
Хүмүүн бид буян хийх цагаа хойш нь тавьж ашиг хонжооны төлөө хамаг цагаа зориулах нь элбэг байдаг. Хүмүүн бид зав чөлөөгүй хэмээн гомдоллож явсаар байгаад замбуулингаас буцах цаг нь ч болчихсон байх тохиол олон буй. Эцсийн мөчид хүн өөртөө “би ямар буян үйлдэв, би баяр жаргалтай амьдарсан уу” гэсэн асуулт тавьдаг биз. Тэхлээр хүн өөрт ногдсон амьдралаа үр бүтээлтэй, баяр баясгалантай, жаргалтай л өнгөрөөх нь зөв дөө.
Зарим хүн зовлон туулсанаа их гайхуулж ярих дуртай байдаг. Зовох гэж хүмүүн бид энэ хорвоод ирээгүй. Жаргах л гэж ирсэн юм. Хүмүүс бүх юм өнгөрөөд амьдрал нь төгсөж байх үед би тэгэх л байж, ингэх л байж хэмээн нэгэнт өнгөрсөн амьдралдаа харамсах нь тэнэг хэрэг.
Учир иймд хүмүүс бид хийх ёстой буянт үйлсээ амжиж хийх хэрэгтэй, хэлэх ёстой талархлын үгээ хүмүүст хэлэх нь зүйтэй. Аав, ээждээ хэлэх ёстой талархлын үгээ хэлж чадаагүй, аав ээжийнхээ ачийг хариулж чадаагүй хүмүүс энэ ертөнцөд өч төчнөөн байдаг. Ачит багш, анд найздаа талархаж чадаагүй, сэтгэлийг нь баясгах сайхан үг хэлж чадаагүй тохиолдол үй түм байдаг. Хүмүүс их мартамхай, гэмших нь хойноо байдаг. Хамгийн том буян бол бусдыг хорлох бус, бусдыг энэрэн хайрлах юм. Хүн, амьтны амийг аварч, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нь том буян мөн. Буддаг амьд сэрүүн цагтаа айлдвар сургаалиа хэлж байхад эртний Энэтхэг орны хүмүүс ихэд ад үздэг байсан гэдэг. Гэтэл Буддаг таалал төгссөний дараа Энэтхэг даяар гашуудаж эдүгээ Будда тэнд ч төрсөн, Будда энд ч гэгээрсэн гээд л хоёр мянганы турш Буддагаар рекламдаж аялал жуулчлалыг татаж ашиг олохыг хичээдэг болжээ.
Эдүгээ Энэтхэг орон одоо болтол Буддагийн сургаалийг ард түмнээрээ шүтэж чадаагүй л байна, Буддагийн кастын эсрэг тэмцсэн тэмцлийг ойлгоогүй л байна. Буддагийн боди сэтгэлийг олох, хоосон чанарыг онох сургаалийг ард түмнээрээ сураагүй л байна.
Будда хоёр мянганы тэртээ: “Шунал, тачаал, үзэн ядалт, ховдог, мунхаг зан л хүнд хор гэм болдог.Бусдын төлөө гэсэн хүн аз жаргал сайн сайхныг авчрахаас биш гэм хор болохгүй. Бусдыг доромжилж үзэн ядсан хүмүүс л худалч, мэхлэгч нар байдаг. Хүнийг доромжилж адалж үзэн ядах нь нүгэл үйлдэж байгаа хэрэг юм. Нэгнээ гадуурхаж ялгаварлах нь тахин шүтэж дээдэлж явдаг бүхнээ үл хүндэтгэж байгаа хэрэг. Та нарын өөдөө шидсэн чулуу тэнгэрт хүрэлгүй өөр дээр чинь л унана. Тэнгэр бид бүгдэд энэ тэнцүү ханддаг, эцэг хүн шиг хэнийг ч ялгаварладаггүй. Газар шороо ч мөн хэнийг ч ялгалгүй үр шимээ хүмүүст хайрладаг. Энэ дэлхийн хүн бүр нэг агаараар амьсгалдаг. Гол мөрөн ч бас бүгдийн маань цангааг тайлдаг. Байгаль дэлхий хэнийг ч ялгадаггүй. Гэвч хүмүүс бид яагаад нэг нэгнээн гадуурхан ялгаварладаг юм бэ? Бусдын зовлон шаналлыг ойлгодог хүн л хэн хэнээс илүү хувраг болох эрхтэй. Энэ дэлхийн хүн бүрт ухамсар гэж буй.
Ухамсар сайжрах тусам хүн өөрийгөө хүндэлж эхэлдэг. Гол олноороо урсаж ганц далайд цутгадаг. Нэгэнт далайд цутгасан бол хаанаас эхтэй ямар гол вэ гэдэг нь хамаагүй болдог.
Үүнтэй адил өнгөрсөнөө ардаа орхин үнэний эрэлд гарч шинэ зам мөр хөөж байгаа бярман, дайчин, худалдаачин, ядуус гээд хэний ч болов язгуур үндэс угсаа эцэстээ ямар ч хамаагүй болно. Хүн бүрийн цус улаан өнгөтэй, нулимс шоврог амттай. Алагчаалж ялгаварлах нь нэг нь нөгөөгөө захирч дээрэлхэх гэсэн хүмүүсийн сэдэл юм. Би аюул занал, хүмүүсийн дургүйцэлтэй нүүр тулах нь мэдээж. Гэхдээ шударга үнэн биднийг урам зоригоор тэтгэж байх болно. Өөрийн болон нөхрийнхөө ээж, аав төдийгүй үр хүүхэд хамаатан саднаа ачилж явах нь таны амьдралын салшгүй хэсэг. Зөвхөн хар амиа хичээн амьдарч болохгүй, эд баялаг аз жаргал амжилт бүтээл бүхнээ хуваалцах хэрэгтэй. Архи дарс, мөрийтэй тоглоомоос холуур яв. Хүмүүст ачлал энэрэлтэй хандаж хариу талархаарай. Аж төрөх даруу ёсыг дор бүрнээ хэвшүүлж мөрдөх нь зүйтэй. Хуврагаар хөтлүүлэн бясалгал хийж байгаарай. Ингэснээр сэтгэл тавгүйтэл, уур бухимдлаас ангид оршиж мөнхийн амгаланд хүрэх юм. Өглөө бүрийг шинэ амьдралын эхлэл хэмээн санаж явах хэрэгтэй. Өдөр тутмын үйл бүр тань дээдийн ач холбогдолтой. Бид бие биедээ талархаж амьдрахыг мартсан, бусдаас хамааралтай гэдгээ ч мартах учиргүй юм. Ой мод, цэцэг навч, цэвэр агаар, цэнгэг ус, цэлмэг тэнгэр эдгээрийг та бид бий болгоогүй, бид байгаль эхдээ талархаж явах учиртай. Амьдралаас суралцсан бүхэндээ талархаж сурах хэрэгтэй. Сэтгэлаа хангалуун байлга. Ихийг сурч мэдээгүй ч эрүүл энх яваадаа талархах хэрэгтэй. Хэдий дордсон байлаа ч амьд яваадаа талархах хэрэгтэй. Бусдад талархаж амьдрах юм бол хүмүүний амьдрал ямар яруу тансаг болохыг бүрэн гүйцэд ухаарсан гэсэн үг” хэмээн айлджээ. Энэхүү Буддын сургаал нь орчин үед ч гэсэн хүчинтэй бөгөөд үнэ цэнэтэй хэвээр байна. Учир иймд хүмүүс бид амьд байгаа цагтаа сурах ёстой сургаалиа судалж, ач тустай зөв эрдэм мэдлэгийг эзэмшиж, хийх ёстой буянт ажлаа бүтээж, хэлэх ёстой талархлын үгээ харамгүй хэлдэг байх хэрэгтэй. Хорвоогийн жам хатуу гэдгийг хорвоо өөрөө бидэнд сануулсаар байдаг. Өчигдөрхөн уулзсан хүн өнөөдөр үгүй болчихсон байдаг. Маргааш юү болохыг хэн ч мэдэхгүй. Анд нөхөд, ахан дүүс биднийг орхисоор л байна. Ертөнц мөнх бус гэдгийг ертөнц бидэнд хором бүр ойлгуулсаар л байна.
Дэлхий ертөнц хүмүүс биднийг урьдын адил ивээсээр байна. Өглөө бүхэн нар мандаж, хур бороо орж, цэцэг ногоо дэлгэрч, агаар нь амьсгалахад сайхан, ус нь уухад тунгалаг цэвэр байсаар байна. Дэлхийн нөөц хэмжээ хязгаартай гэдгийг дэлхий бидэнд сануулсаар байна.
Харин хүмүүс эх дэлхийгээ хайрлаж хамгаалж чадаж байна уу. Эх дэлхийгээ ухсаар баялгийг нь зөөсөөр ус нь ховордож баялаг нь хомсдож байна. Хүмүүс энэ бүхнийг ер анзаарахгүй юм. Хүмүүс энд тэндгүй үйлдвэр, уурхай байгуулж газрын гүний усыг ховх соруулж дэлхийгээ бохирдуулсаар байна. Хүн төрөлхтөн одоо бүр дэлхийн тойрог зам орчмын сансарыг хүртэл хиймэл дагуул хэмээх төмөр хогоор дүүргэж бохирдуулсаар байна. Удахгүй Марс гаригийг бохирдуулахаар бэлдэж байна. Төр улс байгаль хамгаалах хууль гаргадаг боловч түүнийгээ мөрддөг хүмүүс гэж байна уу. Хүмүүс энэ дэлхийн амьтан, хорхой шавьжийг олноор нь хөнөөж, мод ургамалыг устгасаар олон төрлийн халдварт өвчин дэлхийгээр дүүрчээ. Нэг жилд дэлхий дээр 13 сая хүн халдварт өвчнөөр үхэж байна. Хүмүүс лусын хорлол болно гэдгийг мэддэггүй бололтой. Хүмүүс өөрсдийгөө эх дэлхийн эзэн хэмээн буруу ойлгожээ. Хүмүүс мод ургамал, уул ус, хангай дэлхийтэйгээ хамт амьдрах ёстой гэдгээ ойлгосонгүй. Хүмүүс “би энэ дэлхийн эзэн” хэмээн эндүүрчээ. Хүмүүс үйлийн үр эндүүрдэггүй, үйлийн үр хамгийн хүчтэй гэдгийг ойлгосонгүй. Хүмүүс сайн үйл хийвэл жаргал ирдэг, муу үйл хийвэл зовлон ирдэг гэдгийг ойлгосонгүй. Хүмүүс урьдын адил дайн байлдаан хийж, байгалийн баялгийг хайр найргүй тонон дээрэмдэж дэлхийгээ устгаж амин хувийн ашгаа дээдэлж амьдарсаар байна. Эдүгээ манай дэлхий дээр 8 тэрбум 400 сая хүн амьдарч байна. 2000 жилийн өмнө дэлхий дээр 300 сая хүн л амьдарч байсан.
200 жилийн өмнө дэлхий дээр 1 тэрбум хүн л амьдарч байсан. Эдүгээ нэг жилд дэлхий дээр 155 сая хүүхэд төрж байна, 60 сая хүн үхэж байна. Нэг өдөрт 387 000 хүүхэд төрж байна, 150 000 хүн үхэж байна.
Эдүгээ дэлхий дээр 854 сая хүн өлсөж байна. Эдүгээ дэлхий дээр 788 сая хүн ундны цэвэр усаар дутагдаж байна, 600 000 хүн ундны усны дутагдлаар үхэж байна. Дэлхийн бүх бүсгүйчүүдийн 70.0 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна. Дэлхийн бүх гэр бүлийн 75.0 хувь нь салж сарниж байна. Гэр бүлийн уламжлал, үнэт зүйл алдагдаж байна. Ёс зүй, зан заншил үгүй болж байна. Эдүгээ дэлхий дээр 45 сая эмэгтэй аборт хийлгэж байна. Эдүгээ дэлхий дээр жилд 1.0 сая гаруй хүн амиа хорлож үхэж байна. Эдүгээ дэлхий дээр нэг секундэд 3 хүн үхэж байна. Хорьдугаар зуунд гэхэд л дэлхий дээр нийтдээ 1200 дайн болжээ. Хорьдугаар зуунд дайнаас болж 260 сая хүн үхжээ. Яг одоо дэлхийд хэд хэдэн том бага дайн болж байгаагийн хамгийн том нь Орос Украины дайн болоод байна. Орос, Украины талууд энэхүү дайнд 1 сая 500 000 цэргээ алдаад байна. НҮБ-ын мэдээлснээр Оросын түрэмгий дайны уршгаар 2022 - 2025 оны хооронд Украины 12 940 энгийн иргэн амь үрэгдэж, 27 836 энгийн иргэн шархдаж, 682 хүүхэд амь үрэгджээ. Орос улс аль эрт Петр хааны үед 1700 оноос эхэлж бусад орнууд руу газар нутгийг нь булаан эзлэх дайныг 300 жилийн турш хийж хорьдугаар зуун гэхэд хоёр зуун мянган квадрат км хүрэхгүй газар нутагтай байсан Московит 22 сая квадрат км газар нутагтай том гүрэн болтлоо томорчээ. Хорьдугаар зууны сүүлчээр Зөвлөлт улс задарсан. Гэтэл Орос улс эдүгээ дахин хуучин Зөвлөлт улсын газар нутгийг буцаан авах дайныг эхлүүлээд байна.Газар нутгийн шунал нь хэдэн зуунаар үргэлжлээд яасан ч дуусдаггүй юм.Гэтэл 35 сая квадрат км газар нутагтай байсан Их Британи гүрэн эдүгээ колони орнуудадаа эрх чөлөө, тусгаар тогтнолыг нь олгоод өөрсдөө 242 000 квадрат км арал дээрээ амар жимэр сайхан л амьдарч байнэ.
33 сая квадрат км газар нутагтай байсан Их Монгол улс эдүгээ 1.5 сая квадрат км газар нутаг дээрээ амар жимэр сайхан л амьдарч байна. 2023 онд Палестинд “Хамас” бүлэглэл Израйлийн эсрэг дайн хийж 1200 израиль иргэн алагдаж, 261 израиль хүн барьцаалагджээ.
Эдүгээ Хойд Солонгос цөмийн баллистик пуужин туршиж, 12 000 цэргээ Украин руу явуулж Оростой хамтарч дайн хийж байна. Энэтхэг, Пакистаны хил дээр эдгээр хоёр улсын зэвсэгт мөргөлдөөн болсоор байна. Иран цөмийн зэвсэг хөөцөлдөж дэлхийн исламын экстремизмын төв болоод байна. Дэлхий урьдын адил тогтворгүй болж, энхийн гэрээг зөрчих явдал гарсаар байна. Дайн, өвчин, өлсгөлөн, осол, амиа хорлолт, абортоос болж дэлхий дээр олон сая хүн үхэж үрэгдсээр л байна. Хүмүүс яагаад дайн хийж бие биенээн хөнөөдөг юм бэ? Уур, шунал, их гүрний дээрэнгүй үзэл, геноцид. арьс өнгөөр ялгаваралах үзэл, соёл шашны зөрчил, хүчирхийлэл, буруу үзэл зэргээс болж улс гүрэн, хүмүүс дайн хийж байна. Хүн төрөлхтөн энх тайвныг эрхэмлэхийн оронд эзэрхэг түрэмгий дайн хийсээр байна. Дайнд бэлтгэсээр байна.
Дэлхийн хүчирхэг улсууд ямар их хөрөнгө хүчийг цэрэг, батлан хамгаалах салбарт зарцуулж байна вэ. Дэлхийн хүчирхэг том улсуудын зөвхөн 2024 оны нэг жилийн цэргийн салбарын төсвийг аваад үзье.
- АНУ 997 тэрбум ам.доллар,
- Хятад улс 314 тэрбум ам.доллар,
- Орос улс 149 тэрбум ам.доллар,
- Герман улс 88.5 тэрбум ам.доллар,
- Британи улс 81.8 тэрбум ам.доллар.
- Энэтхэг улс 86.1 тэрбум ам.доллар,
- Саудын Араб 80.3 тэрбум ам.доллар,
- Франц улс 64.7 тэрбум ам.доллар зарцуулж байна.
Хөгжиж байгаа Алжир улс 21.4 тэрбум ам.доллар, Катар улс хүртэл 9.7 тэрбум ам.доллар зарцуулж байна. Дэлхийн улсууд бүхэлдээ нэг жилд / 2024 он / 2 их наяд 718 тэрбум ам.долларыг цэргийн салбарт зарцуулжээ. Ямар их хөрөнгө хүч вэ. Энэ их мөнгөөр дэлхийг бүхэлд нь ногооруулаад дэлхийн хүмүүсийг өлсгөлөн, өвчнөөс нь салгаж, орон сууц, ажлын байраар хангах боломж байсан юм биш үү. Гэтэл хүн төрөлхтөн одоо болтол өвчин, өлсгөлөн, дайн, тахал, цэвэр ус, хүнсний дутагдлаасаа ч салж чадаагүй байдаг. Хүн төрөлхтөн хорт хавдар, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг өвчнийг ч анагааж чадаагүй байдаг. Ганц жишээ хэлэхэд зөвхөн “Ковид-19” цар тахлаас болж манай дэлхийн 6 сая 900 000 хүн амь насаа алдаж, 616 сая 587 000 хүн ковид тахлаар өвчилсөн ажээ. Анх чулуу, төмрөөр жад, сэлэм, хутга хийж байсан хүн төрөлхтөн эдүгээ цөмийн зэвсэг, тив алгасах пуужин, танк, нисэх онгоц, лазерийн хүчит зэвсэгтэй аймшигтай амьтад болцгоожээ. Дэлхийн их гүрнүүд дэлхийг хэдэн зуу дахин хөнөөх чадалтай зэвсэгтэй болжээ. Цэнхэр дэлхий маань дарьтай торх шиг болжээ.Цэнхэр дэлхий маань дэлбэрэх гэж байгаа гариг шиг болжээ.
Дэлхий дээр эдүгээ нийтдээ цөмийн хошуу 13 000 байгаа нь дэлхий өөрийгөө сөнөөхөд тун ойрхон байгаа бөгөөд дарьтай торх дээр сууж байна гэсэн үг.
Орчин үеийн цөмийн зэвсэг 1945 онд Японы хотууд дээр хаясан цөмийн бөмбөг /энэ анхны цөмийн бөмбөгний хүч 20 килотонн байсан/-өөс гурван зуу дахин хүчтэй хор хөнөөлтэй болоод байна. 1 килотонн гэдэг 1000 тонн тротил дэлбэрсэнтэй тэнцэнэ гэсэн үг. Орчин үеийн атомын нэг бөмбөгний хүчин чадал 550 килотонн болоод байна. Дэлхийд хамгийн их цөмийн хошуутай улс бол Орос улс юм. Зөвлөлт улс 1990 онд 13 000 цөмийн хошуутай байжээ.
Одоогийн байдлаар дэлхийд хамгийн олон цөмийн хошуутай улсууд бол: Орос улс 6255, АНУ 5550, Хятад улс 350, Франц улс 290, Британи улс 225, Пакистан улс 165, Энэтхэг улс 156 цөмийн зэвсэгтэй байна. Хамгийн сүүлд Хойд Солонгос улс цөмийн зэвсэгтэй орон боллоо. Цөмийн зэвсгийг эдүгээ хэрэглэж цөмийн дайн дэгдээж болзошгүй орон бол Орос улс, Хойд Солонгос хоёр болоод байна. Өнөөгийн дэлхий цөмийн бөмбөгний том агуулах болжээ. Хэрэв нэг жилд хүн төрөлхтөн цэргийн салбарт зардаг 2,7 их наяд ам долларыг анагаах ухаан, шинжлэх ухаан, технологи, сургууль, эмнэлэг, орон сууц, бүтээн байгуулалтад зарцуулсан бол хүн төрөлхтөн өдийд диваажинд амьдрах байсан бус уу. Гэтэл хүн төрөлхтөн сүүлийн 500 жилийн турш тасралтгүй дайн хийж, зэр зэвсгээ улам их хор хөнөөлтэй болгосоор л байна. Хэзээ хүн төрөлхтөн дайнаас татгалзаж энх амгаланг эрхэмлэх юм бол доо. Дэлхийн бүх шашин хайр энэрлийг номлодог. Энэрэл хайр байхгүй бол энэ дэлхий сөнөнө гэдгийг хүмүүс ойлгоосой. Хүмүүс минь. Амьд байгаа дээрээ хийх ёстой буянт үйлээ хий, хэлэх ёстой талархлын үгээ хэл. Дараа нь өнгөрсөн хойно нь бүү харамс. Цаг хугацаа дахин олдохгүй. Хүн төрөлхтөн хэзээ буу зэвсгээ хаяад “Бурханаа шүтэж, Буянаа хураадаг” болох юм бол доо. Дэлхий даяараа цөмийн зэвсэггүй болоосой. Хамаг амьтан өвчин зовлонгүй, дайн дажингүй, эрүүл саруул, энх амгалан болох болтугай.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл21
Сайхан нийтлэл бичжээ,,,,
Усан цэлдэн гахай Доржийн Сүхбаатар гуай алан хядагч нацист Киев фашист НАТО-г сурталчилах гэж оролдсон их нүгэл үйлдсэн болхоор айж байгаа юмаа, ккк
орсын ард түмэн олон удаа хал үзэж халуун чулуу долоож хөхөө өвлийн хүйтэнд хөлдүү мөс долоож хэлээ наалдуулж сүргийн эвэр хугармаар сибирийн есийн хүйтэнд ч цагаан баавгай МОРЖ шиг ногоорсон мөстэй усанд орж ган болд шиг чийрэг ганцхан орос хүн ялна орос хүний бие онцгой чанартай орчлонд орос хүн ганцаар төрж дээ
Сэтгэцийн өвчтөн.
Яавч эрүүл бишээ,,,,
Хэрвээ Нато Укрианыг маргааш өглөө өөртөө элсүүллээ гэхэд нөгөөдөр нь Оростой байлдах хэрэг гарна ! Оростой байлдана гэдэг чинь цөмийн зэвсэгийн амтыг үзнэ гэсэн үг ! Өөр юугаараа байлдах юм Орос ! Энгийн зэвсэгүүд нь дуусчихсан бөйна ! Оростой байлдана гэдэг чинь тэр Бёльгийн Брьюсёль хот 800 килотонны хүчтэй устөрөгчийн бөмбөгийн амтыг нь үзээд мөөгөн үүл нь Вашингтонд шууд харагдана гэсэн үг ! Лондон Бёрлин Варшав Парис мэтийн Киёвтэй аальгүйтээд байгаа бусад хотууд ч мөн амт үзнэ гэсэн үг ! Үүнийг Путин Трамп хоёроос бусад нь мэдэхгүй байгаа ! Дайн бол хэрэгтэй зүйл ! Байнга энхтайван байна гэдэг бол энэ Сүхээ бичээч шиг мулгуу хүний бодол ! Хааяа хааяа том дайн хийж хүнээ цөөлж цэвэрлэж байх ёстой энэ дэлхий ! Тэгэхгүй бол янз бүрээр ялзраад өмхий үнэртээд байна ! Адольф шиг хүү төрдөггүй юмаа гэхэд Путин шиг хүү хэрэгтэй хэрэгтэй !!
Ална шүү новшоо
Москваг нөгөөдүүл зүгээр л орхичих уу?
Фашизм гэж үүнийг л хэлэх бн
Гийтлер ч ийм үг ярьж бгагүй.дотроо боддог бж магадгүй
Сүхбаатар дайны тухай сургамжийг хэнд айлдаад байгаа юм болоо. Манайх дайн өдөөгөөгүй, дайн хийгээгүй. Тэр колоничлогч бодлого явуулж, байнга цэргийн төсөв зардлаа нэмэгдүүлдэг, бусад улс гүрнийг турхирч, зэвсгээр туслан, бусадтай дайтахыг өдөөн дэвэргэж байдаг улс гүрнүүдийн бодлогыг барьж байгаа тэр улс төрчдөд нь очиж хэл. Энд бичсэнийг чинь тэд мэдэхгүй шдээ. Ийм сүрхий сод ухаантай үгийг тэд огт сонсохгүй байгаа
Zolbin
Дэлхийн гуравдугаар дайн эхэлвэл дайнд дэлхийн бүх улс орнууд татагдан оролцох болно.
Хэн гэдэг ямар тэнэг нь,,,сөнөсөн оросыг дагаж дэлхийн дайн хийхэвдээ,,,,
бас архины мөнгөгүй болсон бололтой найрканд нь хүрэх мөнгө өгөөрэй сонин.мн
Чулуунжав өвгөн шиг их чалчдаг болжээ энэ Сүхбаатар !
Юун сонин юм бичээд байгаа юм бэ? Ямар ч украин гэж улс байгаагүй, оросын нэг хэсэг байсан. Өарийн ард түмнээ 8 жил бөмбөгдөөд, яг Орос руу дайрах гэж байрад нь түрүүлж цохилт өгсөн. Яагахд одоо хүртэл зэвсэг нь дуусдаггүй юм өэ? Украин бол ердаа нэг маш шуналтай ерөнхийлөгч бүхэл бүтэн ард түмнээ сүйрүүлж байгаагийн үлгэр жишээ. Наад шашинтай чинь огт хаиаагүй. Ямхр ч боловсрол мэдлэггүй хүн хүссэнээ хамж холиод бичээд ичээч ээ!
Юун сонин юм бичээд байгаа юм бэ? Ямар ч украин гэж улс байгаагүй, оросын нэг хэсэг байсан. Өарийн ард түмнээ 8 жил бөмбөгдөөд, яг Орос руу дайрах гэж байрад нь түрүүлж цохилт өгсөн. Яагахд одоо хүртэл зэвсэг нь дуусдаггүй юм өэ? Украин бол ердаа нэг маш шуналтай ерөнхийлөгч бүхэл бүтэн ард түмнээ сүйрүүлж байгаагийн үлгэр жишээ. Наад шашинтай чинь огт хаиаагүй. Ямхр ч боловсрол мэдлэггүй хүн хүссэнээ хамж холиод бичээд ичээч ээ!
Ёстой ёстой
Ёстой ёстой
Дайныг ямарч утгаар зөвтгөх боломжгүй.үхэл зовлон гамшиг шүү дээ.энэ солиорол Монголыг минь тойроосой билээ.