sonin.mn
Атар газар анх эзэмшиж эхэлсний 60 жилийн ойн өдрүүдэд
 
Одоогоос 40-өөд жилийн өмнө юмсан 1982 оны  зун наадмын маргааш би Москвагийн Их Сургуулийн улаан дипломоо МАХН-ын гишүүний улаан батлахтай хамт цүнхэлж аваад л нилээд хөөрүү амьтан Засгийн газрын саарал ордны хаалгыг амьдралдаа анх удаа татан Намын Төв Хорооны боловсон хүчин Санжмятав гэгч хүн дээр очлоо. Тэр үед гадаадад сургууль онц төгссөн  тэгээд  ч намын  гишүүн бол МАХН-ын төв хороогоор хувь заяагаа шийдүүлдэг журамтай байсан юм. Санжмятав гуай дипломыг минь нилээд анхааралтай үзэж, эх эцэг ар гэрийн тухай нилээд зүйл асууж тэмдэглэж авснаа намайг хаана ажиллах хүсэлтэй байгаа талаар асуув. Би ч урьдчилан шийдчихсэн байсан болохоор эрдэм шинжилгээний болоод багшлах ажил хийх сонирхолтойгоо хэлсэн чинь ХААДС дээр очиж Жамьянжав гэдэг ректортой уулзаад багшилж болно гэсэн бичиг аваад ир гээд явууллаа.
 
Миний азаар Жамьянжав гуай амраад ийш тийшээ явчихаагүй байж. Би уулзаад түүний хэлсний дагуу Агрономын факультетийн декан Ичинхорлоо багштай бүр гэрээр нь очиж асуугдаад ХААДС-д багшаар авах тухай албан бичиг хийлгэж аваад эргээд Санжмятав гуай дээрээ ортол: За хө чамайг ХААЯ зөвшөөрөхгүй байна даа. Юу ч гэсэн тэр яаман дээрээ очоод учраа олоод ир гэж хэлээд явуулав. Тэр үед би ХААЯ-ны нэр дээр дээд сургууль төгссөн болохоор тэр яамны зөвшөөрөлгүйгээр хаашаа ч хөдлөх эрхгүй байсан үе.
 
Их санасан газар долоон шөнө хоосон гэгчээр Төв хороо, мороогоор орж томрох гэсэн минь будаа болж ХААЯ-ны боловсон хүчний Лантуу гэдэг хүнээр  баахан лантуудуулж аваад Бадамжав гэгч орлогч сайд сүрхий буриад аялгаар ярьдаг буурал үстэй эрээр толгойгоо эргэтэл загнуулав аа. “Чи ер нь өөрийгөө юу гэж бодоод байгаам? Чамайг хөдөө явуулж гаад хандыг чинь нам дарна, Найрамдлын САА руу агрономоор явуулна гээд л ширээгээ шаагаад авч өглөө. Асуух юм байна уу? гэхээр нь “Бадамжав гуай надад чинь агрономын мэргэжил байхгүй ш дээ” гээд хэлчихсэн чинь өнөөх чинь бүр асаж, “Чамайг агроном болтол чинь тэнд байлгана, агротехникээр аль нэг бригад үтрэм дээр ажиллуулж, улаан будаа аятай хатаана” энэ тэр гээд л  дахиад баахан бууж өгөв өө. 
Сайдад баахан загнуулж гөлөг болж аваад эргээд боловсон хүчний газраар орвол Чимид-Очир гэх миний үеийн намхан бор залуу яриаг минь сонсоод элгээ хөштөл хөхөрч, “Цаадах чинь чамайг газартариалангийн хэлтэст мэргэжилтнээр томил гэсэн, Хаадгар даргатай очоод уулз, чи цаадахыгаа ууртай байхад нь таарчихаж л дээ гэлээ. Ингэж би газартариалангийн асуудал эрхэлсэн Бадамжав орлогч сайдын удирдлага дор нэг хэсэгтээ яаманд ажиллаж, яамны дарга нарын  хий гэснийг нь хийдэг зараалын морь аятай хэсэг гүйж билээ. 
 
Бадамжав гуай анх загнасан шигээ тийм ууртай догшин зан надад дахиад огт гаргасангүй, харин хоёулаа бүр дотносож, намайг Баянхошуунд амьдардгийг сонсоод мань эр хааяа өдөр гэр лүүгээ цайнд явах үедээ намайг дуудаж хамт авч явна. Эхнэр нь Цэрэндулам гэж сайхан ааштай хүний гарын гурилтай шөлийг мөн ч олон хүртсэн дээ. Манай хэлтсийн хүүхнүүд жиг жуг гэлдэж, тастчих гээд байсан Бадамжав сайд яагаад чамд ийм сайн болчихов? Хүргэнээ болгох нь л дээ гэх мэтээр намайг хатгана, дээр нь олны өмнө сайдын хар машинд суугаад яамнаас хөдлөх гэдэг бүр хэцүү. 
 
  Ороод удаагүй байтал нэг хэрэг мандлаа. Яамны намын үүрийн дарга Жамц гэгч сүрхий хэлэмгий доломгой, хүн намайг дуудаад “намын үүрийн ээлжит бус хурал өнөө орой болно хурал дээр чи энэ үгийг хэлэх учраас танилц” гээд нэг хуудас ар өвөргүй бичсэн цаас өглөө. Уншаад үзсэн чинь, еэ Чойрын Богд минь өнөөх дунд сургуулийн хүүхэд байхад манай сургуулийн хурлын зааланд зураг нь байнга өлгөөтэй байсан Улс төрийн товчооны долоогийн нэг Лувсанравдан гэдэг хүнийг шалиг завхайгаар нь хүртэл цоллон газар доогуур ортол нь “авсан” байна. Би нөгөө бичгийг нь уншиж чадахгүй гэснээс болж Жамц гуайтай муудалцан өмнөөс нь өнөө цаасыг нь чулуудаж орхиод гүйн гарч ирээд ажил дээрээ сууж байтал Жамц дарга аахилж уухилан араас хазганан гүйж ирж намайг хэлтсийн дарга Хаадгар гуайн өрөөнд оруулан нам төрийн дайсныг шүүмжлэхээс татгалзсан хэмээн учир зүггүй загнаж бараг зодох нь холгүй юм боллоо. Тэгэхээр нь: “Би энэ Лувсанравдан гэдэг хүнийг чинь зургийг нь сурагч байхдаа л харсан болохоос цаашгүй тул энэ бичгэн дээр байгаа зүйлээ мэдэх хүнээр нь л уншуул” гээд тэр чигээрээ тас гүрийчихэв. 
  Удалгүй Бадамжав сайд дуудахаар нь яваад орсон чинь яаманд надтай хамт нэг өдөр ажилд орж байсан Цэрэндолгор хэмээх нэгэн өндөр эр өнөө бичгийг барьчихсан инээгээд сууж байна. Сайд маань тас тас хөхөрч, чи нутгийнхаа өвгөний оронд ордоггүй мөн зөрүүд гайхал юм даа, гэхдээ чиний зөв л дөө гэж байна. Орой нь намын үүрийн хурал болж өнөөх гайтай бичгийг хадлан бэлчээрийн хэлтсийн дарга Цэрэндолгор түгдчин байж уншиж түүнийг намаас хөөх нь зүйтэй гэсэн тогтоолыг бүгд гар өргөн баталснаар айхтар хэрэг  сая дуусч байж бипээ.
Нутгийн маань хүн газар зохион байгуулах хэлтсийн дарга Жамц гэгч энэ өвгөнтэй би хожим нь их дотноссон. Тэр үед бүдүүн Рэгзэн, хазгар Жамц гээд Увсын хэдэн өвгөчүүдээс манай яамныхан хөгшин залуугүй их бэргэнэ. Ямартаа л наадмаар Цэрэнтогтох Баянмөнх аваргууд үзүүр түрүүнд үлдэн Баянааг түрүүлснээс болж наадмын талбайгаас Хүрхрээгийн зуслан хүртэл ажилчдын автобусанд тэр хоёр нэг тал болон бусад олонхитой марган дийлж байсан нь санаанаас ер гардаггүй юм. Тэр үед мөн гадуур ХААЯ-ны гурван дутуу гэдэг яриа гарсан байв. Энэ нь Жамцын хөл тэгш, Загдаа дээд мэргэжилтэй, Рэнцэнханд нь эрэгтэй байсан бол ХААЯам хаа ч гүйцэгдэхгүй хэмээн ёгтолдог байсан нь ч оргүй зүйл огт биш.
 
Яаманд ороод миний дасдаггүй нэг зүйл хүмүүсийг сайдаа, даргаа гэж дуудахаар нэг л эвгүй оргиод бүгдийг нь тэр гуай энэ гуай гэдэг байв. Бадамжав сайдыг би гуайлж ярьж байгаад хэлтсийнхнээрээ мөн ч олон загнуулж байж Бадамжав сайд гэж дууддаг болсон доо. Яамны хэлтэс бүрт нэг орос зөвлөх байна, бүх зөвлөхүүдийг нэгтгэн захирах Уполномоченное представительсво хэмээх бүрэн эрхт байгууллага сайдын хүрээнд дээгүүр ажил төрөл нь шийдэгдэн явагддаг байсан нь манай улс ЗХУ-аас хэр хараатай байсныг үзүүлэх хангалттай нэг жишээ. 
 
 
 Манай хэлтсийн дарга Хаадгар хэмээх намхан жижигхэн туранхай хар хүн, улсын ажлын төлөө яг тэрэгний морь шиг зүтгэдэг байж билээ. Хаадгар даргыг явахаас өмнө бид хэд ажлаасаа тарна харина гэж байхгүй. Олон таван үггүй, архи тамхи насаараа хэрэглэж үзээгүй, алиа хошин зан байхгүй хүнийг дээр дор гэж ялгахгүй, бялдууч хуурмаг занг үзэхгүй, шударга тийм “яс” хүнтэй хожим би хаа ч таарч байгаагүй билээ. Бурхан гэж байдаг бол намайг дуудаад шударга хүн олоод ир гэвэл би олон таван үггүй Хаадгар даргыгаа л шууд хөтлөөд очно гэж боддог. 
 
 
Монгол төрийг үүсгэн байгуулагч анхны долоогийн нэг маршал Х.Чойбалсан гуайн  ажиллаж амьдарч байсан нийслэлийн анхны барилгуудын нэг болох яамны маань саарал байшин яагаад ч юм хажуугаар нь өнгөрөх болгонд сэтгэлд дотно, нүдэнд дулаахан харагддаг юм. 1982 оны тэр намар улсын хэмжээнд тариа ногоо жигтэйхэн сайхан ургалаа. Гурилын үйлдвэрүүдийн хашаа будаагаар дүүрч, төв стадионд будаа буулгах шийдвэрийг улсын ургацын комиссын дарга Жамьян генерал гаргаж байлаа. Жаргалант Октябрь гээд аж ахуйнууд төмсөө хурааж дийлэхгүй арван сар гарч цасанд даруулан хөлдөөх аюул нүүрлэлээ. Нэг өглөө Бадамжав сайд дуудаж “Сайдтай ороод уулз” гэчихээд нилээд ууртай сууж байна. Хэн нь тахилыг нь буруу өрчихсөн юм бүү мэд. Содномдорж буюу бидний хэлдгээр Со сайд дээр яваад орсон чинь:
-За хө чи оросод хоолыг нь хороож байсан болохоор хэлэндээ дажгүй биз, харин наймаанд хэр вэ дээ гэж байна. Би ч толгойгоо маажисгээд зогсож байтал: Миний тэргийг аваад өнөөдөр хотод байгаа орос цэргийн ангиудаар жаахан яваад ир, төмс килограммыг нь гуч дөчин мөнгөөр газар дээр нь өөрсдөө хурааж авахыг санал болго. Хариуг нь яаралтай ирж мэдэгдээрэй, ийм тэрэгтэй очиход чамайг орос цэргийн ангийн харуулууд саадгүй оруулна гэлээ. Улаан номертой “24” гэгч машинд анх удаагаа сууж байгаа минь тэр. 
 Тэр үед Улаанбаатарын зүүн тал Шар хад, Улаанхуаран, Амгаланг тэр чигээр нь орос цэргийн ангиуд эзэлж байсан юм. Хэд хэдэн ангиудаар орсны эцэст Монголд байгаа орос цэргийн бүх ангиудын хүнсний хангамж хариуцсан хурандаа Толстых гэдэг бүдүүн эртэй уулзаж байдал учрыг ярилаа. Гэхдээ муу санаандаа үнийг нь сайдынхаа хэлснээс тав  дахин өсгөж кг нь 2 төгрөг дээр нь өөрсдийнх нь хүч, тээврээр хурааж авахыг дур мэдэн санал болгож орхив. Толстых хурандаа судлаад гурав хоногийн дотор хариу өгөхдөө үнийг ялимгүй бууруулсан ч сайдын маань өгсөн саналаас гурав дахин их тусч, намайг яамны коллегийн хурлын протоколд “сайшаан тэмдэглэсэн” нь тэр үедээ миний хувьд мундаг том шагнал байж билээ. Би нэгэнт эхлүүлсэн ажлаа дуусгавар болгох үүрэг Бадамжав сайдаас авснаар Толстых хурандаатай хамт Жаргалант Октябрийн сангийн аж ахуйд томилолтоор очин 200 гаруй автомашин, ургац хураах хэдэн зуун цэрэг, майхан сууц тогоо шанагатай нь аваачихад Жаргалантын сангийн аж ахуйн дарга Цэрэндорж, Октябрийн дарга хожим нь гавьяат эдийн засагч болсон Дашдэндэв гуай нар магнай хагартал баярлан дайлж цайлж, ан авд хүртэл мордуулах ажлыг зохион байгуулж байж билээ.
Ан ав гэхээс тэр үед болсон энэ явдлын талаар өгүүлсү. Нэг шөнө Цэрэндорж дарга, орос
цэргийн залуухан офицерүүдэд зориулан хүлээн авалт хийж нилээдгүй ууж идсэний дараа үүрээр явж, чоно харах юм боллоо. Шүдээ хүртэл зэвсэглэсэн бид хэд үүрээр сумын төвөөс холгүй сэгэн дээр овоорсон найман чонотой халз тулах нь тэр. Нилээд халамцуу зочин залуухан орос офицер маань  АКА-ныхаа дайзтай сумыг дуустал шүршсэн боловч ганц ч чоно тээгэлдүүлж чадсангүй. Харин улсын анчин нэг өвгөн хуучин карабинээрээ хоёр гурвыг унагаснаар ажил дуусахад Цэрэндорж гуай нилээд ууртайгаар “Позор офицеру советской армии” гэсэн чинь нөгөө дэслэгч “Ничего друг, если бы у меня был вертолет, я бы показал.. ухааны юм донгосч бөөн инээдэм болж байсан билээ.
 
Ган гачиг зуд турхан болсон үед орос ах нар бидэнд байнга тусалж байсныг бидний үеийнхэн мартаагүй ээ. 1984 оны өвлийн сүүл рүү говийн аймгуудад маш их цас орон, өвс тээх ажилд хүчин мөхөсдөх үед Монголд байсан орос цэргийн ангийнхан туслах юм боллоо. Бадамжав сайд намайг дуудан Сэлэнгийн “Хүдэр” тэжээлийн аж ахуйгаас өвс ачуулах ажлаар сарын хугацаатай томилон явууллаа. Ийнхүү яамнаас томилогдон оросуудтай ойр дотно сар гаруй ажиллах сайхан завшаан гарлаа. Эхэндээ орос цэргүүд  монгол жолооч нартай адил тэвшнээс дээш долоо найман үе гарган боодолтой пэрээс ачиж байсан боловч машинаа бараг хөдөлгөж амжаагүй шахам ширүүхэн мушгиж хаазлаад  хажуугаар нь хэвтүүлчихдэг байв. 
 
Сэлэнгэ Дарханы замд энд тэндгүй л өвстэйгөө замын хажуу руу өнхөрчихсөн шинэхэн бор ногоон тэргүүд дэргэд нь хүлээгээд зогсчихсон урт цуваа хааяагүй таардаг байсансан. Сүүлдээ цэргийн ангиас нь тушаал заавар гарч тэвшнээс дээш хоёр үеээс хэтрүүлэлгүй ачих болсон нь бензин тосны дэмий үрлэг болсноор энэ ажлыг зогсоож байсан билээ. Харин компанит ажил дууссаны дараа Материал техникийн хангамжийн хорооныхон зээлээр авч тарааж өгсөн олсоо надаас нэхэж, оросууд Бадамжав сайдаас өвс тээврийн үед сураггүй алга болчихсон 2 машинаа нэхэж бөөн хэрүүл болоод ажил дуусаж байсныг би одоо хүртэл мартдаггүй юм.
 
1984 онд яаманд “Химижүүлэлтийн улсын алба” байгуулагдаж, хөрс агрохимийн хэлтсийн даргаар миний нэр  яамны коллегийн хурлаар яригдсан ч, ажлын туршлага бага гэсэн шалтгаанаар хасагдав. Гэвч би ахлах мэргэжилтэн болон дэвшиж цалин 650-аас шууд 775 төгрөг боллоо.  Доллар гуравхан төгрөгний ханштай байх тэр үед миний цалин 260 доллартай тэнцэж байж. Хүнс барааны үнийг төр хянадаг бүх юм хямд байсан энэ үед муугүй орлого байсан юм шүү.   
 
Тэр үед Дарханы УГТЭШХ-ийн дэргэд Унгар улсын буцалтгүй тусламжаар хөрс-агрохимийн иж бүрэн лаборатори байгуулагдаж, Монгол нутгийнхаа тариалангийн талбайн хөрсний иж бүрэн судалгаа хийх ажлаар нэрт эрдэмтэн Цэрмаа, Чүлтэмсүрэн, Хумбагай гуай нартайгаа мөр зэрэгцэн судалгаанд хөдөө гадаагүй явж, тариалангийн талбайн хөрсний судалгаа, зураглал хийлцэж байсан цаг үе тун саяхан мэт санагддаг юм. Яамнаас ХААДС руу шилжихээсээ өмнө миний оролцсон сүүлийн том ажил бол “Хүн амын хүнсний хангамжийг 2000 он хүртэл нэмэгдүүлэх зорилтот программ” боловсруулах ажил байлаа. Уг ажлыг хийх ХААЯ-ны ажлын хэсэгт оролцож хоёр жил шахам яам, Улсын төлөвлөгөөний комисс хоёрын хооронд мөн ч олон шогшсон доо. 1984 оны 6 сард Бал даргын маань удирдаж байсан УТТ-гоо удирдаж хийлгэсэн хамгийн сүүлийн хуралдаанаар 15 жилийн энэ хөтөлбөрийг сайшаан баталсан сураг сонсогдсон.
Яамныхаа үе тэнгийн залуучуудтай хавар намрын ажилд түр  цэрэг лугаа дайчлагдаж явсан нэг намар Угтаалын САА-д тариан талбайд өвсний сэрээнд сүлбүүлж, түргэний тэргээр үхлүүт Улаанбаатар руу хүргэгдэж байснаа, Орхоны САА-д хамт оюутан байсан нэг нөхөр маань шүдтэй борнойнд дайруулж нисдэг тэргээр эмнэлэгт ирж байсан гээд хөгтэй явдлуудыг яривал дуусашгүй юм олон бий.  
 
 
Доктор Ш.Пүрэвсүрэн