sonin.mn
"Финансхолдинг" ХХК-ийн захирал, иргэн Б.Энхцэцэг махны экспорт болон энэ салбарт бизнес эрхлэгчдэд хууль, журам тэгш үйлчилдэггүй, төрийн байгууллагуудад ажиллаж  буй албан тушаалтнууд хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн иргэн, аж ахуйн нэгжийг хохироож буй талаар мэдээлэл хийлээ. Уг мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 

 

1. Намайг Б.Энхцэцэг гэдэг. Би Финансхолдинг ХХКомпанитай, ЖДҮ эрхлэгч. Манайх 2008 оноос малын гаралтай түүхий эдийн бизнес, гадаад худалдаа эрхэлж эхлээд 2010- 2014 онуудад махны бизнес руү үе үе, 2016 оноос мах худалдан авч бэлтгэн БНХАУ руу экспортлогч ААН-р дамжуулан худалдаа эрхэлсээр ирсэн.

 
2. Гэтэл 2019 оноос мах экспортлох квот олдохоо больсон. Учир нь Хятадууд мах ихээр авч Хятадад гахайны өвчин гарч, Монголоос мах авах эрэлт өссөн. Ингээд 2019 оноос одоог хүртэл надад махаа гаргах квот олдохгүй би үйлээ үзэж яваа. Тэгээд надад квот өгөхгүй байгаа шалтгаанаа мэргэжлийн байгууллага нь хэлэхдээ "таны мах экспортлох эрхгүй үйлдвэрт бэлтгэгдсэн мах", тиймээс танд квот өгөхгүй гэж хэлсэн. Гэтэл гадагшаа гарч байгаа бүх мах яг над шиг тийм л экспортлох эрхгүй үйлдвэрт махаа боловсруулж экспортоор гаргаад, миний эргэн тойронд байгаа бүх хятадуудад хууль журам нь үйлчлэхгүй байгаад л би гомдолтой байгаа юм.
Яагаад яг адилхан үйл ажиллагаа явуулж байхад надад дүрэм журам нь үйлчлээд хятад хүнд үйлчлэхгүй байгаа юм бэ?
 
Яагаад монгол компани үйл ажиллагаагаа таслан зогсоолгоод, шалгуулаад, торгүулаад байдаг хэрнээ хятад иргэд болохоор шалгуулах нь битгий хэл зарим нь бүр дотооддоо ч эрхгүй, экспортлох эрхгүй компанид махаа боловсруулж шөнө орой ч хамаагүй ямар ч хараа хяналт, шалгалтгүйгээр мах экспортлох эрхтэй байгааг би онцолмоор байна. 
3. Монголд мах экспортлох эрх бүхий 27 ААН компаниуд байдаг. Үүний  долоо нь л монгол компани. Үлдсэн нь 100 хувь хөрөнгө оруулалттай хятад компани.
 
4. Монголд өнөөдөр мах экспортлох эрх авахын тулд хятадын хорио цээрийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн компани байх ёстой байдаг. Тэр шалгуурт нь "Хоёр улсын гэрээ хэлэлцээрт монголоос авч байгаа мах нь экспортлох эрхтэй үйлдвэрт бэлтгэгдсэн махыг авна" гээд заасан байдаг. Экспортлох эрхтэй үйлдвэр гэхээр эрүүл ахуйн бүхий л стандарт шаардлага хангасан, мэргэжлийн байгууллагын шалгалтанд тэнцсэн үйлдвэр байх ёстой байдаг.
 
5. Эдгээр экспортлох эрхтэй компаниудад яам махны квотоо өгдөг. Яам зөвшөөрлийг нь өгдөг гэсэн үг. Гэтэл өнөөдөр эрхээрээ квотоо аваад байгаа ААН нь бүгд л үнэхээр мэргэжлийн байгуүллагын шалгалтанд тэнцсэн үйлдвэртэй юу?, яг юун дээр үндэслэж квот өгөөд байгаа юм бэ гэдэг дээр маш том асуудал хөндөгдөж байгаа юм. Би энэ салбарт маш олон жил ажилласан, тогоонд нь байгаагийн хувьд бүгдийг нь мэднэ. Хэн, хаана ямар үйлдвэртэй юм? Үнэхээр экспортлох эрх авахаар үйлдвэр мөн үү? гэж. Тэгээд яам хэнд үйлчилж экспортлох эрх өгдөг юм? Экспортлох эрхтэй үйлдвэрт МХЕГ ямар шаардлага хангасан болохоор нь квот өгөөд байгаа юм бэ? Би үүнд л хариулт авахыг хүсч байна. Мэдээж экспортлох эрхтэй, шаардлага хангасан компани бий. Гэхдээ 27 компаниас гарын 5 хуруунд ч хүрэхгүй гэдгийг би мэднэ.
 
6. Намайг яагаад өмнө нь хэлэхгүй одоо хэлж байгаа юм бэ гэж хэлэх байх. Би ч гэсэн өмнө нь яг тэдний нэгэн адил зөвшөөрөлтөй компаний нэр дээр махаа гаргадаг байсан. Бүгдээрээ яг адилхан. Гэтэл гэнэт л өнгөрсөн оноос квот олдохгүй болсон.
 
7. Үүнд өнөөх хэзээ ч хэрэгжиж байгаагүй 2 улсын хоорондын гэрээ хэлэлцээрт заагдсан дүрэм журмаар ам хаах гэж оролдсон.
 
8. Би өөрт тулгарсан асуудлаа шат шатны байгууллагуудад хандаад шийдүүлж чадаагүй учраас аргаа бараад төрийн 3 өндөрлөгт захидал хүртэл хүргүүлж үзсэн. Харин үүний үр дүнд 18-р тогтоол гарч түүний З-т зааснаар манайхтай адилхан байдалд орсон ААН компаниудад нэг удаагийн боломжийг олгох шийдвэрийг салбарын сайд, дарга нарт үүрэг болгосон байна гэж хараад ихэд баярласан. Гэтэл хэрэгжүүлэгч байгууллага Яам, МХЕГ нь ажиллахгүй байгааг монголчуудаа бодох сэтгэл дутсан гэж би харж байгаа.
 
9. Би хүний муу үзэх гэж ингэж яваагүй. Мэргэжлийн байгууллага, ААН-дийн хооронд хөөцөлдөж их гүйсэн. Ил гаръя гэж шийдэхээс өөр аргагүй байдалд ортол минь намайг цөхрүүлж байна. Одоо би өр ширэнд баригдаад байр саваа алдах дээрээ тулаад, 4 настай охинтойгоо гудамжинд гарахад ойрхон байна. Би бизнесээ авч үлдэх эрхтэй биз дээ. Би монгол улсын иргэн байж, эх орондоо мөнгөтөй хятадуудад дарлуулж цөхрөнгөө баран байж гудамжинд гармааргүй байна ш дээ. Тийм болохоор би маш удаан хугацаанд ганцаараа тэмцсэн. Яагаад эрт ил гарч болоогүй юм бэ гэж болох юм? 1-рт төр засаг 18-р тогтоол гаргасан учраас тэрийг хүлээсэн. 2-рт энэ бизнес эрсдэлтэй. Амь насанд ч аюултай байхыг үгүйсгэхгүй. Би өмнө нь 3 жилийн өмнө Мандал гэх өвөр Монгол хүнтэй хамтран энэ бизнесээ хийж байсан. Яагаад гэвэл тухайн үед надад урд хүлээн авагч ховор байсан. Тэр хүн бизнесийн явцад намайг луйвардаж, мөнгө идэж байсныг би олж мэдсэнээр бидний бизнесийн харилцаа 2 тийш болж байсан үе бий. Тэгэхэд идсэн мөнгөө буцааж өгнө гэж байсан боловч авлагаа авъя гэсэн чинь сүүлдээ өөр хятад хүнтэй нийлчээд хятадуудаар намайг айлган дарамталж, монголын рекитчин хүмүүс хөлсөлж заналхийлж орон гэрийн үүдээр эргэлдэж, ажил төрөлдөө ч явахад хүнд байсан үе бий. Энэ нь миний аюулгүй байдалд эрсдэл байна л гэсэн үг. Тиймээс би монголдоо бизнесээ хийхэд ч аюултай орчинд, эрх зүйн тайван амгалан үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдээгүй байгаад харамсаж байна. Энэ бол төр засаг бизнес эрхлэгч нараа анхаарч үзэх л асуудал. Хятадууд хэт давамгайлсан учраас л бизнесийн тэнцвэртэй байдал алдагдаж тэдний хийх янз бүрийн үйлдлүүд хэрээс хэтэрч байгаа гэж би үзэж байна.
 
10. Ингээд ер нь бол монголд бүх квотыг Хятадууд аваад байгаагаас болоод Монголчуудын бизнесийн орчин хумигдаж байгаа олон шалтгаан бий. Надтай адилхан экспортлох эрхгүйгээсээ болоод Ариунболд гэгч залуу хүртэл хятадад 800,000 сая төгрөгний махыг алдаад одоо хятад ч үгүй, мөнгө ч үгүй хохироод үлдсэн тохиолдол байж л байна.
 
11. Эцэст нь хэлэхэд хятадуудын энэ бүх үйл ажиллагааг таслан зогсоох ёстой газар нь МХЕГ. Гэтэл тэд өөрсдөө дунд нь орж хятад эзэдтэй ААН байгууллагуудын гарт баригдах ажлаа хийсэн байдаг. Тэр ч бүү хэл ААН-үүдийн хууль бус үйл ажиллагаан дээр нь дөрөөлж өөрсдийнхөө халаасанд мөнгөний урсгалыг чиглүүлсэн үйлдлүүд хийдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр экспортлох эрхгүй хятадын гар хөл болсон ААН-д өгсөн квотноосоо өнгөрсөн жил 2 квот, энэ жил 4 квот нэхсэн юмаа.
 
 
Б.Энхцэцэг