sonin.mn
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулан доктор О.Батсайхан эрхлэн 2019 оны 12 сард хэвлүүлсэн.
 
Монгол Улсад гарсан Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой эл 2020 оны эл өдрүүдэд тохиож буй билээ. Өвлийн тэсгэм жавар тачигнасан гучин жилийн тэртээх тэр өдрүүдэд  монгол үндэстэн сэрж,  ардчилал, шударга ёс, монгол хүний эрх, эрх чөлөөг дээдлэхийг 70 жил төр барьсан - эрх баригч МАХН, түүний засгаас шаардан, эрх чөлөөний төлөө цуглаж, Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын төв - Сүхбаатарын талбайд дүүрэн жагсч байсан билээ. Хаалттай шахам байсан Монгол Улсын нийслэлд Англи, Япон, Америк зэрэг гадаадын сэтгүүлчид олноор ихэвчлэн жуулчны визээр ирж, Монголын улс төрийн нөхцөл байдлыг газар дээрээс нь дэлхийн сонорт хүргэж байлаа. 
 
Энэ удаа Япон Улсаас Монгол Улсад тухай үед ажиллаж байсан олон сэтгүүлч, сурвалжлагчид, зурагчдын Монголын улс төрийн тэмцлийн халуун үйл явдлын мөрөөр өдөр бүр бичиж, өөрийн улсынхаа хэвлэлд нийтлүүлж байсан мэдээлэлийг хүргэхийг зорьсон болно.
 
Япон Улсын сэтгүүлчид Монголын ардчилсан хувьсгалыг “Бие даасан байдлыг” эрмэлзэж буй Монголын хувьсгал” хэмээн нэрлэж, Токиогоос Москвагаар дамжих U хэлбэрийн агаарын маршрутаар,  бүтэн нэг хоног явж хүрэх “ойрын хэрнээ хол улс” БНМАУ нь улс төр, эдийн засаг, нийгмийн томоохон өөрчлөлт шинэчлэлийн дунд байгаа. Түүний түлхүүр үг нь “бие даасан байдал” юм. “ЗХУ-ын 16 дахь Бүгд Найрамдах Улс”, “Азийн Зүүн Европ” гэх зэргээр нэрлэгддэг байсан энэ социалист орны ард түмний хувьд Ардчилал гэдэг нь “Азийн дүр төрхөө шинэчлэх” гэсэн утгыг ч агуулж байгаа гэх зэргээр монголчууд бидний тухай гучин жилийн өмнө хэрхэн дүгнэж бичиж байсныг үзэх аваас үнэхээр сонирхолтой дүр зураг харагдах болно.
Япон Улсын Монгол судлалын нийгэмлэгийн хэвлэл болох “Япон ба Монгол: Найрамдал” сэтгүүлийн 1990 оны 80, 81 дугааруудад тухайн үеийн Япон Улсын өдөр тутмын хэвлэлүүд болох Майничи сонин,  Ёмиүри сонин,  Никкэй сонин,  Санкэй сонин,  Асахи сонин,  Токио сонин,  Кёодо агентлагийн сурвалжлагчдын баг ажиллаж, 1989 оны 12 дугаар сарын 11, 12-ны өдрөөс эхлэн 1990 оны 8 дугаар сарын эхэн хүртэлх үеийн Монголын улс төрийн тэмцлийн өдөр тутмын үйл ажиллагааг мэдээлэл бэлтгэж, хүргэж байсаныг нэгтгэн хэвлэснийг япон хэлнээс монгол хэлрүү Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Япон судлалын эрдэм шинжилгээний ажилтан, орчуулагч Б.Сэржав, Б.Саранчимэг, М.Болормаа, У.Загдцэсэм нарын хөрвүүлснээр хүргэж байна.
 
Япон Улсаас Монгол Улсад ажиллаж байсан сэтгүүлчдийн баг
 
Канэко Хидэтоши /金子秀敏/ Онцгой томилолтын гишүүн
1. Гошима Акира /五島昭/ Онцгой томилолтын гишүүн
2. Онүки Масао /小貫雅男/ Оосакагийн гадаад хэлний их сургуулийн багш
3. Хонда Шиничи /本田伸一/ Гадаад мэдээний хэлтэс
4. Эмото /江本/ Онцгой томилолтын гишүүн
5. Камимүра Коожи /上村幸治/ Онцгой томилолтын гишүүн
6. Үсами Хироюки /宇佐美博幸/ Чөлөөт гэрэл зурагчин
7. Маэда Ясүхиро /前田康博/ Редакцийн зөвлөлийн гишүүн
8. Сакүраи /桜井/ Онцгой томилолтын гишүүн
9. Хонда Хишинүма /本田菱沼/ сэтгүүлч
10. Санпэй Рёоичи /三瓶良一/ Онцгой томилолтын гишүүн
11. Сакода /迫田/ Онцгой томилолтын гишүүн
12. Сакода /迫田/ Онцгой томилолтын гишүүн
13. Ёкобори /横堀/ Бээжин, Онцгой томилолтын гишүүн
14. Фүжино /藤野/ Онцгой томилолтын гишүүн
15. Сүгая  /菅谷/ Онцгой томилолтын гишүүн
16. Ишизүка /石塚/ Онцгой томилолтын гишүүн
17. Цүкагоши /塚越/ Онцгой томилолтын гишүүн
 Кёодо /共同/ агентлаг
 
Зөвхөн Япон Улсаас Монгол Улсад тэрхүү ардчиллын халуун өдрүүдэд ийм их олон сэтгүүлч, сурвалжлагчдын шуурхай баг ажиллаж байсан гээд бодохоор Монголын ардчилсан хувьсгал тухайн үед дэлхийн анхаарлын төвд байсныг илтгэнэ. 
Эл “Япон ба Монгол: Найрамдал” сэтгүүлийн 1990 оны дугааруудад Монголын талаар хэвлүүлсэн мэдээллүүдийг япон хэлнээс монгол хэлрүү хөрвүүлэн Монголын ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулан хүргэх зөвшөөрлийг Япон Улсын Монгол Судлалын нийгэмлэгээс гишүүн Кубота Шиничи гуайгаар дамжуулан бид авсан болно.
 
(1) Монголын “перестройка”
 
Осакагийн Гадаад хэлний их сургууль проф. Онүки Масао
Японы мэдээллийн хэрэгслээр харьцангуй олон удаа нийтлэгдэж буй Монголын Ардчилсан Холбооны жагсаал нь 1 дүгээр сарын 21-ний өдөр, Ням гаригт зохион байгуулагдсан юм. Тухайн өдөр үүр цайхын үед агаарын хэм -30 хэмээс давж хүйтэрч байсан.
Энэхүү жагсаал болохын өмнөх өдөр, улс төрийн түгшүүртэй байдалд, маргаашийн жагсаал цуглааны талаар Ардчилсан Холбооны удирдагч Зориг болон хувьсгалт нам, Засгийн газрын төлөөлөгчдийн хооронд болсон ярилцлагыг радио, телевизээр дамжуулсан. Энэ ярилцлагын үеэр нам, засгийн газрын төлөөлөгчдийн зүгээс маргаашийн жагсаалын тухайд Сүхбаатарын талбайг ашиглахыг хориглосныг мэдэгдсэн нь гэнэтийн түгшүүртэй уур амьсгалыг бий болгосон. Үүнээс болж нөхцөл байдал ноцтойгоор эргэх вий гэдэгт хотын иргэд санаа зовж эхэлсэн юм.
1987 оны сүүлээр хуралдсан МАХН-ын Төв Хорооны Бүгд хурлаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зогсонги байдлын асуудлыг анх удаа авч хэлэлцсэн юм. Үүний үр дүнд хөдөө аж ахуйн салбарын шинэчлэлийг эхлүүлсэн. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн гэрээний системийг нэвтрүүлж, компаний тухай хуулинд өөрчлөлт оруулах зэргээр нам, засгийн эрх мэдлийн шинэчлэлийг дээрээс нь эхлэх хэлбэрээр Монголын перестройка эхэлсэн юм. 
Улмаар 1 жилийн дараа буюу 1988 оны 12 дугаар сард Төв Хорооны Бүгд хурал нээгдэхийн өмнөх өдөр, нам төрийн төв хэвлэл Үнэн сонинд Улс Төрийн Товчооны гишүүний албан тушаал дээр ажиллаж байгаа 11 гишүүний дотроос 5 гишүүнийг нэр заан шүүмжилсэн уншигчдын захидлыг нийтлүүлсэн юм. Энэ нь уншигчдаас ирсэн шүүмжлэлийг танилцуулах гэсэн нарийн аргыг хэрэглэн, эдийн засгийн шинэчлэлийг улс төрийн шинэчлэл рүү шилжүүлэх шинж тэмдэг болов уу хэмээн харагдахаар байсан хэдий ч, ажил хэрэг болж чадалгүй өнгөрсөн юм.
 
Мөн түүний дараагийн жил буюу 1989 оны 1 дүгээр сард шинэчлэлийн тууштай биш байдалд дургүйцсэний улмаас, хувьсгалаас хойш далд үйл ажиллагаа явуулж ирсэн анхны нууц байгууллага “Шинэ үе”-ийн нэрээр хотын төвийн Төв шуудангийн барилгаас эхлэн арван хэдэн газарт  нам төрийг ширүүн шүүмжилсэн ухуулах хуудас наасан юм. Одоогоос 70 жилийн тэртээ хувьсгал эхлэхийн өмнөх шөнө, Хятадын цэргийн дэглэмийг эсэргүүцэж, цэргийн дэглэмийн толгойлогч Сюй Шучжэн-ий гэрийн хаалганд наасан, хувьсгалт нууц бүлгэмийн ухуулах хуудаснаас хойш анхны хэрэг болсон бөгөөд хотын иргэдийг  цочирдуулсан ярианы сэдэв болж тархаж байсан юм. Сүүлд бодоход, одоо хэрэгжиж байгаа Ардчилсан Хөдөлгөөнийг эхлүүлэх үүргийг гүйцэтгэсэн юм. 
 
Монголын Ардчилсан Холбооны нэр өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын үеэс эхлэн сонсогдох болсон юм. 12 дугаар сарын 10-ны өдөр Ардчилсан Холбоо нийтийн өмнө ил гарч жагсаал цуглаан зохион байгуулсан юм. Энэ жагсаал ч Хувьсгалаас хойших анхны үйл явдал болсон. Улмаар 12 дугаар сарын 17-ны өдөр  болон энэ оны 1 дүгээр сарын 14-нд цуварсан жагсаал цуглаан явагдлаа. 1 дүгээр сарын 14-ний жагсаал нь Зүүн Европын ардчиллын хөдөлгөөний нөлөөгөөр, эрс  идэвхжих болж, нам төрийг үгүйсгэх үзэл газар авч,  сэтгэлийн хөөрлөөр бүдүүлэг муухайгаар хэлэх явдал ч байсан юм.
Өгүүллийн эхэнд танилцуулсан 1 дүгээр сарын 21-ний өдрийн Ням гаригийн жагсаал цуглааны хувьд, өмнөх өдөр нь Сүхбаатарын талбайд хийхийг хориглосон, мөн түрүүчийн жагсаал нэлээд түгшүүртэй байдалд болсон зэргээс хотын иргэд 1 цагаас эхлэх жагсаалыг ихэд сэтгэл зовон харж байсан. 
Улаанбаатар хотын дөрвөн дүүрэгт цугласан хүмүүс төв талбайд хийхийг хориглосон байсан ч уг талбайн дөрвөн өнцгөөр эмх журамтай орж ирэх үед, цагдаагийн болон цэргийн анги анхаарал тавьж ажилласан төдийгөөр, хоёр талаас ухамсартайгаар бие биедээ хандаж байсан энэхүү нам жим байдал нь санаанд оромгүй, тэгээд ч хүмүүсийн бие биедээ  итгэх итгэл найдвар нь сэргэж байх шиг болсон. Өөрийн эрхгүй сэтгэл догдлохоор байв. 
Тун саяхныг болтол 2, 3 жилийн өмнө гэхэд, монгол залуус улс төрийн тухай ярьдаг ч үгүй байсан. Үнэндээ ойр зуурын, өдөр тутмын яриа хөөрөө л тэдний сонирхдог зүйл байсан. Улс үндэстнийхээ ирээдүйн талаар, дэлхий дахины талаар ярих залуусын дүр төрх энэхүү ардчиллын хөдөлгөөний үеэр л сэргэн  гарч ирсэн юм. Эцэг эх хүүхдүүдийн хооронд ч, ах дүүсийн хооронд ч, хайртай хосуудын хооронд ч улс төрийн сэдэвтэй яриа хөөрөө өрнөж байлаа. Хатуу хахир өвлийн 1 дүгээр сард баруун Монголын Баянхонгор аймгийг зорьж очиход ч алс холын тэрхүү хөдөө нутгийн малчид радио сонсч, сонин уншиж, цаг үеийн мэдээлэлтэй болсон, ярианы сэдэв нь аажмаар ардчиллын хөдөлгөөн рүү чиглэх хандлагатай болсон байлаа. 
1921 оны Монгол ардын хувьсгал нь Улаанбаатар хотоос эхэлсэн хот маягийн динамик шинжтэй хувьсгал байсан бол, одоо явагдаж буй доод талаасаа эхлэлтэй энэхүү ард түмний хөдөлгөөн нь өнөөг хүртэл Монголын түүхэнд байгаагүйгээр нийгмийн давхаргын гүнд үүсч бий болсон ухамсрын шинжтэй хувьсал юм.
Ардчилсан хөдөлгөөний үр дүн үйл явцыг, одоогоор урьдчилан таамаглах нь хэцүү зүйл боловч, Монгол нь Орос болон Хятад, Зүүн Европын өөрчлөлтийн давалгаанаас хоцорч эхэлсэн хэмээх сөрөг тал нь яг одоо эерэг тал болж үйлчилж байгаа мэт сэтгэгдэл төрдөг юм. Ардчиллын үеийн үйл хэрэгт оролцогч хоёр тал олон улсын хэмжээнд өрнөж буй үйл явцын туршлагыг ашиглан,  тун болгоомжтой хандаж, нийтэд тустай өөрчлөлт хийж, үр шимийг нь хүртэхийн тулд хичээж байна. 
Мөн нэг онцлог нь, хэдэн зуун жил, хэдэн мянган жилийн түүхийн явцад  бүрэлдэн бий болсон нүүдлийн мал аж ахуйн үйлдвэрлэл болон аж амьдралын уламжлал нь ч энд нөлөөж байгаа. Нүүдлийн мал аж ахуй гэдэг нь хатуу ширүүн байгалийн дунд бий болсон өвөрмөц үйлдвэрлэл юм. Илүү гарах бүтээгдэхүүн тун бага, дарлагч дарлагдагчдын хоорондын зохицол нь түүх бичлэгийн тулгуур болж ирсэн. Энэ нь өнөөдрийн шинэчлэлийн үед ч амь бөхтэйгөөр илэрч байна хэмээх бодол төрж байна. 
Нэг намын тогтолцоог халж, олон намын тогтолцоо бүхий Парламентэт ёс руу шилжих шинж тэмдэг энэ богино хугацаанд өрнөж буй ардчилсан хөдөлгөөний явцад, хоёр талын удирдагчдийн хэлж буй албан ёсны үгнээс илэрч байна. Үүнийг Монголын перестройка-гийн хоёр дахь онцлог хэмээн үзэж болохоор байна. 
 
(Хэйсэй 2 он /1990/ 2-р сарын 14. Майничи сонин) 
 
(10) Зөвлөлттэй тогтоосон эдийн засгийн хамтын ажиллагааны шинэчлэл болон Хятадын талаар явуулах бодлогын асуудал тулгамдсан зорилт болж байна  
Азийн социалист улс болох БНМАУ-д ардчиллын давалгаа түрэн орж ирэв.
“Монголын Ардчилсан Холбоо” нь ардчиллын үндсэн хөдөлгөгч хүч оюутнуудаар төвлөж байгуулагдсан. Өнгөрсөн жилийн 12 дугаар сарын 11-нд оюутнуудаас гадна зохиолчид, сэхээтэн зэрэг ойролцоогоор 350 хүн нийслэл Улаанбаатар хотод гадна талбайд жагсаал хийж, холбоо байгуулагдсныг зарлаж, МАХН-ын (Коммунист нам) нэг намын диктатурыг халах, хүнд сурталт системийг түлхэн унагах, хүний эрхийг дээдлэх, зах зээлийн механизмыг нэвтрүүлэхийг шаардлага тавьсан юм. Үүнээс долоо хоногийн дараа 18-нд 1000 хүн оролцсон цуглаан, мөн энэ сарын 11-нд 4,5 мянган хүн оролцсон цуглаан болох зэргээр Ням гариг бүрт жагсаал цуглаан өрнөж, ардчиллын шаардлага тавих арга хэрэгсэл болгож ирлээ. Холбооноос мэдээлснээр, элсэн орсон гишүүдийн тоо бараг 6000-д хүрчээ. 
Ардчилсан хөдөлгөөн эрчимжих гол шалтгаан нь Монголын перестройка- “өөрчлөн байгуулалт”-ын зогсонги байдалтай холбоотой. Монголд 1986 оны 5 дугаар сард хуралдсан МАХН-ын XIX их хурлаар Зөвлөлтийн “перестройка”-гийн загвараар ардчиллыг урагшлуулах, үйлдвэрийн газрын бие даах эрхийг бий болгох зэрэг чиг бодлогыг дэвшүүлэн, 87 оноос эдийн засгийн салбарт шинэчлэлийг эхлүүлсэн. Түүний дараа намын төв хэвлэлээр, Төв Хорооны  бодлого шийдвэрийн хэрэгжилтийн үйл явц, түүхийг эргэн харах зэрэг чиглэлээр компанит ажил өрнүүлэв. 
 
Гэвч бодит байдал дээр ард түмний эрэлт хэрэгцээ болон хүн амын өсөлтөөс үүдэн гарч буй бодит шаардлагыг аж үйлдвэрлэлийн хүчин чадал гүйцэж чадахгүй, дэлгүүр хоршоо болон их дэлгүүрт нь өдөр тутмын хэрэглээний зүйлээ авахын тулд зарим бараанд оочерлохгүй л бол худалдаж авч чадахгүй байдал үүссэн юм. Ардчилсан Холбоо нь эдийн засгийн зогсонги байдлаас гадна, түүний гол шалтгаан болж буй улс төрийн шинэчлэлийн удаашралыг цохон шүүмжилж ирсэн бөгөөд цуглаан жагсаалын үеэр Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Батмөнх нарын албан тушаалтныг нэр зааж буруутгаж байгаа юм. 
 
Ийм байдалд эрх баригчид жагсаал цуглаанд хөндлөнгөөс оролцохоос татгалзаж, хүлээцтэйгээр хандаж байна. Юуны өмнө Ардчилсан Холбооноос тавьж буй шаардлагын зарим хэсгийг хүлээн авч, албан хэрэгцээний автомашины тоог  цөөлөх, дарга нарын тусгай дэлгүүрийг хаах шийдвэрийг гаргав. Намын дотоодод Мөрийн хөтөлбөр шинэчлэх комисс байгуулж, олон намын тогтолцоог нэвтрүүлэх талаар хэлэлцүүлэг явуулах зэргээр ардчиллын шаардлагын “дарамт”-ыг ашиглан, шинэчлэлийг хурдасгахыг зорьж байгаа нь анзаарагдаж байна.
МАХН-ын энэхүү байр суурь нь Монголд байрлаж буй зөвлөлтийн цэргийг гаргаснаар Зөвлөлттэй тогтоосон харилцаа хөндийрэхийн зэрэгцээ өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлж төрийн зохион байгуулалтыг шинэчлэх шаардлагыг төр болон ард түмэн аль алин нь ойлгож байгаагийн шинж хэмээн үзэж болохоор байна.
Монгол улс өнөөг хүртэл Зөвлөлтийн нөлөө давамгайлсан байдалтай явж ирсэн. Гадаад орноос авч буй эдийн засгийн тусламжийн 90%-ийг Зөвлөлтийн тусламж эзэлдэг хэмээн яригдаж байгаа бөгөөд Зөвлөлтийн тусламжаар байгуулагдсан аж үйлдвэр нь нийт үйлдвэрлэлийн 40-50%-ийг эзэлж байна. Харин авч буй тусламжийн оронд Зөвлөлт рүү экспортлох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртөг хямд, Зөвлөлтөөс импортлох бараа бүтээгдэхүүний үнэ олон улсын жишгээс өндөр байдаг гадаад худалдааны хамааралд оршсоор ирсэн юм.
Зөвлөлттэй тогтоосон энэхүү харилцаа Монголын шинэчлэлд дөнгө болж байгаа нь бодит байдал бөгөөд АИХ-ын дарга Батмөнх өнгөрсөн жил Москвад айлчлах үеэр хоёр талын худалдааны асуудлын талаар Зөвлөлтийн талтай хэлэлцээ хийсэн. Ардчилсан Холбоо ч Зөвлөлтийг нэр заагаагүй боловч “эдийн засгийн гадаад хамаарлаас салах” шаардлага тавьсаар ирсэн юм. 
Гэвч Зөвлөлт, Хятад гэсэн хоёр их гүрний дунд хавчуулагдсан газар зүйн ийм нөхцөлд Монгол улс цаашид ардчиллыг хэрэгжүүлэх бодлогыг хир зэрэг дэвшүүлж чадах вэ гэдэг нь бүрхэг байна. Ялангуяа Зөвлөлт, Зүүн Европын ардчиллын хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж буй Хятад улстай харилцаагаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг нь цаашид Монгол улсын хувьд амаргүй асуудал байх болов уу.  (Гадаад мэдээний хэлтэс   Хонда Шиничи)
(Хэйсэй 2 он /1990/ 2-р сарын 14. Ёмиүри сонин) 
 
(11) Монголын анхны сөрөг нам
 
Улаанбаатар. 18-ны өдөр. Тусгай сурвалжлагч Эмото. МАХН-ын (Коммунист нам) нэг намын диктатур ноёрхсоор ирсэн БНМАУ-д энэ 18-ны өдөр анхны сөрөг нам байгуулагдлаа. Ардчиллын тухай цохон тэмдэглэж, үйл ажиллагаа явуулж ирсэн бүлэг -“Монголын Ардчилсан Холбоо” энэ өдөр Улаанбаатар хотын Үйлдвэрчний Эвлэлийн соёлын төвд 611 төлөөлөгчийн оролцоотойгоор анхдугаар их хурлаа нээж, Монголын Ардчилсан Холбооны программ, мөрийн хөтөлбөрийг санаачлан дэвшүүлж, “Монголын Ардчилсан Нам” байгуулагдсаныг тунхаглав. Мөн Ерөнхий сайд Содномын тэргүүлсэн МАХН-ын Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрох шаардлагыг тавьсан юм. Засгийн газрын хувьд улс төрийн олон намын системийг нэгэнт хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлээд байгаа тул цаашид коммунист нэг намын дарангуйллын тогтолцооноос ардчилсан социалист улс руу шилжих шилжилт хурдсах болов уу. Ардын Хувьсгалын 70 жилийн ойн өмнө (1991 он) тал нутгийн социалист улсад томоохон эргэлтийн үе тохиож  байна. 
Энэ өдрийн Их Хуралд Монгол улсын 18 аймгаас 16 аймаг, 4 хотын төлөөлөгч оролцлоо. Их хурлыг Ардчилсан Холбооны тэргүүн, их сургуулийн магистрант, 27 настай Зориг нээж, 1921 оны Монголын хувьсгалаас хойш өнөөгийн перестройка хүртэл “шинэчлэлийн төлөөх тэмцэлд амь насаа зориулсан эх орончид”-д чимээгүй зогсон хүндэтгэл үзүүлж, улс төрийн илтгэл, мөрийн хөтөлбөрийг танилцуулсан юм. 
 
Улс төрийн илтгэлд Ардчилсан Холбоо нь “Өнөөг хүртэл оршиж байгаа ард түмнийг дарлаж ирсэн нам болон дарангуйлагч хүчнийг устгаж, жинхэнэ ардчилсан шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилготой байгаа”-гаа илэрхийлэн, тодорхой хэлэхэд капитализмыг биш, социализмыг жинхэнэ ёсоор байгуулахыг зорилго болгоно хэмээн хэлсэн юм. Мөн дарга нар тусгай эрх эдэлсээр, ард иргэдийг сорон мөлжсөөр байгаа өнөөгийн системийг хурцаар шүүмжлэн, дээд байгууллагаас ард түмнийг удирдах одоогийн аргаар өөрчлөлт шинэчлэлийг явуулах нь хангалтгүй гэж хэлсэн. 
 
Түүнчлэн өмнөх 17-ны өдөр хуралдсан бэлтгэл хурлын үеэр, “Монголын Ардчилсан Нам” байгуулагдаж байгааг мэдээлэхэд,  хуралд оролцогсод бүгдээрээ босч “Уухай” хашгирч байлаа. Холбооноос мэдээлж байгаагаар Монгол улсын Үндсэн хуулинд улс төрийн олон намыг үгүйсгэсэн заалт байхгүй, Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахгүйгээр шинэ нам бий болох боломжтой гэдгийг тэмдэглэж байгаа юм. Харин тухайн намын программ, хөтөлбөрийг Ардчилсан Холбооны II Их Хурал буюу Монголын Ардчилсан Намын анхдугаар их хурал хуралдахад санал оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд  энэхүү шинэ нам нь Ардчилсан Холбооны онол, стратегийн асуудлыг хариуцах ажээ. 
 
 
 
Ардчилсан Холбооны илтгэлд “Өнөөгийн перестройка бол хувьсгалын шинжтэй өөрчлөлт хэмээн үзэж, Монголын нийгэм, эдийн засгийг жинхэнэ ард түмний төлөөх зүйл болгохын тулд хичээн ажиллах болно. Марксизм ленинизмд суурилсан жинхэнэ социализмыг байгуулахын төлөө тэмцэх болно” хэмээн илэрхийлээд, Ерөнхийлөгчийн тогтолцоог нэвтрүүлэх, шүүхийн биеэ даасан байдал, олон намын тогтолцоог бий болгох, холбоо нь хууль санаачлах эрхтэй байх зэргийг тусгасан байна.
 
 
 
Мөн хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх, үг хэлэх эрх чөлөөг баталгаатай болгох, улс төрийн намын санхүүжилтийг улсаас олгож буй өнөөгийн тогтолцоог өөрчлөх зэргийг тусгасан шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцүүлнэ хэмээн илтгэлд тусгасан байв.
Зургийн тайлбар.  18-ны өдөр. Монголын Ардчилсан Холбоог дэмжин, Их Хурлын байр хүртэл лоозунтай жагсаал хийж буй оюутнууд.  Ройтер 
(Хэйсэй 2 он /1990/ 2-р сарын 19. Майничи сонин) 
 
(12) Монгол Улсад суугаа Элчин сайд Такасэ онцлон тэмдэглэж байна  
 
Гонконг. 18-ны өдөр. Тусгай сурвалжлагч Камимура Коүжи.  БНМАУ-д ардчилсан хүчин анхны их хурлаа нээсэн 18-ны өдөр, Монгол улсад суугаа Элчин сайд Такасэ Хидэказү Бангкокт нээгдсэн Ази Номхон далайн бүс нутгийн сайд нарын хуралд оролцоод, Гонконгоор дайран өнгөрөх замдаа Майничи сонины сурвалжлагчтай уулзаж, Монголын сүүлийн үеийн байдлын талаар ярилцав. Элчин сайд Такасэ Монголд явагдаж буй шинэчлэлийн талаар ярихдаа, эдийн засгийн зогсонги байдлаас ангижрахыг гол зорилгоо болгож байгаа хэмээн тэмдэглэв. Ардчилсан хүчнийг дэмжих олон нийтийн дэмжлэг өргөжиж байгааг тэмдэглэхийн хамт, олон намын тогтолцоонд шилжих тухайд цаашдын  асуудал хэмээн нухацтай хандаж байгаа нь харагдаж байв. 
- Монголд хувьсгал өрнөсөн шалтгаан юу вэ?  Зөвлөлт, Зүүн Европтой харьцуулахад ялгаатай тал юу вэ? 
Элчин сайд Такасэ: Үндсэндээ Зөвлөлт улсад болж буй перестройка-тай адил бөгөөд социалист төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай орон бөгөөд зогсонги байдалд орсон эдийн засгийг идэвхжүүлэхийг зорьж байна. Үүний тулд намын дарамтыг багасгаж, ардчиллыг хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн үзэж байгаа. Жил бүр гадаад худалдааны баланс алдагдалтай гарч байгаа бөгөөд Зөвлөлтийн тусламжид тулгуурлаж ирсэн. Зөвлөлтийн тусламжаар эдийн засгийн бүтээн байгуулалт хийж байгаа ч, үр ашгийн хувьд ахиц гарахгүй байна. Ийм учраас улс дотоодод шинэчлэл хийхийн зэрэгцээ  гадаад бодлогын тал дээр ч өөрчлөлт хийх шаардлага тулгамдаж байна. 
- Ардчиллын шаардлага тавьж буй “Монголын Ардчилсан Холбоо” нь орон даяар Их Хурал хийв. Ардчилсан Холбоо нь чухал ямар байгууллага болох тухайд? 
Элчин сайд Такасэ:  Өнгөрсөн жилийн 11 дүгээр сард үүсэн байгуулагдсан, 12 дугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн 7 хоног хүртэл Улаанбаатарт 5 удаа жагсаал цуглаан зохион байгуулсан, оролцогчдын тоо нь улам бүр нэмэгдэж байгаа. Дунд албан тушаалын залуу сэхээтнүүдээс бүрдсэн, боловсон хүчнийх нь дотор хэвлэл мэдээллийн ажилтан хэд хэдэн хүн байгаа гэж сонссон. Зөвлөлт болон Зүүн Европд сургууль төгссөн хүн олонтой, тэд нэлээд нөлөөтэй байгаа нь харагдаж байна. 
- Олон намын тогтолцоонд шилжих хандлага байгаа бололтой. Тэдгээр хүчин нь сөрөг нам болж чадах болов уу? 
Элчин сайд Такасэ:  “Ардчилсан холбоо” төдийгүй өөр хэд хэдэн улс төрийн бүлэг бий болох хөдөлгөөн өрнөж байна. Гэхдээ тэдгээр нь улс төрийн нам болж, цаашдаа олон намын тогтолцоо бий болж чадах эсэх нь хараахан тодорхойгүй байна. МАХН өөрөө дангаар ноёрхол тогтоон, асар том нам болж,  хүнд суртал газар аван, хөшүүн царцанги болсон гэдгээ зөвшөөрч байгаа. Гэхдээ одоогоор МАХН-ыг эсэргүүцэх хүчин гарч ирсэн нь ач холбогдолтой  гэж үзэж болохоор байна.
- Ерөнхий сайд Содном  27-ны өдрөөс Японд айлчилна, Японтой харилцах харилцааны тухайд?
Элчин сайд Такасэ: Монголын гадаад худалдааны 85%-ийг Зөвлөлт улс эзэлж байна. Ирээдүйд гадаад худалдааг тэнцвэртэй байлгах үүднээс Ази руу чиглэх хэрэгтэй гэж бодож байна. 
(Хэйсэй 2 он /1990/ 2-р сарын 19. Майничи сонин) 
 
 (13) Монголын нийслэл дэх 50 мянган хүний жагсаал
 
Улаанбаатар. 4-ний өдөр. Тусгай сурвалжлагч ЭмотоБНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотноо 4-ний өдөр, анх удаагаа ардчиллыг шаардсан улс төрийн  4 бүлгэм нэгдэж, хамтарсан цуглаан зохион байгуулж, 50 мянган хүн оролцож, одоогийн улс төрийн удирдагчдыг бүгдээр албан тушаалаас огцрох, бүх нийтийн ардчилсан сонгуулийг даруй явуулахыг шаардах тухай шийдвэр гаргасан байна. Мөн, энэ цуглаанаар “Монголын Социал Демократ Нам” шинээр үүсэн байгуулагдсанаа зарлаж,  өнгөрөх 17–ны өдөр байгуулагдсан Монголын Ардчилсан Нам-ын дараах 2 дахь сөрөг хүчний нам болжээ.
Цуглааны дараа, нийт оролцогсод хотын томоохон гудамжнаас Засгийн газрын өмнөх Сүхбаатарын талбай хүртэл жагсаал хийлээ. Ийм олон хүн сайн дураараа жагсаалд оролцсон нь 1921 оны Монголын Ардын Хувьсгалын дараах анхны тохиолдол боллоо.
Жагсагчид одоогийн удирдагчдыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоос гадна, 3 сардаа багтаан, Улсын Онц Их Хурлыг хуралдуулах тухай шаардах хуудсыг Засгийн газрын албан тушаалтанд хүргүүлж,  7-ны өдрийн үд дунд хүртэл хариу өгөхгүй бол өлсгөлөн зарлах болсноо мэдэгдсэн юм. Шаардлагыг хүлээн авсан албан тушаалтан  7-ны өдөртөө радио, телевизээр дамжуулан хариу өгөх болно гэдгээ мэдэгджээ.
Тэр өдөр “Монгол Ардчилсан Холбоо”, “Ардчилсан Социалист Хөдөлгөөн”, “Шинэ Дэвшилт Холбоо”, “Монголын Оюутны Холбоо” зэрэг 4 бүлгэм цуглаанд оролцжээ. Үдээс өмнө нь, хотын төвийн Лениний музейн өмнөх талбайд хотын иргэд “Батлан хамгаалах зардлыг авто зам барилгын ажилд зарцуул” гэсэн уриа лоозонг гартаа барьсаар ар араасаа цугласан.
Бүлгүүдийн удирдагчид ээлж дараалан микрофоний өмнө зогсож,  “ЗХУ Монголын ураныг 1 кг-ийг ердөө л 5 рублээр худалдан авдаг”. “Нэг үхрийг 37 рубль (ойролцоогоор 9000 иен), 1 хонийг 6 рубль (ойролцоогоор 1500 иэн)-ээр худалдаж авч байна” гэх зэргээр Зөвлөлт Холбоот Улс худалдааны хэт давуу эрхтэй байгааг шүүмжилсэн юм.
Ингэж сөрөг хүчний шаардлага эрчимжсэний улмаас, Нам, Засгийн газар 6-р сард хуралдуулахаар төлөвлөж байсан Намын Төв Хорооны Бүгд хурал, Ардын Их Хурлыг урагшлуулж 20-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсноо мэдэгдэж байгаа.
(Хэйсэйн 2 он. 3-р сарын 5. Ёмиүри сонин)
 
(14 ) “Биеэ даасан байдлыг” эрмэлзэж буй  Монголын хувьсгал
 
Токиогоос Москвагаар дамжих U хэлбэрийн агаарын маршрутаар, бүтэн нэг хоног явж хүрэх “ойрын хэрнээ хол улс” БНМАУ нь улс төр, эдийн засаг, нийгмийн томоохон өөрчлөлт шинэчлэлийн дунд байгаа. Түүний түлхүүр үг нь “бие даасан байдал” юм. “ЗХУ-ын 16 дахь Бүгд Найрамдах Улс”, “Азийн Зүүн Европ” гэх зэргээр нэрлэгддэг байсан энэ социалист орны ард түмний хувьд  Ардчилал гэдэг нь “Азийн дүр төрхөө шинэчлэх” гэсэн утгыг ч агуулж байгаа юм.
Чингис хааны тэмдэг 
“Өнөөгийн улс төрийн удирдагчид монгол уламжлалаа мартсан, үндэсний хувцсаа ч өмсөе гэдэггүй”. Сөрөг хүчний удирдагчийн байр сууринаас сурвалжлагчдад хандаж хэлсэн Сосорбарамын энэ яриаг тэнд хамт байсан 20-иод эрэгтэй, эмэгтэй хүн бүгд дэмжиж толгой дохиж байсан юм. Тэдний дотор хэд хэдэн хүн, энэ улсаас төрсөн баатар Чингис хааны дүр бүхий шар өнгийн тэмдэг зүүсэн байсан.
Бүгд 20-оос 30-аад насны залуус. Ноён Сосорбурам өөрөө 32 настай. Залуусын царайнаас эрх баригчдыг сөрөх зоримог байдал илт харагдаж байв.  
Нийслэл Улаанбаатар хот дахь нэгэн байрны өрөө. Сөрөг хүчин Монголын Ардчилсан Холбоо /MDA/-ны удирдагчдын хурлын нэг хэсэг. Тус Холбооны анхдугаар Их Хурлаас (2 сарын 18, 19-ний  өдөр хуралдсан)  анхны сөрөг нам “Монголын Ардчилсан Нам” байгуулсныг зарласаны дараахан болж буй үйл явдал. 
Ноён Сосорбурам нь МоАХ-ны удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин, Их Хуралд оролцож, улс төрийн илтгэлийг уншиж,  МАХН-ын нэг намын  дарангуйллыг хурцаар шүүмжилсэн. Энэ үед тэрээр  хөх өнгөтэй үндэсний дээлээ өмссөн байсан.
 
Энд тэндгүй “Зөвлөлт Холбоот Улс” 
 
Монгол Улс Зөвлөлтийн нэг хэсэг гэж хэлж болохоор тус орны хүчтэй нөлөөнд байна. Худалдааны 80 хувь нь Зөвлөлттэй хийж буй худалдаа эзэлдэг, хотод явж байгаа машинууд Зөвлөлтөд үйлдвэрлэгдсэн байдаг. Бүх хүн оросоор ярьдаг, зочид буудлын бааранд ороход орос хүмүүс дүүрэн байдаг. Мөн ЗХУ-ын цэргийн бааз гээд...
Энэ улсын “нэг намын дарангуйлал” гээд байгаа зүйл нь, ЗХУ-ын нөлөөн доорх улс төр, ялангуяа сталинизмтай адилхан утгатай. Ардчилал гэдэг нь олон талаар Зөвлөлтийн хүрээний улс байхаа болино гэсэн утгыг ч агуулж байгаа. Чингис хааны хувьд ч ЗХУ-аас “эзлэн түрэмгийлэгч” нэрийг авч, хүмүүс саяхныг хүртэл түүний нэрийг хэлж чадахгүй байлаа.
Зөвлөлт Холбоот Улсын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга Горбачёвын перестройка (өөрчлөн байгуулалт)-гийн нөлөөгөөр эхэлсэн гэдгээрээ энэ улсын ардчилал Зүүн Европын орнуудынхтай адилхан. Нэг намын ноёрхолд эдийн засаг нь туйлдаж, ардчиллыг эдийн засгийн сэргээн байгуулалттай хамт ярьж байгаа гэдэг талаараа ч Зүүн Европын орнуудтай адил байгаа юм.
Улаанбаатар хотын Улсын Их дэлгүүр. Дэлгүүрт гэрэл гэгээ муутай, хүнсний зүйл, барааны нэр төрөл нь барууны орноос ирсэн зочдын хувьд туйлын хомс тарчиг харагдана. Түүний дээр гэрийн эзэгтэй нар худалдаа хийхээр очёрлон зогсох нь... Зөвлөлтийн хотуудынхтай төстэй. Ажилчдын цалин 400-500 төгрөг (төгрөгийн албан ёсны ханшаар 55 иэнээс бага, бодит байдал дээр, түүний 10-ны 1 хувь) гэх атал ганц цамцны үнэ 140 төгрөг. Хаалттай системийн үр дүнд “шинжлэх ухаан, технологийн хөгжлөөр бусад орнуудаас  20-30 жилээр хоцрогдсон.” (Сосорбарамын хэлсэн үг)
Монгол улс ЗХУ-аас туйлын их хамааралтай байгааг бодож үзвэл, тус улсын ардчилал Зүүн Европын орнуудынхаас ч илүү утга учиртай байж болох юм. Үүнийг улс байгуулагдсанаас хойш анх удаа хүссэн ч эс хүссэн ч улс орны өмнө биеэ даах шаардлага бодитойгоор тулгараад байгаатай холбон тайлбарлаж болно. 
 
 
 
Ардчиллыг хэрэгжүүлэх нь хүнд бэрх гэдгийг дараах байдлаас ч тодорхой харж болно. Монгол улсын нутаг дэвсгэр  Япон улсын газар нутгаас 4 дахин өргөн уудам хэдий ч Хятад, Оросын дунд “сэндвич” шиг хавчуулагдан оршдог, хүн амын тоо нь дөнгөж 2 сая, Сингапураас ч цөөн. Хэрэв үймээн будилаан гарвал  том улсын зүгээс оролцох аюул бий.
 
 
 
Зургийн тайлбар.  Сөрөг хүчний намын лидерүүдийн нэг Сосорбарам. Үндсэн мэргэжил нь Дуурийн театрын дуучин. (Монголын Ардчилсан Холбоо (MDA)-ын их хурлын индэр дээр)   
 
Японы эдийн засгийн хүчинд найдвар тавьж байна
 
Засгийн газрын тал МАХН ч, засгийн газрыг эсэргүүцэж буй сөрөг хүчний тал ч  харилцан бие биеэ шүүмжилсээр, тодорхой шийдэлд хүрэхгүй байгаа нь жижиг улсын хувьд “арга ухаан” дутаж  байж болох юм. МоАХ өөрийн  их хуралд Засгийн газар, МАХН-ны удирдлагуудыг урьсан, сөрөг нам байгуулагдмагц МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнхөөс яриа хэлэлцээний замыг чухалчилж байгаагаа мэдэгдсэн зэрэг нь  харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандаж байгааг харуулж байна.
Монгол Улс энэ онд багтаан улс төрийн олон намын тогтолцоог албан ёсоор нэвтрүүлж, бүх нийтийн сонгуулийг ирэх жил хэрэгжүүлэхээр болоод байгаа. Иргэд илүү их улс төрийн эрх чөлөөтэй болох байх. Гэхдээ өөр нэг чухал асуудал нь эдийн засгийн хэрхэн сэргээн босгох вэ гэдэг асуудал. Барууны орнуудтай харилцаа холбоо тогтоох нь  цорын ганц сонголт байж болох юм. 
Ерөнхий сайд Содном өнгөрсөн сарын сүүл энэ сарын эхээр Япон улсад айлчлал хийсэн нь тус улсын 60 жилийн түүхэнд чухал ач холбогдолтой айлчлал болсон. Энэ айлчлал засгийн газрын тэргүүний барууны оронд хийсэн анхны айлчлал байсан. Энэ айлчлал Японы эдийн засгийн хүчинд ихээхэн найдвар тавьж байгааг харуулахын хамт тус улс Ази тивийн нэгэн гишүүн болж явахаас өөр сонголтгүй болсноо илэрхийлсэн явдал хэмээн үзэж байна. 
(Улаанбаатар, редакцийн гишүүн Коэкэ Ёожи)
(Хэйсэйн 2 он. 3-р сарын 7. Никкэй сонин)
Монголд байрлаж буй Зөвлөлтийн цэргийг  бүрэн татах тухай хэлэлцээ
[Москва, 27-ны өдөр, JiJi агентлаг]   ТАСС агентлагийн мэдээлснээр, Монгол Улсад байрлаж байгаа Зөвлөлтийн цэргийг бүрэн татах талаарх хоёр орны хэлэлцээ 27 -ны өдөр Улаанбаатарт эхэлсэн байна. 
Нийт 65 мянгад хүрээд буй Монгол дахь Зөвлөлтийн цэргийг өнгөрсөн жилээс татан гаргасаар байгаа бөгөөд ирэх жилийн дараа гэхэд хуурай замын цэргийн ганц дивиз үлдэхээр болоод байна. 
 (Хэйсэй 2 он. 3-р сарын 1. Ёмиүри сонин)
 
 (15)Эрс өөрчлөгдөж буй Монгол
 
- Ардчиллын төлөөх цуглаан, жагсаал- 
БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотод 4-ний өдөр цуглаан, жагсаал боллоо. 1921 оны Ардын хувьсгалаас хойш ард түмний оролцсон хамгийн том хөдөлгөөн юм (Эхний гэрэл зураг). Ард түмэн  МАХН (Коммунист нам)-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Цэдэнбалыг ЗХУ гэдэг аалзны торонд орсон хүн гэсэн егөөдсөн утга бүхий лоозон барьж,  ардчиллыг хөгжүүлэхийг уриалав (Дараагийн гэрэл зураг)  (чөлөөт гэрэл зурагчин Хироюки Усами) 
Зураг. Тайлбаргүй    
(Хэйсэйн 2 он. 3 дугаар сарын 7. Санкэй сонин) 
 
(16)  Хамгийн сүүлчийн? Сталины хөшөөг буулгав
 
Ардчилал шинэчлэл рүү шилжиж эхлээд буй Азийн хамгийн анхны коммунист улс болох БНМАУ-д үлдээд байсан Сталины хөшөөг буулгалаа. Шинэчлэлийг урагшлуулахыг шаардсан сөрөг нам хүчнүүдийн нэгдсэн анхны цуглаан, жагсаал 4-ний өдөр, нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, Ардын хувьсгалаас хойш хамгийн том энэ цуглаанд 50 мянган хүн оролцлоо.  Тус цуглаан жагсаалыг газар дээр нь очиж үзсэн  нийтлэлч Күдо Миёкогийн мэдээлснээр, ардчиллын талынхан “20-нд нээгдэх МАХН (Коммунист нам)-ын Төв Хорооны Бүгд хурлаас шинэчлэл хэрэгжүүлэх чиг бодлогын тухай тодорхой шийдвэр гаргахгүй бол хөдөлгөөнийг улам өргөжүүлнэ” гэдгийг тэмдэглэсэн байна.
Өнгөрсөн сарын 22-ны шөнө Сталины хөшөөг буулгасан. Улсын Төв Номын Сангийн өмнө сүндэрлэж байсан хөшөөг кранаар өргөж буулгаад, ачааны машинд ачиж авч явсан. 1956 онд Сталиныг шүүмжилснээс хойш, коммунизмын хүрээний улсуудад дараа дараалан зайлуулагдаж ирсэн Сталины хөшөө Монголд өнөөг хүртэл бүрэн бүтнээр байсаар байжээ. 
Зургийн тайлбар. БНМАУ-ын Улаанбаатар хотод буулган зөөж буй Сталины хөшөө  (чөлөөт гэрэл зурагчин Усами Хироюки-гийн авсан зураг)
 (Хэйсэйн 2 он. 3-р сарын 7. Санкэй сонин)
 
(17)  Япон Улсыг түшиглэж нээлттэй бодлого хэрэгжүүлнэ
 
- Монгол Улсын  Ерөнхий сайд Содном Японд улсад айлчлав-
Азийн социалист орнуудын дотор ганцаараа “Өөрчлөлт шинэчлэлт”-ийн бодлого хэрэгжүүлж эхлээд буй  БНМАУ-ын Ерөнхий сайд Содном 4-6 өдрүүдэд Япон улсад айлчилж, Японы Эзэн хаан,  Засгийн газрын Ерөнхий сайд нарт бараалхан, олон байгууллагаар зочлон танилцаж, идэвхтэй айлчлал хийв. 
Монголд, МАХН (Ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнх)-ын нэг намын дарангуйллын системийг халах, чөлөөт сонгууль явуулах зэрэг өөрчлөлтийг тусгасан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг боловсруулж байгаа бөгөөд ийм чухал цаг үед тус улсын Ерөнхий сайд Японд айлчилж, улс орондоо хэрэгжүүлж буй бодлогын талаар тодорхой тайлбарласан нь том учир холбогдолтой үйл хэрэг юм.
 
Өрнөдийн оронд хийж буй анхны айлчлал
 
Монгол Улс бол Зөвлөлтийн дараа орох дэлхийд хоёр дахь социалист орон.  БНМАУ байгуулагдсанаас хойш тус улсын Ерөнхий сайд анх удаа Өрнөдийн хөгжингүй оронд айлчилж байгаа, тэгээд ч айлчлал амжилттай болно гэдэгт ихээхэн  найдвар тавьж байгаа.  
Өрнөдийн орнууд ч, Азийн олон улсын нөхцөл байдалд гарч буй өөрчлөлт гэдэг талаас нь Монголын дотоод улс төр, гадаад бодлогын өөрчлөлтийн үйл явцад анхаарлаа хандуулж эхэлж байна.
Ерөнхий сайд Содном Японд айлчлах үеэрээ, японы сурвалжлагчдын клуб-д хийсэн хэвлэлийн бага хурлын үед, ардчиллын хөдөлгөөнийг сайшааж, перестройка (өөрчлөн байгуулалт), гласность (ил тод байдал) зэргийг дэмжихээ илэрхийлсэн. 
Саяхан байгуулагдсан “Монголын Ардчилсан Нам”-ын талаар  “Сэхээтэн, ажилчин, буддын сүсэгтэн гээд янз бүрийн давхаргын залуучууд оролцсон,  түвшний хувьд өндөр, бүгдээрээ бидний “үр сад”. Залуу хүмүүс болохоороо өөрчлөлт шинэчлэл хийхийг ихэд яарч байна,  тэдний сэтгэлийг ойлгож  байна” хэмээн өгүүлсэн юм.
Мөн тус хэвлэлийн хурлын үеэр,  Бүгд Найрамдах Улс байгуулагдсанаас хойш Зөвлөлтийн талаас эмээн хэлэхээс цээрлэж, Монголын түүхээс үгүйсгэсээр ирсэн баатар Чингис хааны нэр төрийг сэргээх талаар үзэл бодлоо шууд илэрхийлсэн.  
Ерөнхий сайд хэлэхдээ, “Бусад ард түмнийг эзлэн түрэмгийлэгч гэдэг талаас нь олон жилийн турш, онцлон тэмдэглэсээр ирсэн. Сайн муу хоёр талаас нь бодитойгоор үнэлж дүгнэх ажил үргэлжилж байгаа бөгөөд найрамдалт улс ЗХУ-тай харилцах харилцааг ч харгалзан түүхийн сурах бичгийг  сайжруулах болов уу” хэмээн тэмдэглэсэн. 
 
Нөгөө талаар, Зөвлөлтийн  талыг баримтлагчийн хувиар улс төрийн хүчтэй эрх мэдлийг атгаж ирсэн, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Цэдэнбалыг шүүмжлэх явдал ард түмний дунд хүчтэй өрнөж байгаа нөхцөлд түүний удирдлагын дор ажиллаж байсан өнөөгийн Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнх нарын удирдлагаар өөрчлөлт шинэчлэл хэрэгжих боломжтой эсэх тухай асуултад,  Ерөнхий сайд Содном хариулт өгөхдөө, өнөөдөр перестройка-г хэрэгжүүлж буй Ерөнхий нарийн бичгийн дарга Горбачёв нь Брежневийн удирдлаган дор намын нарийн бичгийн даргын албыг хашиж байсныг жишээ болгон дурдаад, “Батмөнх бол Монголын шинэчлэлийн эхлэлийг тавьсан удирдагчдын нэг” гэж хэлсэн. 
 
Мөн “иргэдийн дунд шинэчлэл удаашралтай байна, хүрээ нь явцуу байна, хүнд суртал, хуучинсаг үзэл өөрчлөгдөхгүй байна гэх зэрэг шүүмжлэлийг дагуулсаар байна.  Богино хугацаанд улс төр, нийгмийн тогтолцоог өөрчлөхөд амаргүй юм” хэмээн шинэчлэлийн бэрхшээлийг илэн далангүй өгүүлж байв.
 
Зөвлөлтийн  талд туйлшрах бодлогыг өөрчлөнө
 
“Зөвлөлтийн талд хэт туйлшрах” байр суурийг шүүмжилсэн асуултад “Хөрш оронтойгоо найрсаг сайн харилцаатай байх нь Монгол Улсын бүрэн эрхт байдлаа хадгалах болон ард түмний хөгжил цэцэглэлд нөлөөлөх чухал асуудал бөгөөд цаашид ч ЗХУ-тай бүх талын найрсаг, харилцаа хамтын ажиллагааг  хөгжүүлэх болно. Хятад улстай харилцах харилцаагаа ч сайжруулна” хэмээн тодорхой тайлбарлалаа.
Монгол Улс Өрнөдийн орнуудад ойртох  хандлага нэмэгдэж байгаагийн цаад шалтгаан нь, өнөөг хүртэл баримталж ирсэн ЗХУ руу чиглэсэн эдийн засаг, худалдааны бодлогод эрс өөрчлөлт хийхээс аргагүй болсонтой холбоотой гэдэг тайлбар байгаа. ЗХУ хуучин рублийн ханш, бартерийн худалдааны хэлбэрээ өөрчилж, доллар, баруун Германы марк зэрэг өрнөдийн валютаар худалдааны тооцоо хийх болсны улмаас социалист орнууд барууны орнуудтай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхээс өөр аргагүй байдалд ороод байгаа.  Ийм байдал нь Вьетнам болон БНАСАУ (Хойд Солонгос)-т ч  бусад улсуудтай адилаар нээлттэй бодлогын “дарамт”-ыг үүсгэж эхэлсэн тухай яригдаж байгаа.
 
Японы техник технологид найдвар тавьж байна
 
Ноён Содном “Бид Өрнөдийн орнуудтай харилцаагаа эрчимжүүлэх дипломат үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гадаадад чиглэсэн энэ нээлттэй бодлогыг нам, засгийн газраас огт эсэргүүцэхгүй” гэдгийг тэмдэглээд “Монгол улсын голлох аж үйлдвэр болох мал аж ахуй болон түүхий эдийг боловсруулах зэрэг үйлдвэрлэлийг өргөжүүлэхийн тулд Японы орчин үеийн технологийг нэвтрүүлэхийг хүсч байна” хэмээн Японы технологид ихээхэн найдвар тавьж байгаагаа илэрхийлэв. Энэ удаагийн айлчлалаар, Япон Улс 450 сая иений эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлж,  худалдааны хэлэлцээр байгуулав. 
Монголд өөрчлөлт шинэчлэлтийг “шинэчлэлт”, ил тод байдлыг “ил тод” гэж дуудаж байгаа. Энэ тухай ЗХУ-ын телевиз олон улсын мэдээгээр дамжуулж, мөн мал хувьчлалыг зөвшөөрөх зэрэг шинэчлэлийн бодлого хэрэгжиж эхэлж байна.
Монгол улс нээлттэй гадаад бодлогыг хэрэгжүүлэхдээ, Японы хүчин зүйлийг “хөшүүрэг” болгон хэрэглэх нь, Азийн социалист системтэй Вьетнам, Хойд Солонгос, Хятад зэрэг улс болон Японы хооронд харилцаа сайжрахад үлгэр жишээ үзүүлнэ гэж ч хэлж болно. (Редакцийн гишүүн Маэда Ясүхиро)
(Хэйсэйн 2 он. 3-р сарын 8. Майничи сонин )
 
(18) Монголд МАХН-ын удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно 
 
- Шинэчлэл тууштай хэрэгжихгүй байгаад сэтгэл дундуур байна
Москва. 9-ний өдөр. Тусгай сурвалжлагч СакүраиТАСС агентлагийн мэдээлснээр, МАХН (Коммунист Нам)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнх  9-ний орой телевиз, радиогоор үг хэлж, “12-нд нээлтээ хийх Намын Төв Хорооны Бүгд хурлаар, Улс Төрийн Товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах болон Намын Онц Их Хурлыг зарлан хуралдуулах асуудлыг авч хэлэлцэх боломжтой” хэмээн Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй Намын Төв Хорооны УТТ  бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох чигтэй байгааг тэмдэглэлээ.  
Тэрбээр “Одоогийн Ардын Их Хурал  (Парламент)-д итгэл үзүүлэх эсэх асуудлаар ард түмний дунд санал асуулга явуулна. Иргэд Ардын Их Хуралд  итгэл үзүүлэх,  эсэхээ чөлөөтэйгээр илэрхийлж саналаар өгөх болно” гэж хэлэв.
Ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнхийн хэлсэн үг нь,  өнгөрсөн 12-р сараас Монголд идэвхижсээр байгаа сөрөг хүчнийхний ардчилал хэрэгжүүлэх шаардлагад том хэмжээгээр буулт хийсэн хэрэг болсон бөгөөд УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорвол МАХН-ны нэг намын диктатур бүрэн унах боломж нээгдэж, ардчилсан хөдөлгөөний үйл ажиллагаанд ч түлхэц болно гэж үзэж байна.   
Үүнээс гадна ЗХУ-ын талыг баримтлагчдаас бүрдсэн намын удирдлага огцорсноор  ЗХУ-ын нөлөө буурах нь зайлшгүй юм.
 
Харин Ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнх “Нам, Засгийн газарт ирсэн олон түмний захидал, утсан ярианаас үзэхэд Нам нь урьдын адил ард түмний дэмжлэгийг хүлээсээр байгааг харуулж байна” хэмээн эрх баригч намын статусаа хадгалан үлдэх хүсэлтэй байгаагаа ч өгүүлэв.12-нд нээгдэх  Намын Төв Хорооны Бүгд хурлаар Батмөнх дарга өөрөө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх эсэх нь ч тодорхойгүй байгаа. 
 
Улаанбаатарын төв цэг Сүхбаатарын талбайд Ардчилсан Холбооны гишүүн 30-аад хүн 7-ны өдөр өлсгөлөн зарлаж, 9-ний өдөр ч  талбай дээр  ард түмэн олноор ирж байлаа. Харин, ардчиллын талынхан Намын нарийн бичгийн дарга тэр өдөр үг  хэлснээр, тавьж байсан шаардлага биелэгдсэн гэж үзээд, өлсгөлөн буюу эсэргүүцлийн хөдөлгөөнөө зогсоох шийдвэр гаргаж, 10-ны өдөр хийхээр төлөвлөж байсан ажил хаялтыг ч  түдгэлзүүллээ.   
Батмөнх 1974 онд Зөвлөлтийн талыг баримтлагч Цэдэнбал даргын дараа Ерөнхий сайдын албан тушаалд томилогдож, 1984 оны 8 дугаар сард Намын Төв Хорооны Онц Бүгд Хурлаар Ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Мөн оны 11 дүгээр сард Ардын Их Хурал (Парламент)-ын тэргүүлэгчдийн даргаар (Төрийн тэргүүн) томилогдон төр засгийн эрхийг барьсаар ирсэн.