sonin.mn

Орон сууц бол хувийн хашаа биш. Нэг байранд амьдарч байгаа олон арван айл өрхийн эрх ашиг нэг дор огтлолцдог орчин. Гэтэл сүүлийн жилүүдэд нохой тэжээдэг айлууд олширч, үүнтэй зэрэгцэн хөршүүдийн гомдол ч нэмэгдэх болсон.

Шөнө дөлөөр хуцах чимээ, лифт болон орцны бохирдол, хүүхэд хөгшчүүдийг айлгах тохиолдол, нийтийн эзэмшлийн талбайд үүсэх нэмэлт зардал зэрэг нь зөвхөн нохой эзэмшигчдийн биш, бүхий л оршин суугчдын асуудал болж байна. Ядаж байхад нохой тэжээж буй иргэдийн дийлэнхи нь асар хариуцлаггүй. Товлосон цэгт биш хүүхэд нарладаг, тоглодог жаахан хэсэгт нохойгоо баалгаж, шээлгэх нь элбэг.


Иймээс орон сууцанд нохой тэжээдэг өрхүүдээс тусгай төлбөр авах асуудлыг нухацтай хөндөх цаг болжээ. Учир нь нохой тэжээх нь тухайн хүний сонголт болохоос биш хөршүүдийн хүлээх ёстой нэмэлт хариуцлага биш юм.


Нохой тэжээсний хураамж төлбөрөөр орц, лифтний ариутгал цэвэрлэгээг сайжруулах, камерын хяналт нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн талбайн засвар үйлчилгээний зардлыг нөхөх боломжтой.


Хамгийн гол нь ингэснээр нохой тэжээх хүсэлтэй хүмүүс илүү хариуцлагатай хандах нөхцөл бүрдэнэ. Түүнээс бус сэтгэл хөдлөлөөр юм уу? хүүхдийнхээ зугааг гаргах гэж нохой тэжээх нь өөрөө угаасаа өрөөсгөл.

Зарим хүн үүнийг амьтан тэжээх эрхийг хязгаарлаж байна гэж шүүмжилж магадгүй.


Гэвч эрх бүхэн хариуцлагатай хамт явдаг. Хэрэв таны сонголт бусдад нэмэлт төвөг, зардал учруулж байгаа бол тодорхой хэмжээний төлбөр төлөх нь шударга зарчим юм.


Хотжилт эрчимжиж, орон сууцны амьдрал түгээмэл болсон өнөө үед “Би дуртай учраас нохой тэжээнэ” гэсэн хандлага өрөөсгөл болжээ. Харин “би нохой тэжээдэг учраас нэмэлт хариуцлага хүлээнэ” гэсэн зарчим руу шилжих шаардлага тулгарч байна.


С.Сарнай