“Түвд лам” гэх Петр Александрович Бадмаевийн талаар олон нийтлэл байх ч Транссмонголын төмөр замын шугамыг барих саналыг Александр III хаанд анх  танилцуулсан тухай бичсэн нь тун ховор. Тэр бүр сонин хэвлэлд бичиж тэмдэглэсэн зүйл бага ч түүхийн хугацаанд гүйцэтгэсэн үүргийг нь орхигдуулшгүй юм.
Ахынхаа хамтаар үе залган хааны гэр бүлийг эмчилж ирсэн доктор Бадмаевт худалдаа, наймаанаас эхлээд сурган хүмүүжүүлэх арга ухаан, дипломат харилцаа гээд олон талын мэдлэг, боловсролыг Хаант Оросын ихэс дээдсийн хүрээнээс авсан нь тухайн цаг үед өөрийн “өнгөлөг” дүр төрхийг /өөрийн гадаад төрхийн хувьд/ бий болгож, тэдний дунд онцгой байр суурь эзлэх хэмжээнд хүргэсэн байна. Тэрээр Алс Дорнод цаашлаад Монгол, Түвд, Хятадыг сонирхон судалдаг байсан тул дэд бүтэц харьцангуй муу, аж үйлдвэрлэл хөгжөөгүй эдгээр бүс нутгийн байгалийн баялгийг ашиглан Хаант Орос улсыг бэхжүүлэхийг зорьжээ. Тиймдээ ч өөрийн судалгаанд тулгуурлан Александр III хаанд олон “хийсвэр” төсөл санал болгосон нь Алс дорнодыг “хөдөлгөх” хааны хүсэлтэй давхцсан болохоор үгүйсгээгүй гэдэг. Хаан ч түүний төслийг “Боломжтой бас бодитой тул санхүүжүүлэхэд татгалзахгүй” хэмээн хариу захидал илгээж. Бадмаев хаантай ойр байх өөрийн хувийн харилцааг ашиглан захидлаар шууд харилцаж байсан нь судалгааны ажлаа бодитоор хэрэгжүүлэх маш том боломж олгосон. Түүний хаанд санал болгож байсан олон “хийсвэр” төслийн дунд Транссибирийн төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулан Монголоо дайруулж, Хятадын гүн рүү төмөр зам тавих “зэрэглээ” мэт төсөл нь багтсан.
Энэ үед Орост Алс Дорнодын бүс нутгийг эдийн засгийн эргэлтэд оруулах нийгмийн “захиалга” ид өрнөжээ.
 
Худалдаачид Монгол, Хятад, Солонгос зэрэг гадны зах зээлийг сонирхож эхлэв. Тэд төмөр замаар бараа, материалаа тээвэрлэвэл зардлаа 500 дахин бууруулах боломжтой гэж тооцоолжээ.
 
Алс Дорнод, Хятадыг чиглэсэн төмөр зам Хаант Оросын эдийн засагт ч томоохон түлхэц болно гэдгийг доктор Бадмаев урьдчилан харсан юм. Уралын нуруунаас баруун тийш дэд бүтэц харьцангуй өндөр хөгжсөн Орос орны хувьд Алс Дорнодыг эзэмшихийн тулд төмөр зам тавих нь улс орны нэн тэргүүний зорилт болсон билээ. Хожим энэ үйл явцыг "100 жилийн бүтээн байгуулалт" хэмээн нэрлэсэн нь бий. Сибирийн өндөр уул, ус, байгалийн ихээхэн саад бэрхшээлийг туулан олон жил барьсан Транссибирийн төмөр зам хааны сангаас чамгүй санхүүжилт шаардсан. Үнэндээ, Москвагаас Номхон далайн эрэг хүртэл төмөр зам тавих нь бүтэшгүй мөрөөдөл мэт байлаа. 1851 онд Санкт-Петербургийг Москватай холбосон төмөр замын өртөг 67 сая рубль байхад Хаант Оррсын Засгийн газрын жилийн төсөв ердөө 200 сая рубльд дөхөж байлаа. Тухайн үедээ Москвагаас Владивосток хүрэх төмөр замын зардлыг 330 орчим сая рубль хэмээн тооцоолсон нь өнөөгийн ханшаар найман тэрбум ам.долларт хүрэх юм. Крымийн дайнаас хойш Хаант Оросын сан хөмрөг ч шавхагдаад төдий л сайжирч амжаагүй байсан үе л дээ.
 
XIX зууны сүүлээр Оросын эзэнт гүрэн Манж чин улстай хэд хэдэн гэрээг байгуулж, Амар мөрөн, Приморийн бүс, Сахалин, Хабаровскийн ихэнх газар нутгийг өөртөө аваад байв. Энэ үйл явдлын дараахан буюу 1893 оны хоёрдугаар сарын 13-нд Бадмаев Александр III хаанд захидал бичсэн юм. Захидалдаа тэр, Зүүн Азид Хаант Оросын улс төрийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэйг санууллаа. Тэр даруйдаа Сангийн сайд С.Ю.Виттед дээрхтэй ижил утгатай захиаг илгээжээ. Чингэхдээ сайтар боловсруулсан төлөвлөгөөний дагуу аажмаар бүс нутгийн “гол тоглогч” болох нь Хаант Оросын хувьд эдийн засгаа бэхжүүлэх ховорхон боломж хэмээн ухуулав. Дээрх тохиолдолд Хаант Оросын улс төрийн бодлогыг хэрэгжүүлэгчдийг цэрэг, зэвсгийн хүчээр хамгаалах шаардлагатай гэжээ. Бадмаев Сангийн сайдад бичсэн захидлын хувилбартаа Байгаль нуураас үргэлжлүүлэн Хятадын гүн рүү буюу Лан-Чжоу-Фу хот хүртэл төмөр зам тавихыг дахин санал болголоо. Сайд С.Ю.Витте А.П.Бадмаевын хувилбарыг дэмжсэнгүй. Харин өөрийн санал болгож буй Владивостокоос Манжуур хүрэх төмөр замын төслийг хаанд өргөн барьж дэмжүүлсэн байна. Учир нь, түүний тооцоолсноор Бадмаевийн төлөвлөгөө боломжгүй гэжээ. Сүүлд С.Ю.Витте энэ тухайгаа дурсахдаа “Би тэр үед нэн тэргүүнд Владивостокийг нэгтгэх нь Оросын эзэнт гүрний зайлшгүй шаардлага гэж үзсэн. Хоёрдугаарт, Хятадын гүн рүү орсон төмөр зам бүх Европыг Оросын эсрэг босоход хүргэнэ” хэмээн болгоомжилжээ.
 
П.А.Бадмаевийн харж байснаар Монголоор дайруулан Хятад руу төмөр зам тавих нь эдгээр улсыг аажмаар Хаант Орост уусгах зам гэдэгг итгэлтэй байв.
 
Ингэж дүгнэсэн нь Бадмаев өөрийн Монгол, Хятад танил талаар дамжуулан тухайн улс орны эдийн засаг, аж амьдрал, ноёд түшмэдийг бусдаас илүү сайн мэддэгтэй нь ч холбоотой байсан юм. Түүнийхээр хэрвээ Орос улс Хятадын Лан-Чжоу-Фу хүртэл төмөр зам тавьж чадвал дотоод эдийн засгаа бэхжүүлэхээс гадна их хэмжээний гадаад өрнөөсөө гарах боломжтой. Улмаар Евроазийг дамжсан худалдааны бүх замыг Хаант Орос гартаа оруулах бөгөөд Европчууд Орос улстай энэ салбарт өрсөлдөх чадваргүй болно гэж тооцоолсон юм. Бадмаев өөрийн төсөлдөө санхүүжилт авахын тулд Сангийн сайд С.Ю.Витгед уйгагүй, дахин захидал бичлээ. Бүр хаанаар хүртэл хүчлүүлж үзэв. Санхүүжилт шаардсан захидал бүртээ тэрээр “Энэ төслийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд нэг жил алдваас даруй арван жил алдсантай адил хохирол амсана” хэмээн хааныг давхар ятгалаа. С.Ю.Витте хэдий Бадмаевийн төсөлд хөрөнгө оруулах дургүй байсан ч хааны шахалтаар санхүүжилтыг нь бага багаар олон хэсэг болгон гаргаж өгөв. Бадмаев санасандаа хүрч, санхүүжилтээ авсан ч зориулалтыг нь буруугаар ашиглаж “Торговый дом” нэртэй худалдааны пүүс байгуулан Читад суух болжээ. Үүнийгээ тэр төмөр замын төслөө эхлүүлэх ажлын өмнөтгөл хэмээн эзэн хаан болон Сангийн сайдад учирлав.
 
Хятадын гүн рүү төмөр зам тавих төслийг нь хэдэнтээ унагасан С.Ю.Витте, А.П.Бадмаев хоёр аль хэдийнэ өрсөлдөгчид болсон байлаа. Түүхч В.П.Семенников нь Сангийн сайд С.Ю.Виттегийн доктор Бадмаевт санхүүжилт гаргаж өгөхгүй байсан нь хувийн сонирхолтой нь холбоотой байсан гэж тэмдэглэн үлдээжээ. Учир нь, С.Ю.Витте өөрийн хувийн төмөр замыг Хятад руу тавих сонирхолтой байсан гэдэг. 1896 онд С.Ю.Витте Хаант Оросын засгийн газраас Хятад руу төмөр зам тавих зөвшөөрөл авсан байна. Тэр ондоо өөрийн хувийн замыг Хятад руу барьж эхэлсэн нь Бадмаевийн төслийг хэрэгжих боломжийг багасгав. Гэсэн ч, Бадмаев төмөр зам барих төслөө орхисонгүй хөөцөлдсөөр байсан юм. Энэ удаа Бээжин хотоос Өвөрбайгаль хүртэл төмөр зам тавих асуудлыг тууштай зүтгүүлсэн ч техникийн боломж, байгалийн саадыг давах боломж хомсхон байсан нь түүнд ихээхэн сорилт болсон байна. 1897 онд Транссибирийн төмөр зам Өвөрбайгальд хүрлээ. Оросууд төмөр замаа урагш Манжуураар хоёр сонголтын өмнө ирээд байв. Яг энэ үед Хятадын нөлөө бүхий төлөөлөгч Ли Хунч Ян Оросын эзэн хаан Николай II, Сангийн сайд С.Ю.Витге, Гадаад хэргийн сайд Лобанов нартай уулзаж, нэгэн нууц гэрээнд гарын үсэг зурав. Г эрээнд тусгаснаар Оросууд төмөр замаа Читээр дамжуулан Манжууртай холбож цааш Владивосток хүрэх чиглэлийг Хятадын талаар зөвшөөрүүлжээ. Энэхүү гэрээ доктор Бадмаевын Монголоор дайруулан Хятад руу төмөр зам тавих хүслийг бүр мөсөн үгүй хийсэн юм. Түүний Монгол, Хятад, Оросын нутагт хийсэн бүх үйл ажиллагааны нэр хүнд унаж эхлэв. Хувийн зан харилцаанаас гадна зөвхөн өөртөө ашиг хонжоо харсан үйлдлийг нь хамтран ажиллагсад нь шүүмжилцгээлээ.
 
1911 онд Монгол улс үндэстний эрх чөлөөгөө тунхаглан зарлах үед Бадмаев энэ улсад ахин төмөр зам байгуулах төслийн талаар ярьж эхлэв. Түүнийхээр Монголд төмөр зам барьж, Хаант Орос, Хятад улсыг холбох нь ашигтай гэсэн байр сууриндаа бат зогсов. Бүр Монголд уул уурхайг хөгжүүлж байгалийн баялгийг нь ашиглах гайхалтай төлөвлөгөө энэ үед бодож олжээ. Даанч түүнии амбиицлаг төсөл хии хоосон “зэрэглээ” болж өнгөрсөн. Түүхчдийн тэмдэглэснээр доктор Бадмаевын Монголд төмөр зам тавих агуу төсөл нь өөрөөс нь болж бүтэшгүй санаа болж өнгөрсөн хэмээн бичсэн байдаг.
Нэгдүгээрт, Манжуураар дамжуулан Хятадад төмөр зам тавих ажил нь Сангийн сайдын хичээнгүй зүтгэлээр нурсан.
Хоёрдугаарт, Сибирийн бүс нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллах талаар ер хөндөөгүй нь олон хүний дургүйцлийг хүргэжээ.
Гуравдугаарт, боловсон хүчнээ сонгож чадаагүйгээс гадна амалсан цалингаа цаг тухай бүрт нь олгодоггүй байсан нь өөртөө маш олон дайсан нэмсэн. Дөрөвдүгээрт, тэр шашны хувьд алдсан. Учир нь, өөрийнхөн дотроо гадны хүн болж, гадныхан дотор өөрийн хүн болж хувирдаг байсан хоёр шашинтай, түүнийг туйлбаргүй хүн гэж харцгаасан юм. Энэ олон шалтгааны улмаас Бадмаевын Монгол, Түвд, Хятадыг Хаант Орост нэгтгэх агуу санаа “мөрөөдөл” болон хоцорсон. Үүнд Бадмаевын хувийн ашиг сонирхол хэтэрхий орсныг өнөө хэр нь буруутгах хүн цөөнгүй бий.
 
Б.Мөрөн
Эх сурвалж: "Ган зам" cонин