Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Б. Баттүшиг Монголын ширээний теннисний холбооны төлөөллийг Олимпик хауст хүлээн авч уулзав. Уулзалтаар Монголын ширээний теннисний спортын хөгжлийг дэмжих, тэмцээн уралдааны тогтолцоог сайжруулах, тамирчин, дасгалжуулагчдыг бодитоор дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр МҮОХ-ноос хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон цаашдын зорилгын талаар санал солилцлоо.
МҮОХ-ноос ширээний теннисний 4 тамирчинг дасгалжуулагчийн хамт Зүүн Азийн Үндэсний Олимпын Хороодын холбооноос зохион байгуулж буй “EAOC Youth Table Tennis Training Camp” буюу Залуучуудын ширээний теннисний олон улсын цугларалтад хамруулсан юм.
Мөн ОУОХ-ны эв санааны нэгдлийн ивээл дор зохион байгуулагддаг багш, дасгалжуулагчдын үндэсний семинарыг ширээний теннисний холбоотой хамтран хэрэгжүүлсэн билээ. Уулзалтын үеэр Монгол Улсад ширээний теннисний спортыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж холбооны ерөнхийлөгч Ц. Гантулгыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан очир” одонгоор шагнав.
Мягмар - 01 сарын 20,
2026

Сэтгэгдэл0