sonin.mn
Эрх зүйч Т.Бат-Оргил МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлж, өөрийн танилцуулга, мөрийн хөтөлбөрөө МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд өчигдөр хүргүүлжээ.
Тэрээр өөрийн мөрийн хөтөлбөрөө нээлттэй дэлгэсэн байна.
 
 
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлсэн Төрболдын Бат-Оргилын мөрийн хөтөлбөрт :
 
"Зорилт
 
1990 – 2000 оны хооронд манай улс тодорхой чиглэл, тэмүүлэлтэй байсныг тэр үеийн нэвтрүүлэг, бүтээлүүдээс тодхон харж болох билээ. Харин сүүлийн хорин жилийн турш манай нийгэм аажмаар утга, баримжаагаа алдаж ирснийг бид юуны өмнө хүлээн зөвшөөрч байж, дараа дараагийн алхмууд тодорхой болох юм. Бид 1990 онд нам төвтэй хуучны тогтолцоог халах зорилго тавьж ирээдүйн зүг алхсан боловч эргээд яг тэр тогтолцооны өөр, бүр илүү хортой хувилбарыг босгожээ.
Олон нийтийн радио телевиз нь ээлжлэн солигдох эрх баригч намуудын аясаар өөрчлөгддөг ухуулга сурталчилгааны суваг бус үндэстний сэхээтэн, ард түмэн хоёрын соёлын холбоос, ороо бусгаа энэ ертөнцөд олон түмэндээ зүг чигийг хэлбэрэлтгүй заагч нь байх учиртай билээ. Бид ажлаа үүнээс л эхлэх ёстой. МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСТ МЭДЛИЙГ НЬ ӨГЬЕ!
Үзэл баримтлалын хувьд 30 жилийн туршид бий болгож чадаагүй Монгол төрийн доктриныг бүтээхэд сэхээтнүүд, тэр дотроо сэтгүүлчид маш идэвхтэй оройлон оролцох ёстой. Олон нийтийн радио телевиз энэ процессд манлайлах үүрэгтэй. Харин Ерөнхий захирлын үүрэг нь мэргэжлийн багтаа бүх талын дэмжлэг үзүүлэх явдал юм. Тэрээр ганцаараа бүхнийг мэддэг, чаддаг дарга биш, хүмүүсийг бус процессыг удирдаж, чадварлаг мэргэжилтнүүдийн манлайллыг дэмжиж, бүх төрлийн зөрчлийг бүтээлч эрчим болгон чиглүүлдэг уян хатан зохицуулагч байх ёстой юм.
 
Хүний нөөцийн бодлого
 
Чадварлаг удирдагч гагцхүү сайн багтай л ажилладаг биш, харин байгаа хамт олныхоо чадварыг дайчилж чаддаг хүнийг хэлдэг. Монгол байгууллагууд ихэвчлэн хүний нөөцийн тодорхой бодлого байдаггүй. Ажилтнуудынхаа мэргэжлийн чадварт л дулдуйдах боловч, тэдний багаар ажиллах, нэвтрэлцэх, зөрчлийг шийдвэрлэх гэх зэрэг уян чадваруудыг огт хөгжүүлдэггүй орхидог. Байгууллага стратегийн зорилгодоо хүрэхэд зайлшгүй шаардлагатай уян чадваруудыг тодорхойлж, тэдгээрийг хөгжүүлэхэд байгууллагын боловсон хүчний бодлого чиглэх болно.
 
Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд ч зохих ёсны анхаарал хандуулах шаардлагатай байна. Гэрэлтүүлэгч, зураглаач, монтажчин нарын чадвар илтэд хоцрогдсон нь ажиглагддаг. Мэдээжийн хэрэг техникийн шинэчлэлийн асуудал нөлөөлдөг байх. Гэхдээ л сайжруулж болох зөндөө боломж, зай байгааг бүрэн дүүрэн ашиглах ёстой. Редактор, найруулагчид ч хэзээ хамгийн сүүлд сургалтад суусан, мэргэжлээ дээшлүүлсэн нь нэвтрүүлгүүдийг үзэхэд эргэлзэхэд хүргэдэг. Олон улсын нэр хүнд бүхий нэвтрүүлгүүдийг үзэх, санаа авахаас эхлээд, холбоо тогтоож, техникийн туслалцаа авах зэрэг олон аргуудаар суралцах, арга барилаа шинэчлэх боломжууд их байна. Бид 1990-ээд оны үедээ үлдсэн мэт байж боломгүй байна.
 
Нийт боловсон хүчний гадаад хэлний мэдлэг, бие дааж судалгаа хийх чадваруудыг сайжруулах нь нэн тэргүүний ажил байх бөгөөд, ажлын үр бүтээмжийн үнэлгээний нэг хэсэг нь болох болно.
Нэвтрүүлэгчдийн, ялангуяа сурвалжлагчдын сургалтад онцгой анхаарч, тэдний ярианы чадварыг сайжруулах, нэвтрүүлгийн төрлүүдэд таарсан хоолойн дасгалуудыг хийлгэж, мэргэшүүлэх болно. Тухайлбал, спортын нэвтрүүлэг хөтлөх, улс төрийн тойм хийх нь огт өөр өөр хоолойн тембр, темп шаарддаг. Нэвтрүүлгийн төрөлтэйгөө таараагүй дуу хоолойн регистр нь үзэлтийг багасгахад нөлөөлөх сөрөг хүчин зүйлд ордог.
Мэдээж, энэ бүхнийг бүрэлдүүлэхэд тодорхой хэмжээний төсөв шаардлагатай ч, энэ нь голлох зүйл огт биш. Учир нь, байгууллагад ажиллахад хамгийн чухал нь эрүүл, ажил хэрэгч уур амьсгал байдаг бөгөөд энэ нь цалин хангамжаас ч илүү чухал болохыг хүний нөөцийн шинжлэх ухаан, зүгээр энгийн ажиглалт нотолдог юм. Харин энэ бол чухам байгууллагыг удирдаж буй гүйцэтгэх удирдлагаас шууд хамаардаг билээ. Хүмүүсийн ажил хөдөлмөр, санаачилгын шударга үнэлгээ, зохистой халамж, дэмжлэг үүний нэгэн чухал бүрэлдүүн мөн.
Нөгөө талаас, орчин үед сайн дурынхны хүч, дэмжлэгийг авах нь маш олон асуудлуудыг шийдвэрлэдэг билээ. Тухайлбал iReport – байгууллагын зохих сургалтын хөтөлбөрт оролцож, бүх стандартыг хангаж, аккредитацаар орсон сайн дурын сурвалжлагчдыг дайчилж болно. Видео бичлэгүүд хийж байхдаа хөгжилтэй дүрсүүдийг баримтжуулах нь хүмүүст олон тохиолддогийг ч үүнд ашиглаж, нэгэн том сонирхолтой бие даасан нэвтрүүлэг болгон гаргах боломжтой. Хүмүүс бусад хүнийг харахаас илүү өөрсдийгөө, таньдаг хүмүүсээ харах нь цагийн цагт л сонирхолтой байсаар ирсэн факт шүү дээ. Маш чадварлаг залуу мэргэжилтнүүд олноороо бий болсон бөгөөд тэдний хувьд олонд танигдах нь туйлын чухал сонирхол нь байдаг. Тэднийг хагас цагаар, магадгүй бүр үнэгүй дайчлан ажиллуулж, аяндаа тэдний дундаас хамгийн чадварлагуудыг нь шигшин залуу халаагаа бэлдэх нь боловсон хүчний шинэлэг нэгэн бодлого байж болно. Оны эцсээр шилдэг ажилтнуудыг шалгаруулахдаа тэдэнд тусдаа номинаци гаргаж, байгууллагын дотоодын арга хэмжээ биш үзэсгэлэнтэй, сонирхолтой том шоу болгож бас нэгэн бие даасан нэвтрүүлэг болгож болно.
Байгууллагын Ерөнхий захирал өөрөө од болох гэж зорих нь зохимжгүй. Харин олон од төрүүлсэн удирдагч л жинхэнэ манлайлагч байдаг билээ. Энэ тушаалд томилогдсон хүн аль ч улс төрийн үзэл баримтлалтай, ямар ч шашин шүтлэгтэй, хүйсийн ямар ч хандлагатай, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг, нас үеийг ялгаварлалгүй ажиллах үүрэгтэй. Харин тэрээр залхуу, чадваргүй хоёрыг л үл тэвчих ёстой юм. Олон нийтийн радио телевизийн эцсийн өмчлөгч нь уран бүтээлчид, тэдэнд захиалга өгч ажиллуулдаг олон нийт хоёр учир, томилгоо, редакцийн бодлого хоёрт энэ хоёр этгээдийг хамгийн өргөнөөр оролцуулах нь боловсон хүчний болоод редакцийн бодлогын үндэс мөн.
 
Хангамж, нийгмийн халамж
 
Ажилчдынхаа цалин хангамжийг инфляцийн төвшинөөс багагүй хэмжээгээр цаг тухайд нь нэмэгдүүлж байх нь байгууллагын удирдлагын хамгийн наад захын шууд үүрэг мөн. Иймд, 1989 оны цалингийн сүлжээг тухайн үеийн төгрөгийн худалдан авах чадвартай харьцуулж, түүнээс хойш төгрөгийн инфляфцийг тооцоолж, өнөөгийн цалингийн суурь төвшинг жишиж тогтоох, үгүй бол олон улсын цалингийн дундажтай харьцуулж тогтоох нь зүйтэй. Бүтцийн өөрчлөлтийг хийж, давхцалтай бөгөөд онц шаардлагагүй, ялангуяа удирдах шатны орон тоонуудыг цомхтгож, суларсан цалингийн санг чадварлаг уран бүтээлчдийн суурь цалинг нэмэгдүүлэх байдлаар олгох нь хамгийн оновчтой шийдэл мөн гэж үзэж байна. Орчин цагт 1,000,000 төгрөгөөс доош хөдөлмөрийн хөлсийг мөлжлөг гэж үзэх нь зүйтэй. Учир нь, энэ нь сарын 350.9 USD буюу цагийн 2.19 USD болж хөрвөж байгаа учир, үүнээс доош мөнгөөр хүн ёс төртэй амьдрах ямар ч боломжгүй юм. Байгууллагын дундаж цалинг 400 USD буюу 1,140,000 төгрөг болгох нь тус байгууллагын боловсон хүчний бодлогын ойрын зорилт мөн. Өнөөгийн байдлаар дэлхийн дундаж цалин 1,480 USD бол манай улсын хувьд Purchasing Power Parity 69%-тай тул 1,021.20 USD буюу 2,910,000 төгрөгийн цалин нь манай дунд шатны буюу таван жилийн зорилго байх ёстой гэж би итгэдэг, тэрнийхээ төлөө ч бид бүгд ажиллах ёстой.
Үүнээс гадна, нэмэлт урамшуулал, нийгмийн халамж, хөдөлмөрийн шударга ёс нь үүнээс дутахааргүй чухал байр суурийг эзэлдэг билээ. Өөрөөс нь чадваргүй хүмүүс илүү цалин хангамж авч, албан тушаал ахих нь чадварлаг боловсон хүчний урмыг хугалдаг маш хүчтэй сөрөг хүчин зүйл мөн. Энэ асуудлыг шийдэхэд гүйцэтгэх удирдлагад ноён нуруу, иргэний зориг, чанд ёс зүй хэрэгтэйгээ. Асуудал зөвхөн мөнгөндөө ч биш, эаримдаа хүмүүс зөвхөн шударга ёс, утга төгөлдөр зорилго хоёроор жигүүрлэн бэрхийг давж чадсан байдаг. Ажилчдын нийгмийн халамжийг сайжруулахад стандарт бус сэтгэлгээ шаардагдах нь ч гарцаагүй. Бүхнийг зөвхөн мөнгөөр шийдэх гэж оролдох юм бол хэзээд гачигдалтай байсаар зорилгодоо хүрэхгүй юм.
 
Олон асуудлуудыг бартераар шийдэж болдог. Тухайлбал, барилгын талбайгаа оновчтой ашиглаж, ажилчиддаа зориулсан үйлчилгээг тендерээр шалгаруулж, түрээс авахгүй нөхцөлтэйгөөр ажилчдад ашигтай байдлаар зарим асуудлыг шийдэж болно. Үнэндээ кофе шоп, ресторан зэргийг ч олон улсын зэрэглэлээр байгуулж болмоор санагддаг. Түрээсийн мөнгө нь өөрөө төдийлөн чухал биш, тэр нь бүр зохисгүй ч юм. Уучир нь үндсэн үйл ажиллагаатайгаа үл зохицох чиглэл мөн. Харин өдөр шөнөгүй бүх хүч, чадварыг нь шавхан ажиллуулах гэж буй ажлын хамт олондоо нэн тухтай орчин бүрдүүлж, тэдэнд гүн хямдралтай үйлчилгээг бий болгох нь гүйцэтгэх удирдлагын зорилтуудын нэг байх ёстой. Гүйцэтгэх удирдлага нь өөр үйл ажиллагаанаас зохих ёсны санхүүжилтээ хайж олох нь түүний хамгийн чухал ажил үүргүүдийн нэг мөн. 
 
Санхүүжилт
 
Хараат бус байгууллага гэдэг нь санхүүжилтийн хувьд ч хараат бус байх ёстой гэдэг нь илэрхий үнэн. Улсаас баталж буй төсөв нь зөвхөн тодорхой хэсгийг л эзлэх ёстой юм. Тийм болохоор зөвхөн төсвөөс баталсан мөнгөөр үйл ажиллагаагаа явуулах юм бол хэзээд эрх баригчдаас хамааралтай байна гэсэн үг мөн. Иймд, Ерөнхий захирлын нэн чухал чадварт мөнгө санхүүжилт босгох ур авьяас ордог билээ. Олон улсын харилцаагаа чанарын шинэ төвшинд хүргэж, сэтгүүл зүйг дэмжих, ардчиллыг хамгаалах гэсэн олон төрлийн сангуудаас хөрөнгө босгох, төсөл хэрэгжүүлэх гэх зэрэг олон аргууд бий. Ижил төрлийн байгууллагуудтай шефын харьцаа тогтоож, боловсон хүчнээ сургуулах, хамтран ажиллах гээд олон мөнгөн бус дэмжлэг авч болдог. Түүнчлэн, дотоодоосоо ч хөрөнгө босгох нь чухал юм. Эцсийн дүндээ энэ байгууллага Олон нийтийн учир олон нийт нь эзний ёсоор өөрийн байгууллагаа санхүүгээр ч дэмжих, тайлан, хариуцлага ч нэхэх ёстой нь энгийн логик мөн. Үнэндээ, ач холбогдол нь үнийн дүндээ биш, жинхэнэ утгаар нь олон нийтийг нийгмийн үйл хэрэгт оролцуулж, өөрийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагынхаа санхүүд нь санаа зовж, дэмжиж, түүнийг улстөр, зах зээлийн түр зуурын хандлагуудаас тусгаарлан хамгаалах үйл хэрэгт оролцуулж, эзний сэтгэлийг суулгах явдалд орших билээ.
 
Санхүүжилтэд мөн маркетингийн шинэ бодлого ч ихээр нөлөөлөх ёстой. Тухайлбал, Улаан бал, the Voice, Эхнэрийн заавраар гэх зэрэг нэвтрүүлгүүдийн адил өөрсдийн хэд хэдэн бренд “зүтгүүрүүдийг” бэлдвэл түүний рекламны цагийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж зах зээлийн хуулиар ханш нь ч тэр хэрээр өсөх нь эргэлзээгүй. 
 
Нөгөөтээгүүр, Consumer reports сэтгүүлийн зарчмыг хэрэгжүүлж, мөнгө төлсөн бүхний сурталчилгааг биш, хатуу шалгуур тавьж, үйлчилгээ бүтээгдэхүүнүүдийг лабораторийн туршилтад оруулах зэргээр сурталчилгааны үнэн бодит байдлыг нь магадалсны эцэст сая сурталчилгааг нь нэвтрүүлэх бодлогыг баримтлах юм бол үзэгч, сонсогчдын эрх ашгийг хамгаалаад зогсохгүй, чанарын баталгаатай учир борлуулалт нь ч маш өндөр байдаг. Үүнийгээ дагаад сурталчилгааны ханш нь ч бусад сувгуудынхаас хэд дахин өндөр байдаг туршлагыг манайд нэвтрүүлж туршиж болно.
Босгосон хөрөнгө, тэрний зарцуулалтыг ил тод олонд тайлагнадаг байх нь байгууллагын эрүүл саруул уур амьсгалыг бүрдүүлэхээс гадна түүнийг олон нийтийн хамгаалалт, хараа хяналтад оруулна.
 
Нэвтрүүлэг, редакцийн бодлого
 
Үндэсний радио, телевизийн уламжлалыг үргэлжлүүлж, аливаа асуудалд ул суурьтай хандах консерватив чанарыг хадгалах нь байгууллагын бодлогын хэсэг байх болно. Нөгөөтээгүүр, дэлхийн сэтгүүл зүй, зурагт, радиод шинээр бий болж байгаа хандлагуудыг нэвтрүүлнэ.
Нэвтрүүлгүүдийн чанарыг сайжруулахын тулд лүүп буюу давталтын системийг нэвтрүүлэх нь зүйтэй. Олон хүний хүч хөдөлмөр орсон, багагүй хөрөнгө оруулж бүтээсэн нэвтрүүлгүүдийг ганц хоёрхон удаа цөөн хэдэн хүн үзэх нь туйлын хангалтгүй юм. Эфирийн цагийг дүүргэх гэж хүний нөөц, техник, материал баазаа чардайлган байж чанаргүй олон нэвтрүүлгүүдийг ар араас нь цувруулахаас илүү, чанартай цөөн нэвтрүүлгүүдийг тодорхой давтамжтайгаар тойруулан олон хүнд үзүүлэх нь эдийн засгийн ч хувьд, уран бүтээлийн үйлдвэрлэлийн логикийн хувьд ч илүү зохистой.
 
Залуу үеийг илүү шинжлэх ухаанч болгох, сонирхолтой хэлбэрээр тэдний анхаарлыг хэрэгтэй зүйлд хандуулах нь нэн чухал байна. Хүүхдийн нэвтрүүлгийг хийхдээ хүүхдийн сэтгэл судлаачдыг оролцуулж, дэлхийн шилдэг дадал туршлагыг ашиглан үндэсний контентоо боловсруулж, Монгол Улсын ирээдүйн иргэдийг хүмүүжүүлэх ажлыг зохион байгуулах болно.
 
Манай иргэдэд чухам ямар уян чадваруудыг сургаж, дадал болговол Монгол Улсын хөгжилд чухал болохыг судалгааны болон төрийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, нэвтрүүлгүүдийг бэлдэхдээ онцгой анхаарах ёстой. Монгол түмний эрхэм зүйлүүдийг сэтгэлд нь шинээр бадруулах ажлыг эхлүүлж, уран бүтээлчид, сэтгүүлчдийн хамтын ажиллагааг санаачилна. Үндэсний бахархлын шинэ томьёоллыг боловсруулах, үндэсний тэмдэг чанарыг тодорхойлох ажлын суурийг тавих болно.
Сүүлийн үед зарим хариуцлагагүй улстөрчид цензурыг буюу мэдээлэл гарахаас өмнө хэн нэгнээр түүнийг хянуулж, батлуулдаг бурангуй системийг сэргээх гэсэн оролдлоготой тууштай тэмцэж, харин үүний оронд зохисгүй агуулгын тухай хуулийг батлуулахын тулд ажиллах нь илүү зохилтой. Үүнийг болоод сэтгүүл зүйд тулгамдаад буй бусад чухал асуудлуудыг шийдвэрлэхийн тулд нөлөөллийн ажил зайлшгүй хийгдэх учиртай юм.
 
Лобби
 
Лобби гэдэг нь хэн нэгэнд мөнгө, харамж өгч, буруу зүйл хийлгэхийг хэлдэггүй (олон улсад үүнийг хууль бус лобби гэж ангилдаг), харин бодлого боловсруулж байгаа этгээдэд өндөр зохион байгуулалттайгаар өөрийн үнэн зөв мэдээллийг хүргэж, зөв шийдвэр гаргахад нь нөлөөлөх ажиллагааг хэлдэг. Сэтгүүлчид нийгэмд идэвхтэй байр суурь эзэлж, өрнөж буй процессыг тайлбарлах, тоймлох төдий биш, харин оролцож, залдаг, чиглүүлдэг хүчин болох ёстой. Үүний тулд Сэтгүүлчдийн холбоог бэхжүүлж, салбар дотрын ач холбогдолгүй зөрчлүүдийг намжааж, нэгдсэн фронтоор улс орондоо өөрсдийн үзэл баримтлалаа даацтай хүргэдэг болох нь өнөө цагийн дуудлага мөн. Үүнд тус байгууллагын үе үеийн сэтгүүлчдийн үүрэг оролцоо чухал байх болно. Нөгөөтээгүүр, байгууллагын гүйцэтгэх удирдлага нь зөвхөн салбар, мэргэжлийн төдий биш, нийт ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалахын тулд нийгмийн нөлөө бүхий хүмүүс, тэргүүлэх улстөрчидтэй хамтран ажиллаж, шаардлагатай хууль тогтоомжууд, нэмэлт өөрчлөлтүүдийг батлуулах ажлыг гардан зохион байгуулах ёстой.
 
Радио
 
Олон нийтийн радиог хөгжүүлэх тусдаа том хөтөлбөр боловсруулах учиртай. Өнөөгийн байдлаар олон нийтийн радио байр сууриа үлэмж хэмжээгээр алдсан байдалтай байгаа тул нөхцөл байдлыг засч залруулахын тулд тухайн салбарын мэргэжилтнүүдийг мөн залуу бизнесийн төлөөлөгчдийг оролцуулан, хөгжлийн хөтөлбөрийг ул суурьтай боловруулах болно. Олон улсын тэргүүний туршлага судлах, техникийн туслалцаа авах нь зүйтэй. Кабелийн телевиз, интернэт, FM хөгжсөн орчин үед АМ долгионы радиогийн цаашдын хөгжил чухам ямар байх талаар тал бүрийн судалгаа хийгдэх ёстой. АМ эрин дууссан гэж үзэж болох юм уу? гэдэг асуулт ч хариугаа нэхэж байна. Хэрэв total black down болсон үед зөвхөн АМ долгион ажиллаж үлдэх боломжтой юу гэх зэрэг үндэсний аюулгүй байдалтай ч хамаарах асуудлыг хуумгай шийдэж боломгүй юм.
 
Зорьж буй үр дүн
 
Олон нийтийн радио, зурагт нь Засгийн газрын харья агентлаг, эсвэл эрх барьж буй аль нэг намын ухуулга сурталчилгааны зэвсэг биш, үндэсний эрх ашиг, эв нэгдлийг хамгаалагч, улс ардынхаа ухамсрыг бүрдүүлэгч болон илэрхийлэгч, хөгжлийн зүг чигийг тодорхойлогч, хараат бус, бие даасан УРАН БҮТЭЭЛИЙН нэгдэл жинхэнэ утгаараа болох ёстой.
Аливаа бизнес амжилттай явахад Стратеги, Захиргаа, Үйлдвэрлэл, Хөгжүүлэлт гэсэн үндсэн дөрвөн функц заавал байх ёстой. Иймд, шинэчлэлийн үр дүнд орхигдоод байгаа Хөгжүүлэлтийн функцийг нэвтрүүлж, орчин үеийн, дэлхийн хэмжээний Олон нийтийн радио телевиз Монголд бий болох болно.
Мөн Монгол Улсад сэхээтний нэгдэл өнөөдөр юу юунаас чухал болж байгаа энэ үед тэдний индэр болж, залуу хойч үеэ хүмүүжүүлж, сургах, нийгмийн ухамсрын платформ болж чадсан эсэхээр Ерөнхий захирлын ажлын үр дүнг үнэлэх ёстой юм" гэжээ.
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн ерөнхий захирлын орон тооны сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, сэтгүүлч М.Амарбаяр, Харилцаа холбооны зохицуулах газрын дарга асан С.Адъяасүрэн, сэтгүүлч Р.Гандиймаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны ажилтан асан Ш.Отгон-Өлзий, сэтгүүлч Н.Болормаа, МҮОНРТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Гэрэл, сэтгүүлч А.Бүрэнбаатар, УИХ-ын даргын зөвлөх, сэтгүүлч С.Баярмөнх нар илэрхийлээд буй юм.