sonin.mn

Монгол орон 1932 оны мичин жилийг ихээхэн эмгэнэлтэйгээр өнгөрүүлсэн юм. Энэ нь засаг захиргааны одоогийн хуваарилалтаар Хөвсгөл, Завхан, Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Дуидговь, Өмнөговь зэрэг аймгийн нутаг дэвсгэрт зэвсэгт үймээн, бослого гарснаас болсон билээ.

 

Энэ тэмцлийн явцад олон тооны сумын захиргаа, хамтрал, хоршоо, дэлгүүр, үүсгэл төдий байсан зарим нэг сургууль, эмнэлгүүд сүйтгэгдсэн бөгөөд Шумуултайн дугана, Эрээн модон, Тариатын хүрээ гэх мэт сүм хийдүүд шатжээ. Үүний зэрэгцээ олон айл өрхүүд эх орноосоо дүрвэж, Өвөр монголын Дунд гүн, Дархан бэйлийн хошуудад суурьшиж байв.

 


Нийгэмд болсон энэ явдал нь 1920 онд оны сүүлч 30-аад оны эхэн үед нийгэм эдийн засгийн эрс өөрчлөлт явагдах болсонтой салшгүй холбоотой юм.
Тухайлбал, хаад, ноёд, тайж, хутагт, хувилгаад зэрэг язгууртнуудаа харгис хар, шар феодалууд, хуучин нийгмийн үлдэгдэл, ангийн дайснууд хэмээн үзэж, шахан, доромжилж, хороон хорих, хөрөнгө хогшлыг нь хураах зэргээр хэрцгийлсэн юм.

 


Мөн хойд хөршийн загвар, заавраар социалист журам байгуулах цаг болсон хэмээн үзэл суртлын дор хүчирхийлэл үйлдэх нь хавтгайрчээ..
Энэ ажпынхаа эхлэл болгож таваас хэтрэхгүй бодын хөрөнгөтэй хөдөөгийн ядуу айл өрхүүдийг бөөгнөрүүлэн “Комун" гэж нэрлэсэн. Тэдэндээ язгууртнуудаас хураагдсан мал хөрөнгөө шилжүүлэн тараах болсон байна.

 

Харин нөгөө ядуус мал арчлах туршлага багатай, хойрго залхуу байсан учир богино хугацаанд авсан мал хөрөнгөө их хэмжээгээр хорогдуулж байлаа. Үүний дараа комунаа хамтрал гэж өөрчлөн өргөжүүлсэн бөгөөд ардын аж ахуйтнуудаас хувь хөрөнгө авч тэднийг албадан хамтралд оруулж байв. Үүний зэрэгцээ мал сүрэг олонтой чинээлэг ардуудыг “Нударган баячууд” гэж нэрлэн хамтралдаа авахгүй, нутаг усаар нь боож хаах зэргээр хавчих бодлого явуулсан юм.

 

Мөн “Бурхангүйчүүдийн эвлэл” хэмээх олон нийтийн байгууллагыг байгуулж түүнийхээ гишүүдээр дамжуулж шашин шүтлэгийн эсрэг суртал нэвтрүүлгийн ажлыг хүчтэй явуулах болсон юм. Түүнчлэн сүм хийдүүдэд их хэмжээний алба татвар ноогдуулж, төлж чадаагүй лам хуваргуудыг өдий төдийгөөр нь барьж хорьж байлаа. Нийгмийн энэ үзэгдэл нь тухайн үеийн лам, хуваргуудын тэвчээрийг барж бослого гарах гол шалтгаан болжээ.

 


Бослогын хамгийн хүчтэй голомт Тариат, Тосонцэнгэл сумдад төвлөрч байсан бөгөөд тэд Архангайн төв болон Улиастайг эзлэн авах оролдлого хийж эхэлжээ. Өргөн олныг хамарсан бослогыг дарахын тулд байнгын арми хэрэглэх шийдвэр гарч, хувьсгалт улаан арми давшилтад орсон байна. Бослого 10 дугаар cap хүртэл үргэлжилсэн ч үндсэн хүчийг 6-7 дугаар сард нисэх онгоц, их буу, танкийн тусламжтайгаар хиар цохижээ.

 

Архангайгаас ирсэн нэгэн мэдээнд “Тариат дахь эсэргүү нарын жинхэнэ цэрэг 500, бирдаан болон орос, япон винтов 40, маузер гурав, бусад нь шийдэмтэй" гэснээс үзэхэд босогчид байнгын армийн өөдөөс ямаршуухан зэр зэвсэгтэй тулалдаж байсныг харуулна. Зэвсэгт бослого 1932 оны 10 дугаар сард үндсэндээ дарагдсан бөгөөд бослогын толгойлогч Ч.Самбуу дүвчин, Ц.Жамц, Б.Түгж, Б.Жамсрандорж нарын 39 хүний хэргийг Дотоодыг хамгаалах газар мөрдөн байцааж, шүүхэд шилжүүлжээ.

 

Улсын дээд шүүхээс зургаан шүүгдэгчийг суллах буюу тэнсэн өгч, 15 шүүгдэгчид хорих ял оногдуулж, 18-д нь цаазаар хороох ялыг амь гуйх эрхтэйгээр оноожээ. Түүхэнд болж өнгөрсөн бодит үнэн нь тухайн үеийн нийгмийн тогтолцооны үзэл суртлаас хамаараад 70 жил далдлагдаж ирсэн нь харамсалтай. Тэгээд ч түүхийн улиран одсон урт хугацаанд үйл хэргийн ул мөр нь улам бүдгэрч тэмцлийн тоосон дунд орж явсан ахмад настан амьд гэрчүүд нэн цөөрчээ.

 


Хөдөлмөрийн баатар доктор Базарын Ширэндэв гуай амьд сэрүүн ахуйдаа “Нэгэн удаа надад А үсэг заасан анхны маань багшийг зэвсэгт бослогынхон барьж аваад духан дээр нь таван хошуу сийлж тамлан алсан юм шүү дээ.Тэгээд би багшийнхаа өшөөг авахаар Улаан цэрэгтэй нийлж босогчидтой тэмцэж явлаа" хэмээн ярьж байжээ.

 


1932 оны 12 дугаар сард коминтерн, Төв хорооны төлөөлөгч Ш.Элиава монголчуудад мэдэгдэхдээ “Танай нам одоо 12 мянган гишүүнтэй. Нэг гишүүнд 10 эсэргүү лам ноогдож байна” гэж турхирсан бол Дотоодыг хамгаалах газрын сургагч М.П.Чибисов, Сталин лам нарыг хувьсгалын эсэргүүн үү, үгүй юү хэмээх явдалгүй гэсэн. Тэд цөм эсэргүү мөн.

 

Тэднийг олны өмнө илээр шийтгэх хэрэгтэй. Дээд лам нар чинь тайван байна. Цохилт өгөх хэрэгтэй. Жасын татварыг сүм хийдэд ноогдуулж, албан татвараар эдийн байдлыг муутгаж байгаад устга! хэмээн шахжээ. Зайлшгүй устгагдах болсон хүмүүс “Мал сүрэг бол яахав, үндэс угсаа, шашин бурхнаа Оросуудад ингэж баллуулахгүй" гэсэн ганцхан үзэл санаан дор нэгдсэн аж.

 

Дайрлага дайрах нь гарцаагүй нүүрлэв. Босогчид бүх ард түмнийг хөдөлгөх зорилгоор шамбалын дайнд уриалав. Нэгэнт тэмцэхээр шийдсэн нөхцөлд Шамбалын дайн гэдэг бурхны дайн. Бурхан шашныг хавчин боогч улаан Оростой бурхны дайн хийгээд үхэх сэхэхээ үзэх нь тэдний сүүлийн арга байжээ.


М.Мөнхзориг

Эх сурвалж: “Соёмбо”