sonin.mn
Чөлөөнд байгаа хошууч генерал Г.Дугарсүрэнтэй уулзаж ярилцлаа. Эгэл жирийн адуучин айлд төрж өсөөд Энэтхэгийн далай хүртэл төрийн өндөр албан тушаал хашиж явсан түүний үзэж, туулсан амьдрал, ажил албаны туршлагыг бүгдийг нь буулгаж бичье гэвэл сонины нэгэн дугаарт эс багтах буй за.
 
Таныг Төв аймгийн харьяат гэж мэдэх ч чухам ямар нутаг усанд төрснийг тань манай уншигчид төдийлөн мэдэхгүй байх. Энэ талаар тодруулна уу?
 
-Би 1931 оны төмөр хонин жил, Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу, Далай ээж (Одоогийн Төв аймгийн Баян-Өнжүүл сум) хэмээх газар төрсөн. Далай ээж гэдэг нь Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарыг өргөж авсан ээжийнх нь хөх ивлэж, хүүгээ анх хөхүүлсэн газар учир хожим Өндөр гэгээн ийнхүү нэрлэсэн домогтой. Би яг тэр газарт нь мэндэлсэн учир өөрийгөө ховорхон хувь заяатай хүн гэж боддог.
 
Таны бага насны тухай сонирхож асуумаар байна. Ялангуяа тэр үеийн хөдөөгийн аж амьдралын тухай ...
 
-Бидний бага нас хот айл, өрх гэрийн дотор өнгөрсөн. Тэр үед эцэг, эхчүүд хүүхдээ юуны өмнө морь унагаж сургадаг байлаа. Мориор хонь хурга, үхэр тугалаа эргүүлнэ. Малчин амьдралд ямар цаг нар гэж байх биш дээ. Үүрийн гэгээгээр босоод үдшийн бүрийд л гэртээ ирнэ. Эр бие өсөхөөр адуунд явна аа. Би 14 настайгаасаа уурга барьж, морь бугуйлддаг байлаа. Нутгийнхан ч намайг том биетэй, бөх болох эр байна гэж магтдаг байж билээ. Тэр үед ах дүү, төрөл садан, танилаараа нэгэн хот айл болж, хал үзэж, хашир суусан ахмад настнаа ахлагчаар томилдог системтэй байв. Ахлагч нүү гэвэл бид үг дуугүй нүүх жишээтэй. Ер нь Монголын нүүдэлчин соёлд өсөж, хүмүүжсэндээ би өөрийгөө хамгаас азтай хүн гэж боддог.
 
Идэр залуу байхдаа дүрсгүйтэж яваагүй хүн гэж байхгүй биз ээ. Таны хувьд сэтгэлээс гардаггүй тийм дурсамж байдаг бол манай уншигчидтай хуваалцана уу?
 
-Хүүхэд л болсон хойно дэггүйтэж, дүрсгүйтэх үе бишгүй. Нэгэн удаа манай нутагт Дундговь аймгаас нүүж ирсэн Лувсандамбаа хэмээх айл саахалт болон амьдрав. Тэднийх их олон эр хоньтой айл байсан. Мань мэтийн эрчүүд бяраа үзэх гэж хоттой эр хонийг нь уургалснаас болж багийн даргад зандруулж, үхрийн зэлэн дээр толгойгоороо оосорлуулчихаад өдөржин халуун наранд зогсож билээ. Хүүхэд насаа дурсахаар мөн ч сайхан шүү.
 
Сурагч явсан үеэ дурсан санавал ...
 
-1940 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр есөн настайдаа Баянбараатын бага сургуульд ордог юм байна. Дөнгөж баригдсан сургуулийн будаг нь ханхалсан танхимд суралцсан анхны 50 сурагчийн нэг нь би. Одоо ч гэсэн миний цээжинд ангийн нөхөд маань овог, нэртэйгээ байна. Ингээд дунд сургуулийн долоодугаар ангиа төгсөөд сумандаа дөрвөн жилийн ангийн багшаар ирэв. Тэндээ багшилж байгаад 1953 онд Цэргийн ерөнхий сургуульд суралцахаар болов. Тэр үед Цэргийн Ерөнхий сургуулийн талаар ямар ч мэдээлэл байхгүй, юу ч заадаг, хаана ч байдаг сургууль юм. бүү мэд. Гол нь би долоодугаар анги төгссөн боловсролоо ахиулж 10 дугаар анги төгсөх, бүр цаашлаад боловсрол мэдлэгээ улам гүнзгийрүүлж, их, дээд сургуульд суралцах гэсэн зорилготой байв. Ингээд Цэргийн Ерөнхий сургуульд тэнцлээ. Тухайн үед Цэргийн Ерөнхий сургууль улс төр, явган цэрэг, их буу, танк, холбоо, нисэгч зэрэг мэргэжлээр залуусыг бэлтгэдэг байв. Тэгсэн сургуулийн комисс намайг юу юугүй нисэхийн анги руу хуваарилах гээд. Би ч нисгэгч болох сонирхолгүй байсан учир нүдний хараа жаахан муу гэж хэлээд хасагдаж байсан. Тэгсэн комисс намайг “Том биетэй, нэлээд өсгөлүүн залуу байна. Их буунд өгяих, хүнд төмөр түрж байг” гэдэг юм байна. Ингэж л би артиллерийн мэргэжил эзэмшсэн юм даа. Хурандаа генерал С.Лувсангомбо тэр үед Москва хотод Артиллерийн инженерийн академи төгсөж ирээд манай сургуульд их бууны бие ангийн багшаар томилогдон ажиллаж байлаа. 1956 онд Цэргийн ерөнхий сургуулиа төгсөөд их бууны анхны хороо 019 дүгээр ангид салааны даргаар очоод гурван жил алба хаасан. Энэ хугацаанд эхний зорилгоо биелүүлж, Офицеруудын ордны хажууд байсан Марксизм, Ленинизмийн оройн дээд сургуульд хоёр жил суралцаж, улаан дипломтой төгсөж байлаа.
 
Та ч бага наснаасаа эрдэмд тууштай шамддаг, шаггүй хүүхэд байжээ ...
 
-Тэгэлгүй яах вэ, залуу байхад ой гэж жигтэйхэн сайн байлаа шүү. Нэг л сонссон, нэг л уншсан бол мартана гэж үгүй. Оройн дээд сургуулиа төгсөөд 1960 онд Сэлэнгэ аймагт Гурилын комбинат барьж байсан Барилгын цэргийн 031 дүгээр ангийн намын зааварлагчаар томилогдпоо. Тэнд нэг жил хэртэй алба хаагаад байж байтал Улс төрийн газрын дарга С.Равдан дуудаж, намайг эвлэлийн ажпын туслахаар томилдог юм байна. Би С.Равдан даргатайгаа жил гаруй хугацаанд ажилласан. Дараа нь Ж.Цэнд-Аюуш даргатай олон жил гар нийлэн зүтгэсэн. Тус хоёр хүнээс би их зүйл сурч билээ. Ингээд 1963 онд Улс төрийн академид суралцахаар боллоо. Бэлтгэл курсэд нэг жил суралцахдаа бие жаахан муудсан. Үүнээсээ болж нэг жилийн чөлөө авлаа. Тэр хугацаандаа “Улаан од" сонинд сурвалжпагчаар томилогдон ажилласан. Сонины редакцаас сурсан бичгийн соёл надад насан туршид минь хэрэг болж байна. Жилийн дараа академидаа явж, цэрэг-улс төрийн дээд мэргэжил эзэмшсэн юм. Цэргийн алба намайг 10 жилийн боловсролоос академийн боловсрол хүртэлх бүх шатны сургуульд сургаж, оюуны юугаар ч үнэлшгүй хөрөнгө оруулалт хийсэн.
 
Академиа төгсөж ирээд хаана, томилогдсон бэ?
 
-Намайг төгсөж ирэхэд Зүүнбаянд дивиз байгуулах тухай асуудал яригдаж, үндсэндээ бидний үеийн офицерууд үндэс суурийг нь тавьж байлаа шүү дээ. Би тэнд улс төрийн хэлтсийн даргаар томилогдож, хоёр сар хэртэй ажиллаж байгаад гэрээ нүүлгэх санаатай нийслэл орж, Улс төрийн газрын хэлтсийн дарга Л.Намдагтай уулзлаа. Гэтэл юун гэрээ нүүлгэх, маргааш Намын Төв хорооны Захиргааны байгууллагын хэлтсийн дарга С.Батаатай уулз гэдэг юм байна. Маргааш нь С.Батаа даргын өрөөнд яваад ортол эелдгээр хүлээж аваад, миний удам угсаа, намтар түүх, сургууль төгссөн байдал зэрэгтэй танилцаад “Чамайг намын төв аппаратад ажиллуулах бодолтой байна” гэж хэллээ. Би ч “Дарга аа надад ийм том газар ажиллах туршлага, мэдлэг хангалттай бус” гэсэн чинь “Тийм юм байхгүй. Цэрэг цэргээрээ төрдөггүй юм, хүлээж ав” гэсэн. Ингэж 1969 онд Намын төв хороонд зааварлагчаар томилогдож, С.Батаа даргатай зургаан жил хамтран ажилласан. Намын төв хорооны Захиргааны хэлтэс гэдэг чинь хуулийн байгууллагуудыг, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийг, мөн НАХЯ-ийг хариуцдаг маш хариуцлагатай, ажил ихтэй хэлтэс байлаа. 1975 онд Намын Төв хорооны Улс төрийн товчооны 18 дугаар тогтоол гарлаа. Батлан хамгаалах хөдөлмөр нийгэмлэгийг БХЯ-ны харьяаллаас гаргаж олон нийтийн байгууллага болгов. Тус нийгэмлэгийн нэгдүгээр орлогч даргаар намайг томиллоо. Нийгэмлэгтээ бид их зүйл хийсэн дээ. Бүр 300 гаруй мянган гишүүнтэй болгон өргөжүүлж байлаа. 1979 он гэхэд нийгэмлэг маань жилд цэргийн насны 1000 залууст жолоочийн мэргэжил эзэмшүүлэн армид шилжүүлдэг байсан гэхээр мөн ч том байгууллага байсан нь харагдана. Тэнд 1983 он хүртэл найман жил ажиллаад байтал бас л Намын Төв хорооны боловсон хүчнээс дууддаг юм байна. Нийгэмлэгийн дарга Ж.Жамъян, Улс төрийн газрын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал С.Гомбосүрэн, Ар талын газрын дарга байсан хошууч генерал Д.Бямбаа, сансрын нисэгч Ж.Гүррагчаа нар бас зэрэг дуудагджээ. Хамгийн түрүүнд намайг Улс төрийн газрын нэгдүгээр орлогч даргаар томилно гэв. Тухайн үед нийгэмлэгийн орлогч дарга гэдэг чинь яамдын сайд нартай эн зэрэгцдэг алба байсан юм. Нийгэмлэгийн нэгдүгээр орлогч дарга 1300 төгрөгийн цалинтай байхад Улс төрийн газрын нэгдүгээр орлогч 1100 төгрөгийн цалинтай байв. Үүнийгээ хэлэхэд ер тоосонгүй. Ж.Жамъян даргыг Ахмадын хорооны даргаар, Ж.Гүррагчааг Намын Төв хорооны Захиргааны хэлтэст орлогч эрхлэгчээр, Ар талын газрын дарга Д.Бямбааг миний оронд томилоод С.Гомбосүрэн даргыг Багшийн дээд сургуульд цэргийн сургалт хариуцсан тэнхимийн эрхлэгчээр томилсон доо. Ингээд Улс төрийн газар би гурав дахь удаагаа очиж байгаа юм. Тэнд 5 жил ажиллаад ЗХУ-д Энэтхэг улсыг хавсран суух Цэрэг-агаарын цэргийн атташегаар томилогдсон. Миний үед мундаг байлаа шүү дээ. ЗХУ-ын 40 гаруй хотод 1000 гаруй залуус суралцдаг байлаа. Өөрөөр хэлбэл Монголын залуус Европт боловсрол эзэмшиж, Монгол Улсыг хөгжүүлэх бүхэл бүтэн сэхээтний давхарга бэлтгэгдэж байлаа. Тийм олон хүн хариуцаж ажиллана гэдэг амаргүй. Одоогийн атташе нарыг бодвол ажил ч их. Би тус албыг 1991 оны 11 дүгээр сар хүртэл хашсан. Миний дараа хошууч генерал Д.Бадам томилогдсон.
 
Таныг нутаг буцах үед Орос улсад “перестройка” эхлээд бөөн юм болж байсан биз...
 
-Үгүй ээ мөн хачин юм болж байсан шүү. Коммунист намын их удирдагчдын хөшөөг өндөр кранаар сууринаас нь хуу татаж буулгаад л. Манай Элчин сайдын яамны байрын өмнүүр ЗХУ-ын Дээд зөвлөлийн Цагаан ордныг бүслэхээр эгнэсэн Таманы дивизийн танкууд гал нээхэд бэлэн байлаа шүү. Нэг өглөө сэрсэн ЗСБНХУ байхгүй болж, М.С.Горбачев ерөнхийлөгч хэмээх албан тушаалтай болсон байв.
 
Нутагтаа очоод цэргийн тэтгэвэрт гарсан гэж мэдэх юм байна ...
 
-БХЯ-ны сайд Ш.Жадамбаад “Цэргийн алба хаагаад 38 жил болжээ. Хоёр жил нэмээд албаа хааж болох уу” гэсэн. Харин Ш.Жадамбаа сайд "Танд өгөх орон тоо алга даа” гэсэн юм. Тэр үед яг надтай адил нэг тушаалаар ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генерал Ч.Пүрэвдорж цэргийн тэтгэвэрт гарч байлаа.
 
Цэргийн тэтгэвэрт гараад юу хийсэн бэ?
 
-Монгол цэргийн музей байгуулахаар болж тэнд эрдэм шинжилгээний ажилтан хэрэг болжээ. Тэгээд би очихоор боллоо. Тус музейд хоёр жил ажилласан. Музейг музейн дайтай болгох талаар бидний нөхөд их хичээж, олон ч ажил хийсэн дээ. Дараа нь Монголын Ахмадын хороонд Дайнд оролцогчдын Монголын хорооны даргаар долоон жил ажилласан.
 
Энэ сонины дугаар Төв аймагт зохиогдох Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах үеэр хэвлэгдэн уншигчдын гарт очих юм. Та уг ажилтай хэрхэн холбогдож байсан бэ?
 
-Миний үед Арми сурталчилгаа гэж хэлдэг байлаа. 1961 онд анх удаа Арми сурталчлах ажлыг Архангай, Булган аймагт хагас сарын хугацаанд зохиох талаар миний бие төлөвлөгөө гаргасан. Сурталчилгааг угтсан ажлуудыг шат дараатай зохиож, аймгийн болон “Улаан од” сонинд улс орон даяар өргөн сурталчилж байсан. Энэ ажлын үеэр БНМАУ-ын баатар Д.Нянтайсүрэн тэргүүтэй ахмад дайчид, лекторууд, зохиолчид, Цэргийн Ансамблийн уран бүтээлчид, зэвсэг, техникийн үзэсгэлэн, нутгийн тэргүүний байлдагчид, бөхчүүд зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй иж бүрэн сурталчилгаа явуулж байлаа. Хоёр аймагт гаргасан цэргийн зэвсэг, техникийн үзэсгэлэнг 20 гаруй мянган хүн үзэж, сонирхсон гэсэн тайлан байдаг. Үүгээр ч зогсохгүй Арми сурталчлах ажлаа сум, орон нутагт туслах бүтээлч ажилтай холбож, Өгий нуур суманд 800 хонь багтах саравчтай хашаа барьсан. Уг ажлыг санаачилсан хүн нь “Улаан од” сонины эрхлэгч, хурандаа Ж.Ядмаа бид хоёр байлаа. Арми сурталчилгаа бүх орон нутгийг хамарч, үр дүнтэй ихтэй, сайн ажил байсныг нам, улс төрийн захиргааны байгууллагууд өндөр үнэлж, удаа дараа төрөөс магтан сайшаагдаж байлаа. Бидний зүгээс үүсгэсэн энэхүү ажил өнөөг хүртэл үргэлжилж байгаад өвгөн би баяртай байдаг юм. Энэ эх оронд чинь та нарыг (иргэн хүнийг) хамгаалах цэрэг эрс байдаг юм шүү гэдгийг үргэлж сануулж бай гэсэн Орос ардын үг бий. Та бүхний ажил, албанд амжилт хүсье.
 
 
 
Ярилцсанд баярлалаа.
 
Ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин