sonin.mn
Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач, гавьяат малчин Д.Ононтой ярилцлаа.
 
Таны хүүхэд насны дурсамж болон төрж өссөн Сэргэлэн сумын талаар ярилцлагаа эхлүүлье ...
 
-Тэгье. Хурандаа генерал Б.Цог, даян аварга А.Сүхбат, БНМАУ-ын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн зэрэг олон алдартны төрж өссөн нутаг даа. Газар тариалан, мал аж ахуй эрхлэхэд нэн тохиромжтой. Хүнийг төрсөн нутаг нь түшиж, ивээдэг гэдэг туйлын үнэн. Олон ч жил биднийгээ түшиж, тулж байна. Малын захад хүүхэд яаж өсдөг тэр жишгээр л би өссөн. Манай мал нэгдэлд данслагдах болсноос хойш нэгдлийн адууг адгуулж эхлээд удалгүй Хилийн цэргийн 0132 дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдсан. Албаа хаасныхаа дараа эргээд малаа маллаж, морьдоо уяж сойх болсон. Ер нь ухаан орсон цагаасаа адууны дэргэдээс, малын захаас холдоогүй.
 
Төрийн наадмаас анхны айргаа хүртэхэд таны том хүү О.Батбилэг унаач нь байсан гэдэг. Аав хүү хоёр ч янзтай гар нийлсэн байх ...
 
-1989 оны улсын баяр наадмаар хүрэн халзан морь маань аман хүзүүдэж анхны айргаа авч билээ. Тухайн үед би залуухан ч байж. Төрийн наадамд морь айрагдуулна гэдэг мөрөөдөл мэт байв. Хүрэн халзан морь маань барианы зурвас руу ойртоод ирэхэд би нэг л итгэж өгдөггүй. Дахин дахин дурандаад л. Яалт ч үгүй морь маань мөн байна шүү. Олон шандаст хүлгийн тоосон дундаас тодорч торойгоод, тэднийгээ өнгөлж хурдлахыг харахад өөрийн эрхгүй сэтгэл догдлоод, үгээр хэлэхийн аргагүй тийм сайхан мэдрэмж төрдөг юм даа.
 
Гараа сайн бол бариа сайн гэдэг дээ ...
 
-Хүү бид хоёрын хамтын хөдөлмөр өнөөдрийн амжилтын эхлэл байсан гэж боддог. Булган сүүлтэй байсан.
 
Алтны дэргэдэх гууль шарлана гэж юутай үнэн үг вэ. Унаач хүү О.Батбилэг өнөөдөр тод манлай уяач хэмээн цоллогдож таны үйл хэргийг нэр төртэй залгамжилж байгаа  нь бахархмаар юм ...
 
-Миний том хүү О.Батбилэг, бага хүү О.Батболд нар хар нялхаасаа морь малтай ноцолдож монгол ахуйтайгаа ойр өсөцгөөсөн. 2015 оны Улсын наадамд хоёул уясан морьдоо айрагдуулж цаашдаа сайн уяачид болохоо батлан харуулсан.
 
Төрийн торгон сүргийн удам угшлыг сайжруулахад таны оруулсан хувь нэмрийг дурдахгүй байж болохгүй ...
 
-Өөрийгөө тийм ийм гээд ярих нь илүүц биз ээ. Анх санаа нийлсэн найман уяач Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж энэ саналаа уламжилсан юм. Тэр цагаас хойш Зэвсэгт хүчний 232 дугаар ангид харьяалагддаг торгон сүрэгт өөрийн адуунаас тасралтгүй хандивлаж байна.
 
Таны бага хүү манлай уяач О.Батболдыг аав, ахынхаа шийрийг хатааж, төр түмнээ баясгана гэж олон хүн харж явдаг юм билээ...
 
-О.Батболд маань Зэвсэгт хүчний 232 дугаар ангид ажилладаг. Бас л төрийн торгон сүрэгтэй холбогдчихсон байгаа биз. Морины босоо цагаан хийморь гэж их учир жанцантай зүйл байдаг юм шиг ээ. Хоёр хүү маань аавынхаа адгуулдаг унаган адуунаас уяж, сойгоод уралдуулдаг.
 
Морины уяа сойлгыг нь тааруулаад өгөөч гээд таныг зорьж ирдэг хүмүүст юу гэж зөвлөдөг вэ?
 
-Санаа нийлсэн зарим залуус надаас суралцана гээд уяаны гал дээр хамт өнждөг. Намайг гээд зориод ирсэн хүнийг цаашаа гэж болохгүй. Харин морь уяулах гээд ирсэн хүнд нэг болзол тавьдаг. Миний уяанд таарна гэж бодсон морио л уяж, сойхыг хичээдэг. “МАКС” группын захирал Д.Ганбаатарын ухаа морийг анх Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Ч.Доржсүрэнгээс авахуулсан. 1999 он шиг санагдаж байна. Тэр жилдээ уралдаж чадаагүй юм билээ. Хойтон жил нь над дээр авчраад өгөхөөр нь өөрөө уяаг нь тааруулж, улсын наадамд уралдуултал гуравт хурдалдаг юм байна. Үүнтэй адил төстэй айрагдаж, аман хүзүүдэж, түрүүлсэн тохиолдол ч бий. Уяж чадах морио танина гэдэг хамгийн чухал зүйл.
 
Таныг 100 хол давсан айраг, түрүүтэй гэж сонссон ...
 
-1990-ээд оны сүүлч үед өвс ногооны гарц тааруу, зуншлага муудаад ирсэн. Тухайн үед мориныхоо хөлсийг нь их авчихдаг байлаа. Гэтэл хүүхэд авч давхиад хэцүү, сэтгэл нь их дэврүүн болчихсон гэх үү дээ. Тэгэхээр нь хөлсийг нь бага авч сэтгэлийг нь тогтуун байлгадаг болсон. Энэ үед морины давхил ихэсдэг онцлогтой.
 
Морины уяа сойлго нь таарсан гэдгийг хэрхэн мэдэх вэ?
 
-Таарсан гэхээсээ зөвдсөн гэвэл илүү тохирох болов уу. Тийм морь унтаад эсвэл идээд л байна. Ингээд эхэлбэл тухайн морь биедээ зовиургүй байна гэсэн үг. Одоо ч наадам өргөн дэлгэр болсон учраас дөрвөн улирлын турш морьдтойгоо ажиллах боломжтой болж.
 
 
Морь уяж байгаа хүн өглөө болгоныг морьдтойгоо угтаж гал дээрээ өдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг. Морь уяач хоёрын сэтгэл тогтуун сайхан байвал бас нэгэн бэлтгэлийг хангалаа л гэсэн үг. 
 
 
Унтаад эсвэл идээд гэхээр морь уяачийнхаа оролцоогүйгээр идэш тэжээлээ тохируулаад сурчихсан байна гэсэн үг үү?
 
-Хооллохдоо хоёр шанага овьёос өгвөл сайн. Мөн хивгийг ч бас тийм хэмжээтэй өгөх хэрэгтэй. Энэ нь морины тамирыг дэмжих учиртай. Уяа сойлго нь таараад ирэхээр морины бие чангарна. Харин энэ үед хоолыг нь өөрчилж болохгүй гэдгийг сайтар анхаарах нь чухал. Үдээс хойш морины гэдэс нь гүйцээд хөдөлсөн байвал хоол унд, уяа сойлго зохиж байгаагийн илрэл. Өөрөөр хэлбэл уралдааны явцад идсэн хоол тэжээлээ бяр болгож зарцуулах боломжтой. Харин гэдэс нь цанхайгаад цүрийчихвэл буруудлаа л гэсэн үг. Ингэсэн морь үндсэн тамир луугаа орох эрсдэлтэй. Ер нь уяа, сойлго сайн байвал морьд барианаас гараа хүртэл хүчээ зөв зарцуулж, хуваарилж уралддаг л даа.
 
Уралдааны өмнөх өдөр морьдын юунд анхаарах хэрэгтэй вэ?
 
-Жилийн хөдөлмөрөө жижигхэн алдаанаас болж үрэн таран хийх ч аюултай. Зуншлага сайн, өвс, ногоо, хуртай жил морьдын хоолны шингэц хурдан байдаг. Хүн ч мөн адил хөнгөн эсвэл хүнд хоол идэхээс шалтгаалаад шингэх үйл явц нь янз бүр байдаг шүү дээ.
 
 
Гол нь сэтгэлийг нь барьж тогтоож чадвал хоолны хувьд асуудал гарахгүй. Бас хөлсийг нь сайн анзаарах хэрэгтэй. Эмээл тохох бүрийд морины хүч сулардаг. Үүн шиг хөлсний хусуур хүрэх тоолонд маханд ачаалал өгдөг юм шүү дээ. 
 
 
Эрлийз адууг шинэ монгол адуу гэж нэрийдэх болсон. Энэ нь зөв эсэх дээр уяачид санал хуваагдаад нэг тал даа гарч чадахгүй байна ...
 
-Сайжруулсан монгол адуу гэвэл зохилтой. Хүн бүхэн үүнийг буруутгаад байна уу гэвэл үгүй. Адууныхаа хурдыг сайжруулахын тулд үүлдрийг нь сайжруулан цус сэлбэхээс өөр аргагүй. Хурдан удмын адуутай болох нь уяач бүрийн хүсэл.
 
Залуу уяачдад хандаж юу хэлэх вэ ...
 
-Орчин үеийн залуус шууд л айраг, түрүү рүү зүтгэх болжээ. Айраг, түрүү хүртэлгүй дөрөв, таван наадмын нүүр үзсэн удаа ч бий. Яарч адгахгүй байвал сайн сан. Зарим тохиолдлыг санадаг юм. Зарим хүн уяулах гэж авчирсан мориныхоо уяа сойлго нь сайхан таараад, зүгшрээд ирэхээр галаа солиод өөр хүн рүү аваад явчихдаг. Морь ухаантай амьтан. Хүний заасныг л сурдаг. Уяа галаа тэр бүр солиод байх нь зохимжгүй. Өмнөх уяачаасаа сурч дадсан бүхнийг үнэгүйдүүлэхээс гадна шинэ эзнийхээ гарт дасна гэж багагүй хугацааг элээнэ шүү дээ.
 
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин