sonin.mn

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАН-ын гишүүд ху­ралдаад тавьсан шаард­лагуудыг АН-тай ерөн­хийдөө зөвшилцлөө гэж ойлгож болно гэсэн. Энэ тал дээр таны хувийн байр суурь юу байна?

-Мэдээж төрийн ажлыг явуулахдаа гацаалт үүс­­гэхийн эсрэг байр суурь­тай байгаа.  Гэхдээ  тө­рийн  ажлыг одоо мөрдөгдөж буй хууль эрх зүйн хүрээнд хийгээсэй л гэж бодож байгаа.

-Нэг хэсэг МАН төрийн ажлыг гацаалаа гэж байсан. Одоо “Шударга ёс” эвсэл  гацаалаа л гэнэ. Чухам аль нам нь төрийн ажлыг гацаагаад байгаа юм?

-Хүн бүр өөрсдийнхөөрөө л дүгнэнэ байх. Манайх сайн нам, бид гацаагаагүй. Өрсөлдөгч нам гацаасан гэсэн зүйл ярих нь хэр зохимжтойг би мэдэхгүй. МАН-аас хуулийн хүрээнд ажиллачихаасай гэсэн зорилт, зорилго л тавьж байгаа. Улстөрчид бид өөрсдөө хуулиа мэдэхгүй бол жирийн иргэдээсээ хууль дагаж мөрдөхийг шаардах эрх, ёс зүй байхгүй шүү дээ.

-Намууд зөвшилцөж байна гэж байна. Гэсэн ч танай намынхан Цэцийн шийдвэрийг хүлээх юм биш үү?

-Нэг талаас Цэцийн шийдвэрийг хүлээх шаард­лага бий. Харин нөгөө талаасаа намар болж байгаа учраас Засгийн газар байгуулахгүй удаах нь өвөлжилтийн бэлтгэл, хаваржилтад сөргөөр нөлөөлнө гэдэг том эрх ашгийн үүднээс МАН харж байна.

Хэдийгээр хуулийн хэ­рэгжилтийг шаардаж байгаа боловч бусад улстөрийн  хүчин энэ алдаагаа засаад, том асуудлын төлөөх эрх ашиг дээрээ нэгдэх нь чухал. Энэ алдааг засах нь үндсэндээ 10 минутын л асуудал шүү дээ.

-Хууль бус гэж үзээд байгаа УИХ-ын даргатай чуулганд оролцох хэрэг үү?

-Залуучуудын хэлдгээр хадаасан дээр сууна гэж ярьдаг даа. Түүн шиг З.Энхболд дарга хууль зөрчиж томилогдсоноос олонхын зөвшилцөөнөөр хий­сэн юм бол хуулийн дагуу хийхэд 10 минутын л процесс шүү дээ. Номынх нь дагуу зөвшилцөөд, албан бичгээр саналаа тавиад, манайхан зөвшилцөж, ха­риуг нь өгөхөд 10 минутын ажил байгаа биз дээ.

-Тэгвэл таны яриад байгаа 10 минутын ажлыг улам бүр яаравчилж бай­гаа бололтой. Урьд нь зар­лагдаад хойшилдог бай­сан чуулганы хуралдаан өнөөдөр /өчигдөр/ зарласан хугацаандаа, маш хурдан болж өнгөрлөө. Бас ч үгүй байнгын хороодоо ч бүр­дүүлж байна шүү дээ. Ингэтлээ яарах хэрэгтэй юм байх даа?

-Тэгж яарч байгаа асуудал харагдаж байна. Үндсэндээ гамшигтай юм болж байгаагийн илрэл. Тухайлбал, байнгын хороо­дын гишүүдийн тоог буулгасан. Байнгын хороо 10 хүнтэй болно. Зургаан гишүүнээр ирц бүрдэнэ.

Үндсэндээ  зургаан гишүүн олонх болчихоор дөрвөн хүний шийдвэрээр байнгын хорооны шийдвэр гардаг болох нь байна. Тэгэхээр ардчиллын олонхын зарчим гэдэг нь цөөнхийн зарчим болж хувирах уу. Сонин үзэгдлүүд болоод байгаа биз дээ. Бид энэ хачин, сонин үзэгдлүүдээ засчихаач ээ л гээд байгаа байхгүй юу.

Өнгөрсөн парламентын туршлагаар байнгын хо­рооны шийдвэр УИХ дээр ороод ихэнхдээ дэмжигдээд явдаг. Тэгэхээр нийтийн дагаж мөрдөх хуулийг бараг дөрөвхөн гишүүн шийдчих гээд байгаа юм. Босго ингэж доошоо буугаад байна. Ардчилсан нийгэм бол олонхын нийгэм. Олонх нь шийдвэр гаргадаг, цөөнх нь хүндэтгэлтэйгээр хандаж, дагаад хэрэгжүүлээд явдаг. Гэтэл энэ зарчим алдагдаад байгаа юм. Өнөөдөр ялах, ялагдах, олонх, цөөнх байх нь сонин биш. Бид ямар үнээр  ардчилсан нийгмээ оллоо. Түүнийхээ үндсийг сайн хадгалмаар байна.

-Байнгын хорооны тоо нэмэгдчихээр гишүүдийн тоо хүрэлцэхгүй. Тиймээс ирцийг нь багасгана гэж үзсэн шүү дээ?

-Энэ бараг худлаа. Өмнө нь нэг гишүүн хоёр байнгын хороонд ажилладаг байсан. УИХ-ын гишүүн, сайд бол нэг байнгын хороонд ажилладаг эрх зүйн орчинтой байсан. Одоо нэг гишүүн гурван байнгын хороонд орж ажиллаж болох нь л дээ. Яг гурван байнгын хороонд ажиллаад, хуулийн төсөл дээр суухад цаг хүрэлцэхгүй. Тэгэхээр нэлээд халтуурны хуулиуд гарах магадлал өндөрсөнө.

Даваа гарагт бүлгийн хурлууд болдог. Лхагва, пүрэв гарагт байнгын хороодын хурлууд болдог. Хэрвээ гурван байнгын хороонд орсон нэг гишүүн байвал хоёрт нь суугаад нөгөө нэгийг нь тасална. Хоёр байнгын хороонд харьяалагдаж байхад хоёулаа  зэрэг хуралддаг асуудал зөндөө гардаг байсан. Энэ зохион багуулалтын хувьд хүндрэлтэй болох болов уу гэж бодож байна. УИХ-ын Тамгын газрын ажил хүндэрнэ гэсэн үг.

-Та сая ялах, ялагдах сонин биш гээд байна. Гэхдээ л МАН-ынхан олонх нь  цөөнхөө хүндэтгэхгүй байна гээд гоморхоод байгаа юм шиг харагдаад байна шүү дээ?

-Улстөрд асуудлыг го­морхол, сэтгэл хөдлөлөөр шийдмээргүй байна. Бид 2008 оны сонгуулиар 45 суудалтай байсан ч тухайн үеийн АН-ыг Засгийн газарт орооч гэж уриалж байсан.

Яагаад гэвэл монгол­чуудын нийтлэг эрх ашиг бусдаас урьтал болж өгсөн. Тиймээс бид дангаараа ал­бан тушаалын хойноос хөө­цөлдөхгүйгээр сөрөг хүчин­тэйгээ хамтраад ажиллая.

Тухайлбал, Таван толгой, Оюу толгойн төслийг урагш­луулъя, хөдөлгөе. Нийт ард түмнийхээ амьдарлыг дээшлүүлэх тал дээр ан­хааръя, ард түмэн бидэнд итгээд олонхын суудал өгсөн хэдий ч эрх мэдлээ цөөнхдөө шилжүүлье, үндэсний эв­лэр­лийг бий болгоё гэсэн зорилгоор явсан. Энэ удаа олонх болсон нам байхгүй.

Олон суудал авсан АН-аас ямар шийдвэр гарахыг хэлж мэдэхгүй байна. Өөрс­дийнхөөрөө л  явна биз. Тэртэй  тэргүй ард түмэн­тэйгээ амьдрал үргэл­жилнэ. Дахиад сон­гууль болно. Бодох л асуудал.

-Ямар ч байсан Зас­гийн газраа  яаравчлан бүрдүүлэх тухай яригдаж байна. Ингэхэд Засгийн газрын гишүүнээ энэ удаа мөн л парламентаас сон­говол намын зүгээс ямар арга хэмжээ авах бол?

-Одоохондоо янз янзын л асуудал яригдаж байна. Яг холбогдсон мэдээлэл аваагүй учраас сураг ажиг, тандалтын байдалд хариулт өгмөөргүй байна. Мэдээж Засгийн гзар байгуулагдана. Гэхдээ байгуулах гэж байгаа субъектүүд нь хаанаас,   яаж, хэн хэнийг оруулж ирэх юм бэ мэдэхгүй. Цаг нь болохоор анхны төсөл тараагдаж таарна. Тэр үед л өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлнэ дээ.  

-Гэхдээ Засгийн газрын гишүүдийг парламентаас бүрдүүлэх нь хэр зохимжтой асуудал вэ?

-Амьдрал баян. Одоо цөөнх болсон учраас бүгдийг нь гаднаас дэвшүүлнэ гэж туйлширмааргүй байна.

Миний бодлоор амьд­ралынхаа тухайн мөчид шийдэх ёстой асуудлууд гарч байдаг. Түүнтэй зохи­цуулаад улстөрчдийг нийт­лэг, дийлэнх олонхоороо гайгүйхэн шийдвэрүүд гар­гаасай гэж хүсч байна. Одоо цөөнхийн байр сууринаас заавал олонхын эрх ашгийг унагаад яах юм бэ. Ажлаа хийг л дээ. Харъя. Тэгээд дүгнэлт хийе. Ажлаа хий­гээгүй байхад нь би юу ярих вэ.

Эх сурвалж: "Өглөөний сонин"