sonin.mn

Английн “Ливерпүүл” багийн хөлбөмбөгчид Аваргуудын лигийн тэмцээний үндсэн үе шатны III тойргийн тоглолтод Германы Майн дахь Франкфурт хотын “Айнтрахт” багийг талбайд нь 5:1 харьцаагаар хожлоо.


Хожсон багаас Уго Экитике (35 дахь минут), Виржил ван Дейк (39). Ибраима Конате (44), Коди Гакпо (66), Доминик Собослаи (70) нар, хожигдсон багаас Расмус Кристенсен (26) гоол оруулжээ.


Германы “Байер” багаас 125 сая еврогоор “Ливерпүүл”-д ирсэн хагас хамгаалагч Флориан Вирц хоёр оновчтой дамжуулалт өгсөн байна. Ийнхүү ливерпүүлчүүд дөрөв дараалсан ялагдлын цувралаа зогсоолоо. Өмнө нь тэд Аваргуудын лигт Туркийн “Галатасарай” багт 0:1-ээр, Английн АШТ-нд "Кристал Пэлас" (1:2), "Челси" (1:2), "Манчестер Юнайтед" (1:2) багуудад хожигдоод байсан юм.


Одоо “Ливерпүүл” баг гурван тойргийн дараах байдлаар 6 оноо авч, тэмцээний хүснэгтийн 10 дугаарт бичигдэж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 4-нд талбайдаа Испанийн “Реал” багийг хүлээн авах бол “Айнтрахт” 5-ны өдөр Италийн “Наполи”-тай талбайд нь тоглоно.  


Аваргуудын лигийн тэмцээний үндсэн үе шатанд 36 клуб оролцож байна. Багууд нийт 8 тоглолт хийхээс 4 тоглолтыг өөрийн талбайд, 4-ийг нь өрсөлдөгч багийн талбайд хийх юм. Тэдгээрээс эхний наймд орсон багууд шууд шөвгийн 16-д шалгарах бол 9-24 дүгээр байр эзэлсэн багууд хоорондоо нэмэлт тоглолт хийж, плей-оффт шалгарах ёстой.  



Б.Адъяахүү