sonin.mn
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэргээр  шүүхээс хоёр жилийн ял сонссон. Д.Гантулгын хохирогч Ч.Наранзаяагийн өмгөөлөгчөөр ажилласан Э.Хашчулуунтай ярилцлаа.
 
 
-Танай хуулийн фирмд хандахад УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэрэг хаагдсан байсан. Мөн олон өмгөөлөгчид хандсан ч татгалзсан байдаг. УИХ-ын гишүүн, халдашгүй бүрэн эрхтэй, дээр нь шүүх эмнэлгийн дүгнэлт хохирогчийн эсрэг гарсан гээд ялах магадлал тун бага байсан энэ хэрэг дээр яагаад ажиллахаар болов?
 
-Анх 2017 оны наймдугаар сард манайхаас өмгөөлөл хүсэхэд сошиалаар цацагдаж олон нийтэд хүрч хэргийн мэдээлэл задарсан байсан. Өөрсдөө ч гэсэн хүний эрхийн хуульч М.Ичинноровтой хамтраад хохирогчид байр сууриа илэрхийлсэн. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулаад намын нэр хүндэд хандаж залуу гишүүнийг муухай харагдуулах гэж байна гэх зэргээр нэлээдгүй улстөржсөн байсан.
 
Манай “Веритас Партнерс” хуулийн фирмийнхэн ярилцаж байгаад хэргийн нөхцөл байдалтай холбоотойгоор хохирогчидтой 2-3 удаа уулзсаны эцэст үнэ төлбөргүй өмгөөлөхөөр шийдсэн. Манай үйлчлүүлэгч тухайн хэрэг болохоос 10 хоногийн өмнө савны гадуурах жирэмслэлт болж үр хөндүүлсэн байсан нь энэ хэргийг өмгөөлөх бодит итгэл үнэмшил үзүүлсэн. Ийм ноцтой нөхцөл байдалд хүчиндүүлсэн гэж худал ярих боломжгүй шүү дээ. Үр хөндүүлсний дараа эмчилгээ хийлгэж аав ээж дээрээ байж байгаад ирсэн учраас энэ хэргийг өмгөөлөхөд ямар нэг эргэлзээ төрөөгүй. Найз залуутай байж байгаад жирэмсэн болж бүтэлгүйтсэн, дараахан нь энэ хэрэг үйлдэгдсэн гээд тэр хүний амьдрал орвонгоороо эргэж амиа хорлох оролдлого ч хийсэн байдаг. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй, нүдний харц тогтдоггүй гээд эмчийн дүгнэлт гарсан учраас үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх нь зөв гэж шийдсэн. Биднийг энэ хэрэг дээр ажиллахаас өмнө хохирогчийн эгч прокурорт хандаж УЕПГ-аас хэргийг сэргээж Сүхбаатар дүүргийн прокурорт шилжүүлсэн байдаг. Хэрэг үйлдсэн гэж үзэж байсан этгээд УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй. Энэ эрхийг УИХ-ын тухай хуулиар Үндсэн хуульд заасан зохицуулалтыг явцуу тайлбарлаж хэтэрхий нэмэгдүүлснээс цэцэд хандсан.
 
 
Хэргийг өмгөөлж байх хугацаанд хохирогч амиа хорлох оролдлого удаа дараа хийсэн. Сэтгэл санаа нь маш хүнд нөхцөлд байснаас Гэр хохирогчийг хамгаалах хуулиар мэргэжлийн сэтгэлзүйчийн дүгнэлт гаргуулсан. Дараа нь шинжээчтэй холбоотой асуудлыг шалгуулах хүсэлт гаргаж шалгуулж эхэлсэн.
 
 
-Тухайн үед мөнгө өгч авалцсан талаарх бичлэг, найзынх нь ярилцлага ч гарч байсан?
 
-Хэрэг биш болгож харагдуулах гэж найз нөхдөөс нь мэдээлэл авах, өмнө нь Д.Гантулгатай уулздаг таньдаг байсан мэтээр сошиалаар олон янзын мэдээлэл гарсан. Хэрэг шалгах явцад энэ бүх үйлдэл нь бодит нөхцөл байдалд болоогүй юм гэдгийг нотолсон. Тухайлбал, найзууд нь видеогоор ярьсан ч мөрдөгч дуудаад байцаалт авахаар өөр зүйл ярьдаг. Дараа нь үйлчлүүлэгч рүү яриад “Тийм ч найз нөхөд гуйсан, сошиалаар гарна гэж бодоогүй” гэж уучлал гуйсан байдаг. Мөн шинжээчидтэй холбоотой баримт ч олон гарч ирсэн.
 
-Яллагдагчаар татах тогтоолыг танилцуулах мэдэгдлийг 18 удаа гаргасан. Ингэж олон удаа татгалзсан бол энгийн иргэн шууд хоригдоно биз дээ?
 
-Энгийн иргэн, гишүүн хоёрыг шалгах тэнгэр газар шиг ялгаатай л даа. Энгийн иргэн яллагдагчаар татсан тогтоолтой танилцахаас үндэслэлгүйгээр татгалзсан, зайлсхийж зугтаасан бол цагдан хорьдог. УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхгүйгээр цагдан хорих боломж байгаагүй. Хэргийн материалтай танилцах явцад АТГ-аас байцаагчид удаа дараа хандаж өөртэй нь болон туслахтай нь холбогдож байсан. Томилолттой гэсэн тогтоол УИХ-ын даргаас ирнэ, туслах нь Улаанбаатарт байгаагүй гэх зэргээр нэлээдгүй сунжирсан. Яллагдагчаар татах тогтоолтой танилцах мэдэгдлийг 18 удаа хүргүүлсэн. Харин гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсаны дараа тогтоолтой танилцаж хэрэг нь шүүхэд шилжсэн.
 
-Хэргийн баримтууд гишүүний бүрэх эрхээсээ татгалзахад хүргэсэн гэж ойлгож болох уу?
 
-Д.Гантулга 2018 онд гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсан. Энэ хугацаанд бид УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай холбогдуулж цэцийн мэдээллээр шийдвэр гарсан. Мөн Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хороо гээд олон газарт хандсан ч МАН-ын бүлэг хуралдаж Д.Гантулгыг бүрэн эрхтэй нь авч үлдсэн. УЕП-оос бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавьж хаалттай хэлэлцсэн ч хүлээж аваагүй. Яалт ч үгүй хэргийн баримтууд үнэн зөв болж прокуророос шүүхэд шилжүүлэхээр болж Д.Гантулгыг яллагдагчаар татах үед хэрэгтэй холбоотой олон асуудал үүссэн. Зэрэгцээд шинжээчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн, заагдсан ажиллагаа хийгээгүй. Өөрөөр хэлбэл, эр бэлгийн эс илэрсэн шинжилгээний хариуг нуусан учраас тусад нь хэрэг үүсгэж шалгаж ажиллагаа явагдсан.
 
2018 оны дөрөвдүгээр сард хамгийн анх яллагдагчаар татах тогтоол үйлдээд танилцуулах гэсэн боловч чадаагүй. АТГ-ын байцаагчид, сэтгүүлчид нисэх буудалд очсон гэх зэргээр хэрэг явдлууд өрнөсөн.Тэгээд намар нь хэргийг шүүх рүү шилжүүлсэн ч зарим баримтыг нэмж тодруулах шаардлагатай гээд мөрдөн байцаалтад буцаасан. Энэ үед дахин гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг үндэслэлээр нэг этгээдийн дараалсан үйлдэлтэй холбоотойгоор нэгтгэж шалгасан. Сая хоёр хэргийг нэгтгээд анхан шатны шүүхээс нэг хэргийг үйлдсэн, хоёр дахийг нь завдсан гэж шийдэж прокуророос таван жилийн ял санал болгосон ч гэмт хэрэг үйлдсэн шинж чанартай холбогдуулаад шүүхээс ялыг бууруулж хоёр жил болгож шийдлээ.
 
-Хэргийн зүйл заалт өөрчлөгдсөн үү?
 
-Хэргийн зүйл заалт өөрчлөгдөөгүй. Хүчиндэх гэмт хэргээр прокуророос нэг хэрэг дээр нь гурав, нөгөөх дээр нь хоёр жил төлөвлөсөн. Шүүхээс нэгтгээд хоёр жил болгосон.
 
-Хэргийг будлиантуулсан шинжээчдийг тусад нь шүүхээр болсон. Хэрэгт нөлөөлсөн, захиалсан үндэслэлээр шалгаж байгаа зүйл бий юу?
 
-Шүүхийн шинжилгээтэй холбоотой хэрэгт авагдсан баримтаас харахад шинжилгээний дээж авч, шинжилгээ хийсэн ажилтанд дарга нь амралт өгөөд явуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, шинжилгээ хийх ёстой хүнээс өөр хүн шинжилгээ хийснээс анхны шинжилгээний хариу өөрчлөгдсөн. Хүчиндэх гэмт хэрэгтэй холбоотойгоор ямар ажиллагаа хийгддэг, хаанаас дээж авдаг гэх мэтээр асуусан асуултаас огт өөрөөр шинжээчийн дүгнэлт гаргасан. Энэ хэрэгт холбогдсон хүмүүс нь шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтнууд байсан учраас хуулиараа хэргийг тусгаарлаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ татгалзсаны дараа дахин шинжилгээ өгөхөд анх өгсөн дээжний хариутай ДНК нь тохирч байсан. Шинжээчийн гэм буруугаас үл хамаараад шинжилгээний хариу таарч байсан учраас Д.Гантулгын хэргийг тусад нь шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
 
 
Шинжээчтэй холбоотой хэрэгт гурван хүнийг шалгаж байгаа. Бидний хувьд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалсан учраас энэ хэргийн шүүх хуралдаанд оролцохгүй. Хохирогчийн талаас шинжээчээс хохирол гэм хор шаардах юм уу, яллах байр сууринаас хандахгүй гэж ярилцсан. Шинжээчтэй холбоотой хэрэг Сүхбаатар дүүргийн цагдаад шалгагдаад шүүхэд шилжиж байна. 
 
 
-Захиалсан хүн нь Д.Гантулга гэж хардах үндэслэлтэй юу?
 
-Шинжээчдэд захиалга, заавар өгсөн, даргад нь хэн нөлөөлсөн гэдэг нь тусдаа шалгагдах зүйл. Д.Гантулга нөлөөлсөн гэж хэлэхэд хэцүү. Эрх барьж байгаа намын зүгээс шийдвэр гаргасан байхыг ч үгүйсгэхгүй.
 
-Хоёр жилийн хугацаанд өмгөөлөхөд багагүй ээдрээтэй, бэрхшээлтэй байсан байх. Хэрэг дээр хууль зүйн талаасаа ч гэсэн санасан үр дүнгээ гаргаж чадав уу?
 
-Бид нийтэд тустай нийтийн эрх ашгийг хамгаалах өмгөөлөл хийсэн. Энэ хэрэг нийгэмд дуулиан тарьснаас гадна хүлээж авч байгаа олон нийтийн ойлголтын зөрүү их байсан. Тухайн үед хохирогч эмэгтэйтэй уулзахад сэтгэл зүй маш хүнд аюултай нөхцөлд байсныг хэлсэн. Дээрээс нь олон нийт хохирогчийг буруутай мэтээр хүлээж авч байсан нь дахин эрсдэл үүсгэх аюултай байсан. Манай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр ганцхан зорилго тавьсан. Энэ гэмт хэрэг үйлдэгдсэн юм байна. Тиймээс хохирогчийг хамгаалж Д.Гантулгын буруутай үйлдлийг тогтоолгох зорилго тавьсан.
 
 -Хэрэг шийдэгдчихлээ. Хохирогчийн хохирлыг хэрхэн барагдуулсан бэ. Сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн үү? 
 
-Сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр хуульд заагаагүй. Мөн сэтгэл санааны хохирол үнэлэгддэггүй. Хохирол нөхөн төлөх асуудлаар Д.Гантулга болон өмгөөлөгч нарт нь удаа дараа хандаж байсан. Зарим өмгөөлөгч нь өмгөөлөхөөс татгалзсан тохиолдол ч бий. Ямар ч байсан тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр хохирлыг барагдуулсан. Хохирол нэхэмжилсэн төлбөрийг шүүхэд гаргаж өгч сэтгэл санааны хохирлыг гаргуулсан. Төлөгдсөн төлбөр бий.Үнийн дүнг хэлэх шаардлагагүй байх. Тодорхой хэмжээгээр сэтгэл санааны хохирлыг барагдуулсан ч энэ гэмт хэрэг бол эмэгтэй хүний  хувьд юугаар ч нөхөж, арилгаж чадахгүй хар толбо болж үлддэг.
 
-Сэтгэл санааны хохирлыг хохирогчдын нэхэмжилсэн дүнгээр тооцсон уу. Хуульд тооцох аргачлал байхгүй шүү дээ? 
 
-Хуульд зааснаар бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол юм уу сэтгэл санааны хохирол учирсан гэж үзвэл нотлоод нэхэмжлэх боломжтой. Сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрх нь нээлттэй хэрнээ ямар арга замаар нотлох вэ гэдэг зохицуулалт байхгүй. Олон улсад сэтгэл санааны хохирлыг тооцдог мэргэжлийн шинжээчид байдаг. Хохирохоос өмнө сэтгэл санаа, нэр төр ямар байсан, хохирол ямар байдлаар нөлөөлснийг нь тогтоодог. Хүн дорожмилсон бол хэдэн хүнд хүрсэн гэх мэтээр тооцдог. Манайд бол шүүхийн практикт сэтгэл санааны хохирлыг тооцох мөнгөн дүнгийн загвар, мэргэжлийн шинжээч байдаггүй.
 
-Шүүх хуралдааны явцад Д.Гантулгын өмгөөлөгч хэд хэдэн удаа солигдсон. Ер нь хэрэг дээр ажиллах явцад Д.Гантулгын талаас уулзах санал тавих ч юм уу тийм зүйл гарсан уу?
 
– Манайхаас гурван өмгөөлөгч ажилласан. Д.Гантулгын хувьд өмгөөлөгч солигдсон, татгалзсан  асуудал гарсан. Харин саяын анхан шатны шүүх хуралдаанд хоёр өмгөөлөгч оролцсон.
 
Д.Гантулгатай шүүх хуралдааны явцад ярилцаж байснаас бусдаар уулзаж байгаагүй. Өмгөөлөгчидтэй нь гэм хорын асуудлаар удаа дараа уулзаж байсан.
 
-Давж заалдах мэдээлэл байсан. Ямар үндэслэлээр гэдэг мэдээлэл нь та бүхэнд ирсэн үү?
 
-Давж заалдах гомдлоо яаж тодорхойлохоос шалтгаална. Хууль буруу хэрэглэсэн юм уу, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэсэн хоёр үндэслэлээр гаргадаг. Ялын хэмжээтэй холбогдуулж өөрийгөө гэм буруугүй гэж тайлбарлаж гомдол гаргаж болдог. Одоогоор шийтгэх тогтоол нь бичгээр гараагүй байгаа учраас ямар гомдол гаргахыг мэдэхгүй байна.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин