sonin.mn
Харах төдийд л сэтгэлд баяр гийж,  зүрхний угт шигдсэн уйтгар гунигийг ор тас мартуулдаг ер бусын гайхам сайхан энергитэй хүмүүс л  орчлонг чимж явдаг. МУБИС-ийн оюутан байх үед минь том алаг нүдтэй,  жижигхэн эмэгтэй “Гадаадын уран зохиол” гэсэн хичээл заадаг байлаа. Бид энэ багшийнхаа хичээлд хачин их дуртай. Уншсан зохиолоо ярих гэж “Би эхэнд, чи эхэнд” гээд л “үзэлцдэг” байж билээ.  С.Хөвсгөл багшийг нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсаар орж ирэхэд бидний сэтгэл баясдаг сан. Түүний ачаар бид дэлхийн сонгодог бүтээлүүдэд шимтэн дурлаж оюутны хэдэн  хаврыг үр бүтээл дүүрэн элээсэн. Гадаадын уран зохиол хэмээх “их агуй” бидний төсөөлж байсан шиг харанхуй бас хүйтэн байгаагүй юм. Харин хараахан туулж амжаагүй хөшигний цаадах ээдрээт амьдралын үнэнийг бидний өмнө дэлгэчихсэн билээ. Тэнд хайр, атаа хорсол, цөхрөл, ганцаардал, амьдрах итгэл гэсэн асар олон “эрдэнэс” байсан. Тиймээс ийм нэг өвөрмөц “агуй”-гаас өчнөөн “эрдэнэс” шүүрэх боломжийг олгосон Хэл бичгийн, шинжлэх ухааны доктор, профессор, утга зохиол судлаач  С.Хөвсгөл багшийг “Амьдралын тойрог” буландаа урилаа.
 
ӨРНИЙН УРАН ЗОХИОЛООС ДОРНЫН УРАН ЗОХИОЛ РУУ
 
 
Дөчөөд жилийн хугацаанд уран зохиол, утга туурвилын ертөнцөөр “тэнэсэн” С.Хөвсгөл хэмээх эмэгтэй ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн Хэл шинжлэлийн ангийг төгснөөр утга зохиол хэмээх салбартай холбогджээ. Тэрбээр Багшийн сургуульд бага ангийн багшаар дөрвөн жил онц дүнтэй суралцан, 1976-1982 онд зургаан жил ОХУ-ын Эрхүү хотод суралцсан юм.
 
Дөчөөд жилийн хугацаанд уран зохиол, утга туурвилын ертөнцөөр “тэнэсэн” С.Хөвсгөл хэмээх эмэгтэй ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн Хэл шинжлэлийн ангийг төгсгөснөөр утга зохиол хэмээх салбартай холбогджээ. Тэрбээр Багшийн сургуульд бага ангийн багшаар дөрвөн жил онц дүнтэй суралцан, 1976-1982 онд зургаан жил ОХУ-ын Эрхүү хотод суралцсан юм. Тэнд сурч байх хугацаанд эрдэм шинжилгээний хурал,  тэмцээнд байнга идэвхийлэн оролцдог, мэдлэг, боловсролыг эрхэмлэдэг байсан  учир төгсч ирсэн цагаасаа эхлэн МУБИС-т Гадаадын уран зохиолын хичээлийг 40 дэх жилдээ зааж байна.
Барууны оронд боловсрол эзэмшсэн ч 1990-ээд оноос тэрбээр Дорно дахины уран зохиол гэсэн хичээлийг зааж, “Дорно дахины уран зохиол”, “Өрнө дахины уран зохиол” гэсэн их сургуулийн хоёр сурах бичиг хэвлүүлсэн нь оюутнуудын хамгийн чухал  ном болсон юм. Учир нь тухайн үед Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С.Дуламын “Дундад эртний дорно дахины уран зохиолын тойм”-оос өөр Дорно дахины уран зохиолын тухай дорвитой  бүтээл байсангүй.
Анх түүнд Дорно дахины уран зохиол хичээлийг заах санал тавихад “Би солонгос, япон, хятад хэл мэдэхгүй шүү дээ” гэсэнд доктор, профессор асан Д.Оюунбадрах “Орос хэлээрээ дамжуулаад заа. Өөр заах хүн байхгүй” гэснээр тэрбээр Өрнийн болон Дорнын  уран зохиолыг хамтад нь судлах болжээ. Ийн Хятадын алдарт дөрвөн зохиолын нэг “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө гэгддэг “Улаан асрын зүүд” гэсэн номыг монгол бичгээс крилл бичигт хөрвүүлсэн юм. Ингэснээр 1996 оны үед Монголын уншигчид “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-ийг шимтэн унших боломж бүрдэж, тухайн үедээ жинхэнэ “мода” болж байв.
Орост сурч байхдаа ангийн нөхөдтэйгээ хамт тогтмол театрт очиж, жүжиг үздэг байсан тэрбээр 1992 онд “Монголын жүжгийн зохиолын төрөл зүйл бүрэлдсэн нь”  сэдвээр хэл бичгийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан. Хэвлэгдсэн материал цөөн учраас жүжгийн зохиол судлах нөр их хөдөлмөр шаардсан ажил. Тиймээс тэрбээр УДЭТ, Хүүхэлдэйн театр руу олон удаа очиж,  архивын материалуудыг нарийн судалсан юм. Энэ тухайгаа “Яагаад жүжгийн зохиол судлах болсон бэ гэж олон хүн асуудаг. Бэлэн зохиолгүй хэцүү төрөл ч гэж ярьдаг. Гэхдээ яагаад гэдгийг би бас мэдэхгүй. Бага ангид байхаас уран зохиол унших дуртай байснаас уу эсвэл Эрхүүгийн их сургуульд сурч байхдаа орос оюутнуудын хамт байнга жүжиг сонирхон үздэг байснаас уу, мэдэхгүй юм. Нэг нь хүүхдийн уран зохиол судалдаг, нөгөө нь аман зохиол судалдаг гээд хүн хүний сонирхол өөр. Д.Оюунбадрах гэж хүүхдийн зохиол судалдаг манай сургуулийн мундаг багш байсан. Тэр багш маань “Зургадугаар сарын 1-нд машинууд гэрлээ асаагаад явахыг хараад баярлаад миний нулимс гардаг” гэж ярьдаг байлаа. Тэгэхээр   судлаач бүр өөр өөрийн сонирхон судалдаг чиглэлтэй байдаг байх” гэж ярилаа. Түүнийг Эрхүүд сургуулиа төгсөөд  ирэхэд  тэнхимийн эрхлэгч байсан Төрийн шагналт, Монгол Улсын гавьяат багш Дамдинсүрэнгийн Цэнд “Чи докторын зэрэг хамгаалах ёстой” гэж хэлснээр жүжгийн зохиолыг судалж эхэлжээ.
 
“САРАН ХӨХӨӨНИЙ НАМТАР”  ЖҮЖГИЙГ ДЭЛХИЙД ТАНИУЛСАН НЬ
 
 
Ийн тэрбээр  2005 онд “Саран хөхөөний намтар” жүжгийн зохиолын шинжлэл сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан нь Монгол төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Учир нь “Саран хөхөөний намтар” жүжгийн зохиолоос  XIX зууны үеэс л нүүдэлчин монголчууд театрын урлагийн суурийг тавьж, эртний уламжлалт харилцаа дууныхаа ул ухааныг шингээсэн өвөрмөц маягийн дуулалт жүжгийг хэрхэн туурвиж байсныг олж үзэж болно. Мөн  тус жүжгийг Энэтхэг төвд зохиолоос сэдэвлэсэн боловч монгол ахуй, монгол зан үйл, аман бичгийн зохиолоор нарийн дагнаас хийж туурвисан тул жинхэнэ Монгол зохиол болсон юм. Тухайлбал, тайз бүр нээгдэж хаагддаг тус тус хөшигтэй, тайзны засал их өвөрмөц байжээ. Тайзан дээр тал нутаг, уул хад, ой мод, гол мөрөн, хааны орд харш зэргийг зурсан хөшиг, наасан наамал  байхаас гадна хөхөө шувууны багтай хүн хөвөн цагаан үүлэн дунд халин нисч байгаа зураг өлгөөтэй байдаг байсан аж.
Тиймээс С.Хөвсгөл профессор  ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, Чех улсын Карлын их сургууль, БНХАУ-ын Бээжингийн төвийн Үндэсний их сургуульд “Саран хөхөөний намтар” жүжгийн судлалаар лекц уншиж,  ОХУ, БНХАУ, АНУ, Франц, Япон, Солонгос улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож тус жүжгийн судлалыг дэлхий дахинд гаргах үйлсэд их хувь нэмэр оруулсан билээ.
 
 
Монголын хуучин үеийн уран зохиолын олон сайхан дурсгалын дотроос  нэгэн онцгой бөгөөд томоохон дурсгал нь XIX зууны 30-аад онд говийн догшин ноён хутагт Д.Равжаагийн зохиосон “Саран хөхөөний намтар” хэмээх жүжиг юм. Энэ тухай утга зохиол судлаач С.Хөвсгөл “Саран хөхөөний намтар зохиолын үг болгон нь цэцэн мэргэн, маш нандин байдаг. Тиймээс үг бүрийнх нь алт эрдэнэс шиг гялтганасан утга санааг нь олох хэрэгтэй. Шашны утга санаанаас гадна иргэний утга санаатай олон үг, өгүүлбэр бий. Энэ цаг үеийн байдлыг нь тольдсон мэт олон чухал сургааль бий. Тиймээс илтгэл тавиагүй улсдаа очоод “Саран хөхөө”-гөө ярьчих юмсан гэсэн хүсэл бий” хэмээв.
Монголын уран зохиол болоод театрын гайхамшигт өв дурсгал “Саран хөхөөний намтар” жүжгийг судлахдаа С.Хөвсгөл Дорноговь аймгийн Равжаа судлалын музейд хадгалагдаж байсан  431 нүүр бүхий 10 дэвтэр бичвэрийг эрдэм шинжилгээний галиг үсгээр буулгаж, түүнийгээ олон хүнд хүргэх зорилгоор Монгол шинэ үсгээр хөрвүүлэн,  энэ ховор дурсгалын эхийг гэрэл зургаар хавсарган нийлүүлсэн нь эрдэм шинжилгээний хувьд чухал ач холбогдолтой бүтээл болсон юм. Доктор Л.Хүрэлбаатар түүнд “Саран хөхөөний намтарыг судал. Орос боловсролтой хүн юм чинь өрнийн дурангаар дурандаад үз” хэмээн зөвлөснөөр Монголын ард түмний хуучны соёлын гайхамшигт дурсгалын том төлөөлөл болсон тус жүжгийн зохиолыг судлах болжээ. Түүнийг судалгаагаа хийх үед Ц.Дамдинсүрэн гуайн 1962 онд хэвлүүлсэн уйгуржин бичгийн хэвлэлээс өөр “Саран хөхөөний намтар” жүжгийн тухай ном байсангүй.
Тодруулбал, “Саран хөхөөний намтар” жүжгийн зохиолыг анх 1959 онд горимын хамт академич Ц.Дамдинсүрэн сурвалжлан олж, 1960 онд Дорноговь аймагт экспедицээр ажиллаж судалгаа явуулсан байдаг. Тийн эх зохиолын хамт 1962 онд монгол бичгээр хэвлүүлсэн түүхтэй. Үүнээс хойш “Саран хөхөөний намтар” жүжгийн олон өгүүлэл гарч байсан боловч  эх бичгийг болон жүжгийн зохиолын хувьд нарийвчлан судлаагүй юм. Харин С.Хөвсгөл шинжлэх ухааны докторын зэргээ хамгаалахдаа жүжгийн зохиол болон тоглож байсан жүжгийн хувьд цогц судалж, тухайн жүжгийн төрөл зүйл, бүтэц болон хэлний өвөрмөц онцлогийг гаргаж иржээ. Ингэснээр түүний докторын ажил Монголын хуучин уран зохиолын дурсгалуудын дотроос жүжгийн төлөөлөл болох алдарт “Саран хөхөөний намтар” хэмээх жүжгийн зохиолыг нарийвчлан судалсан ганц сэдэвт бүтээл болсон юм. Тиймээс гадаадын олон орноос энэ номоо дахин хэвлүүлэхэд нь тусалъя гэсэн хүсэлт одоог хүртэл ирдэг юм. Түүнчлэн тэрбээр “Саран хөхөөний намтар” жүжгийн зохиолыг Монгол хэлний талаас нь судлах шавьтай болжээ. 
 
ЖҮЖГИЙН БОДИТ МЭДРЭХҮЙ НЬ МАШ САЙХАН....
 
 
“Жүжгийн зохиол судлахын хамгийн сайхан нь юу вэ” хэмээн асуувал С.Хөвсгөл профессор “Жүжгийн зохиол хоёр “хөл”-тэй. Нэг хөл нь урлагт нөгөө нь уран зохиолд байдаг юм. Жүжгийн үйл явдал нь биднээс хэдэн метрийн зайнд өрнөдөг учир бодит мэдрэмжийг өгдөг. Жүжигчин уйлвал дагаж уйлдаг, инээвэл бас баясдаг “ориг” мэдрэхүй нь гоё учир жүжиг үзэх сайхан байдаг. Мөн гол дүрүүд нь хоорондоо харилцан ярьж, мэтгэлцдэг нь их өвөрмөц. Тухайлбал, Михайл Булгаковын “Театрын роман” гэсэн зохиол дээр би баатар нь үргэлжилсэн үгийн зохиол бичдэг хүн байсан юм. Гэтэл  гэнэт зохиолын баатрууд нь чихэн дотор нь тэмцэлдээд, мэтгэлцээд, амьд яриа өрнүүлээд байсан. Тэгээд жүжиг бичих хүсэл төрсөн гэдэг. Булгаков бол хэцүү цаг үед амьдарч байсан ч хүний мөн чанар, ёс суртахууны асуудлыг сайн хөндөж бичдэг их зоригтой зохиолч. “Мастер Маргарита хоёр”-ын Мастерын дүр бол Булгаков өөрөө юм” гэв.
Саяхан манай улсад анх удаа тоглосон “Анна Каренина” жүжгийн тухай түүний бодлыг асуувал “Сайн жүжиг болсон байсан. Гэхдээ Вронскийн дүрийг их өөрчилсөн санагдсан. Уг чанартаа Вронский Аннагаас урваагүй. Эрэгтэй эмэгтэй хүний сэтгэлгээний ялгаанаас шалтгаалан Анна  өөрийг нь хуурчихлаа, урвачихлаа гэж буруу ойлгосон юм” гэж ярилаа.
Багшийн сургуулийн оюутан байхдаа “Ах”, “Бэлэг” гэсэн өгүүллэгүүдийг Орос хэлнээс орчуулж байсан тэрбээр “Утга зохиол судлал шинжлэл” цувралын хүрээнд “Францын уран зохиол”, “Английн романтизм”, “Германы романтизм” гэсэн гурван ном орчуулсан. Тухайлбал, Н.Берковскийн “Германы романтизм” ном анх 2018 онд тус цувралын XXII дахь дэвтрээр хэвлэгдэж байв.
 
 
 
Харин цувралын XXXI дэвтэр болох “Английн романтизм”-д Байрон, Шелли, Китс нарын зохиол бүтээлийн тухай өгүүлдэг. Тиймээс оюун санааны хувьд чөлөөтэй бичигчдийн тухай бүтээл нь мэргэжлийн хүмүүс болоод уншигчдад романтизмийн тухай том суурь мэдлэгийг олгох юм. Романтизм үүсч ахуй цаг үедээ урлаг, уран зохиолын сонгодог чиглэлийг шүүмжилж байсан бөгөөд францын “амтат бодол”, “бадрангуй сэтгэл” гэх утгат үгсээс гаралтай аж.
 
 
 
Түүнээс орчуулгадаа ямар зарчмыг баримталдаг вэ гэж асуувал “Японы жүжгийн зохиолч Тикамацу “Урлаг бол бодит амьдрал болоод хийсвэрлэл хоёрын дундах хутганы ир шиг нарийхан зай. Тэр зайг нь зөв олохгүй бол хэтрээд хэтэрхий зохиомол үгүй бол хэтэрхий бодитой болчихдог” гэсэн үг их таалагддаг. Манай тэнхимийн хамт олон уран зохиолоо эрхэмлэдэг хүмүүс. Д.Цэнд, Д.Оюунбадрах багш уран зохиолоо эрхэмлэхийг бидэнд зөвлөдөг байсан. Харин одоо С.Энхбаяр багш тэдний залгамж халааг үргэлжлүүлж байна” гэсэн юм.
Ямар ч цаг үед эрдэм мэдлэг, ёс суртахуун, гэр бүлээ эрхэмлэх ёстой хэмээн ярих С.Хөвсгөл багш Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул Ю.Самбуу, Н.Дэнсмаа нарын охин болон Улаанбаатар хотод 1956 онд төржээ. Аав  нь төв цахилгаан станцад олон жил ажилласан, ээж нь цэцэн сэргэлэн, үйлэнд уран эгэл жирийн малчин эмэгтэй байв. Тиймээс ч тэрбээр сурагч байхаасаа онц сурдаг, сурагчдыг хөгжүүлэх олон төрлийн дугуйланд хичээллэдэг, Тэргүүний бүлгийн үйл ажиллагаанд ихэнх цагаа зарцуулдаг байлаа. Уран зохиолтой амьдралаа холбосон ч С.Хөвсгөл профессор математикийн олимпиадад оролцдог сурагч байсны сацуу сайн зурдаг оюутан байлаа. Түүнд  оюутан байхдаа зурсан хөрөг зургийн цуглуулга байдаг аж. Нийтлэлийн эхэнд дурдсан шиг яг түүн шиг сайхан энергитэй, бусдад хайр түгээдэг хүмүүсээр хорвоо дутаж явдаг шиг л санагддаг.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин