ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Xinhua/. Токио болон тус хотын ойр орчмын бүс нутагт ойрын хэдэн арван жилд болох өндөр магадлалтай байгаа хүчтэй газар хөдлөлтийн улмаас 18 мянга орчим хүн амиа алдаж болзошгүйг Японы Засгийн газраас өнөөдөр гаргасан хохирлын тооцоолол харуулжээ.
Токиогийн төвийн өмнөд хэсэгт 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөх хувилбараар гаргасан хамгийн сүүлийн үеийн тоо баримтыг 2013 онд хийсэн өмнөх тооцоотой харьцуулахад 20 орчим хувиар бага байгаа нь газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламжуудыг сайжруулж, гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны үр дүн юм гэж Засгийн газрын ажлын хэсэг мэдэгдсэн байна. Түүнчлэн эдийн засгийн хохирлын хэмжээ хамгийн таагүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд 82.6 их наяд иен /530 орчим тэрбум ам.доллар/ байхаар тооцоолсон нь өмнөх тооцооллоос /95 их наяд иен/ мөн буурчээ.
Засгийн газар Токио болон түүний ойр орчимд ойрын 30 жилийн хугацаанд 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болох магадлал 70 орчим хувьтай гэж үзэж байна.
Өвлийн улиралд оройн цагаар 28.8 км/цаг хурдтай салхитай үед газар хөдөлбөл хамгийн таагүй нөхцөл байдал үүснэ гэж тооцжээ. Энэ тохиолдолд Токио болон ойролцоох дөрвөн мужид хүний амь нас эрсдэж болзошгүй бөгөөд зөвхөн Токиод л гэхэд амиа алдаж болзошгүй хүмүүсийн 40 гаруй хувь буюу 8000 хүн амиа алдах магадлалтайг судлаачид тогтоосон байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 12 сарын 19,
2025

Сэтгэгдэл2
Япончууд хэдэн ч удаа газар хөдлөлт цунами болсон дороо босоод ирдэг мундаг хүмүүс.
Хулхи мнглчуудын дэргэд аливаа хамгаалалт бэхэлгээг япончууд тултал хийдэг мундаг улс. Үнстэй хольсон хамгийн муу цементээр сүүлийн 20 гаруй жил манайх тэр олон хотхоныг босголоо. Үнсэн байгуулмжууд чичирхийлл бүү хэл нар салхинд өөрөө бутраад хагараад бна. УБ орчимд 7 бүү хэл 4 балл хөдлөхөд Туулын хөндий дэхь тэр олон хотхонууд үнсэн товрог болно.