sonin.mn
Монгол Улсын химийн ээлжит XXX олимпиад, энэ оюуны их сорилтыг зохион байгуулж эхэлсний 30 жилийн ойг хэдхэн хоногийн өмнө тэмдэглэсэн юм. Энэ үеэр тус олимпиадын анхны аварга, “Эрдэнэт үйлдвэр” компанийн Химийн технологийн хэлтсийн ахлах ажилтан Р. УЛААНХҮҮТЭЙ ярилцлаа.
 
Хагас жарны уламжлалтай улсын хэмжээний энэ олимпиадын анхны аваргаар тодорч байсан үеэ эргээд нэг дурсана уу?
 
-МУИС-ийн Хими, биологийн тэнхимээс санаачлан улсын анхдугаар олимпиадыг зохион байгуулахад Увс аймгаас оролцож, тэргүүн байрт шалгарч байсан нь миний амьдралын баярт үйл явдлын нэг байлаа. 1990 он шүү дээ. Тэр үед нийслэл болон бүх аймгаас ирсэн шилдэг, тэргүүний багш сурагчдын цугларалт байсан болохоор би өөрийгөө азаар түрүүлсэн л гэж боддог. Улсын химийн анхдугаар олимпиадад оролцож байсан хүүхдүүд одоо МУИС, АУЭШИС-ийн багш, доктор, профессор, химийн чиглэлийн компанийн захирлууд болчихсон байгааг харахад л тэдний чансаа нь тодорхой байна.
 
-Өнөөдөр манай улсад химийн шинжлэх ухааны хөгжил ямар түвшинд байна гэж та хардаг вэ. Та ч өөрөө манай эдийн засгийн гол тулгуур “Эрдэнэт” үйлдвэрт мэргэжлээрээ ажиллаж байна шүү дээ?
 
-Монгол хүний IQ өндөр. Дээр нь манай улсад шинжлэх ухааны аль ч салбар хөгжих бүрэн боломжтой болсон. Түүний дотор химийн шинжлэх ухаан улс орны эдийн засгийн хөгжил, тэр байтугай айл өрх, хувь хүний амьдралд ч нөлөөгөө үзүүлж байна.
 
Уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулахад химийн бүх төрлийн урвалжийг ашиглаж, газар тариалангийн үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд олон янзын бордоог хэрэглэж, малын арьс ширийг үйлдвэрийн түүхий эд болгоход ч химийн аргыг л түшиглэж байна шүү дээ.
 
Гэвч үүнийг бүрэн дүүрэн ашиглаж байна уу гэвэл эргэлзээтэй. Хамгийн наад зах нь хонины нэхий манайд ганц боодол бохины үнэтэй байхад Европт түүнийг химийн аргаар боловсруулаад 150 ам.доллараар худалдаж байна. Монголын нэг багшийн сарын цалин биз дээ. Ийм л боломжоо бүрэн ашиглахын тулд химийн шинжлэх ухаан, химийн технологийн үйлдвэрлэл зайлшгүй шаардлагатай болоод байна.
 
-Ирээдүйн химичдийн залгамж халааг бэлтгэхэд таныг тодорхой хувь нэмэр оруулж байгаа хүн гэж сонссон. Энэ тухай товч танилцуулна уу?
 
-Би өөрөө химич мэргэжилтэй, энэ чиглэлээр ажиллаж байгаа хүний хувьд залуу үеэ бэлтгэж сургахад хувь хандиваа оруулахсан гэж боддог юм. Тиймээс Орхон аймагтаа өөрийн нэрэмжит химийн олимпиадыг гурав дахь жилдээ зохион байгуулаад байна. Үүнийг багш, сурагч гэсэн хоёр ангиллаар явуулдаг юм. Жил ирэх тусам оролцогчдын тоо нэмэгдэж, чанар чансаа нь дээшилж байгаад баяртай байдаг.
 
-Хувийн зүгээс ивээн тэтгэж уралдаан тэмцээн зохион байгуулахад хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй байдаг гэх юм билээ. Та үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?
 
-Миний найз нөхөд, гэр бүлийнхэн бас химийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын тус дэмээр энэ арга хэмжээг авч гардаг. Манайхан хурдан морь, хүчит бөхөө таван өрөө байр, 570-аар урамшуулан байлдаг мөртлөө оюуны өрсөлдөөнд хөрөнгө оруулалт хийхдээ “гар чанга” болчихдогийг би гайхаад байдаг юм.
Яг үнэндээ эх орны маргааш, хөгжил дэвшлийг шинжлэх ухаан, түүний дотор химийн салбарынхан хөтөлж явна гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Тийм болохоор чадахынхаа хэрээр оюун ухааныг үнэлж дэмжих юмсан гэсэн бодолтой л явдаг хүн. 
 
Манай улсад эрүүл мэнд, боловсролын салбар одоохондоо хүндрэл бэрхшээл ихтэй байгаатай холбоотойгоор эрчүүдийн орон зай их байна. Гэвч цаашдаа химийн нано технологи, уран, цөмийн физикийн ололт, хэрэгцээ шаардлагатай уялдуулж хөвгүүд залуусыг татан оролцуулах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа юм.
 
Энэ бол зөвхөн манай улсын төдийгүй дэлхий нийтийн боловсролын салбарт анхаарал татсан асуудал болчихоод байна. Бидний Орхон аймагт зохион байгуулдаг химийн олимпиадад хөвгүүд олноор оролцдог болж байгаад би хувьдаа маш талархалтай ханддаг. Цаашдаа ч тэднийгээ чадахаасаа эс чадах хүртлээ дэмжиж тусална гэж бодож явна.
 
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин