sonin.mn
Би үзээгүй наадмынхаа тухай нэгэн сурвалжлагаа бичихийг хичээлээ. Энэ удаа дэлхий нийтийг айлгаж байгаа “Ковид-19” халдварт цар тахал өвчний аюулын улмаас улсын баяр наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулав. Монгол Улсын наадмын 800 жилийн түүхэнд анхны үзэгчгүй наадам байлаа. Энэ наадмыг олон түмэнд зурагтаар өргөн дэлгэр харуулсан шүү дээ. Хараагүй үзээгүй гэж юугаа яриад байгаа юм гэж хэлэх хүн байж магадгүй юм. Тэгвэл Монгол төрийн наадам гэдэг маань үндсэн утга агуулгыг нь хэлэх юм бол хаа нэгтээ хэдэн хүн цуглуулж үйл явдлыг жүжиг адил найруулаад зурагтаар харуулчихдаг амархан юм биш ээ. Наадамчин олонд наадмын нээлт ямар болсон гол нь биш хэн гэдэг бөх түрүүлэв, хэн хэн улсын цолд хүрэв, хаанахын ямар уяачийн уясан хүлэг түрүү магнай болов гэдэг л ирэх жилийн наадам хүртэл ярих сонин сайхан байдаг билээ.
 
Бас хүн бүр л наадмын талбайдаа очиж өөрөө бүрэлдүүн нь болж, оролцогч нь байж сэтгэлийн баяр цэнгэл эдэлдэг. Сэтгүүлч миний хувьд сүүлийн 30 гаруй жил тасралтгүй наадмын ногоон дэнжид очиж үүргээ гүйцэтгэн морь, бөх, сур, шагайн наадмаа сурвалжилсан. Гэтэл энэ жил үзэгч түмнийхээ адил наадамд очих “эрхээ хасуулав”. Тиймээс наадам үзээгүй гээд байгаагаа буруу гэж огтхон ч бодохгүй байна. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Монгол Улсын аварга С.Мөнхбатын “үзэгчгүй наадам бол наадам биш” гэж хэлсэнтэй санал нэг байдаг юм.
 
Үнэндээ монгол хүн наадамчдынхаа дунд орж баяр хөөр, хөл хөгсөөнд автаж, гоёлоо зүүсэн өмссөн олныхоо жавхаатай дүр зургийг бахдан харж дэмждэг бөхөө давахад уулга алдаж, морь ирэх агшинд тоосонд нь булуулж, самсаа шахиран бахаа хангадаг юм даа. Ингэснээр л сайхан наадлаа гэж ам дүүрэн хэлдэг түмэн чинь монголчууд шүү дээ. Энэ бүхнийгээ энэ жил үгүйлсэн гэдэг нь үнэн. Наадам гэдэг өндөр утга илэрхийллээс тусдаа байлаа бид.
 
Орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалтай байгаа үед үзэгчгүй наадам хийнэ гэсэн яриа гарснаас эхлээд янз бүрийн шүүмжлэл их л өрнөсөн дөө.
 
Наадмыг нийслэлийнхнээс зугтаалгаж Монголын хангайн төгсгөл гэгддэг Нагалхан уулын хормой “XIII зуун” гэдэг жуулчны бааз, цогцолборт үзэгчгүй хийх хэрнээ өмнөх жилийн наадамтай адил гурван тэрбум төгрөг зарах юм гэнэ. Ёс төдий хийх юм бол төсвөөс тийм их хөрөнгө гаргах ямар хэрэгтэй юм гэх хар, хор дагуулсан жиг жуг яриа зөндөө байсан.
 
Үүний хариуд наадам зохион байгуулагчид “Монгол наадам” гэдэг контент бий болгох гэж байгаа юм. Энэ нь Монгол орныг гадаадад сурталчлах, тэгснээр жуулчдыг татах их хүч болно гэж тайлбарлаж байв. Тэгээд л тусгаар тогтнолын 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын баяр наадмыг хийлээ л дээ. Наадам “XIII зуун” цогцолборт төвлөрсөн болохоор тэнд нээлт нь боллоо. Энэ талаар олон түмэн янз бүрийн сэтгэгдэлтэй байна лээ. Наадмын нээлт хачин сайхан боллоо гэсэн нэг хэсэг байхад бусад нь нэг их нүсэр концерт л байх чинь билээ гэцгээж байлаа. Олон ястны дуу хуурын дээж, монгол ёс заншлын хураангуй эндээс харагдана лээ.
 
Харин хүн бүрийг өөрт нь тээр болом хувцас, хэрэглэл өмсгөж бүгдийг дуул, заавал бүжиглэ гэсэн шиг дүр төрх ажиглагдсан. Алив юмыг байгаагаас нь хэтрүүлэхээр бурууддаг л даа. Үзэгчгүй наадмын цагдаа нарт хүртэл дээр үеийн “Арван тавны цагдаа”-гийн цэнхэр дээл, хүрэн хантааз өмсгөсөн нь зохиогүй чимэг байв. Ер нь тэнд цагдаа хэрэг байсан юм уу үгүй юу. Мэдэхгүй.
 
Унасан бөх уурлаад давсантайгаа зодолдоно гээгүй л юм бол цагдаагийн үүрэг тэнд байсангүй гэж болно. Шүүмжлэхгүй юмаа гэхэд гайгүй боллоо гэгдсэн наадмын ард цэнгэлдэхдээ багтахгүй чихэлдэж, Хүй долоон худгийн хөндийг хүн, морь мал бүрхэж байдаг дэнж хотойлгосон тэр сайхан дүр зураг үнэхээр үгүйлэгдлээ. Уг нь Монгол наадам чинь оригоороо байх нь сайхан байдаг болохоор дэлхийн гайхамшиг бүхнийг багтаадаг “Гиннесийн ном”-д аль хэдийнэ бичигдсэн юм шүү дээ. Гэтэл нэг шинэ сиди бий болгох гэж бүхнийг хуурмагаар халхавчилсан наадамцарын контент гэгчийг дэлхийд цацах нь мушгин гуйвуулга ч юм шиг гэх хүн бас олон байна билээ.
 
Ингээд цааш энэ тухай бүр орхиж болдгоороо болсон хүчит бөхийн барилдааны тухай бэсрэгхэн сонирхуулъя юу. Бүх аймаг, сумын наадам нэгэн зэрэг болж байгаа болохоор өмнөх жилийн наадмын улсын баярт цолгүй бөх бараг зодоглохыг бараг больсон бол энэ жил нэг биш салаа цэрэг авчирч барилдууллаа. Харин тэр аварга, арслан, гарьд, заан ирсэнгүй гэхээр юм бараг байсангүй. Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Н.Батсуурь, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, улсын арслан Д.Ганхуяг, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, Ө.Бат-Орших, улсын заан Н.Жаргалбаяр, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, улсын харцага Ш.Уламбаяр, Т.Баасанхүү, улсын начин Э.Энхбат нарын оролцоотойгоор уламжлал ёсоор 512 бөх барилдлаа.
 
Халдварт цар тахал өвчний улмаас  оны эхний сараас хойш нэг ч барилдаан болоогүй болохоор хэн гэдэг бөхийн бэлтгэл, чанар чансаа ямар байгааг урьдчилан хэлэх боломж байгаагүй ээ. Гэхдээ улсын аварга Н.Батсуурь,  улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж нарын нэг л түрүүлэх болов уу гэсэн таамгыг олон хүн хэлж байсан юм. Гэтэл энэ таавар гурвын даваанаас эвдэгдэж эхлэв. Олон хүний тааварт орж байсан улсын харцага О.Хангай гурвын даваанд Өмнөговь аймгийн арслан Э.Нямаад, улсын харцага Б.Бат-Өлзий дөрвийн даваанд Хөвсгөл аймгийн арслан Ц.Сандагдоржид, улсын арслан Ц.Содномдорж тавын даваанд Увс аймгийн арслан Ц.Мөнхбаярт унаад өгдөг байгаа. Ингэснээр олонхийн таавар бараг л “будаа болов”.
 
Бас дээгүүр барилдаж цолоо ахиулах болов уу гэж харж байсан улсын харцага Д.Анар, улсын заан Н.Жаргалбаяр нар эртээ унаж үзэгчдийн суудалд шилжив. Мөн улсын гарьд Б.Гончигдамба, улсын начин Б.Орхонбаяр нар 4-6-гийн даваанд өрсөлдөгчдөө тахимаа өгсөн. Гэвч барилдаан улам ч сонирхолтой өрнөж тавын давааны дараа аймгийн есөн арслан улсын начин болчихдог юм. Архангайгаас хоёр, Завханаас мөн хоёр шинэ начин төрөв. Тэднээс Баянхонгорын Баян-Овоо сумын харьяат Б.Бат-Орших, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Б.Зоригтбаатар, мөн аймгийн Хайрхан сумын харьяат О.Мөнх-Эрдэнэ, Увс аймгийн Тэс сумын харьяат Ц.Мөнхбаяр, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Н.Мустафа нарыг үнэн хүчээрээ улсын цолтон болсныг хэлэх хэрэгтэй байх. Даангүй улсын аварга С.Мөнхбатыг давсан О.Мөнх-Эрдэнэ, улсын арслан Ц.Содномдоржийг хаясан Ц.Мөнхбаяр нарыг онцлох нь зүйтэй биз.
 
Ноднингийн наадмаар бас дөрөв давж, начны даваанд түрүү бөхөд өвдөг шороодсон аймгийн арслан Н.Мустафа энэ жил даагаа нэхэж тавын даваанд улсын өрнөх дэлгэрэх начин Э.Энхбатыг илүүрхэн давж улсын начин болсон нь жинхэнэ сайн бөх гэдгээ харуулсан юм.
 
Тэр ёстой л чадаж байгаа юм чинь гэж хэлсэн биз. Тэгвэл зургаагийн даваанд өмнөх даваанд улсын начны болзол хангасан Баянхонгорын Баян-Овоо сумын харьяат Б.Бат-Орших, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Б.Зоригтбаатар гэсэн аймгийн арслангууд даваагаа ахиулж улсын харцага цолд хүрлээ. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, улсын начин Ц.Одбаяр мөн харцага цолтон болов. Гэтэл шинэ цолтон тэднээр дууссангүй ээ. Долоогийн даваанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын харцага Ш.Бадарч улсын арслан Р.Пүрэвдагвад амлуулж барилдаад давж заан цолны болзол хангав.
 
Ингээд наадмын бөхийн их шөвөгт улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага М.Бадарч нар үлдсэн юм. Наймын даваа их өрсөлдөөнтэй болж аварга Н.Батсуурь, харцага М.Бадарчийг, улсын арслан П.Бүрэнтөгс улсын заан Б.Пүрэвсайханыг амлан авч барилдаад давснаар аварга, арслан хоёр үзүүр, түрүү булаалдахаар шалгарав. Н.Батсуурь түрүүлбэл даян аварга П.Бүрэнтөгс түрүүлбэл аварга цол хүртэх байлаа. Гурван жил дараалан үзүүр, түрүүнд үлдсэн амжилтын эзэн юм болохоор аварга л түрүүлэхнээ гэтэл арслан арал чацаар илүүрхэн даваа авчихав. Тэгээд энэ жилийн үзэгчгүй наадмын түрүү бөхөөр Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс тодорч Монгол Улсын 25 дахь аварга боллоо. Энэ бүхэн баяр наадмын бөхийн содон амжилтууд л даа. Харин сурвалжлагынхаа эцэст энэ наадмын бөхийн хамгийн ахмад нь Увс аймгийн харьяат улсын начин Д.Цэвээн 64 настайдаа, Архангай аймгийн харьяат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ 55 настайдаа улсынхаа наадамд зодоглосныг бахархан тэмдэглэе. Бас нэг азгүй бөхийн тухайд гэвэл Хөвсгөл аймгийн арслан Ц.Сандагдоржийг нэрлэж болно. Тэр өнгөрсөн жилийн наадмын тавын даваанд Б.Орхонбаяртай тунаж барилдаад унасан бол энэ жил мөн тавын даваанд аймгийн арслан Б.Бат-Оршихтой бас тунаж үлдээд мөн л унав. Ноднингийн шигээ түрүүлгээ хараад удтал хэвтэв. Харамслаа тэгж л илэрхийлдэг юм билээ. Тэр бас хойтонгийн наадам хүлээх боллоо. Үүнээс өөр наадмын сонин болгон ярих гэж хэл ам загатнах юм тааруу даа. Наадам үзээгүй болоод л тэр байх.
 
 
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин