sonin.mn

БЕЙРУТ, 2026 оны зургаадугаар сарын 4 /Reuters/. Ираны дайнтай зэрэгцэн дэгдсэн мөргөлдөөнийг эцэслэх зорилгоор Вашингтон хотноо хийсэн хэлэлцээний үр дүнд гал зогсоох дэглэмийг хэрэгжүүлэхээр тохиролцсоноо Ливан, Израил улсууд лхагва гарагт мэдэгджээ.


Ираны дэмжлэгтэй "Хезболла" зэвсэгт бүлэглэл галаа бүрэн зогсоож, Өмнөд Литани бүсээс бүх дайчнаа гаргах нөхцөлтэйгээр хэрэгжинэ гэж АНУ-тай хамтран гаргасан мэдэгдэлд дурдсан байна.


“Хоёр тал АНУ-ын зуучлалаар Ливаны Зэвсэгт хүчин тухайн нутаг дэвсгэрт дангаар хяналт тавих туршилтын бүсүүдийг шуурхай байгуулж эхлэхээр тохиролцлоо” гэж уг мэдэгдэлд дурджээ. 


Түүнчлэн Израил, Ливан улсууд харилцан итгэлцлийг бэхжүүлэх, шийдэгдээгүй үлдсэн асуудлуудыг зохицуулах зорилгоор шууд хэлэлцээг цаашид үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.


Хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, талууд иж бүрэн тохиролцоонд хүрэх зорилгоор улс төр, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхээр зургаадугаар сарын 22-ны долоо хоногт дахин уулзана. 



Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг