sonin.mn
Ардчилсан Хувьсгалыг Анхлагчдын Зөвлөлийн тэргүүн Д.Хархүүтэй ярилцлаа.
 
-Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар АХАЗ ямар байр суурьтай байна?
 
-Үндсэн хууль нь аль нэг нам, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг харилцааг зохицуулдаггүй иргэд нь амар амгалан, аз жаргалтай,амьдрах аятай нөхцлийг бүрдүүлж, засаглалын аливаа дарангуйллаас хамгаалах бамбай, шударга ёсны баталгаа байдгаараа иргэн, өрх гэр бүрт хамааралтай.
 
Манай улс Үндсэн хуулийг гадны Үндсэн хуулиудаас хуулбарлах маягаар хийж ирсэн байдаг. Дөрвөн зууны тэртээх төмрийн дархчуудаас өнөөгийн соёлт ертөнцөд амьдарч байгаа монголчуудын оюун санаа дутуугүй гэдэгт би эргэлздэггүй.
 
Бид сүүлийн 93 жил дөрвөн Үндсэн хууль батлан хэрэгжүүлсэн. Эхний гурван үндсэн хууль нь Бүгд найрамдах  засаглалтай, социализм байгуулах, тотилатор дэглэмийг бэхжүүлэх агуулга үзэл санаатай байсан бол 1992 оны Үндсэн хууль ардчилал, иргэний нийгмийг цогцлуулах  агуулга үзэл санааг тунхагласнаар “Ардчилсан” гэсэн тодотголтойгоор барахгүй нийгмийн цоо шинэ үзэл баримтлал гаргаснаараа Монгол хэмээх улс үүсч бий болсноос хойш анх удаа ард түмэндээ засгийн эрхийг бүрэн шилжүүлсэн. Сэргэн мандлын баталгаа болсон хууль.
 
-1992 оны “Үндсэн хууль”-ийг ардчилсан, иргэний нийгмийг зорьсон сайн хууль гэж та үзэж байгаа юм байна.Гэтэл нийгмийн өөрчлөлтөө дагаад иргэдийн амьдрал тэр хэрээр сайжирсангүй...
 
-Тийм ээ. Энэ санаа зовоосон асуудал. Бид 2005 оноос судалгааны багагүй ажил хийж Монголын “Ардчиллын”, “Иргэний нийгмийн”, “Ардчилсан засаглалын”, “Улс төрийн намын ардчилсан байдлын” шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулсан. Манай иргэд ч, улстөрч гээд байгаа хүмүүс ямар ч шалгуургүйгээр энэ нь болохгүй байна тэр нь сайн гээд байгаа нь учир дутагдалтай. Ямар нэгэн үйл  ажиллагаа, бүтээгдэхүүнийг  үнэлж дүгнэх шалгуургүй бол үр дүн, эцсийн бүтээгдэхүүний чанар хэрэглээний шаардлагын нийцлийг  нүдэн баримжаагаар тухайн хүний хувийн үнэлэмжээр  л  дүгнэнэ шүү дээ. Сурагчдын мэдлэг, төлөвшлийг  үнэлдэг, барилгыг ашиглалтад авахдаа баахан шалгуур тавьдаг шиг улс төр, нийгмийн тогтолцоог шалгуур үзүүлэлтээр тестлэхгүйгээр бодит үнэлэмж гаргах боломжгүй. Тэгж байж юу нь болж байгаа, хаанаа алдаад байгааг бодитой тогтооно гэж үзсэн.
 
Бүтээгдэхүүний чанарын шалгуурыг хангахын тулд стандарт гаргадаг. Нийгмийн стандарт нь Үндсэн хууль гэж ойлгох ёстой. Манай нийгмийн шалгуурын үнэлэмж тааруухан гараад байгаа нь нэг бол стандарт зөрчигдөөд байна. Үгүй бол стандарт нь хэрэглээний шаардлагад нийцэхгүй байна  гэсэн хоёр дүгнэлтийн аль нэгд хүрнэ.
 
-Шалгуур үзүүлэлтүүдээр ямар дүр зураг гарч байна?
 
-Ардчилсан Үндсэн хуулийн он жилүүдэд эдийн засаг, нийгмийн хүрээнд ахиц амжилт гарсныг энгийн ухамсарын хүрээнд хэн ч үгүйсгэхгүй. Харин Үндсэн хуулиараа тунхагласан “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм”-ийнхээ цогцыг бүрдүүлэх эхлэлийг тавьж чадсан уу гэвэл, Судалгааны дүнгээс харахад  эхлээгүй шахам байна.
 
-Орон нутагт хэт улс төржсөн байдал үнэхээр их байна. Үүнээс болоод хөгжлийн тухай ярихаас эрх мэдлийн төлөө “нанчилдаж” хамаг цагаа барж байх шиг?
 
-Улстөржиж байгаа юм биш л дээ. Улс төр гэдэг бодлого дээр үндэслэн гардаг мэтгэлцээн. Тийм бодлогоор маргаж байгаа юм огт байхгүй.  Зүгээр л манай нам, танай нам гэсэн хэрүүл гарч нэр дэвшигчийг магтах, муулах гутаах өрсөлдөөн л өрнөж байна. Үүнийг улстөржилт гэхгүй энэ зүгээр л эрх мэдлийн хийрхэл. Иргэд сонгогчдыг “Харанхуй хэнээрхэл”-д автуулснаар зөвийг таних,үнэнийг харах, шударга үнэлэх боломжийг  хааж иргэдийг гэгээрүүлэх биш гэнэдүүлэх тактикаар намууд ажиллаж байна.
 
-Нийгмийн өнөөгийн бэрхшээлийн гол үндэс нь Үндсэн хуулиас болж байгаа гэж МАН, АН хоёр үзэж зарим нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтээр хэлэлцүүлж эхэллээ. Энэ талаар та ямар бодолтой байна?
 
-Өнөөгийн бэрхшээлийн гол буруутан нь Үндсэн хууль гэж үзэж байгаа нь тэдний санаа.
 
Ашиг сонирхлоо хэрэгжүүлэхийн тулд түүндээ нийцсэн хууль гаргадаг хамгийн муу жишиг манай УИХ-д олон гарлаа. Гол буруутныг хайж байгаа бол үе үе эрх барьж, барилцаж ирсэн улс төрийн намууд. Улс төрийн намууд өнгөрсөн 27 жил олигтой төлөвшиж чадаагүйгээс порцессийн хуулиудаар материаллаг хуулийнхаа агуулга, үзэл санааг алдагдуулж, ашиг сонирхлоо эрх мэдлээр хамгаалах цөөхөн бүлэглэлийн хуйвалдааны штаб болтлоо доройтсоныг нотлоход ямар ч судалгаа хэрэггүй. Улс төрийн намуудыг төлөвшүүлэхгүйгээр бидны хүсэл тэмүүлэл тэр сайн сайхан нийгэм маань мөрөөдөл хэвээрээ байх болно.
 
-Манай УИХ-д олон жил тасралтгүй суусан төрийн “Дархан түшээ”-д олон байна. Тэд таны яриад байгааг ойлгохгүй байна гэж бодохгүй байна.
 
 -Уучлаарай, Би наад үгэнд чинь бас л залруулга хиймээр байна. УИХ-ын гишүүд өөрсдийгөө төрийн түшээ гэцгээх нь бас л нэг гажуудал. Тэд төрийн түшмэл биш сонгуулийн хугацаагаар  сонгогчидоо төлөөлөн суудаг нэг л иргэн. Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн ард түмний элч төлөөлөгч мөн бөгөөд, нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана” гэж байгаа. Хоёрдугаарт, тэд бүхнийг мэддэг бурхад биш, харин мэдэхийн тулд  биеэ дайчилдаг байх хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болохоор л хамгийн идэвхтэй оролцдог Д.Лүндээжанцан гэж нөхөр байна. Иргэний нийгмийн талаар ямар ч ойлголтгүй хүн.
 
-Та Д.Лүндээжанцан гишүүнээс шалгалт аваагүй биз дээ. Хүнийг хөндлөнгөөс ингэж дүгнэж болохгүй байх?
 
-УИХ-ын гишүүдийн мэдлэгийг дүгнэхэд ямар ч шалгалт, тест хэрэггүй.Тэдний  чуулган дээрээ хэлж байгаа үг , нэр төр хөөсөн популист ярилцлагуудыг уншихад л хангалттай. 2015 онд “Шилэн дансны хууль”-ийг  УИХ-аар хэлэлцэж байхад Д.Лүндээжанцан “Нийгмийн аудит” гэж юу байдгийг огт ойлгохгүй байгааг хараад л  Иргэний нийгмийн талаар ямар ч ойлголтгүй  юм гэж дүгнэсэн.Нийгмийн аудит  бол Иргэний нийгмийн, зайлшгүй чухал тогтолцоо,иргэдийн оролцоо,идэвх санаачилгыг дээшлүүлдэг,хөгжлийн зөв төлвөшлийг тогтоодог эд эс шүү дээ.
 
-Гэхдээ одоо Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг ахалж байгаа шүү дээ?
 
-Бид  Үндсэн хуулиараа Засгийн бүх эрх нь ард түмний мэдэлд байдаг Хүмүүнлэг,иргэний ардчилсан нийгэм байгуулах агуулга үзэл санааг тогтоон тунхагласан.Гэтэл Лүндээгийн комисс ард түмний эрх мэдлийг хумьж улс төрийн намын эрх мэдлийг нэмэгдүүлэх гэж мунхаглаж байна. Тунхаглалыг мунхаглалаар өөрчилж болохгүй. Одоо оруулах гээд байгаа өөрчлөлт нь  1992 оны Үндсэн хуулийн агуулга, үзэл санааг улам алдагдуулах аюултай.
 
Үндсэн хууль өөрчлөхтэй холбогдсон бослого тэмцэл дайн тулаан дэлхийн олон улс оронд гарч байсныг бид мэднэ Венесуэл улсад гэхэд  одоо өрнөж байна
 
- Үндсэн хуулийн агуулга үзэл санаа зөрчигдөнө гэж хэллээ. Үүнийгээ тодруулна уу?
 
-Засгийн эрхийг ард түмнээс холдуулаад намын эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэсэн агуулгатай байгааг хэлж байна.1992 оны Үндсэн хуулийн хэлэлцүүлэг явагдаж байхад парламентын засаглалд улс төрийн намууд бүх эрх мэдлийг авах нь. Түүнд ард түмний оролцоо хяналт байхгүй бол болохгүй гэдэг санаагаар Ерөнхийлөгчийн институцийг  хуульчлаад, энэ нөхөр  нийт ард түмнийг төлөөлж УИХ, Засгийн газарт чиглэл өгч, ард түмнийхээ ашиг сонирхлыг хамгаалсан хууль санаачилж, болохгүй зүйл дээр нь хориг тавихын тулд саарал ордонд ард түмний манаач болон сууг гэсэн агуулга шингээсэн юм. Харамсалтай нь Ерөнхийлөгчид зөвхөн парламентад суудалтай нам нэр дэвшүүлэхээр заасан нь одоо танай ерөнхийлөгч, манай ерөнхийлөгч гэж ярих,зөрчилдөх эх үүсвэр боллоо. Төслөөр  Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлаж байгаа нь  ард түмний эрхийг хөндсөн асуудал.Баг хорооны Засаг даргыг намын дарга томилдог болсноор ард түмэнд байгаа цорын ганц эрхийг нь булаан авна.
 
- Ерөнхий сайдын эрх мэдлийг нэлээд нэмэгдүүлэх юм шиг байна?
 
-Ерөнхий сайд гэдэг чинь намын дарга биз дээ. Одоогийн намын гажуудлын энэ “мөчлөг”-ийн үед “Намын дарга өр төлөгч, шан хүртээгч”-ийн ажил эхний жилдээ хийдэг.Үүний тулд төрийн албыг намын алба болгодог.Завсарт нь ах дүүсээ,ашиг сонирхол нэгтэй хүмүүсээ  хавчуулаад авдаг. Ингээд хоёрдох жилээс нь гомдсон “хусмаа голсон” хэсэг нь  ална тална,огцруулна гэдэг жаягтай байгаа нь тэр ерөнхий сайдын буруу биш тогтолцооны гажиг. 
 
-Орон даяар хэлэлцүүлэг эхлээд ирэх аравдугаар сард УИХ-аар хэлэлцэж батлах нь  тодорхой байна. Энэ талаар?
 
-Одоо АН-аас их зүйл шалтгаална.Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар АН мэдэгдэл гаргасан гэж сонссон.  Түүнийхээ оронд нэмэлт өөрчлөлтийн Ажлын хэсэгт орсон гишүүдээ татчих хэрэгтэй.МАН дангаараа өөрчлөлт оруулж чадахгүй байх. Хэрэв хүч түрж батлаад гаргаад ирвэл  Үндсэн хуулийн 33.1-д заасан эрхээ хэрэгжүүлж Ерөнхийлөгч хориг тавьж,ард нийтээрээ хоригийг дэмжих хөдөлгөөн өрнүүлэх нэлээд  төвөгтэй байдалд хүрч байж зогсоох байх.
 
-Ерөнхийлөгч Үндсэн хуульд хориг тавихгүй гэсэн хууль байдаг биш үү?
 
-Үндсэн хуульд тийм заалт байхгүй. Процессийн хуульд тийм заалт байгаа бол Үндсэн хууль зөрчсөн учир хүчингүй болгох хэрэгтэй.
 
-АХАЗ хоёр танхимтай парламентын засаглалыг дэмждэг.Зөвлөлдөх санал асуулгаар дэмжигдээгүй, зарим иргэн хэлэлцүүлгийн үед асуухад  “Нэгдүгээрт зөвлөлдөх санал асуулгаар  дэмжигдээгүй,     хоёрдугаарт Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх тул их аюултай гэж” гэж хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа хүн хариулсан гэх яриа байна?
 
-Хэдэн хүн тусгайлан  бэлтгэж эксперт болгож томилчихоод Үндсэн хуулийн асуудлаар ойлголт муутай хүмүүст буруу ташаа итгэл үнэмшлийг ятган ойлгуулж, түүнийгээ зөвлөлдөх санал асуулгаар дэмжлээ, дэмжсэнгүй гэж зарлаж байгаа нь  буруу.  Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх гэсэн муйхар аргадаа Үндсэн хуулийн 68 дугаар  зүйлийг зөрчсөн хууль баталж түүнийгээ эрх зүйн үндэслэл болгож байгаа нь  бүлэглэлийн эрх мэдлийг баталгаажуулахын төлөөх санаархлаа хуульчилсан цаг зуурын самуурал гэж үзэж байна.
 
Засаглалын эрх мэдлийг тэнцвэржүүлэх”  асуудлаар их ярьцгааж байна.Үндсэн хуульд заасан  Засгийн  бүх эрхийг мэдэлдээ байлгах ёстой ард түмэн, сонгож байгуулсан засаглал  хоорондын эрх мэдлийн тэнцвэржилт зохистой болохгүйгээр энэ үг   бодит үйл ажиллагаа болохгүй.
 
-АХАЗ-аас гадна МҮАН, МАХН, Э.Бат-Үүлийн хөдөлгөөн, Ерөнхий сайд байсан Д.Содном, Д.Бямбасүрэн, түүхч Д.Өлзийбаатар нарын олон хүн хэвлэлээр ярьж байсан. Та нар нэг юм яриад байна уу, өөр өөр санаа байна уу?
 
-Бид агуулгын хувьд нэг л юм ярьж байгаа. Харин доторх бүтэц,тэнцвэр хяналтын тухай асуудлууд дээр саналын зөрүү байхаас зарчим  агуулгын хувьд зөрөөгүй.
 
 Үндсэн хуулийн асуудлыг хөндөхдөө эхлээд нийгмийн ямар чиг баримжаагаар хаашаа зорих, засаглалаа хэрхэн байгуулах, иргэдийнхээ амар амгалан ая тухтай орчинг хэрхэн бүрдүүлэх,  гадаад улс оронтой ямар харилцаатай байх, Үндэсний аюулгүй байдал,тусгаар тогтнолоо хэрхэн хамгаалах, улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд иргэдийнхээ оюун ухаан, нөөц боломж, оролцоо хяналтыг нээн ашиглах  боломж, хязгаар зэргийг нарийн зохицуулах ёстой. Одоо бид ардчилалд тулгуурлан Иргэний нийгэм рүүгээ эргэлзэлгүй алхах хэрэгтэй байдаг. Гэтэл манай улс төрчид иргэний нийгмээ ч  төсөөлж ойлгохгүй  социализмаас капитализмд орсон гээд өөрсдийхөө  ашиг сонирхлыг хамгаалсан зүйл яриад байгаа нь буруу. Англи, Америк, Япон, Солонгос  иргэний нийгэм байгуулж байгаа гэж бодож байгаа бол том андуурал.
 
Энд тэндхийн хүний хэлсэн афоризм,  нийгмийн шинжлэх ухааны судлаач эрдэмтдийн парадигмуудыг хоосон цээжлэх хэрэггүй, түүнийг  эргэцүүлж, нийгмийнхээ сууринд тулгуурлан  орчноо таньж байж бид Монголоо сэргээнэ. Монгол түмний “Авралын од”  нь хоёр танхимтай парламентын засаглал тогтоосон шинэ Үндсэн хууль гэж манай удирдах зөвлөлийн гишүүн АИХ-ын депутат,УБХ-ын гишүүн Б Пүрэвдорж  ном гаргасан.   Энэ үнэн. Эргэлзэх хэрэггүй итгэх хэрэгтэй.
 
-Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б Чимэд гуай 1992 оны  Үндсэн хуулийг хийхдээ маш олон улсын үндсэн хууль судалж  нэлээд сайн хуулийн төсөл хийсэн гэдэг. Гэтэл та Үндсэн хуулийг сайн хууль биш гэж байх шиг?
 
-Б.Чимэд гуайтай уулзаж ярилцаж байсан. Монгол Улсынхаа төр нь төвшин, түмэн нь амгалан байг гэж ухаарал, амьдралаа зориулсан хүн. Гэхдээ өнөөдөр ийм бохир заваан юм болчихно гэж бодоогүй байх. Манайд  хэн нэг хүний нэр барьж, түүнийхээ цаана өөрийн бохир санаагаа нуудаг коммунист арга одоо ч байна шүү дээ. Үндсэн хуулийг нарийн мэргэшсэн хуульчид хийдэг биш. Улс нийгмийнхээ нийтлэг ашиг сонирхлыг нэгтгэн харж чадсан сайн сайхан мөрөөдөл дүүрэн иргэд нь өөрсдөө хийж тунхагладаг. Дэлхийн улс орнуудын  анхны Үндсэн хуулиудыг зөвхөн хуульчид хийж байсан түүх байхгүй юм билээ.
 
-Бид социализм мухардлаа гээд иргэний нийгмийг сонгосон. Таны бодлоор юун дээр алдсан гэж бодож байна?
 
-Энэ  хэдэн цаг ярих асуудал.Зарим зүйлийг хэлэхэд манайд нийгмийн ёс зүй, хувь хүмүүсийн ёс суртахуун их муудлаа. Амиа бодох хандлага газар авлаа. Иргэд хэт улстөржиж, нам, нутаг дошоороо талцаж байна.Нийгмийн баялаг цөөн хүмүүсийн баяжих эх үүсгэвэр болж баян, ядуугийн зааг ялгаа эрс холдлоо. Шударга ёс алдагдаж, хууль, сэтгүүл зүй  зөвхөн мөнгөнд үйлчилдэг боллоо. Олон залуус өөрсдийнхөө оюун ухаан, чадвараа ашиглан аятай таатай амьдрах боломжгүй болж. Хэдэн мянгаараа цагаачлан гарч, Монголдоо  байгаа нь нам дагахгүй бол амьдрахгүй юм шиг  сэтгэдэг болж.
 
Шударга ёс гэдэг нь хууль, ёс журам  ялгаварлалгүй үйлчилж байх тухай ойлголт.Шударга ёс тогтон бэхжээгүй газар шударга бус этгээдүүд “Хаданд гарч”  шударга хүмүүс нь хавчигдан шахагдддаг.Энэ байдал цаашид тогтолцоо болон бэхжвэл маш аюултай.Хүнд суртал авлига хахуульгүйгээр ямар ч ажил явахгүй болж. 
 
-Үүнийг яаж засах вэ?
 
-Засах биш арилгах хэрэгтэй. Нэлээд асуудлыг Үндсэн хууль, салбар хуулиар 5-10 жилийн дотор арилгаж болно.Нийгмийн ёс зүй,үндэсний  ухаарал хандлагыг өөрчлөхөд багагүй хугацаа орно. Нутгийн зөвлөл гэж нэг мөнгөтэй нөхөр удирдаж нөгөө зөвлөлөө улс төрд ашигладаг хүмүүсийг талцуулж хагаралдуулдаг байгууллагыг хоригломоор байна. Бөхчүүдийг аймаг сумаар дуудаж иргэдээ тэмцэлдүүлдгийг болиулах хэрэгтэй.  Аймаг сум,хороо дүүрэгт улс төрийн намын үйл ажиллагааг хориглох зэргээр Монгол Улсынхаа нэгдмэл байдал,иргэдийнхээ эв эеийг нэгтгэхэд чиглэсэн   олон зүйлийг л хиймээр санагддаг. Улс төрийн намуудыг мөнгөтэй хүмүүсийн халааснаас гаргаж төрийн санхүүжилт гишүүний жигд татвараар санхүүжүүлдэг болгох хэрэгтэй.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин