sonin.mn
Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд тэнгэр, хангай ивээгээд сайхан байна. Хүн бүхний сэтгэлийн цагааныг дагаад хурмаст, савдагууд баярладаг мэт ээ. Угаас ч улсын наадмаар бороогүй, сар шинээр цэлмэггүй байх нь Азийн цээжинд ховор. Сар шинийн баяр нь бидний эв хамт яваагийн бэлгэ тэмдэг юм. Нүүдэллэн амьдардаг тархай бутархай цөөхөн монголчууд жил бүр эв найртай яваагаа бэлгэдэн уулзаж учран, танилцан ойртож байсныхаа үрээр л хүчирхэг байсан ажгуу. 
 
Өнөө цагт энэ баяр үндэстний ёс заншил, ахуй байдал, хэв маягийн дархлаа болсон байна. Дан ялангуяа залуус жил ирэх бүрт Цагаан сард ач холбогдол өгөн улам дэлгэр тэмдэглэдэг болсон нь үндэснийхээ онцлогийг үр хойчдоо үлдээх гэсэн язгуурын сэрэл байж болох.
 
Түүний дээр садан төрөл сайхан буурлуудаа санах бүрд сар шинэ л толгойд ордог юм. Хүн гээч туйлын хайхрамжгүй бөгөөд он цагийг задгай мөнгө шиг үрдэг амьтан. Ингээд бодохнээ бидний тэмдэглэдэг ихэнх баяр гэр бүл, найз нөхдийн хүрээнд байдаг. Мартын 8, шинэ жил, улсын наадмыг гэр бүлээрээ эсвэл найз нөхдөөрөө тэмдэглэдэг. 
 
Харин сар шинээр хамаатан садан, хотол олноороо цугларна. Энэ нь сайхан. Ер нь хамаатан саднаараа Цагаан сар юм уу эсвэл нэгнийхээ оршуулга дээр л цуглардаг. Тийм болохоор сэтгэлийн сайхныг хөндсөн баяр ёслол юм. Түүний дээр баярлаж талархдаг хүндээ хүндэтгэлээ үзүүлж зочлох, гэм буруутай бол сар шинээр л орж цайруулдаг номтой. Өнгөний дээдээрээ гоёж, үгсийн сайхныг хэлэлцдэг энэ баяр хаяанд ирлээ. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
 
Ж.Энх
Эх сурвалж: "Нийслэл таймс"