sonin.mn
42-р тойрог ба сонгуулийн ардчиллын үнэн төрх
 
Ардын Намд ажил хийхэд санал дутаагүй, Ардчилсан намд хэрүүл хийхэд суудал дутаагүй, Хэнтийнхний сонголт өөрсдийг нь төлөөлөлгүй болгоход хүргэсэн тул тэд дараагийн сонгууль хүртэл хүлээх л учиртай. Хаа хаанаа хариуцлага хүлээдэг байх нь өөрөө сонгуулийн хариуцлага, зарчим мөн. Хэнтийд сонгуулийн зардлын дээд хязгаар гээд 113.4 сая төгрөг гэж ярьж байгаа ч бодит байдалд сонгуульд бэлдэх явцад олон тэрбум төгрөг цацчихаад байна. Үүнийхээ оронд хэдэн сургууль, цээцэрлэг бариад өгчих гэж. Энэ бол миний жилийн өмнөөс л яриад байгаа зүйл. Тийм ч учраас Монгол Үндэсний Ардчилсан нам 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах шаардлагагүй, явуулсан ч оролцохгүй гэж зарласан билээ.  
Тээр жил Улсын Их хурлын дарга Л.Энэбиш агсан өөд болж, Булган аймгийн урд талын 10-аад сумдаас бүрдэх  11-р тойрогт нөхөн сонгууль болж, бүтэн хагас сар найр болж билээ. Сайд дарга нар гэж хайлсан тугалга, айлын хойморт тухалчихсан, айраг сархад болоод л хүүхдүүдэд хайртай гэж жигтэйхэн, айлын эхнэрт ус зөөж өгөөд л, хашаа хороогоо цэвэрлээд л, Засгийн газар үе үе бараг сумын төвд хуралдаад л... үнэхээр л можаритар тогтолцоо Бат-үүлийн хэлдгээр сонгогчидтойгоо ойрхон байдгийн тод жишээ болж байв. Тэд үнэхээр сонгогчиддоо ойр байсаан. Даанч тэр үеээс хойш өнөө сайн өглөгч, найрсаг, сонгогчиддоо ойр ах нарын бараа огт үзэгдэлгүй 18 хаврыг үдлээ хэмээн Могод сумын өндөр настан Цэнгэл ярихыг сонсов. Дашинчилэн сумын Номын булгийн хоолны газрын авгай хошинохыг сонсов. Можаритар тогтолцооны мөн чанар ийм л дүр төдийн юм. Заримынх нь үлдээсэн хүүхдүүд том болчихсон чихийг нь халууцуулж, тээр жилийн сонгуулийг сануулж яваа тухай хошин гэмээр сураг сонсогдох.  
 
Сонгууль...
 
Ер нь бид сонгууль гэдгийг арай өөрөөр харах ёстой юм биш үү гэж би олон нийгмийн зүтгэлтнүүдтэй ярилцаж байна. Гайхах, сонирхох, нээрээ сонин өнцөг байна гэх зэргээр олон л янзаар хүлээж авч байдаг. Чингис хаан 4 жил тутам явуулдаг чөлөөт сонгуулиар сонгогддог байсан бол, есөн өрлөгт фракцууд өөр өөрийн хүнээ тавьдаг байсан бол Монголчууд жижиг тугалын бэлчээрээс холдож чадах байсан болов уу ?.
 
Лүндээжанцан гуайг 7 удаа УИХ-д сонгохын тулд, Улааныг сангийн сайд, Нямдоржийг хууль зүйн сайд болгохын тулд бид 28 жил олон зуун сая, магадгүй тэрбум долларыг баас цаас болгон цацаж, төрөө самарч, түмнээ хуваасан болж таарч байна. 
 
Өнөөдөр Монголд 33 дахь нам бүртгэгдэж, дахиад 5 нам төрөхөөр зэхэж байна. Хуульчлагдсан хуваагдлын ард Монгол бага хаадын үеийнх шиг улам л хуваагдаж байна. Алсдаа томоохон компани бүр нэг намтай болох төлөвтэй. Санхүүжилт байхад том жижгийн ялгаа үгүй юм. 
Байгалийн хуулиас ангид зохиомол, хуваагдлыг бид зөв зам гэж ойлгоод хуульчилж төөрөлджээ.
Мэдээллийн технологийн тэсрэлт дэлхий дахинд улс төрийг ч, намыг ч шинээр харах цонх нээж байна.  Цаашид том нам гэдэг МАН, АН биш мэдээлэлтэй, мэдээллийн сүлжээтэй ард түмэн байх болно. Магадгүй 20 жилийн дараа МАН, АН байх нь гаж үзэгдэл болно. Мэдээллийн технологи, даяаршил өөрөө нийгмийг ч, тэр бүү хэл гэр бүлийн нандин холбоосыг ч задлах увидастайг эрхбиш болгоовоос бид нэгдэх, нийлэхэд чармайлт гаргаж, нэгтгэх, нийлүүлэхэд дэм болохыг хичээх цаг болжээ.   
 
Кирибати арал ба Монгол 
 
Дэлхий дахинд  Ерөнхийлөгч, парламентаа хоёуланг нь 4 жил тутам өөрчилдөг хоёрхон орон байдаг нь Монгол улс, номхон далайн дунд байрладаг жижигхэн арал улс Кирибати. Үндсэндээ Монгол төр сонгуулиар амьдарч, төрийн албан хаагчид сонгуульд ялахын төлөө л амьдарч байна гэвэл зохилтой. Одоо байгаагаа харъя. Эрх барьсан бариагүй бүх улс төрийн намууд 2015 оноос сонгуулийн компанит ажлаа эхлүүлсэн. 2016 оны 6 сард УИХ-ын сонгууль болж Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдан намрын орон нутгийн сонгуульдаа бэлдэж эхэлсэн.  
Залгуулаад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлдээ орсон. Сонгогчдод таалагдахын тулд нийгэмд хэрэгтэй олон шийдвэрээсээ буцаж, эргэж хургасаар дээрх хугацаанд бодитой юу ч хийж чадаагүй юм. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдсанаар тамганаас өөр эрх мэдлээр маруухан ялсан Ерөнхийлөгчид ташуур, сэлэмийг нь авч өгөх нэрийн дор, МАН доторх эрх мэдлийн сонгууль намрыг барав.  Одоо ирэх сонгуулийн дайны бэлтгэлдээ аль эрт оржээ.
 
Шударга бусын хонгил бол МАН, АН
 
Гайт ЖДҮ илрээгүй бол ард түмэн шударга ёс тогтооно гэдэгт бараг л итгэх дөхөв. Үнэн хэрэгтээ ЖДҮ гэлтгүй, 29 сан, бондууд, Эрдэнэт, Тавантолгой, Оюу Толгой, төмөр замын бүх төслүүдийг дэлгэвээс МАН, АН хоёрын ургийн бичиг хөврөх юм. 
Эдгээр төслүүдийн хөрөнгө мөнгө бүгд энэ хоёр намын эвэртэн, туурайтануудаар дамжин урссан. Энэ их хөрөнгийн эдийн засгийн хэргүүд бол хоёр намын аль нэг нь төрд зонхилж байгаа цагт хэзээ ч дэлгэгдэхгүй бөгөөд илрэхгүй эдийн засгийн гэмт хэргүүд, далд эдийн засгийн тогтолцоо юм. 
Энэ хоёр намын олон жил хамт төрд зүтгэж ирсэн нэг ангийнхан олны өмнө сөргөлдөх авч нидэр дээрээ бие биедээ учиргүй хайртай, хамтран идэж ууж, далдуур бие биесээ өмгөөлөн хамгаалагчид бөгөөд төрийн сан хөмрөгийг цусалж, баримт бичгийг хуурамчаар бүрдүүлж, нуун дарагдуулж, заримыг устган үгүй хийж гаршсан хам хэрэгтнүүд билээ. 
 
Нийгэмд нэр хүндтэй, олон зөв хүн МАН, АН-д бий. Гэхдээ өнөөгийн тогтолцоо, хулгай, дээрэм, хууль бус, авилга хээл хахуулийн амьд гэрчүүд тэд дуугүй байж, өөгшүүлсэн эс үйлдлээрээ шударга бусыг даган баясагч, хөхүүлэн дэмжигч, хамгаалан нигүүлсэгчид болж байгаа учраас бүгд хам хэрэгтнүүд болж таарна. 
 
Ийм учраас л МАН, АН хоёрыг бүтнээр нь заменд суулгаж, ухааруулж, ойлгуулж, дотроо цэвэршиж, бодлогын нам болгох замаар нийгмийн цэвэрлэгээг эхлүүлэх ёстой. Өнгөрсөн сонгуулийн 60 тэрбум, ирэх сонгуульд 100 тэрбум болно. 
Ард түмэн, сонгогчид 100 тэрбум очиж байвал үүнийг өнөөдөө дахин хуваарилалт гэж ойлгох нь зүйд нийцэх бөгөөд сонгогчид буруугүй юм. Харин сонголтыг яаж барьцаанаас салгах вэ гэдэг бол том асуудал.
 
АРД ТҮМНИЙ ЗАРЦ
 
Сонгууль зөв, шударга, чадварлаг боловсон хүчнээ хөндөж, өөрчилдөггүй, харин болохгүй, чадахгүй байгааг өөрчилдөг байхад чиглэх ёстой. Болохгүй байгааг олж тогтоодог цагдаа, прокурор, авилгатай тэмцэх газар, шүүх, чадахгүйг тогтоодог аудит, мэргэжлийн хяналт, төрийн албаны зөвлөл гэж байна. Гол нь ажлаа шударгаар хийх тухай асуудал юм. Албан хаагчид нь хулгай хийдэггүй, хянаж, шалгадагууд нь шантаажилж, нээнтэглэж авилга авдаггүй байх тухай л асуудал.
Сонгуулиар буруу, булхайг цэвэрлэнэ гэдэг бол өөрсдийгөө л хуурч байгаа төдий зүйл. Үүнийг бид сонгуулийн Ардчилал гээд ойлгочихсон. Сонгуулийн ардах жүжгийн тавилтыг ойлгодог улсуудад бол энэ бүхэн Хуурамч, Ард түмний зарц болж дүр эсгэсэн Ардчилал билээ.
Бүх дэлхий даяар сонгууль явуулах тутам, дүр эсгэсэн авилгачид, авилгын сүлжээ байгуулсан бүлэглэлүүд, авилгын дилер, брокерүүд, хулгайч, ёс суртахуунгүй ичих булчирхайгүй, эрээ цээргүй хүмүүст ашигтай болж хувирч байгааг судлаачид дүгнэдэг. Олигархиуд, үндэстэн дамнасан компаниудад улсын баялагт хуулиар эзэн суухад дэм болдог дүр эсгэсэн тоглолт болжээ. 
Харамсалтай нь энэ зам буруу, бид дэлхийг хуваан захирагчдын зохиосон овт мэхэнд урхидагдаад өөр хоорондоо хуваагдан, талцаж, цөөхөн хэдэн Монголчуудаа нам болгон талцуулж, ард түмнээ хуваан тархийг нь угаах башир аргын намагт гүн шигджээ.
 
МАН, АН ээлжлэн засаглаж, сөрөг хүчин болсон нь эрх баригчдаа муулна, үр дүнд нь Монгол төрийг 27 жил муулж шороотой хутгажээ. Учир нь эрх баригч гэдгийн ард Монголын төр байдаг. Ард түмэн төрдөө итгэх итгэлээ бүрэн алджээ. Тэр бүү хэл хөрш орнууд, дэлхийн тавцанд нэр нүүрээ барж байна.
 
Нүүдэлчин Монголчууд үнэ цэнэгүй болжээ. Чонын удамт Монголчууд мөхсөнөөр өдгөө эм хүн мэт үлбийж, сулбайсан хятад үндэстэн амьдралын чухал эх үүсвэрээ алдсан бөгөөд далайн чанад дахь Европ, Америк, Японы бүр ч аюултай чононуудтай нүүр тулж байгаа аж. /Урадын Э.Булаг “Хамтач үндэсний үзэл ном хуудас 15/  Түүний үзэж байгаагаар үеийн үед Монголчууд хөршүүдээ, ялангуяа хятадуудыг сонор сэрэмжтэй байлгаж, хөдөлмөрч, зүтгэлтэй, өөрсдийгөө хамгаалах чадвартай, тэсч үлдэх бэлтгэлтэй байлгаж, хурцалж ирсэн аж. Одоо харин тэд биднийг өрсөлдөгч бүү хэл өөрсдөө тэсч үлдэх чадваргүй болсон гэж үзэх хандлага нуулгүй илэрхийлдэг болжээ.
Монголчуудыг ядуу, хөдөлмөрч бус, залхуу, чадваргүй, мэдлэггүй дайчин бус болгож байгаа явдал бол муу төрийн үр хөврөл, уршиг юм. Төрийн сонгуулийг бид дүр эсгэсэн сонгуулийн ардчиллаар, МАН, АН-ын сүлжээний бизнесээр дамжуулан явуулдаг. Энэ сүлжээг нь Михайл Килмагийн хэлснээр Ардын намыг дээрээс нь, Ардчилсан намыг лүмпэнгүүдээр нь дамжуулан доороос нь хөрөнгө мөнгөтэй хүмүүс аль эрт хувьчлаад авчихсан.    
Иймд цаашид сонгууль явуулсан ч эдгээр намуудын гадаад, дотоод эзэд, тэдний хамсаатнууд, үр хөврөлүүд, цүнх баригчид л мөнхөд Монгол Төрийг зайдагнахыг санаархах болно. 
Нам олон гишүүнтэй байх тусам Монгол төрийн дайсан болж хувирч байна. Учир нь тэд хэрвээ ялвал төрийн бүтцийг, бүрэлдэхүүнийг бүтэн больж, самарч дуусгана. Энэ нь дараагийн үзэн ядалт, дайсагналыг бий болгоно. Энэ маягаар мөнхийн тамын тойрог үүсгэх болно.  Олон гишүүнтэй, хамгаалах хар масстай байх тусмаа авлагчдыг төрүүлж тэднийгээ төрийн хүчээр, ард түмний хүчээр хамгаалдаг байдал манай нийгмийн хэв маяг болжээ. МАН, АН –д байгаа олон мянган шударга иргэд сэрж ухаарах цаг болсон. Ардчилсан нам шударга ёсны жагсаал хийж байна. 
С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар шударга ёс ярих хүмүүс нь мөн үү. 
Монгол улсыг 40 жил тэжээсэн Эрдэнэтийн үйлдвэр, Монголросцветмет нэгдэл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэр, Багануурын уурхай, ихэнх ашигт малтмалын томоохон ордуудыг авчихаад одоо бүх цахилгаан станц, төмөр замуудыг, бүр банкуудыг авна Монголын эзэн болно гэж төлөвлөөд явж байгаа гадна, дотнын хамтарсан бүлэглэлийг дэмжиж яваа эдгээр хүмүүсээс бид юу хүлээж болох вэ?.  
 
Бид Америкийн төрийг ардчилсан төр гэж боддог. Энэ бол гүн эндүүрэл. Америкт ард түмэн, нийгэм нь ардчилалтай ч, улс төр нь Ардчилсан бус юм.
 
Бушийн гэр бүлээс 4 дэх удаагаа Ерөнхийлөгчид нэр дэвшвэл бид гайхах ёсгүй. Учир нь Америкийн төрийг Волл стрит дээрээс нь хувьчлаад авчихсан. Тэд бүх орны төрийг яаж хувьчилж авч болохыг бас мэднэ. Тэдэнд нь Баяр, Элбэгдорж, Баярцогт, Зоригт нар шиг хүмүүс хэрэгтэй. Тэднээр дамжуулж Оюу Толгой шиг баялгуудыг нь цөлмөнө. Олон Оюу Толгой нийлэхээрээ Венусел, Уганда, Зимбабег бий болгоно. 
Энэ бол өнөөгийн сонгуулийн ардчиллын том гүрнүүдээс ирэх захиалга. Бид тавьсан уриханд орчихжээ. Чухамдаа шударга бусын хонгил бол МАН, АН хоёр юм.
Иймд сонгууль 2020 бол МАН, АН-ын хувьд сүүлчийн сонгууль. МАН, АН-ын шударга бусын хонгилыг нураах түүхэн сонгууль болох ёстой.
Цаашид бид шинэ эрин үетэйгээ хөл нийлүүлж, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын цахим хяналтаар болохгүйг байнга цэвэрлэж, өөрчилдөг тогтолцоо руу орох ёстой. Өнөөгийн хуурмаг сонгуулийн тогтолцоог халж, нэгдмэл Монголыг цогцлоох шийдмэг алхмыг энэ дэлхийд хамгийн түрүүнд Монголчууд түүчээлэх ёстой. Монголчууд түгээмэл түүхийн тавцанд төр барих ухааныг зааж явсанаас, бусдын зааж өгсөн 2 хуурмагаас зөвийг хайж бидэрч явсан нь үгүй билээ.
Иимд сонгуульт хугацааг дор хаяж, 6 жил болгож, болохгүйг солих байнгын механизмтэй болох нь улс орны тогтвортой хөгжлийн суурь болох болно гэсэн санааг тойрч нийгмийн санаа бодлыг өрнүүлэх нь чухал байна. 
 Төр шиг Төртэй болж, тогтвортой байх аваас МАН, АН, МҮАН, ИЗНН, МАХН, ХҮН ялгаа нь үгүй ахан дүүс бус уу. 
 
Монгол Үндэсний Ардчилсан Намын дарга Баянжаргалын Цогтгэрэл