sonin.mn
Замын хөдөлгөөний аюулгүй байдал, замын ачаалал болон түүнтэй холбоотой зөвлөгөөг танд хүргэхээр Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Д.Ганхуягтай ярилцлаа.
 
Нийслэлийн аль чиглэлийн зам хамгийн их түгжирдэг вэ? Замын ачааллыг бууруулахад ямар зохицуулалт хийж байгаа бол ...
 
-Хичээлийн жил эхэлсэн үед Энхтайвны өргөн чөлөө, Нарны зам, Залуучуудын гудамж, Их тойруу, Бага тойруу гээд ихэнх нь ачаалалтай, түгжирдэг. Түгжрэл 07.30 цагаас эхэлдэг болохоор иргэд цагаа зөв төлөвлөж, аль болох эрт гарвал түгжрэхгүй байх боломжтой. Мөн цэцэрлэг, сургууль, ажил тарах үед буюу 18.00 цагаас замын ачаалал эрс нэмэгдэж байгааг та бүхэн сайн мэднэ. Нөгөө талаас иргэдийн ухамсар, замын хөдөлгөөнд оролцохдоо гаргадаг соёлгүй зан үйлээс түгжрэл үүсдэг. Ямар нэгэн байдлаар зохиомол түгжрэлийг үүсгэж, зорчих хэсэг рүү хүн буулгадаг, шалтгаангүйгээр хэт удаан зорчих нь их. Тэр дундаа хувиараа такси эрхлэгчид зөрчил гаргах нь түгээмэл байдаг.
 
Хүн бүр их, бага хэмжээгээр замын хөдөлгөөнд оролцдог. Тэгвэл зорчигчид хамгийн түрүүнд юуг ухамсарлах ёстой вэ?
 
-Энэ бол маш энгийн ойлголт. Та замын хөдөлгөөний дүрмийг л зөрчихгүй байж, хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцох учиртай.
 
Өөрөө замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй ч осолд өртөх тохиолдол их. Үүнд ямар арга хэмжээ авдаг вэ?
 
-Зам тээврийн осол болгон дээр Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй байдаг. Хоёулаа буруутай байх үе ч бий. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байна гэдэг нь ямар нэгэн эрсдэл дагуулж байна л гэсэн үг. Тиймээс Замын хөдөлгөөний дүрэм зөрчихийг энгийн байдаг л зүйл шиг бодож огт болохгүй. Иргэн та өдөр тутам алдаа дутагдал бүү гаргаарай. Хүн бүхэн замын хөдөлгөөний дүрмээ ягштал биелүүлж, бусдад хүндрэл учруулж болохгүй. Үүнийг л иргэд ухамсарлах хэрэгтэй.
 
Зам тээврийн ослоор амь насаа алдаж байгаа иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа шалтгааныг юу гэж харж байна вэ?
 
-Энэ бол харамсалтай ч бодит үнэн юм. Хамгийн эхэнд ачаалал их байна. Үүн дээр нэмэгдээд хурд хэтрүүлэх, дүрэм зөрчдөг байдал ч мөн ослоор төгсөж байгаа. Мөн "хөнгөмсгөөр найдах" гэдэг хуулийн хэллэг бас байгаа. Энэ нь урьдчилан таамаглаагүй байхыг хэлж байгаа юм. Жишээлбэл, жолооч аюул саадыг олж харсан хугацаа, хажуу тийшээ дарах уу, тоормослох уу зэргийг тархиндаа боловсруулах хэрэгтэй. Самбаачлах хугацаа, тээврийн хэрэгслийн тоормосны механик ажиллах хугацаа зэрэг үүнд багтана. Жолооч болгон л тооцоолох хэрэгтэй. Үүнийг тооцоолохгүйгээс осолд өртөх эрсдэл нэмэгдэж байна. Мөн нэмэгдээд энэ хөдөлгөөнт гар утасны хэрэглээ ихэссэнээс анхаарал сарниж байгаа асуудал бас бий. Монгол Улсад амь насаа алдаж байгаа хүмүүсийн шалтгааныг жагсааж үзвэл нэгдүгээрт зүрх судасны өвчин, хоёрдугаарт хорт хавдар, гуравдугаарт зам тээврийн осол орж байна. Авто замын ослоор амиа алдаж байгаа хүний тоогоор Монгол Улс 180 орноос 120-д орж байх жишээтэй.
Мөн энд өөр нэг жишээ дурдъя. Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад манай цэргийнхэн үүрэг гүйцэтгэдэг. Тэнд дайны жилүүдэд жилд 4000 хүн амь насаа алддаг. 33 сая хүн амтай улстай харьцуулахад гурван сая гаруй хүн амтай манай улс жилд 500 гаруй хүнээ зам тээврийн ослоор алдана гэдэг бол жилд нас барсан хүний тоо тухайн дайнтай орноос давсан үзүүлэлт. Энэ бүгд юуг хэлэх вэ гэвэл, зам тээврийн осол нь аюултай хэмжээнд байгаагийн илрэл юм. Хүн өөрт тохиолдоогүй бол үүний хэцүүг, зовлон шаналлыг мэдэрдэггүй юм. Тиймээс энэ бүгдээс сэрэмж авч, хамгаалах бүсээ тогтмол зүүж замын хөдөлгөөндөө дүрмийн дагуу оролцох үүрэгтэй. Энэ нь эргээд миний эрүүл мэнд, амь нас гэдгээ л ухамсарлах асуудал байгаа юм.
 
Дүрэм зөрчөөд л осол гаргаад л байдаг нөхөд байгаа. Энд ямар арга хэмжээ авах вэ?
 
-Монгол Улсад хариуцлагын тогтолцоо сул. Үүнээс үүдэлтэй. Тиймээс үүнийг бодлогын хэмжээнд шийдэх асуудал гэж хардаг. Торгуулиас айдаггүй хүмүүс байна. Зарим улс оронд замын хөдөлгөөний дүрмийн нэг л зөрчил дээр хагас сарын цалингаар нь торгож байхад манай улсад замын хөдөлгөөний дүрмийн таван заалт зөрчөөд нэг өдрийн цалингийн хагастай тэнцэх хэмжээний мөнгөөр торгодог байх жишээтэй. Зөрчил буурахгүй байгаа нь ердөө л үүнтэй холбоотой.
 
Эдгээр осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна вэ?
 
-Жилийн төлөвлөгөөний хүрээнд нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг цаг үеийн нөхцөл байдалтай нь уялдуулан тогтмол явуулдаг. Тухайлбал, өнгөрсөн жил "Яараад яах вэ", "Дураараа биш дүрмээрээ" гэх мэт олон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн. Тухайн арга хэмжээ хэрэгжих үеийн осол, зөрчил өмнөх жилийн тухайн үетэй харьцуулахад 31-64 хүртэлх хувиар буурсан тоон үзүүлэлт бий. Мөн баяр ёслолын үеэр тээврийн цагдаагийн бие бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилладаг. Хамгийн ойрын жишээ дурдахад, Цагаан сарын баярын гурав хоногт 10-18 хүн амь насаа алддаг. Учир нь энэ үеэр бүх тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хотоос хөдөө, хөдөөнөөс хот руу чиглэсэн хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой.
 
Үр хүүхдээ зам тээврийн осол, гэмтлээс сэргийлэх нь эцэг, эх бидний үүрэг. Та энд тал дээр зөвлөгөө өгнө үү?
 
-Зөвлөгөөнийхөө өмнө би нэг баримт дурдъя. Өнгөрсөн жил зам тээврийн ослын улмаас 59 хүүхэд амь насаа алдсан. Энэ бол хоёр анги дүүрэн хүүхэд гэсэн үг. Зүрх зүсэгдэм тоо байгаа биз. Эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь хөдөө, орон нутагт буруу тээвэрлэлтээс болон ганцаараа явж байх үедээ зам тээврийн осолд өртсөн. Тиймээс эцэг, эхчүүд өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй. Мөн тээвэрлэх явцдаа хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Арваас доош насны хүүхдийг хамгаалалтын суудалд нь суулгаж хэвшүүлэх, хэрэв байхгүй бол арын суудал дээрээ суулга. Ер нь боломжгүй зүйл гэж үгүй. Үр хүүхдээс тань үнэтэй зүйл гэж үгүй. Осол, гэмтлийн 95 хувь нь томчуудаас болсон байдгийг энд бас нэмж хэлье.
 
Сүүлийн асуултыг танд үлдээе ...
 
-Манай байгууллага Тээврийн цагдаагийн албаны сүлжээтэй холбогдсон байдаг. Энэ дагуу цэргийн алба хаагчид автомашинтай зам тээврийн осол, зөрчил гаргасан тохиолдол бүрийг мэдэх боломжтой болж байгаа юм. Ингэснээр ЗХЖШ болон харьяа командлалд нь тухайн мэдээллийг хүргүүлж, үүнээс урьдчилан сэргийлэх тодорхой ажил, арга хэмжээ зохион явуулна гэсэн үг.
 
Үүгээр бидний яриа дуусаагүй бөгөөд дэслэгч Д.Ганхуяг цааш нь үргэлжлүүлэн Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэн тэргүүний зөвлөмжүүдийг уншигчдадаа хүргэсэн юм. 
 
БУСДАД ХҮНДРЭЛ УЧРУУЛЖ, ЗОХИОМОЛ ТҮГЖРЭЛ ҮҮСГЭЖ БОЛОХГҮЙ
 
Нийслэлд нэг сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Үүний 900 мянга гаруй нь автомашин. Эдгээрийн 400-500 мянга нь нийслэлд замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог бөгөөд тээврийн цагдаагийн алба хаагчдын бие бүрэлдэхүүн, орон тоо хүрэлцэхгүй байгаагаас улбаалж тэр бүр ачаалалтай, элдэв асуудал гарсан газар бүрт хүрч ажилладаггүй гэсэн үг юм. Тиймээс бид болзошгүй осол, өдөр тутмын түгжрэл зэргээс хэрхэн сэргийлж чадах вэ гэвэл бусдад хүндрэл учруулалгүй замын хөдөлгөөнд оролцох явдал юм. Бусдад хүндрэл учруулахгүй байна гэдэг нь замыг зогсоол болгож ашиглахгүй байх, зам дээр тээврийн хэрэгслээ орхихгүй байх, дураараа биш дүрмээрээ явах, гэрлэн дохио болон замын тэмдэг, тэмдэглэгээг ягштал биелүүлэх зэрэг багтана. Та дээрх зүйлсийг дүрмийн дагуу хийснээр зохиомол түгжрэл үүсгэхгүйгээс гадна зам тээврийн осолд өртөх эрсдэлээс 80 хувь хамгаалагдаж байдаг юм. Мөн иргэд замын хөдөлгөөнд соёлтой оролцож, бусдыгаа хүндэлдэг, ухамсартай байж чадвал түгжрэлийг 25 хувиар бууруулах боломжтой.
 
СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОЖ АМЬ НАС, ЭД ХӨРӨНГӨӨРӨӨ ХОХИРОХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙНА
 
Зам тээврийн осол, гэмтлийн багагүй хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байх үед үйлдэгдсэн байдаг аж. Энэ төрлийн зөрчил буурахгүй байна. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд хүн гэмтсэн дуудлага тайван үед хоногт 8-10, ачаалалтай үед 25-30 гаруй ирдэг байна. Мөн явган зорчигчид ч үүнд хамаатай байдаг. Тэд мөн л согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийн урдуур гүйж, амь насаа эрсдэлд оруулдаг. Дэлхий дээр 4секунд тутамд нэг хүн согтуу жолоочийн хохирогч болж байна. Иймээс оюун ухаант хүн мөн бол та согтуурсан үедээ жолооны ард суухаас эрс татгалзах хэрэгтэй.
 
МОТОЦИКЛИЙН УЛМААС АМЬ НАСАА АЛДСААР БАЙХ УУ?
 
Манай улсад зам тээврийн ослоор жилд 500-600 хүний амь нас хохирч, 1000-1200 хүн хүндэвтэр болон хүнд гэмтэж, бэртэж байна. 2019 оны байдлаар 1004 хүн хүндэвтэр, хүнд гэмтэж, 561 хүн амь насаа алдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмтсэн хүн 11,9 хувиар, нас барсан хүний тоо 5,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт амь насаа алдсан хүмүүсийн 20,5 хувь буюу 110 нь мотоциклтэй хөдөлгөөнд оролцсон гэх судалгаа байна. Судалгаагаар мотоцикл жолоодож байгаа иргэд нь жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхгүй, хамгаалах малгай өмсөөгүй, жолоочийн албан журмын даатгалд даатгуулаагүй, мөн улсын бүртгэлд бүртгүүлж улсын бүртгэлийн дугаар аваагүй, техникийн хувьд бүрэн бус, эвдрэл, гэмтэлтэй мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцож амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал буурахгүй байна.
 
ХУРД ХЭТРҮҮЛБЭЛ ҮХЭЛ
 
Бүртгэгдэж буй зам тээврийн ослын дийлэнх нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалдаг бөгөөд бүртгэгдсэн ослын багагүй хувь нь тээврийн хэрэгслийн хурдаа тохируулаагүйгээс шалтгаалж гарсан байна. Хурд тохируулаагүйгээс бүртгэгдсэн зам тээврийн ослыг аймаг, дүүргээр нь авч үзвэл Төв, Өмнөговь, Дундговь аймагт, нийслэл хотод Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн алслагдсан замуудад хамгийн их бүртгэгджээ.
 
 
 
Он гарсаар эхний хоёр сарын байдлаар гэхэд улсын хэмжээнд хурд тохируулаагүйгээс шалтгаалан 150 гаруй осол бүртгэгдсэн нь нийт ослын 3,8 хувийг эзэлж байх боловч учирсан хохирол, хүний эрүүл мэнд ноцтой байдлаар гэмтэж, амь насаа алдах тохиолдол нь өндөр байна. 
 
 
 
Хурд тохируулаагүй нь олонх улс орны зам тээврийн осол гарах үндсэн хүчин зүйл болдог ба энэ нь шинэ жолооч нартай холбоотой. Хурдыг нэг км/цагаар л бууруулахад зам тээврийн осол 4-5 хувь буурдаг гэж олон улсад үздэг. Автомашинаар хурд багатай явах тусам ослын үед хохирол бага учирдаг тул жолооч та хурдаа хасаж, тогтоосон хязгаарыг мөрдөж хөдөлгөөнд оролцоорой.
 
 
Хошууч Д.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин