sonin.mn
БНХАУ-ыг байгуулсны 70 жилийн ойг ирэх сард ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна. Дэлхийн гол тоглогчдын нэг энэ улсын талаар “Хятадын коммунизмын төгсгөл ирлээ’’ гэж барууны хэвлэлүүд зөгнөж байв. Гэвч Хятадын дэглэм ер бусын дасан зохицох чадвартай аж. Социалист орнуудын дэглэм ээлж дараалан унаж байхад Хятадын Коммунист нам эрх мэдлээ хадгалаад зогсоогүй улсаа дэлхийн лидерүүдийн нэг болгосон гавьяатай. Сөнөнө хэмээн зөгнөж байсан хэвлэлийнхэн одоо Хятадын ололт амжилтын талаар бичиж эхлэв. Гэхдээ барууны зарим удирдагч Хятадын коммунист ойлголтыг "либерал домог" гэж тодорхойлох нь бий. Ерөнхийлөгч асан Билл Клинтон "Бид Хятадыг дэлхийн төв рүү татах болно. Дэлхий ертөнц Хятэдад эрх чөлөөг авчирна" хэмээсэн байдаг. Бээжингийн эрх баригчид дунд давхаргаа либералчлалын хүчин болгохыг эрмэлзсэн. Социалист зах зээлийн эдийн засагт энэ нь Коммунист намтай нэгджээ. Ши Жиньпин2012 онд засгийн эрхэнд гарсан. Хятад загвар тун өвөрмөц. Хятадтай гаднаас харилцдаг хүмүүсийн хувьд үүнийг сайн талаас нь харахаасаа илүүтэй сөрөг нөлөөг нь тоочдог. Ши Жиньпин "Хятадын Горбачев” болохыг хүсэхгүй нь тодорхой. Ер нь авторитари дэглэмийн мөхлийг урьдчилан хэлнэ гэдэг амаргүй. Барууны шинжээчдээс хэн нь ч 1991 онд ЗХУ задарна гэж бодоогүй. Тэр ч байтугай Америкийн тагнуулын алба ч таамаглаагүй байсан юм. Хэрвээ коммунист дэглэм ганхвал Хятадын бизнесийн элитүүд улс орноосоо дайжихад бэлэн. Шанхайн “Hurun Research Institute” судалгааны байгууллагын 2014 оны судалгаанд оролцсон бизнесмэнүүдийн 64 хувь буюу 393 саятан цагаачилсан, эсвэл цагаачлах төлөвлөгөө гаргасан байв. “Уолл стрийт журнал” сонинд бичсэнээр “Сүүлийн жилүүдэд Хятадын төр театрын тайз болон хувирлаа. Ши даргын “Хятад мөрөөдөл” гэж тунхагласан чуулганаар уйтгартай илтгэлүүд хэлэлцсэн. Намын гишүүн эрдэмтдийн илтгэлээс харахад Хятадын суртал ухуулгын машин нэг газартаа хий эргэж байгаа бололтой. Үүнийгээ коммунистууд өөрсдөө сайн ойлгож байгаа” гэжээ. АНУ-ын нэрт дипломатч Генри Киссинжер Хятадыг "Соёл иргэншлийн улс" хэмээн тодорхойлж Бээжингийн хүндэтгэлийг хүлээсэн байдаг. Маогийн дараах захирагчид өерийгөө хамгаалах хоёр стратегитай байсан.
 
 
Сүүлийн хэдэн арван жилийн эдийн засгийн хурдацтай өсөлтийн үеэр тэд эдийн засгаа тэлэхэд гол анхаарлаа хандуулсан. Харин мега өсөлт нь дуусч, хүмүүсийн хүлээлт Засгийн газрын гүйцэтгэлээс давж байна. Тиймээс Бээжингийн эрх баригчид хяналтаа чангатгах болсон. Үзэл суртал бол аюултай зэвсэг бөгөөд хүчин чадлыг нь хэзээ ч дутуу үнэлж болохгүй.
 
 
Ши Жиньпин Дэн Сяопинээс хойших прагматик бүх өв соёлоо орхиж, үндсэрхэг үзлийг хамарсан тоталитаризмыг бүхэлд нь багтааж чадсан юм. Хятад улсын Европтой түншлэх оролдлогыг барууны нөлөө бүхий зарим улстөрч эсэргүүцдэг. Хавтгайралд итгэдэггүй Хятад улсын удирдагчтай шулуун харилцаатай байх нь илүү үр дүнтэй гэж үзэх нь ч бий.
 
ДОРНЫН СОЁЛ, ХЯТАД УЛСЫГ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА НЬ ТЭДНИЙ АЛДАА
 
Гадаад ертөнц Хятадад болж буй үйл явдлын талаар төдийлөн эергээр бичдэггүй. Норвегийн улс төр судлаач Штайн Ринген “Энэхүү хөшүүргийг үр дүнтэй ашиглахын тулд бид өөрсдийн үнэт зүйл, зарчимдаа тууштай байж ардчиллын ёс суртахууны өндөр үндэс суурийг тавьдаг. Дараа нь бид Хятадтай эдийн засгийн болон улс төрийн бүхий л түвшинд, шинжлэх ухаан, соёл, бусад чиглэлээр хамтран ажиллах ёстой. Хятад улс олон улсын дүрэм журам, үүрэг хариуцлагыг дагаж мөрддөг. Гэхдээ хүний эрх, хууль дээдлэх явдлыг зөрчиж байгаа талаар дурдах нь зүйтэй" гэжээ. Харин Кембрижийн их сургуулийн ахлах судлаач Мартин Жак “Барууныхан ялангуяа АНУ, Хятад улстай харилцах өөр арга зам эрэлхийлэх ёстой. АНУ шинэ дэлхий ертөнцтэй зохицож, Хятадыг хүчтэй өрсөлдөгч гэдгийг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах, өрсөлдөх шинэ арга замаа тодорхойл” гэсэн байна. Түүний "Дэлхийн том гүрэн БНХАУ ямар шинжтэй вэ” нийтлэлд барууныхны хамгийн том алдаа бол дорнын соёл, Хятад улсыг ойлгоогүй байгаа явдал. Тэд дэлхий ертөнцийг өөрийн буюу Европын соёлоор л хардаг. Хурдтай хөгжиж буй Азийн орнуудын түүх, улс төр, соёлын эх үндэс нь барууныхнаас ялгаатай. Мартин Жак Хятад тэргүүтэй дорнын болон барууны ертөнцийн адил бус талыг дурджээ. Үүнд Хятад бол соёл иргэншилт бөгөөд төрт улс. Дорнын улсууд урт удаан түүхэн явцад тусгаар тогтнолоо хамгаалах, улс үндэстнээ зөв авч явах арга зам бол бүс нутгийн зөрүүг хүндэтгэх, өөрөө хэлбэл "Нэг соёл иргэншилт олон төрлийн механизм"-ыг хэрэгжүүлэх гэдгийг ойлгосон. Мөн Хятадын тогтолцоо барууны орнуудаас асар ялгаатай гэсэн ч асар их дэмжлэг олсон, хууль ёсны байдаг. Америкийн “Пев” социологийн төвийн судалгаагаар Хятадын иргэд Засгийн газартаа сэтгэл хангалуун байдаг. Эцэст нь, БНХАУ уламжлалаа хадгалах нийтлэг чанарыг баримталдаг бол барууныхан гадагшаа түрсэн нийтлэг чанартай ажээ. Ер нь Хятад улс гадагшаа цэрэглэсэн түүхгүй бөгөөд соёлын хүчийг дээдэлдэг. Барууны болон Хятадын уламжлал нь үүгээрээ ялгардаг. Өөрөөр хэлбэл, барууны улсууд цэргийн хүчийг чухалчилдаг бол Хятад улс соёлын хүчийг чухал үздэг юм. Хятад улс нь дэлхийн том гүрэн болсны хувьд хэдэн чухал алхам хийсэн. Үүнээс эдийн засгийн хөгжлийн хэлбэрээ өөрчилсөн нь олны анхаарлыг татаж байна. 2030 эсвэл 2035 он гэхэд, Хятадын ДНБ дэлхийн нийт хэмжээний гуравны нэг хувийг эзэлж, эдийн засгийн цар хэмжээгээрээ АНУ болон Европын нийлбэрээс давна. Түүнчлэн Хятадын гадаад харилцаанд стратегийн тэргүүлэх чиглэл нь хөгжиж буй орнуудад чиглэсэн харилцаа юм. "Бүс ба зам” засаглалын загвар нь маш том өөрчлөлт авчрах төлөвтэй байна.
 
 
"Бүс ба зам” дагуух орнуудад юанийн нөлөө ихэсч, холбогдох төслийн талаар Хятадын байр суурь нэмэгдэх ажээ. Энэ бүхэн барууныхан Хятадын улыг шагаах үндэс болж байна. Мартин Жакийн үзэж буйгаар “Америк "Бүс ба зам"-д үндсэйдээ оролцохгүй байх байр суурь баримталдаг. Энэ нь маш буруу. Бээжин, Вашингтоны өрсөлдөөний язгуур асуудал нь худалдаа биш, инновацад байгаа юм.
 
 
Одоо Хятад улс инновац бүтээх маш хүчирхэг чадавхтай, дэлхийн инновацын гүрэн болсон. Хятадын эдийн засаг сэргэн мандах нь Америкт ноцтой өрсөлдөөн, сорилт авчирлаа. Үнэн хэрэгтээ Хятадын эдийн засгийн хурц ширүүн өрсөлдөөний дагуу идэвх хүчин улам чангарч байгаа учраас Америкийн аж ахуйн нэгж үүнд оролцож, Хятадаас суралцах ёстой, энэ бол маш чухал юм" гэжээ.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин