sonin.mn
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас Панам дахь оффшор бүсийн тухай нууц материалыг дэлгэсэн. Тэрхүү материал дунд манай улсын 49 иргэний /давхардсан тоогоор/ нэр гарсан байгаа юм. Энэ талаар эдийн засагч Х.Ганхуягтай ярилцлаа.
 
-Оффшор бүсэд данстай хүмүүсийн дунд манай улсын төрийн албан хаагч, өндөр албан тушаалтнууд байгаад олон нийт эмзэглэж байна. Үүнийг зарим нь хуулиар хориглоогүй гэх юм. Эдийн засагчийн хувьд та юу гэж дүгнэж байна вэ?
 
-Оффшор бүс гэдэг бол татваргүй орчин. Түүнээс гадна нууцлал маш өндөртэй байдаг. Мэдээж томоохон улс орны Тагнуулын газраас ирсэн хүсэлтээр мэдээлэл өгнө. Харин бусад тохиолдолд мэдээллийг ил болгох хууль эрх зүйн орчин байдаггүй юм. Энэ бүсэд мөнгөө байршуулан, данс нээлгэж байгаа улстөрч, бизнесийнхний зорилго нь өөр.
 
Бизнесменүүдийн хувьд оффшор бүсэд компани байгуулж байгаа болон хөрөнгө оруулалтын санд мөнгө оруулах зорилготой байдаг. Эсвэл эх орондоо итгэхгүй байгаа нөхцөлд, төр засаг нь тогтворгүй үед өөрийн хөрөнгийг эрсдэлгүй газар байлгахыг хүсч болно. Тухайлбал, манай улсын хувьд 11 төрлийн төрийн албан хаагч ямар нэг хууль, шүүхийн байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр хүний данс руу нэвтэрч хаах эрхтэй. Тиймээс манайхтай ижил төстэй улс орнуудын бизнесменүүд аль болох оффшор бүсэд данс нээлгэх сонирхолтой байгаа нь ажиглагддаг.
 
Улс төрийнхөн болон төрийн албан хаагч хэрэв оффшор бүсэд данстай бол энэ нь асуудал. Яагаад гэвэл, олсон орлогынхоо эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байгаагаас нуухыг эрмэлзэнэ шүү дээ. Ямар ч тохиолдолд хэн нэгний олсон орлогын эх үүсвэр тодорхой байхаас гадна татвар төлсөн байх шаардлагатай. Гэтэл хаанаас олсон гэдгээ хэлж чадахгүй болохоор нуухаас өөр аргагүйд хүрнэ. Үнэхээр олсон мөнгөнийхээ эх үүсвэрийг нотолж чадвал хувь хүн мөнгөө хаана хадгалах нь хэнд ч хамаагүй. Оффшор бүсэд хадгална уу, эсвэл бусад улс оронд хадгалах эсэхийг хэн ч сонирхохгүй байх.
 
-Бизнесийнхний хувьд оффшор бүсэд данстай байж болох юм байна. Дээрх нэрсийн дунд байгаа бизнесийнхнийг ойлгож болох нь ээ. Жишээлбэл, “Петровис”-ын Ж.Оюунгэрэлийн нэр харагдана лээ?
 
-Уг нь бизнесийнхний хувьд буруудаад байх зүйл үгүй. Тухайлбал, Ж.Оюунгэрэл олон улсын хөрөнгийн зах зээлд гарсан компаниудын хувьцааг эзэмшдэг гэдгийг нь мэднэ. Тэр талаас нь харвал буруутгах аргагүй. Ер нь гадаадын хөрөнгийн биржид гарахын тулд оффшор бүсэд компаниа бүртгүүлэн, нээлттэй компани болж хувьцаа гаргадаг юм. Яагаад гэвэл, олон орноос хөрөнгө оруулалт хийх хэрээр тухайн улс орнуудын татварын харилцаанд зохицуулалт хийсэн гэрээ гэж байхгүй. Жишээлбэл, Хонг-Конг бусад улстай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээ байхгүй учраас эхлээд оффшор бүсэд тухайн компанийг бүртгүүлэн хөрөнгийн биржид хувьцаа гаргах боломж нь бүрддэг. Тэгэхээр бизнесийнхний хувьд боломжтой хэдий ч улстөрчдийг хаацайлах аргагүй. 
 
-Хэдийгээр оффшор бүсэд данстай, тэр нь хэдий хэмжээний мөнгөтэй байхаас үл хамаараад өнгөрсөн онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамрагдана гэж зарим эдийн эдийн засагчид хэлж байна. Тэгэхээр тухайн хүмүүст хариуцлага тооцох боломжгүй гэж ойлгож болох уу?
 
-Хэрэв төрийн алба хашиж байгаа бол тухайн иргэн АТГ-д өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүх мэдээллээ тусгах ёстой. Үнэн хэрэгтээ тэг төгрөгтэй данс гэж хаана ч байхгүй, их бага хэмжээгээр мөнгө байршуулдаг. Тэгэхээр өөрийн нэр дээр хаа нэг газар данс байгаа бол түүнийгээ зохих байгууллагад нь мэдээлж байх ёстой. Гэтэл манай улсад оффшор бүсэд данстай байсан байгаагүй хэмээн дэмий л шуугих юм. Уг нь хэн нэгэн албан тушаалтан ийм байдлаар асуудалд холбогдсон бол зөвхөн АТГ шалгах ёстой мэтээр харах юм.
 
Үнэн хэрэгтээ ТЕГ болон АТГ-аас ажлын хэсэг гарган тухайн хүний хөрөнгө, мөнгийг хэзээ, хаанаас, яаж олж авсан бэ гэдэг эх үүсвэрийг шалгахаас гадна яагаад тухайн бүсэд байршуулсныг нь тодруулах учиртай. Хэрэв тухайн хүн бизнесээс олсон ашиг орлого бол татвар төлсөн эсэхийг нягтлахын тулд ТЕГ-ын мэргэжилтнүүд ажиллах ёстой юм. Хатуугаар хэлэхэд бидний хувьд үе залгамжлах хэмжээний хөрөнгөтэй, түүнийгээ оффшор бүсэд хадгалах төвшинд очсон гэдэгт итгэх хүн гарахгүй л болов уу. Ер нь өв залгамжилсан байлаа ч татвар төлдөг юм шүү дээ.
 
-Оффшор бүсэд мөнгө байршууллаа гэхэд хариуцлага тооцох тухай хуулийн заалт байхгүй гэх юм. Энэ нь хуулиар зөвшөөрөгдсөн, гагцхүү эх үүсвэрээ тодорхойлох нь чухал хэмээн эдийн засагчид хэлж байна. Үүнийг юу гэж тайлбарлах вэ?
 
-Бизнесийнхнийг оффшор бүсэд данстай байна гэж буруутгах аргагүй байж болно. Яагаад гэдгийг нь би дээр дурьдсан. Харин улстөрч, төрийн албан хаагчдийн хувьд өөр талаас нь харж байна. Тухайлбал, “А” гэгч төрийн албан хаагчийн нэг сарын цалин 500-600 мянган төгрөг. Гэтэл 20 мянган ам.долларын цаг зүүгээд явж байгааг нь ойлгохгүй байна. Дээрээс нь оффшор бүсэд данстай байна гэвэл энэ нь том асуудал. Учир нь тэр энэ их хэмжээний орлогын эх үүсвэрээ тайлбарлах хэрэгтэй. Тайлбарлаж чадахгүй байгаа учраас өндөр нууцлалтай газар татваргүй орчинд хадгалуулж байгаа юм шүү дээ.
 
Тэгэхээр хуулийн заалтыг хэн өөрт ашигтайгаар ашиглах вэ гэдгээс хамаарна. Хэдийгээр хариуцлага тооцох хуулийн заалт байхгүй ч ёс зүй гэдэг зүйл байх учиртай. Жишээлбэл, саяхан гадаад руу явах үед бизнес ангилалын нислэгээр 30 хүн нисчээ. Түүнээс 28 нь улстөрч, төрийн албан хаагч байгаа юм. Энэ сонирхол татах тоо шүү. Яагаад гэвэл бизнес ангилалын нислэг өндөр төлбөртэй байдаг. Гэтэл сард 500 мянган төгрөгийн цалинтай төрийн албан хаагч 3-4 сая төгрөгийн тийзтэй ангилалаар нисч байгаа нь хачирхалтай санагдсан. Гэхдээ төрийн албан хаагчдыг бүгдийг нь хоморголон буруутгах гэсэнгүй. Ер нь дийлэнх бизнес эрхлэгчид аль болох хямд зардлаар их зүйл бүтээхийг хичээдэг. Учир нь, бүхий л хүчээ шавхаж олсон мөнгөө дэмий тансаглалд зарцуулах нь харамсалтай шүү дээ.
 
-Бид дотооддоо мөнгөө үлдээхийн тулд оффшор бүс болчихмоор юм биш үү?
 
-Магадгүй, оффшор бүс болчихвол орж ирэх мөнгөн урсгал нэмэгдэн, хөгжилд түлхэц болно гэж харж болох юм. Гэхдээ үүний тулд маш их зүйлийг хийх хэрэгтэй. Тиймээс улстөрч, төрийн албан хаагчийг оффшор бүсэд данс нээлгэх эсэхийг нь хянаж чадахгүйгээс хуульчлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, энэ бүстэй холбоотой мэдээлэлд нэр нь холбогдсон тэдгээр хүмүүст хариуцлага тооцдог механизмтай болох ёстой. Тухайлбал, улстөрчийг эргүүлэн татах, төрийн албан хаагчийн дахиж энэ төрлийн албыг хашуулах байх боломжтой. Зөвхөн Панам гэдэг газрын оффшор бүсийн мэдээлэл ил болоход манай улсын 40 гаруй иргэний данс илэрч байна. Гэтэл өөр олон газарт оффшор бүс байдаг. Тэр бүрт хяналт тавьж, мэдээлэл авах боломжгүй.
 
-Хэдийгээр бизнесийнхэн оффшор данстай байж болно гэж байгаа ч манай улсад ийм хэмжээнд хүртэл хөгжсөн компани байхгүй гэж хэлж байсныг тань санаж байна?
 
-Яагаад гэвэл, олон улсад хувьцаа гаргахаар зэхэж байгаа эсвэл хувьцаа гаргасан компаниуд бүртгүүлсэн байдаг юм. Манай улсад гадаадын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалж байгаа хэдхэн компани байгааг хүн бүхэн мэднэ. Тиймээс би оффшор бүсэд данстай Монгол Улсын компани байхгүй гэж хэлсэн хэрэг.
 
-Оффшор бүсэд мөнгө байршуулахад татвар төлөхгүй ч бас хүү боддоггүй. Хүмүүс банкинд мөнгө хийхдээ хэдэн хувийн хүү бодох вэ гэдгийг нь илүү сонирхдог биз дээ?
 
- Хэдийгээр оффшор бүсэд татвар байдаггүй ч хадгаламжтай холбоотой хүү гэж байхгүй. Тэгэхээр мөнгө өснө гэдэг ойлголт огт байхгүй гэж болно. Хэрэв эх орондоо итгэхгүй гадаад улс оронд мөнгөө байршуулахыг хүсч байгаа бол заавал оффшор бүсэд хийх шалтгаан байдаггүй. Өөрөөр хэлбэл, бизнес хийж олсон мөнгөө гадна талд хадгалахаар болвол Сингапур, Хонг-Конг зэрэг оронд байршуулж болно. Тэглээ гээд тийм өндөр татвар авдаггүй гэдгийг дийлэнх бизнесменүүд мэдэж байгаа. Мэдээж өндөр хөгжилтэй зарим улс оронд мөнгөө хадгалуулсныхаа төлөө төлбөр төлөх нь бий. Гэсэн хэдий ч заавал оффшор бүсэд хадгалуулна гэсэн өндөр шаардлага, зорилго байхгүй.
 
-Одоогоор оффшор бүсэд данстай хэмээн нэрлэгдсэн улстөрч, төрийн албан хаагчдад хариуцлага тооцохын тулд юу хийх ёстой вэ?
 
-Цаг хугацааны хувьд тун ээдрээтэй байгааг хүн бүр ойлгож байгаа болов уу. Бондын хөрөнгийг үрсэн, валютын сангийнхаа хөрөнгийг ч мөн үрээд дууссан энэ үед оффшор бүсэд данстай гэгдэж байгаа улстөрч болон төрийн албан хаагчид ёс зүйтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, албан тушаалаасаа татгалзах ч юм уу, эсвэл сонгуулиар дахин сонгохгүй байх нь зүйтэй. Ер нь оффшор бүсэд данстай байгаа улстөрч, төрийн албан хаагчийг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй гэдгийг хүмүүс ойлгох ёстой. Учир нь нуух зорилгоор тус бүсийг сонгосон. Нэмж хэлэхэд, манай улсын улстөрчдийг онилсондоо оффшор бүс дэх дансыг нь ил болгоогүй юм. В.В.Путин, Си Зинь Пинийн оффшор бүс дэх хөрөнгийг ил болгох дүйвээнээр манайхны мэдээлэл гарч ирлээ гэж харж байна.
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин