"Алс хол нутагт амьдардаг ч аргагүй тэр хүн садан минь юм"
                                                        Пабло Неруда "Монголчууд бидний садан төрөл" шүлгээс           
 

Жаны эцэг нь 1917 оны Октябрийн хувьсгалаас дүрвэн европын орнууд руу Халимагаас гарагсадын нэгэн бөгөөд Польш бүсгүйтэй гэрлэсэн аж. Тэд Францын Изэр мужийн Шарвьё-Шаваньё-д амьдарч байхдаа 1939 оны 10 сарын 27-нд хүүтэй болж Жан нэр хайрлажээ.

Хүү Жан нь багаасаа хөл бөмбөгийн спортыг сонирхон улмаар тамирчин болж Лион хотын багт тоглодог болжээ. 1966, 1968 онд дэлхийн шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон Францын хөл бөмбөгийн цомын эзэн, шилдэг тамирчнаар тодорсон байна.

Жан Армян бүсгүйтэй танилцан хайр сэтгэлтэй болж ханилан гурван хүүтэй болжээ. Хүүхдүүддээ Юрий, Дени, Миша гэдэг орос голдуу нэр өгсөн байна. Хүү Юра нь хожим францын хөл бөмбөгийн шигшээд шалгарсан алдарт тамирчин дэлхийн болон европын аврага, алт, мөнгөн медалийн эзэн болж,



1998 онд түүний гавъяаг үнэлэн Францын төрийн дээд шагнал Хүндэт легионы одонгоор ерөнхийлэгч Жак Ширак шагнасан байна. Тэрхүү одонгийн зөвхөн лентийг нь зүүсэн байхад л цэрэг цагдаа хэн боловч ёслож хүндэтгэн өнгөөрөх дүрэм журамтай аж.

Жан францын хөл бөмбөгийн шигшээд 48 удаа хамгаалагчаар тоглосон байдаг. 1966 онд зохиогдсон ДАШТ-д оролцжээ. Улсынхаа шигшээ багийн ахлагчаар сонгогдон олон клубуудад дасгалжуулагчаар ажиллаж байв. 1970 онд францын хөл бөмбөгийн шилдэг тамирчнаар шалгарсан юм.

Мөн улсынхаа цомын аврага шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах комиссын ерөнхийлөгч байлаа. Хэдийгээр хүү шигээ олон шагнал аваагүй ч францын хөл бөмбөгийн хорхойтнуудад нэн алдартай, хүндтэй нэгэн. Жан Оросын алдарт хөл бөмбөгийн тамирчин Лев Ящины сүүлчийн тоглолтонд хүндэтгэн оролцсон билээ.

Жан нь Монголын хөл бөмбөгийн тухай сонсоод тийм доогуур байх ёсгүй дээ боломж байвал туслах сан гэсэн гэдэг.


Тайлбар:
Халимагийн дүрвэгсэд -1917-1923 онд Октябрийн хувьсгалаас дүрвэгсэд Серб, Болгар, Франц , Румын, Чех улсад цагаачлан очсон байна. Дэлхийн II дайны дараа германы Мюнхенээс АНУ-д цагаачилжээ. 2007 оны байдлаар Чехэд 2037, АНУ-д, европд, 1949 оны Хятадын хувьсгалаас дүрвэсэн монголчууд олноороо Тайваний арал руу гарсан юм.

Тэр хүмүүсийн дотроос хожим нь Тайпэй хотын захирагч болсон торгууд хүн байсан билээ. 1990 онд Ардчилсан хувьсгал Монголд эхлэн хүнсний хомсдолд орсон хүнд үед Тайванд амьдардаг монголчууд бидэнд цагаан будаа зэрэг хүнсний тусламж удаа дараа үзүүлж байсныг бид сайн мэднэ.

Оросын Санкт-Петербургт 10 мянга, Москвад 50 гаруй мянган халимаг байдаг тоо бий бөгөөд тэнд мөн буддын шашны "Номин туг" төв, залбирал мөргөлийн СД хэвлэн гаргадаг "Итгэл" хэвлэхтэй бөгөөд халимагууд "зул", "цагаан сар"-аа хамтран тэмдэглэдэг ажээ.

Нийтдээ дэлхий дээр 400 мянга гаруй торгууд ястан байдгаас Халимаг, Хятад, Монгол, АНУ, Франц, Герман болон Тайванд оршин сууж байна. Халимагийн цагаачид Нью Жерси мужид буддын анхны сүмийг байгуулж Дилов хутагтыг залсан билээ. 2012 онд Нью Йоркод амьдардаг 400 гаруй халимагууд хэл соёлоо хадгалан үлдэхийн тулд "ХАЛИМАГ ТӨСӨЛ" шашин соёлын төв байгуулжээ.

2006 онд Халимагт хятадаас 100 гаруй торгууд гэр бүлийг Ерөнхийлөгч Илюмжинов урьж суурьшуулжээ.

Пабло Неруда- /1904-1973/ /жинхэнэ нэр нь Нефтали Рикардо Рейес/ 20-р зууны латин америкийн их яруу найрагч, нийгэм улс төрийн зүтгэлтэн, энх тайвны төлөө тэмцэгч.


Францын хөл бөмбөгийн алдарт тамирчин, дасгалжуулагч Халимаг Монгол жан Жоркаевын хүү алдарт тамирчин Юрий Жоркаев



Юрий нь 1968 оны 3 сарын 9-нд францын Лион хотноо хөл бөмбөгийн нэрт тамирчин, дасгалжуулагч халимаг Жан Жоркаевийн хүү болон төржээ. Эх Мари Оганян нь армян үндэстэн учир бага балчираасаа армян цагаачид дунд өсч улмаар армяны түүх, соёлыг сонирхон хожим нь гэр бүл болохдоо армян сүмд батлуулсан байна.

Харин тэрээр эцгийнхээ нөлөөгөөр хөл бөмбөгийн спортын тамирчин болсон билээ. Юра анх "Виллер-бан" сургуулийн клубт хөл бөмбөг тоглож эхэлсэн бөгөөд 1984 оноос  "Гренобль", "Страс-бург", "Монако", "Пари Сэн Жэр-мэн", Италийн "Интермилан", Германы "Кайзерс-лаутерн" мөн "Болтон Уондерерс", "Блэкберн Роверс", "Метростарз", "Рэдбулл Нью Йорк" зэрэг нэрт багуудад тогложээ.

"Интермилан"-ы багийн дасгалжуулагч Чезаре Мальдини дэлхийн шилдэг тамирчин гэж Юрийг үнэлж байв. 1993 оны 10 сарын 13-нд Францын улсын шигшээ багийн гишүүн болсон Юрий 2002 он хүртэл 82 удаа тэмцээнд оролцож 28 гоол оруулсан байна.

Юрий Жоркаев, Анри Тьерри хоёр Дэлхийн аваргын цомоо үнсэж байгаа нь. 1998 оны 7 сарын 12.


Хувийн амжилтаас нь дурдваас:

-1991 онд францын цомын эзэн,

-1993, 1994 оны Францын аварга шалгаруулах тэмцээнд 20 гоол оруулж "шилдэг довтлогч" цол,

-1996 онд Англид "хүрэл" медаль,

-1997 онд Италийн "Интер-милан" багт байхдаа "шилдэг тоглогч" цол,

-1998 онд ДАШТ-нд оролцон багаараа түрүүлж ДХБХ-ны цомын эзэн болсон учир төрийн дээд шагнал хүртэж "Хүндэт легионы одон"- гоор энгэрээ мялаасан францын хөл бөмбөгийн хоёр тамирчны нэг билээ.

-2000 онд Бельги, Нидерландад зохиогдсон тэмцээнээс "алтан медаль"

-2002 онд Япон, Солонгост зохион байгуулсан тэмцээнд "алтан медаль" тус тус хүртжээ.

Армян улс Юрий Жоркаевын амжилтыг нь үнэлж "хүндэт иргэн"-ээ болгосон билээ. Тэрээр 2006 онд гэмтэл бэртэл авсныхаа дараа зодог тайлжээ.

Г.Уламнэмэх /ГГУ/2014-03-6/

Эх сурвалж: “Хөх толбо” сонин