sonin.mn
Сумын цолтой залуу бөхчүүдийн энэ сарын ээлжит барилдаан өнгөрсөн долоо хоногт Монгол бөхийн өргөөнд болсон. Энэ барилдаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, аймгийн тойргийн харцага, сумын заан Д.Цэрэнням шөвгөрсөн юм. Түүнтэй барилдааных нь талаар ярилцлаа.
 
-Баяр хүргэе. Сумын заануудын барилдаанд хоёр удаа түрүүлсэн Батбаянг давж шөвгөрлөө. Энэ барилдаанд дөрөв давна гэдэг мөрөөдөл гэж тайлбарлагч хэлж байлаа?
 
-Баярлалаа. Нэг үеийн сумын заануудтайгаа харгүй сайхан барилдаж шөвгөрч нутгийн ахдаа өвдөг шороодлоо. Өмнө нь зохиож байсан барилдаануудад хэд хэд шөвгөрч байсан.
 
-Аймгийн тойргийн харцага цолтой юм байна. Хэдэн онд энэ цолыг авав. Сумын заанууддаа эрэмбэ дээгүүр ам авч харагдсан?
 
-2017 онд Самдан аваргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах барилдаанаас “Аймгийн тойргийн харцага” хэмээх цолыг авч байлаа. Өнгөрсөн жил Төв аймагт болсон Д.Хадбаатар аваргын нэрэмжит барилдаанд түрүүлсэн. Мөн сумын заануудын дунд дөрвөн жилд нэг удаа болдог “Нүүдэлдчин Монгол” үндэсний спортын их наадамд III байрт шалгарч байсан. Сумын баяр наадамд гурав түрүүлсэн болохоор дээгүүр эрэмбэлэгддэг. Гэхдээ жүдогоор давхар бэлтгэл хийдэг учир үндэсний бөхөөсөө жаахан хөндийрчих гээд байдаг.
 
-Та Казахын Курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсан. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
 
-Би жүдогоор улсын шигшээнд  -100 кг-д барилдаж байгаад өнгөрсөн зун гарчихсан. Наймдугаар сард болсон Казах Курес бөхийн тэмцээнээс хүрэл медаль авсандаа баяртай байна.
 
-Жүдо, үндэсний бөх хоёрын алинд нь илүү сонирхолтой вэ?
 
-Багаасаа үндэсний бөхөөр барилдсан ч гэсэн жүдодоо илүү дуртай. Яагаад гэвэл маш хариуцлагатай,  ёс зүйтэй байхыг шаарддаг. Арван жилийн сурагч байхад хотод “Аварга” сургууль дээр Япон явуулах хүүхдүүдийг шалгаруулсан барилдаан болно гэхэд нь Хэнтий аймгаас ирж барилдаад түрүүлэн Японы Нисэхийн академид суралцахаар явж байлаа.
 
-Арван хэдтэй хүүхэд аав ээжээсээ хол гадаадад сурна гэдэг амаргүй л байсан байх?
 
-Мэдээж, хамгийн түрүүн ээж аав, нутаг усаа санана. Монголд байхдаа жүдогоор хичээллэж байгаагүй хүүхэд анх Японд очоод кимоно өмсөж ах нартаа савуулж,  өчүүлээд боолгож ухаан алдаж унахдаа аав ээж рүүгээ буцъя гээд утсаар ярьж байлаа. Гэхдээ би тэнд сурч байхдаа хүн хэзээ ч зорьсон зорилгоосоо ухарч шантарч болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Намайг анх хүлээж авсан багш маань “Чамайг энд байх хугацаанд би аав ээжийг чинь орлоно. Би чамайг сайн тамирчин төдийгүй сайн хүн болоосой гэж хүсч байна” гэж хэлсэн үг нь одоо ч миний сэтгэлд байдаг.
 
-Барилдана гэдэг сэтгэл зүйн тулаан юм.  Бяр хүчнээс гадна хүний ухаан тэнд уралдаж байгаа шүү дээ?
 
-Тийм ээ. Сэтгэл зүй их нөлөөлдөг. Тамирчин хүн ялсан ч ялагдсан ч  шантардаггүй байх  хэрэгтэй юм болов уу гэж боддог. Анх барилдахдаа их шантарч, гутардаг байлаа. Сүүлдээ ялагдлаасаа суралцаж бэлтгэлээ илүү сайн хийх хэрэгтэй юм байна гэж боддог болсон. Үеийнхээ залуусыг харахад бяртай, бие хаа том хэрнээ сэтгэл зүйгээсээ болж унаад байна уу даа гэж хардаг. Бэлтгэл дээр өөрийнхөө сэтгэл зүйг бэлдэж байж л тухайн тамирчин амжилт үзүүлдэг. Үүний нэг жишээ гэхэд саяхан болсон чөлөөт бөхийн хоёр тамирчны үйл явдал харууллаа. Тамирчинг бэлтгэж буй багш нар амжилт үзүүлж байгаагаас нь илүү ёс зүй, үүрэг хариуцлагыг ч зааж сургах хэрэгтэй юм шиг санагддаг.
 
-Яагаад  заавал бөх сонирхох болов?
 
-Миний дээд талын ах барилддаг байсан. Ахыгаа аймгийн аварга болохыг аав, ээжтэйгээ хамт очиж үзээд их сонирхолтой санагдаж байлаа. Тэр барилдааны шагналд нь “Монгол бөхийн шилдэг зуун барилдаан“-ы CD ирсэн. Энэ бичлэгийг үзэхэд залуу зургаан зааны ид үеийн болон Б.Бат-Эрдэнэ аваргын түрүүлж байсан наадмын барилдаанууд байсан. Түүнээс хойш тэр CD-ийг давтан үздэг болсноор үндэсний бөхөөр барилдах сонирхолтой болсон. Ангийн багшийн нөхөр Мөнхбаярын бөхийн дугуйланд явж эхэлсэн. Анхны барилдаандаа сургуулийн аваргад түрүүлэн их урам авсан. Багш маань ч намайг их тоосон. Мөн урлаг, уран сайханд дуртай, бүжиглэж, дуулахаас гадна шүлэг бичих гэж оролддог хүүхэд байлаа.
 
-Багшаасаа урам авч байсан хүү өнөөдөр тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн тамирчин болсон байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ ямар захиас өгч явуулах нь зөв юм бэ?
 
-Миний багшилж байгаа энэ ордонд хүүхдүүд их очдог. Миний бодлоор залуучууд спортоор хичээллээсэй гэж хүсдэг. Манай боловсролын систем арай буруу байх шиг санагддаг. Японд бол арван жилийн бүх хүүхэд тодорхой нэг дугуйланд заавал хичээллэх ёстой байдаг. Тэгснээр хүүхэд аливаа зүйлд хариуцлагатай, ёс зүйтэй хандаж сурдаг. Харин манайд залуучууд нь их завтай, аливаа зүйлд ул суурьгүй, сэтгэлийн хөөрлөөр ханддаг буруу зуршил нь өвчлөмтгий болгож байна. Бөх хүн нарийн ухаантай, нарийн мэдрэмжтэй байж л барилддаг. Хичээллэж байгаа хүүхдүүддээ ч үүнийг хэлж зөвлөдөг.
 
 
А.Доржханд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин