sonin.mn
Халхын голын байлдааны ялалтын түүхт ой тохиож буй энэ цагт 15-хан настайдаа бидний төлөө тулалдаж явсан түүхийн амьд гэрч Цэрэнгийн Чимэдцэрэн гуайтай уулзаж, түүний байгуулсан гавьяаны тухай ярилцсанаа уншигч танаа болгооё. Түүнийг 2014 онд Монгол цэргийн өдөр, Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан байна.
 
Та яагаад дайнд явахаар болсон бэ?
 
-Би Дорнод аймгийн Баяндун сумын уугуул хүн. Нэгэн өдөр бидний нөхөд хичээлээ хийгээд сууж байтал Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн дарга Н.Аюуш орж ирдэг юм байна. Тэрээр ангийн багшийг зааж байгаа хичээлээ түр завсарлахыг хүсэж, сурагч бидэнд улс оронд нүүрлээд буй дайны аюул, заналхийллийн талаар мэдээлэл хүргэлээ. Бид ч түүний яриаг сонсоод өөрийн эрхгүй дотор өмөлзөж, эх орныхоо төлөө ямар нэгэн зүйл хийх ёстой юм байна гэж бодоцгоосон. Дөнгөж 15 настай хүүхдүүдэд ямар юмных нь мөнгө байх билээ дээ. Тийм болохоор өөрсдөө очиж, тус больё гэж бодлоо. Ингээд би гэдэг хүн чинь хамгийн түрүүнд босож, эвлэлийн үүрийн даргад хандан “Тэр дайн болж байгаа газарт чинь би очъё. Юу хий гэснийг нь хийе” гэсэн юм, Бүр ангийнхаа охидыг ч уриалаад авлаа. “Энд юугаа хийх вэ, сумын эрэгтэйчүүдийг бүгдийг дайны голомт руу татаад аваад явчихлаа. Тэд бидний төлөө тулалдаж байна шүү дээ. Бид ч мөн эх орныхоо төлөө ямар нэгэн зүйл хийцгээе” гэхэд ангийнхан ч дэмжиж надтай нийлээд 16 охин фронт руу явахаар боллоо. Энэ тухай Н.Аюуш даргад мэдэгдэхэд “Би ганцаараа мэдэхгүй, аймаг, сумын намын үүрийн дарга, цэргийн хэлтэс мэднэ. Гурав хоногийн дараа шийд гарна” гээд яваад өглөө. Тэгсэн яг гурав хоногийн дараа сумын намын үүрийн дарга Жамц биднийг дуудлаа. “Та нарын хүсэлтийг бид харгалзаж, зөвшөөрлөө. Морин өртөөгөөр аймгийн төв рүү аваачна. Маргааш замдаа гарах учир бэлтгэлээ сайн базаа” гэв. Маргааш өглөө нь гарахад сумын дарга нар туг далбаагаа намируулан бид нарыг хүндэтгэлтэй үдэж өгсөн юм.
 
Бид үхэр тэргээр долоо хоног явж, аймгийн төвд очсон. Аймгийн төвийнхөн ч биднийг хүндэтгэлтэйгээр угтаж, орос сургагч Лагнов, Петров нар охидыг тус тусын ажилд хуваарилсан. Ж.Цэмпилмаа бид хоёрыг цэргийн эмнэлэгт сувилагч, бусдыг маань индүүдэгч, цагаан хэрэглэл угаагч, тогооч зэрэг албан тушаалд томилсон. Ингэж л би тэр аймшигт дайн гэгч зүйлтэй нүүр тулгарсан даа.
 
Дайны үеэр хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ?
 
-Шархтай цэргүүдийг асрах, сувилах хүнд байсан. Бууны шархтай цэргүүд гайгүй. Шархыг нь цэвэрлэж, боогоод болчихно. Харин бөмбөгний шарх л хэцүү дээ. Бөмбөгний хэлтэрхий хүний гар, хөл, биеийг юу ч үгүй тайраад хаячихна. Эхэндээ нүд халтираад их айдаг байснаа нуух юун. Тийм шархтай цэргүүд өөрийн ухаангүй 2-3 хоног орилж, чарлаж, янз бүрийн хүмүүсийн нэр хэлж байгаад нүд аньдаг байсан даа.
 
Бүр босож яваад биднийг цохиод авах нь ч энүүхэнд. Яах вэ дээ зайлуул, шархандаа халуураад өөрийн ухаангүй тэгдэг юм билээ. Энэ дайнд бид олон сайхан цэрэг эрсээ алдсан юм шүү. Үүнийг одоогийн залуус даанч мартаж дээ.
 
Найз охидуудтайгаа орой амрахдаа л уулздаг байв уу?
 
-Амарна гэж байхгүй дээ. Байнга л түгшүүр зарлана. Тэр болгонд жагсана, нуувчиндаа орно. Бусад цагт өвчтөнүүддээ эм тариаг нь дөхүүлэхээр сандран гүйлдэнэ. Хоол ч идэх зав гардаггүй байлаа шүү дээ. Цус ихээр алдсан цэргүүдийн ам нь хатна. Тэдэнд ус дөхүүлж өгнө, амыг нь чийгтэй алчуураар норгоно. Өвчтөн асрах гэсээр бидний хэдэн сувилагч майхан, гэрүүдийн хооронд гүйсээр байгаад тэр жил өвс ургуулаагүй юм даг. Бид ч мөн өөрсдөө их турж, ядарч, сульдсанаа дайн дууссаны дараа анзаарсан.
 
Та бүхний байгуулсан гавьяаг яагаад нуун дарагдуулсан юм бэ?
 
-Биднийг цэрэгт явсан гэж хэнд ч хэлж болохгүй гэж тухайн үед Намын төв хорооноос даалгасан. Бид ч айгаад хэнд ч хэлж чадалгүй 40 гаруй жил дуугуй амьдарсан. Тэгээд би бодлоо, “Ерт нь нөхдөө бодсон ч тэр, өөрийгөө бодсон ч тэр яагаад бид энэ бүхнийг нууж амьдрах ёстой гэж. Өчнөөн хүмүүс дайнд оролцсон гээд төрөөс зохих ёсны шагналаа авч байна шүү дээ" гэж. Ингээд аймгийн сонины сурвалжлагч Цэнднасаад хүсэлт тавиад би анх удаа Баяндун сумаас дайнд явсан 16 охины талаар сонинд бичүүлэв ээ. Яах вэ, аймаг даяараа биднийг тэр үеэс мэдэх боллоо. Тэгсэн аймгийн Намын хорооны дарга байсан партизан Н.Жамц гуай надад хэлж байна. “Чимэдцэрэн минь чамайг Хотын гүйцэтгэх захиргааны даргатай уулзуулна” гээд дагуулаад явлаа. Гэтэл Н.Жамц гуайг яваад орсон чинь өнөөх дарга нь “Та өдий нас хүрчихээд иймхэн юмны төлөө яваад яах вэ" гэж хэлээд түүний хүсэлтийг ер тоосонгүй. Н.Жамц дарга гарч ирээд “Хөгшин болчихоор хүний үгийг тоож сонсох хүн байдаггүй юм байна даа. Би та нарт тус болж чадсангүй дээ" гээд нулимс унагаж билээ. Ингээд арга мухардсан би Батлан хамгаалах яамны сайд, хурандаа генерал Ж.ЁНДОНД өргөдөл гаргалаа. Тэгсэн удалгүй намайг дуудуулж байна. Би ч яваад орлоо. “Чиний материалыг сониноос уншсан. Та бүхнийг байгуулсан гавьяаг төр мартаагүй” гэж хэлсэн. Удалгүй биднийг одонгоор шагнаж, ард түмэн мэдэх болсон доо.
 
Дайн дуусаад та юу хийсэн бэ?
 
-Дайн тийм ч удаан үргэлжлээгүй. Үндсэндээ 1939 оны 5-9 дүгээр сар хүртэл байлдсан. Наймдугаар сарын сүүлээр япончууд ялагдлаа хүлээсэн шүү дээ. Түүнээс хойш 11 дүгээр сар хүртэл бид шархтнуудаа эмчилсэн. Үүний дараа нөхөд маань нутаг буцаж, би эмнэлэггээ ажиллахаар үлдсэн дээ.
 
Та сувилагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан уу?
 
-Би 1951 онд Улаанбаатар хотод нүүж ирээд Худалдааны техникумыг тогооч мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш тасралтгүй 25 жил ажилласан. “Туул” рестораны ахлах тогоочоос ажлын гараагаа эхэлж байлаа. Дараа нь Их тэнгэрийн нэгдүгээр хэлтэст зочны хоол хийдэг байсан. Тухайн үед гадаадын өндөр албан тушаалтай олон хүмүүс айлчлалаар ирж, тэдэнд хоолоор үйлчилдэг байв. Тийм болохоор маш хариуцлагатай ажил. Миний хоолыг идсэн зочид юу гэж хэлэхээс их эмээдэг байсан даа. Одоо хамт ажиллаж байсан хүмүүс бүгд байхгүй болж дээ.
 
Дайнд явсан 16 охиноос бүгдээрээ эсэн мэнд нутаг руугаа буцсан уу?
 
-Уул нь бүгд дайныг эсэн мэнд даван туулсан юм. Даанч М.Цэгмид маань нутаг буцах замдаа мориндоо чирэгдэж харамсалтайгаар өөд болсон. Учир нь дайн дуусаад нутаг буцаж явсан Оросын байлдааны онгоцноос морь нь гэнэт цочин үргэснээс болсон гэдэг.
 
Оросуудын байгуулсан гавьяаг та юу гэж боддог вэ?
 
-Оросууд манай ард түмнийг аварсан юм шүү дээ. Биднийг аймгийн төв орох гээд үхэр тэрэгтэй сажилж байхад хажуу замаар ямар их байлдааны машин, техник, танк, онгоц, хүн фронт руу чиглэн явж байсан гэж санана. Амьдралдаа хэзээ ч өмнө нь тийм зүйл харж байгаагүй. Оросын ард түмэн биднийг хамгаалах гэж их зүйлээ золиосолсон гэж би боддог.
 
Халхын голын байлдааны ялалтын түүхт ой тохиож байгаа энэ цаг үед Та манай сонины уншигчдад хандаж мэндчилгээ дэвшүүлнэ үү?
 
-Одоо дайнд явсан 16 охиноос ганцхан би л үлдэж дээ. 95 нас насалж, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг үзнэ гэж төсөөлж байсангүй. Идэр залуухан байхдаа эх орноо хамгаалах гэж олон сайхан залуус надтай адил дайнд мордсон. Тухайн үед зөвхөн миний найз, нөхөд, ах, эгч нараас олон хүн дайнд яваад эргэж ирээгүй. Тэд өнөөгийн сайхан эх орныг та бүхэнд өвлүүлэн үлдээх гэж яваад эргэж ирээгүй юм шүү. Газар нутаг гэдэг ямар их үнэ цэнээр олддогийг залуус та бүхэн сайн ухамсарлах ёстой.
 
 
Та урт насалж, удаан жаргаарай.
 
Ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин