Худалдаа, хөрөнгө оруулалтыг бүх нийтэд ашигтай байдлаар хөгжүүлэх ёстой хэмээн Ази, Номхон далайн орнуудын удирдагчид санал нэгдсэнийг АПЕК-ийн чуулга уулзалтын төгсгөлд бямба гарагт гаргасан хамтарсан тунхаглалд онцлон тэмдэглэжээ.
Дэлхийн эдийн засгийн тэн хагасаас илүү хувийг эзэлдэг Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/-ийн бүтцэд багтаж буй 21 улсын удирдагчдын хоёр өдөр үргэлжилсэн уулзалтын төгсгөлд “Гёнжүгийн тунхаглал”-ыг баталсан байна.
“Бид Ази, Номхон далайн бүс нутгийн өсөлт, хөгжил цэцэглэлтэд худалдаа, хөрөнгө оруулалт амин чухал гэдгийг хүлээн зөвшөөрч, өөрчлөгдөж буй орчин нөхцөлийг даван туулахын тулд эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх үүрэг амлалтаа дахин нотоллоо” гэж баримт бичигт дурджээ. Тунхаглалд 2025 оны гол чиглэлүүд болох “Холбох. Шинэчлэх. Хөгжин цэцэглэх” гэсэн үзэл санааг удирдлага болгосон бөгөөд саммитын үндсэн сэдвүүд нь худалдаа ба хөрөнгө оруулалт, цахим шилжилт, хүртээмжтэй өсөлтийн тухай асуудлууд байлаа.
Тунхаглалын гол заалтуудыг товчлон дурдваас:
- Нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангаж, худалдааны зардлыг бууруулах, үүний тулд дүрэм журмыг хөнгөвчилж, цаасгүй худалдаа, хил дамнасан цахим арилжааг хөгжүүлэх;
 - үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, тоон технологийн үүрэг ролийг бэхжүүлэх;
 - авлигыг сөрөн зогсож, авлигад таатай орчныг бүрдүүлж, нууц активуудыг хадгалдаг “намуун эрэг”-ээс татгалзах,
 - холболтыг өргөжүүлэх /APEC Business Travel Card/, дэд бүтцийг шинэчлэх, хөрөнгө оруулалтын чанартай төслүүдийг дэмжих
 - 2026-2030 оны (SEAASR) бүтцийн шинэчлэлийн төлөвлөгөө ба санхүүгийн байгууллагуудын түвшинд хэрэгжүүлэх “Инчоны төлөвлөгөө”.
 - эрчим хүчний аюулгүй байдал /хий, шингэрүүлсэн хий, сүлжээг шинэчлэх, бүс нутгийн харилцан холбоотой байдал/, эрчим хүчний салбарт хиймэл оюун ухааны гүйцэтгэх үүрэг
 - хүнсний аюулгүй байдал, хүнсний алдагдлыг бууруулах
 - далай тэнгисийн нөөц баялгийн тогтвортой менежмент, хууль бус загас агнуур ба далай тэнгисийн хог хаягдалтай тэмцэх
 - эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, цахим эрүүл мэндийн салбар ба хиймэл оюун ухаанд шилжих
 - CEO Summit болон бусад хэлбэрээр сонирхогч талуудыг татан оролцуулах
 - Соёлын болон креатив үйлдвэрлэлийг салбарыг АПЕК-ийн удирдагчдын түвшинд анх удаагаа бүс нутгийн өсөлтийн шинэ хөдөлгүүр хэмээн хүлээн зөвшөөрч, эл салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь зүйтэй гэж үзсэнээрээ энэ удаагийн саммит онцлогтой. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын үзэж байгаагаар, уг шийдвэр нь Ази-Номхон далайн бүс нутагт K-culture буюу Өмнөд Солонгосын соёл урлагийг бүс нутгийн өсөлт хөгжлийн эх үүсвэр болгох боломж бүрдэж байна.
 
“Тогтвортой ирээдүйг цогцлоох нь: харилцан холбоо, инновац, хөгжил цэцэглэлт” уриан дор явагдсан уг уулзалтад АПЕК-ийн бүрэлдэхүүнд багтдаг 15 улсын төр засгийн тэргүүн нар, бусад 6 улс, бүс нутгийн төлөөлөгчид шадар сайд, сайдын түвшинд оролцлоо. “АПЕК-ийн удирдагчдын долоо хоног” гэдэг нэртэй тус уулзалт 10 дугаар сарын 27-ны өдөр эхэлсэн бөгөөд энэ хүрээнд ахлах албан тушаалтнуудын уулзалт, сайд нарын уулзалт болон Барууны томоохон корпорацуудын захирлууд оролцсон ажил хэргийн уулзалт боллоо. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 29-ны өдөр салбар хуралдаанд оролцон үг хэлж, Хятадын удирдагч Ши Жиньпинтэй уулзсаныхаа дараа гол арга хэмжээнд оролцолгүйгээр нутаг буцав. Солонгосын хойгт оршин тогтнож байсан эртний Шилла хаант улсын нийслэл болох Гёнжү хотод төр засгийн тэргүүн нар олноороо цугларсан тул тэдний аюулгүй байдлыг хангахад 19 мянга орчим цагдаагийн ажилтнууд, 3,9 мянган цэргийн албан хаагчдыг дайчилжээ.

АПЕК-ийн бүрэлдэхүүнд 21 эдийн засаг, тэдгээрийн дотор ОХУ, Австрали, Вьетнам, Индонез, БНХАУ, Перу, Өмнөд Солонгос, АНУ, Япон зэрэг улсууд, мөн Хятадын Хонконг, Тайвань багтдаг. Эдгээр улс орнуудад дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь амьдарч, ДНБ-ий 61 хувийг үйлдвэрлэж, дэлхийн худалдааны 49 хувийг, шууд хөрөнгө оруулалтын 40 гаруй хувийг эзэлдэг тул АПЕК үйлдвэрлэлийн чухал төв, худалдааны чухал зангилаа болжээ. АПЕК бол улс төрийн бус эдийн засгийн чиглэлтэй бүтэц гэдгээрээ онцлог.
Тодруулбал, АПЕК-ийн хуралдааны үеэр улс орнуудын төрийн далбааг байрлуулдаггүй, төлөөлөгчдийн ширээн дээр улс орнууд ба бүс нутгийн нэрс бүхий пайзыг тавьдаг. Хонконг, Тайвань хоёр уг бүтцэд хамаардаг учраас “улс” гэдэг үгнээс зайлсхийж, “эдийн засаг” гэдэг үгийг түгээмэл ашигладаг.
АПЕК-ийн сул тал нь түүний чуулга уулзалтаас гаргасан шийдвэрүүдийг заавал биелүүлэх албагүй байдагт оршино. Үүний зэрэгцээ, тус бүтэц 1998 оноос хойш өргөжөөгүй буюу шинээр гишүүн элсүүлээгүй байна. АПЕК-ийг байгуулах санааг анх 1989 онд Австралийн Ерөнхий сайд Р.Хоук Өмнөд Солонгост айлчлах үеэрээ дэвшүүлжээ. Тухайн онд Канберра хотод болсон хуралд оролцсон 12 улс уг бүтцийг бий болгосон байна. АПЕК нь өөрийн гэсэн дүрэмгүй тул байгууллага гэж тооцогддоггүй бөгөөд олон улсын чуулга уулзалт, эдийн засгийн асуудлуудыг хэлэлцдэг зөвлөлдөх бүтэц юм.
Энэ онд АПЕК-ийг даргалсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён ирэх 2026 онд тус бүтцийг даргалах БНХАУ-ын дарга Ши Жиньпинд буухиаг албан ёсоор дамжуулан өглөө.
Дараагийн дээд хэмжээний уулзалт 2026 оны 11 дүгээр сард Хятадын Шэнжэнь хотод болно. Хятадын дараа Вьетнам (2027), Мексик (2028), Сингапур (2030), Япония (2031), Чили (2032), Папуа - Шинэ Гвиней (2033), Перу (2034) улсууд тус тус буухиаг хүлээн авна.
Дэлхийн өв Гёнжү
Дээд хэмжээний уулзалтын төгсгөлд 21 эдийн засгийг төлөөлсөн оролцогчид “Гёнжүгийн тунхаглал”-ыг баталж, Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө олон талт хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлов. МЭӨ 57 оноос МЭ 935 он хүртэл Солонгосын хойгт оршин тогтнож байсан Шилла гүрний нийслэл болох Гёнжү хот бол эрт, эдүгээ цагийн хэлхээс болсон үзэсгэлэн төгөлдөр газар ажээ.

“Ханагүй задгай музей” гэгддэг энэ хотод ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан олон барилга байгууламж бий. Тухайлбал, Бульгукса, Соккурам сүмүүд, Чомсондэ одон орны төв гээд нэрлэвэл олон.
Эдгээр алдартай газрууд нь дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг татдаг бөгөөд АПЕК-ийн чуулган бол Гёнжү хот баялаг түүхээ төдийгүй эдийн засгийн эрчимтэй хөгжлөө тольдон харуулах боломж юм. Гёнжү бол задгай музей бөгөөд гудамж бүр нь, гудамжны чулуу бүр нь мянган жилийн түүхийг өгүүлнэ.
МЭ VII зууны үед Солонгосын хойгийн газар нутгийн 2/3 нь Шилла гүрний мэдэлд байсан учраас удаан хугацаанд энх тайван тогтож байсан гэдэг. Хотын түүх, АНУ-ын Ерөнхийлөгчийн энхийг эрхэмлэгч үзэл санааг бэлгэдэж БНСУ-АНУ-ын дээд хэмжээний уулзалтыг Гёнжү хотын Үндэсний музейд зохион байгуулсан бөгөөд эртний нийслэлээс олдсон титмийн алтадсан хуулбарыг Америкийн Ерөнхийлөгчид бэлэглэсэн байна.
Б.Адъяахүү
                        Мягмар - 11 сарын 04,
                        2025
                                
Сэтгэгдэл0