sonin.mn

Африкийн цомын тэмцээний финалын тоглолтын үеэр Сенегалын шигшээ багийн хөлбөмбөгчид талбайг орхин гарсан үйлдлийг ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино буруушаан шүүмжлээд, сахилга батын зохих арга хэмжээг авахыг Африкийн хөлбөмбөгийн холбоонд /CAF/ хандан уриалжээ.


Болсон явдлын тухайд, ням гарагт болсон финалын тоглолтын II үеийн нэмэлт цагт дүрс бичлэгийг үзсэнийхээ дараа шүүгч Сенегалын багийн оруулсан гоолыг хүчингүй болгосон төдийгүй тус багийн хаалганд 11 м-ийн цохилт хийх шийдвэр гаргажээ.


Сенегалын дасгалжуулагч Пап Тьяв үүнийг эрс эсэргүүцэн хөлбөмбөгчдөө талбайгаас авч гарсан байна. Хэсэг хугацааны дараа Сенегалын шигшээгийн довтлогч Садио Мане багийнхандаа хандан, талбайд эргэн ирж тоглолтоо үргэлжлүүлэхийг уриалжээ. Тэрбээр хувцас солих өрөө рүү очиж, багийн нөхдөө дуудан авчирснаар 15 минутын дараа тоглолт дахин эхэлсэн байна.


“Харамсалтай нь бид бүхэн хөлбөмбөгийн талбайд байж боломжгүй үйлдлийн гэрч болцгоолоо. Зарим хөгжөөн дэмжигчид, Сенегалын зарим тоглогчид, дасгалжуулагчдын зүгээс гаргасан болчимгүй үйлдлийг бид эрс зэмлэн буруушааж байна. Талбайг ийм байдлаар орхин гарах нь хүчирхийлэлтэй адил үйлдэл бөгөөд манай спортод хүлцэн тэвчиж боломгүй буруу зүйл юм.


Бид шүүгчдийн багийн шийдвэрийг үргэлж хүндэтгэх ёстой. Багууд талбайд дүрмийн хүрээнд тоглох ёстой бөгөөд энэ хүрээнээс халих аваас хөл бөмбөгийн мөн чанарыг алдагдуулах аюултай” гэж ФИФА-гийн тэргүүн Инстграмм сүлжээний хуудсандаа бичсэн байна.


Ийм замбараагүй зохисгүй үйлдлийг буруушаах нь зүйтэй бөгөөд цаашид давтагдах ёсгүй, CAF-ын сахилга бат хариуцсан байгууллагууд зохих арга хэмжээг авна хэмээн найдан хүлээж байна гэж тэрбээр онцлон тэмдэглэлээ. CAF-ын цахим хуудсанд бичсэнийг үзвэл, тус холбоо тоглолтын дүрс бичлэгийг хянан судалж байгаа бөгөөд уг үйлдэлд буруутай хүмүүст арга хэмжээ авахын тулд бичлэгийг зохих байгууллагуудад өгөх ажээ. 




Б.Адъяахүү