээс ч хөнгөн жанрын кинонд тоглож чадна гэдэгт нь итгэлтэй байсан. Харин Амбий ахыг анх кино зохиол бичиж эхлэхдээ л товлочихсон байлаа.

-Тээгч эхийн дүрд Одноо эгч өөрөө тоглосон. Найруулахын хажуугаар гол дүр бүтээнэ гэдэг амаргүй байх. Бас их өвөрмөц, этгээд характертай дүр байсан?

-Их л галзуу хүүхний дүр л дээ. Өөрөө ч тоглоно гээ бодоогүй. Миний ятгалганд орж, нэлээд дургүйцэж байгаад зөвшөөрсөн юм. Нэлээ их ятгаж байж зөвшөөрүүлсэн дээ.

-Амьдрал дээрх Одончимэгээс тэр өөр хүн харагдаж байна лээ?

-Одноо маань амьдрал дээр жаахан чимээгүй талдаа хүн шүү дээ. Барагтай л бол юм дуугарахгүй. Заримдаа хажууд нь хүн юм ярьж байхад сонсоогүй ч юм шиг царайлаад сууж байдаг. Их боддог, уншдаг хүн шүү дээ.

-Уран бүтээлээс болж хоорондоо маргах үе бишгүй гарна биз. “Тээгч эх”-ийн зураг авалтын үеэр хэр зөрчилдөв?

-Би өөрөө их сонин хүн. Одноогоос зөвлөгөө авахыг хүсдэггүй. Учир нь хүмүүс “Одноотой нийлснээс хойш Бархүү кинонд тоглож байна. Уран бүтээл хийж байгаа нь Одноотой холбоотой” гэх зэргээр ярьдаг.

Нэг гэр бүл учраас холбоотой байх зүйл байлгүй л яахав. Гэхдээ би энэ асуудалд эгдүүцдэг. Тийм ч учраас уран бүтээлүүдээ би өөрийнхөө бодсоноор хийхийг хүсдэг юм. Тэрнээсээ болоод зөрөх гээд байдаг талтай. Эндээс зөрчил гарна. Ер нь зөрчилгүй амьдрал ч гэж юу байхав. Байдаг бол их л уйтгартай амьдрал байна байх /инээв/.

-Гэхдээ эхнэртэйгээ нэг мэргэжилтэй. Нэг дор ажиллана гээд сайхан байх даа?

-Зарим хүмүүс атаархдаг шүү дээ. Бид хоёр нэг дор ажиллаж байна. Дандаа хамт байна. Аз жаргалтай санагддаг юм. Бие биенээ олж, нэгийгээ нөхөж амьдарна гэдэг сайхан.

-Одноо эгч “Мобиком” корпорациас зохион байгуулсан “Зүрх бүхний төлөө” аянд их амжилттай оролцсон. Таны хувьд эхнэрээ хэр дэмжиж байв?

-“Зүрх бүхний төлөө” аянд Одноо маань оролцсон. Улаан чулуутын хогийн цэгт амьдарч байгаа хүүхдүүдэд боловсрол олгох хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж байгаа. Яг сургалтын ажил хараахан эхлээгүй байгаа.

Энэ сарын 15-наас эхлэхээр товоо гаргасан байна лээ. Энд амьдарч байгаа хүүхдүүд чинь ээж аавтайгаа, гэр бүлтэйгээ амьдарч байгаа хүүхдүүдээс хараа хяналтын хувьд арай өөр. Тэдгээр хүүхдүүдийг нэг дор цуглуулж хичээл заана гэдэг их хүнд ажил байдаг юм байна.

Нөгөө талаар Одноог үүгээр бизнес хийж байна гэж хардах хүмүүс ч байна. Гэтэл үгүй шүү дээ. Тэдгээр хүүхдүүдийг сургах гэж өөдөөсөө төмөр, чулуу, хог шидүүлэх шахаад л байж байна. Өнөөдрийн байдлаар 180-аад хүүхэд бүртгэгдсэн байна лээ.

-“X түц” продакшныхан орон нутгаар аялан тоглолтоор явах гэж байгаа тухай сонссон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Бид бүрэн бүрэлдэхүүнээрээ маргааш өглөө хөдлөх гэж байна. Ханбогд, Цогтцэций гэр мэтчилэн дөрвөн газар очиж тоглоно. Ер нь эдгээр газруудад сүүлийн нэлээд хэдэн жил очиж тоглоогүй. Үзэгчдээс ч их хүсэлт ирж байлаа. Энэ оны хамгийн эхний аялан тоглолтыг манай продакшн эхлүүлж байна даа.

-Улаанбаатар хотдоо хэзээ шинэ тоглолт тоглох вэ?

-Аялан тоглолтоор явж ирчихээд шинэ тоглолтынхоо бэлтгэлд орно. Ирэх хоёрдугаар сарын сүүлээс шинэ тоглолтоо хүргэнэ.

-Хошин урлагийн тоглолтууд ихэвчлэн 5-6 үзэгдэл буюу номертой байдаг шүү дээ. Тэр болгоны санаа, сэдвүүдийг хэрхэн олдог бол?

-Бид энэ 5-6 номертой байх зарчмыг эвдэж, шинэчлэл хийх гэж оролдсон. Тиймээс сүүлд тоглосон хоёр ч тоглолтод арай өөр, 3-6 минутын 18-20 номерууд үзүүлсэн. Гэтэл манай үзэгчид хуучин зүйлдээ их дасчихсан байсан.

Сүүлийн үеийн залуус, шинэлэг зүйлийг эрэлхийлсэн хүмүүст энэ богино номерууд таалагдсан. Харин заримд нь таалагдаагүй. Тийм учраас хамгийн сүүлийн тоглолтдоо аль алийг нь багтаасан.

Шинэ тоглолт ч тийм байх болов уу. Амьдрал гэдэг өөрөө жүжиг. Хэн нэгэнд тохиолдсон үйл явдал болгон амьд жүжиг. Тийм учраас сэдэв, санаа ундраад л байна.

-“X түц” продакшн “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц” гээд хоёр ч драмын жүжгийг үзэгчдэд хүргэсэн. Одоо мөн л үзэгч-дийн хүлээлт үүсээд байгаа байх?

-Энэ жилдээ бол драмын жүжиг тавихгүй. Үзэгчдэд хүргэсэн хоёр жүжгээсээ илүү давсан жүжгийг бид хүргэх ёстой. Өнөөдөр хараахан эднийг давсан жүжгийн зохиолыг бид олоогүй байна. Их эрэл хийж байна.

А.Халиун

Эх сурвалж: