sonin.mn
Бид энэ удаагийн “Урлан” буландаа сийлбэрч А.Цэрэгхүүг урьж ярилцлаа.
 
А.Цэрэгхүү нь Өмнөговь аймгийн уугуул хүн юм. Сийлбэр бол түүний амьдралын салшгүй нэгэн хэсэг. Аав Алтанзаяа нь насаараа сийлбэр хийсэн хүн байжээ. Гэвч А.Цэрэгхүү ааваасаа сийлбэр хийхийг амьд ахуйд нь сурч амжаагүй аж.
“Би ааваасаа сийлбэр хийхийг сурах байсан ч хэнэггүй зангаасаа болж аавыгаа амьд байхад сийлбэрийн хутгаа барьж хажууд нь суугаагүйдээ харамсаж явдаг. Тэр бол миний алдаа байсан. Миний аав бодлоос ургасан бүхнээ модон дээр илэрхийлдэг, ухааны саруул, гарын ураараа ойр тойрныхондоо гайхагдсан авьяастай хүн байсан” гэж тэрээр аавыгаа дурсан ярилаа.
 
А.Цэрэгхүү анхны сийлбэрээ аймгийнхаа Ж.Баяраа гэх уран гартай хүнээс сурчээ. Сайн багшаас сурсан болохоор хүндрэл багатай байсан гэв. Түүний хувьд сийлбэрт суралцаж, уран бүтээлээ хийгээд зургаан жил болжээ. Ихэвчлэн аргаль, янгир, буур зэрэг амьтдыг урладаг бөгөөд хөөрөг түүний хамгийн их захиалгатай ажил аж. Хүн гэдэг байгаль, ан амьтантай салшгүй холбоотой. Тэр тусмаа ховордож буй эдгээр амьтдыг сийлнэ гэдэг түүний хувьд хариуцлагатай ажил.
 
 
 
Сийлбэр хийхэд гарын ураас гадна сэтгэн бодох, төсөөлөх чадвар сайтай байх хэрэгтэй юм байна. А.Цэрэгхүү сийлбэр бүрдээ өөрийн ямар нэгэн онцлог хэв маягийг шингээж өгдөг аж. Модон сийлбэрийг хийхэд материал хамгийн  чухал гэдгийн тэрээр онцолсон юм. Хүнд судас гэж байдаг шиг модонд холтос, золом, долон, модлог гэж бий. Модоор сийлбэр хийхэд холтос, золомны нүх таарах магадлалтай учраас модныхоо нягтыг сайн тооцоолох ёстой гэлээ. Сийлбэрийг нягт модоор хийвэл илүү нарийн ур хийц гарах боломжтой аж.
 
 
 
Харин хөөрөгний хувьд хатуу биет дээр хийж байгаа болохоор анхаарах зүйл олонтой гэв. Хөөргийг мана, хаш, оюу, шүр зэрэг хагас үнэт чулуугаар урладаг. Тэр дундаа хаш чулууг маш өндөр энергитэй, бат бөх чулуу гэж үздэг болохоор хүмүүс  хөөрөг хийлгэх их дуртай. Мөн хаш чулуун хөөрөг хэрэглэсэн хүн бадамлянхуа цэцэг мэт ариун сэтгэлтэй байдаг гэлцдэг. Мөн хаш чулууг гэмтсэн яс бороолоход нөлөөлдөг, догшин авирыг номхотгох чадалтай, айл гэрт аз жаргал авчирдаг хэмээн бэлгэддэг байна.
 
 
Б.Оюунзул
Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин