сонин mn
Манай гаргийн хойд соронзон туйл байраа өөрчилж эхэлсэн байна. Энэ шилжилт хөдөлгөөн 2019 оноос хурдассан болохыг эрдэмтэд баталжээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд шилжилт жилд 15 километрээс 55 болж өссөн. Энгийнээр хэлбэл, луужингийн зүү хойд туйлыг заахдаа Хойд мөсөн далайн төв хэсгээс Сибирийн нутаг тийш хэвийх болсон гэнэ. Зуугаад жилийн өмнө луужингийн зүү Канадын хойд эрэг орчмыг хойд туйл гэж заадаг байснаа Хойд мөсөн далай руу шилжсэн аж. Соронзон туйл ийм хурдацтай хазайх аюултай юу гэсэн асуултад Оросын судлаачид хариулжээ.
Луужингийн цэгийг 1821 онд анх нээхэд шууд цэг нь Канадын Арктикийн Бутия хойг байв. Гэхдээ 1890 онд Норвегийн эрдэмтэд соронзон туйл анхны байрлалаасаа 50 километрээр зөрж байгааг баталсан юм. Энэхүү нээлтээс 90 жилийн дараа соронзон туйл хойд зүгт жилд 15 километрийн хурдтай нүүж байгааг баталжээ. 2017 оноос хойд туйлын цэг Таймирын хойг руу шилжиж эхэлсэн аж. Энэ хугацаанд хөдөлгөөний хурд дөрөв дахин нэмэгдэж, жилд 50-60 километр болжээ. Британийн геологийн албаны эрдэмтэн Сиаран Бегган “Сүүлийн 350 жилийн турш хойд соронзон туйл чиглэлээ өөрчлөх болсон” гэжээ. Тэрбээр дэлхийн соронзон орны өргөн цар хүрээтэй орон зайн загварт зориулж мэдээлэл цуглуулж буй эрдэмтэн юм. Соронзон бүрхүүл нь манай гаргийг үхлийн аюултай, хор хөнөөлтэй нарны цацрагаас хамгаалдаг. Хэрвээ энэ бүрхүүл байгаагүй бол дэлхий Ангараг шиг харагдах байв. Нарны шуурга далай тэнгисийг хайлуулж, ургамал амьтан мөхнө. Ангараг руу илгээсэн сансрын автомат төхөөрөмжүүдийн тооцоолсноор энэ гаргийн соронзон орон нь дэлхийнхээс 500 дахин сул аж. Энэ нь туйлын тогтворгүй гэсэн үг юм. Туйлын урвуу хамаарал үүссэн тохиолдолд дэлхийн соронзон орон сулрах болно. Өөрөөр хэлбэл, хойд ба өмнөд соронзон туйлууд байраа сольж, луужингийн зүү эсрэг зүгт чиглэнэ. Хүн төрөлхтөн оршин тогтнож байхад ийм зүйл тохиолдохгүй гэдэгт эрдэмтэд найдаж байна.
 
Гэхдээ манай гаргийн түүхэнд соронзон орны урвуу эргэлтүүд нэг бус удаа тохиолдож байжээ. Сүүлийн 80 сая жилийн хугацаанд 183 удаа урвуу эргэлт болсныг тогтоосон байдаг. Зарим судлаачийн үзэж байгаагаар урвуу эргэлт болоход 7000 жил шаардлагатай. 780 мянган жилийн өмнө болсон сүүлчийн урвуу эргэлт 22 мянган жил үргэлжилсэн гэдэг. Мөн эргэлт хэдхэн зуун жилийн дотор болсон тохиолдол ч бий. Жишээлбэл, сүүлчийн мөстлөгийн төгсгөлд буюу 41 мянга орчим жилийн өмнө ийм үзэгдэл болжээ. Үүнийг Лашамп-Каргаполово палеомагнетик аялал гэж шинжлэх ухаанд нэрлэдэг. Энэ нь бүрэн урвуу эргэлт байгаагүй гэж зарим судлаач үздэг.
 
 
 
Германы эрдэмтэд өнгөрсөн 200 жилийн хугацаанд дэлхийн соронзон орон 10 орчим хувиар буурсныг тэмдэглэжээ. Мөн хойд цэгийн хурдацтай шилжих хөдөлгөөнтэй зэрэгцэн гаргийн соронзон туйл өөрчлөгдөнө гэж таамаглаж байна. Энэ үйл явц маш удаан үргэлжлэх юм. Гэхдээ урвуу хамааралтай соронзон орны хүч буурч байгаа нь дэлхийн сансрын цацрагаас хамгаалалтыг багасгадаг.
 
 
 
СОРОНЗОН ТУЙЛ СИБИРТ 660 КИЛОМЕТР ЗАМ ТУУЛНА
 
Соронзон орон нь манай гаргийн төмрөөр баялаг цөмөөс үүдэлтэй бөгөөд энэ нь байнгын эргэлтэд оршдог. Мөн луужин шиг өмнөд ба хойд зүгтэй. Их Британийн Лийдсийн их сургуулийн эрдэмтэд хойд зүгт соронзон туйлын хөдөлгөөн нь Канад ба Сибирийн ойролцоох сөрөг соронзон орны хоёр хэсгийн хоорондох “татлага”-тай холбоотой гэж дүгнэжээ. Сүүлийн жилүүдэд Канадын толбо нэлээд суларсан нь Сибир туйлыг татахад нөлөөлжээ. Дараагийн арван жилд хойд соронзон туйл Сибирт 660 километр зам туулна. “1999-2019 оны хооронд Сибирийн нөхөөс бага зэрэг нэмэгдсэн бол Канадын хэсэгт үнэмлэхүй утга буурсан” гэж эрдэмтэд тайлбарлажээ.
Дэлхийн хойд соронзон туйл хурдацтайгаар байраа өөрчилж байгаагаас шалтгаалан хөлөг онгоц, нисэх онгоц, шумбагч онгоцны зүг чиг олоход хэрэгтэй эх загварыг яаралтай шинэчлэх шаардлага гараад байгааг эрдэмтэд өгүүлсэн байна. НАТО, Америк, Британийн тэнгисийн цэргийнхэн болон иргэний тээврийн хөлгүүд тус бүсээр зорчихдоо соронзон орны тэрхүү эх загварыг ашигладаг байна. Эрдэмтэд соронзон туйлын ийм шилжилтийг дэлхийн гүн дэх хайлмаг төмрийн хөдөлгөөнтэй холбон тайлбарладаг. Энэ удаагийн шилжилт нь хэдий хурдацтай байгаа ч Хойд мөсөн далайгаас бусад дундад болон өмнөд өргөргийн бүс нутгуудад төдийлөн нөлөө үзүүлэхгүй ажээ. Тиймээс гар утас, автомашины зүг чиг тогтоогчийн ажиллагаанд ямар нэгэн асуудал үүсэхгүй юм байна. Газрын гүн дэх шингэн металлын урсгалын эрчим, өөрчлөлт нь соронзон орны туйлын байрлалд нөлөөлж байдаг. Сүүлийн жилүүдэд соронзон орны умард туйл яагаад эрчимтэй шилжиж байгааг тогтоохоор эрдэмтэд ажиллаж байгаа ч шалтгааныг нь олоогүй байна.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин