sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах өмнөд Судан улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх 8 дугаар ээлжийн 850 алба хаагч өнөөдөр ЗХЖШ-ын төв талбайд Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ.
Бие бүрэлдэхүүнд ШШГЕГ, ОБЕГ, ЦЕГ-ын 100 гаруй, Зэвсэгт хүчний 700 гаруй алба хаагч багтжээ.
Алба хаагчид энэ сарын 6-17-ныг хооронд дөрвөн хэсэгт  хуваагдан “Буянт ухаа” нисэх буудлаас БНӨСУ-ыг зорих аж. Уг хүндэтгэлийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, үүрэг гүйцэтгэгчдийн ар гэрийнхэн болон албаны хүмүүс байлцав.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, “Монгол цэргийн түүхэн уламжлалыг түүчээлэн өнөө цагт нэр төртэй яваа манай цэнхэр дуулгатнууд дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд тэсвэр хатуужил, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараа гайхуулж зэвсэгт хүчнийхээ түүхийг баяжуулсаар байна. НҮБ-аас манай зэвсэгт хүчнийг өндрөөр үнэлж байгаа нь алба хаагч та бүхний уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүн юм. Тухайн орны хууль дүрэм, ёс заншлыг хүндэтгэн үүргээ өндөр хариуцлагатай, нэр төртэй гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхний ажиллагаанд тулгамдсан асуудалд Батлан хамгаалахын яам бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэх болно” гэв.
 
 
Үүрэг гүйцэтгэгч Б.Баттуяагийн аав Г.Батсуурь, “Монголын талын баатар, цэрэг эрс эрдэм чадлаа гайхуулан дэлхийн талыг эзэлж, гадны аюулаас газар нутгаа хамгаалж явсан түүхэн уламжлалыг үргэлжлүүлэн Монгол Улсын зэвсэгт хүчин тэнгис далайг гатлан дэлхийн халуун цэгт энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож тэсвэр хатуужлаа гайхуулан нэр төрөө өндөрт өргөж яваад ахмад дайчин бид бүхэн бахархаж явдаг. Охин Энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор мордох гэж байна. Та нар минь ар гэртээ санаа зоволгүйгээр цагийн байдалд дасан зохицож, сахилга баттай, эв найртай, бие биенээ хайрлан хүндэтгэж, үндсэн үүргээ амжилттай биелүүлэхийг хүсэн ерөөе. Та бүхнийг эх орны чинь хөх тэнгэр, ариун дагшин газар шороо, хайртай эхийн чинь халуун хайр үргэлж ивээх болтугай. Монгол цэргийн яруу алдар бадартугай” хэмээн урам хайрлав.
 
Бие бүрлэдэхүүнийг ахалж явах хурандаа Д.Жавхланбаяраас сэтгэгдлийг нь сонсов.
 
 
Тэрбээр "Манай 8 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүн Тавантолгойн хээрийн сургуулийн талбайд хоёр сарын хугацаанд НҮБ-ын “Хааны эрэлд” олон улсын сургалт дадлагад оролцсон. Бэлтгэл бүрэн хангагдсан. Сургалт бэлтгэлийн үйл ажиллагааг дэмжиж оролцсон БХЯ-нд талархал илэрхийлье. Өнөө жил энхийг сахиулах ажиллагаанд 68 эмэгтэй үүрэг гүйцэтгэж байна" гэв.
Анх Энхийг сахиулах ажиллагаанд Монгол улс  2002 онд Иракийн Эрх чөлөөний ажиллагаанд 180 цэргийн алба хаагчаа илгээж үүрэг гүйцэтгэснээс хойш өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 15 мянга орчим гын алба хаагч Энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцоод байна.   
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг