sonin.mn

МҮХАҮТ “Оюуны өмчийг сурталчлах, жуурамч бараа бүтээгдэхүүнээс сэргийлэх” сэдэвт аяныг Гаалийн Ерөнхий газар, Мэргэжлийн Хяналтын ерөнхий газар, ЭМЯ, Оюуны Өмчийн газар, ГХЯ- ны Гадаад худалдаа, Эдийн засгийн Хамтын ажиллагааны газар, Шударга Өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар (ШӨХТГ)-тай хамтран зохион байгуулсан юм.

 

Энэхүү ажиллагааны хүрээнд бизнес эрхлэгчдийн оюуны өмчийн талаар сонирхсон асуултанд холбогдох мэргэжлийн хүмүүс хариу өгч, хуурамч бараа бүтээгдэхүүнээс хэрхэн сэргийлэх, сэрэмжлэх, чанартай бүтээгдэхүүн сонгож худалдан авах, албан ёсны дистрибьютер, импортлогчдын үйл ажиллагаанд тулгарч байгаа саад бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх арга зам, боломжийн талаар мэдээлэл хийж, хуурамч барааны болон чанартай импортын барааны үзэсгэлэн гарсан юм.

 


Монголын зах зээлд чанартай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, дотоодынхоо зах зээлийг хуурамч бүтээгдэхүүнээс хэрхэн аврах, хэрэглэгчдийг энэ талын мэдээллээр хангах, импортлогч хэрэглэгчдийн уялдаа холбоог бий болгох, хуурамч бараа бүтээгдэхүүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь үзэсгэлэн уулзалтын зорилго байлаа.

 

Хуурамч барааны үйлдвэрлэл илүү нуугдмал байдалтай болж, олон улсын чанартай, зохион байгуулалттай болсоор байна. Хар тамхины бизнесээс ашигтай, хүлээлгэж байгаа хариуцлага нь бага учраас хуурамч барааны бизнес ихэсэх болсон нь түгшүүрийн харанга дэлдэж байна. Энэ талаар ГЕГ-ын дэд дарга Д.Оюунчимэгээс тодрууллаа.


-Хуурамч бараа бүтээгдэхүүн манай зах зээлд бишгүй бий. Тиймээс ийм бүтээгдэхүүний аюул юунд байдаг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар яриагаа эхэлье?

-Гол нь хуурамч барааны хэрэглээг байхгүй болговол нийлүүлэлт зогсоно. Хэрэглээг нь байхгүй болгохын тулд хэрэглэгчдийг мэдээллээр хангах нь чухал байна. Үүнд юуны өмнө хууль ёсны импортлогчид өөрсдөө санаа тавих хэрэгтэй. Импортлогчид үнэтэй чанартай брэнд барааг оруулж ирээд байдаг. Гэтэл хуурамч шошготой, дуураймал барааг хямдаар зараад байхад тухайн хууль ёсны импортлогчдын бизнест халгаатай байх нь мэдээж.

 

Хуурамч барааны нөлөөлөл бидэнд хамгийн их мэдрэгддэг. Бизнес эрхлэгчдийг бидэнтэй хамтарч ажиллаач, мэдээллээ өгөөч, гаалийн байгууллагын ажилтнуудад сургалт явуулаач гэсэн зорилгоор энэ уулзалтыг зохион байгуулж байна. Бид яаж ч ажиллаад, хичнээн мянган байцаагч байгаад ч өнөөдрийн хувьд хуурамч барааг зогсоож чадахгүй. Бизнес эрхлэгчид өөрсдөө тэмцэж, бараа бүтээгдэхүүнээ хуурамчаас ялгаж бүртгүүлэх нь чухал байна.



-Хуурамч бараа бүтээгдэхүүн аль улсаас түлхүү орж ирж байна?

-Дэлхийн гаалийн байгууллагаас жил бүр тайлан гаргадаг мэдээгээр хуурамч бараа импортлож байгаа дэлхийн 99 хэрэглэгч орон, ийм бараа үйлдвэрлээд экспортлож байгаа 120 орон байна. Тэгэхээр энэ бол дэлхий даяар үүссэн том асуудал. Хуурамч барааг жижиг хонгилд ганц хоёроороо хийдэг байсан бол одоо үйлдвэрлэл боллоо. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд нийгмээрээ зохион байгуулалтад орох хэрэгтэй. Бүх төрийн ТББ, хууль ёсны импортлогчид нэгдэж хамтран ажиллаж байж үүнийг зогсоож чадна.



-Хуурамч бараа бүтээгдэхүүнийг ялгаж таних тоног төхөөрөмж манай гаалийнханд хэр хангалттай байна вэ?

-Хуурамч бараа бүтээгдэхүүний аюулыг аль ч орон таслан зогсоож чадахгүй байна. Гадаад худалдаа өсөн нэмэгдэхийн хэрээр маш их бараа орж ирж байна. Хуурамч барааг нэгэнтээ хил дээр алдаад нэвтэрсэн бол нутгийн гүнд илрүүлэх худалдах зөвшөөрөл өгөхгүй байх, нарийн шалгах хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагад энэ талаар маш нарийн хянах, дэлгүүрүүдэд зарагдаж байгаа барааг хүртэл шалгах эрх нь байгаа.

Ялгаж салгахын тулд хууль ёсны үйлдвэрлэгч импортлогчид гаалийн байгууллагад мэдээллээ өгөх ёстой. Энэ ажлыг эрчимжүүлэхийн тулд гаалийн байгууллагыг мэргэшүүлэх ажил хийгдэж байна, Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа зохион байгуулалт маш сайн байж урьдчилан сэргийлэх, таслан зогсоох боломжтой.

Д.Зоосоо
Эх сурвалж: “Бизнес Таймс”