сонин mn
“Монгол Улс бүрэн бүтэн аюулгүй байх нь Монгол Улсын хил хамгаалах байгууллага, хилчдийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэл. Үе үеийн хилчдийн ажил, амьдралаа зориулсан хөлсөөр улс  минь өдий зэрэгтэй байгаа. Би удам дамжсан хилчин. Аавынхаа хүрсэн цолонд хүрч чадсан учраас сэтгэл хангалуун байдаг. Манайхан гэр бүлээрээ цэргийн хүмүүс. Аав маань хил хамгаалах байгууллагад 40 гаруй жил ажилласан дэд хурандаа, ээж минь цагдаагийн ахмад цолтой хүн байсан” хэмээн ярих энэ бүсгүйг Дамчаабадгарын Дүгэрсүрэн гэдэг. Тэрбээр аавынхаа залгамж халааг авч 25 жил цэргийн байгууллагад ажиллаад дэд хурандаа цолтой гавьяаныхаа амралтыг авчээ. Бэлтгэл дэд хурандаа Д.Дүгэрсүрэнгийн амьдралын тойргоор аялснаа хүргэж байна.
 
 
НЭГ ГЭР БҮЛИЙН ГУРВАН ДЭД ХУРАНДАА
 
Тэрбээр айлын ганц хүүхэд хэмээн зожгирч явсангүй. Ганц чихэр байсан ч бусадтай хувааж идэх дуртай гэсэн. Гоё ганган хувцас өмсөж, ээмэг зүүлт зүүхээс илүү хүмүүстэй нийтэч, хамт олонтой байх нь түүний гангараа гэж байлаа. Ямар ч хүнийг төлөвшүүлдэг газар бол цэргийн байгууллага. Тэр дундаа хил хамгаалах байгууллагын онцлог нь эх оронч үзлийг төлөвшүүлдэг. “Би дэд хурандаа болох гэж хил хамгаалах байгууллагад ороогүй. Эцэг эх маань цэргийн хүн учраас цэргийн хүн болсон. Хил хамгаалах байгууллага намайг төлөвшүүлэн, хүмүүжүүлж хүн болгож аавынхаа зүүсэн мөрдэст хүрэх хэмжээнд авч явсан” хэмээн бахархан ярьж байлаа.
Түүний аав Д.Дамчаабадгар хил хамгаалах байгууллагад 40 гаруй жил ажилласан ахмад хилчин ажээ. Хань Д.Чулуунболд ч мөн хилчин, дэд хурандаа цолтой, холбооны мэргэжилтэй. Сүүлийн 10 гаруй жил ХХЕГ-т ажиллах хугацаандаа программ хангамжийн чиглэлээр мэдлэг, мэргэжлээ дээшлүүлээд энэ мэргэжлээрээ ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Өмнө нь Улаан-Уулын отрядаас Замын-Үүдийн боомт салахад анхных нь холбооны даргаар мөн Хилийн 0151 дүгээр ангид ажиллаж байсан аж. Энэ олон эрчүүдээс ханийнхаа эфирийн дуу хоолой, тормолзсон алаг нүд сэтгэлийг нь булааснаар тухайн үедээ дурлаж ханилан хоёр сайхан хүүтэй болжээ. Нэг гэрт гурван дэд хурандаа амьдарч байна даа хэмээн хөгжилтэй нь аргагүй хэлж байсан. Хадам аав нь цагдаагийн байгууллагад ажилладаг, дэд хурандаа цолтой хүн аж. Нийтлэлийн баатар маань Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, айлын ганц охин. Аав Д.Дамчаабадгар нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул гэж байв.
 
Д.Дүгэрсүрэн цэргийн гэр бүлд өссөн болохоор “над шиг бай” гэдэг зарчмыг баримтлахыг хичээнэ. Тиймээс энэ албанд орж байгаа залууст цаг баримтлах, биеэр хийх дасгал сургуулилтыг үзүүлэхдээ ингэж суниаж, цэргийн хувцсыг ингэж өмсөнө гэж үлгэрлэж харуулахыг өөрөөсөө шаардана. Аав нь боловсон хүчний ажил хийдэг байсан болохоор залуу хүмүүст “Над шиг бай, алив тэг” гэсэн шаардлага тавьдаг байсныг тэр үеийн хилчид санан дурсдаг байна. Мөн гадагшаа сургуульд явуулахдаа хүртэл “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас, хүний хүү эрдмийг өвөртөлж ирдэг.  Эхнэрийг өвөртөлж болохгүй шүү” хэмээн хошигнож хэлсэн нь нөгөө талаар тэр хүмүүст ухаарлыг хайрласан ажээ.ЗХУ-д 1500-гаад суралцагчийг судалж явуулахад гурав нь л орос эхнэртэй болж ирж байсан гэв. Хил хамгаалах байгууллагад түүхэн, гавьяатай хүн олон байхад намайг сонгож миний амьдралын тойргоор аялуулж байгаад санаа зовж байна. Хувь хүн талаасаа би хэн байх биш хилчдийнхээ талаар хүргэхийг хүсэж байна гэсээр яриагаа үргэлжлүүллээ.
 
ЦАГДААГААС ХИЛИЙН ЦЭРЭГТ УРВАСАН НЬ
 
Д.Дүгэрсүрэнгийн ажлын гараа цагдаагийн байгууллагаас эхлэлтэй аж. Нийгмийн шилжилтийн 1993 онд нийслэлийн 24 дүгээр сургуульд Х ангиа дүүргээд нэг жил англи хэл сурав. Монгол Улсад анх удаа интерполын олон улсын арга хэмжээ болоход цагдаагийн хурандаа н.Жамъянсэнгээгийн удирдлага дор бичээчээр ажиллахаас гадна Сонгинохайрхан дүүрэг шинээр байгуулагдаж Цагдаагийн хэлтэс бий болоход нь Буурал Ганбаатар даргын удирдлага дор боловсон хүчний хэрэг хөтлөгчөөр орж хоёр жил энгийнээр, хоёр жил цэргийнээр ажиллаж байгаад хил хамгаалах байгууллага руу шилжжээ. Хэдийгээр дөрвөн жил ажилласан ч тухайн үед эмэгтэй хүүхдүүдийг цагдаагийн байгууллагад авах боломжгүй, хүйсийн ялгаа байсан учраас “Хэрэв хүнээ сургаж чадахгүй юм бол би энэ байгууллагад ажиллахгүй” гэж хэлээд гарчээ. Тэрбээр цагдаагийн байгууллагад боловсон хүчнээр ажиллах хугацаандаа цэргийн хүн болъё гэж бодоод Монгол Улсын хилийн онцлог газар болох Буянт-Ухаа боомтод ажиллах хүсэлт гаргажээ. Түүний энэ хүсэлтийг хил хамгаалах байгууллагаас Буянт-Ухаа боомтод биш хүний нөөцийн хэлтэст ажиллах боломж байна гэснээр Хилийн цэргийн удирдах газарт Боловсон хүчний хэрэг бүртгэгчээр шилжиж ирсэн аж.
 
Түүнийг боловсон хүчний Л.Цэдэн хурандаа хүлээж авснаар хүний нөөцийн хэлтэст 10 жил ахлагч, хэрэг хөтлөгчөөр ажилласан байна. Олон жил бичиг цаастай ажиллахаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг учраас тоосонцрын харшилтай болсон учир даргадаа нөхцөл байдлаа хэлж хилийн цэргээс гарахгүйгээр ажиллах боломжтой ажилд томилж өгөхийг хүсчээ. Хэсэг хугацааны дараа “Маргаашаас курст явна шүү” гэв. Энэ нь офицер, шалганы курс байж. Шалгана нь ахлагч нарыг, офицерын курс нь хаана томилогдох нь тодорхой бус ч офицер болох боломжтой. Д.Дүгэрсүрэн болохоор Буянт-Ухаа боомтыг даргадаа санал болгож байсан учраас “шалгагчийн курст явуулах нь” хэмээн бодож байтал офицерын курст явуулснаар офицер болох гараа нь тавигдсан байна. Түүний хүсэл мөрөөдөл нь өөрийн мэдлэг, боловсролоо дээшлүүлж хөгжих байсан тул энэ бүхнийг нь хангаж өгсөн Л.Цэдэн хурандаад баярлаж явдаг гээд хилчдийн баярын мэндийг “Зууны мэдээ” сониноор дамжуулан хүргэж байлаа.
 
Ингээд офицерын курст 45 хоног бэлтгэгдээд очиход дарга нь Хилийн цэргийн 0218 дугаар анги буюу Буянт-Ухаа боомтод томилсон нь түүний мөрөөдлийг биелүүлжээ. Дэслэгч цолтой тэрбээр шалгагчаар жил  гаруй ажилласан бөгөөд олон жил хүний нөөцөөр ажилласан туршлагатай түүнийг 2008 оны гуравдугаар сарын 18-нд ангийн хүний нөөцийн даргаар томилов. Тухайн үед Хилийн 0218 дугаар ангийн захирагч нь хурандаа Д.Баатар байжээ. “Д.Баатар хурандаа хил хамгаалах байгууллагын анхны хуулийг батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан учраас түүхэн хүний нэг гэж үздэг. Ийм гайхалтай хүний удирдлага дор ажилласандаа баяртай байдаг. Мөн штабын дарга Мягмардорж даргатай олон жил хамтарч ажилласан, энэ ажилд сургасан. Аливаа ажилд хамт олон, удирдлагын дэмжлэг, чиглүүлэлт нөлөөтэй байдаг” гэсэн юм.
 
 
“ЗӨВЛӨЛИЙН ЗӨВХӨН ГАНЦ”
 
Тэрбээр Хилийн цэргийн 0218 дугаар анги буюу Буянт-Ухаа боомтод 2006-2011 он хүртэл дэслэгчээс ахмад цолтой болтлоо ажилласан байна. Удирдлагын шийдвэрээр Хилийн 0164 дүгээр ангийн Хүний нөөцийн тасгийн даргаар тушаал дэвшин очжээ. Тухайн үед Хүний нөөцийн дарга н.Гантөмөр хурандаа түүнд “Албан тушаал дэвшүүлээд, цэрэгтэй анги руу явуулж байгаа шүү” гэж хэлж байсан аж. Ингээд томилогдон очиход нь н.Батцэнгэл хурандаа тосон авчээ. Штабын дарга Лхагвасүрэнтэй хамтарч гар нийлэн ажиллаж байсан. Ангийнхан нь түүнийг “Зөвлөлийн зөвхөн ганц” хэмээн хайрлаж,  хүндэлнэ. Зөвлөлийн гишүүд тухайн ангийн бүх асуудлыг авч явдаг хүмүүс. Тэр дотроо ганц эмэгтэй нь байсан учраас ийн нэрлэсэн байна. Эмэгтэйчүүдийн нөлөөлөл өөр байдаг учраас тусгайлан “Хилчин эмэгтэйчүүд” гэж хил хамгаалах байгууллага маань хардаг. Эх орныхоо төлөө тангараг өргөөд явж байгаа хилчдийнхээ өмөг түшиг, найдвартай ар талыг хангадаг хилчин эмэгтэйчүүд онцлог хүмүүс байдаг учраас тусгайлан яригддаг хэмээн нийтлэлийн баатар маань ярьж байсан.
Д.Дүгэрсүрэн Хилийн 0164 дүгээр ангид хоёр жил гаруй ажиллаад Шалган нэвтрүүлэх алба Гадаадын иргэн харьяат руу явахад гэр бүлийн хүнээ дагаж үлдсэн байна. Иргэн харьяатад ажиллаж байгаад 2016 онд хил хамгаалах байгууллагадаа хилчдийн нийгмийн асуудлыг шийдэх, хариуцсан офицероор эргэн иржээ. Хүний нөөцийн чиглэлээр олон жил ажиллахдаа хилчин эмэгтэйчүүдийнхээ ажлыг дэмжиж, ангийнхаа эмэгтэйчүүдийн ажлыг дээш гаргахад анхаарч ажилласан учраас ХХЕГ-аас нийгмийн асуудал гэсэн ажил дээр хүрч ир. Эмэгтэй хүн энэ чимхлүүр ажлыг хийхэд зүгээр гэж түүнд итгэл үзүүлсэн байна. Өмнө нь тухайн албан тушаал дээр ажиллаж байхдаа онцгой гавьяа байгуулсан учраас цол дээшлүүлээд явдаг байсан. Намайг дэд хурандаа цолтой болох үед яг хугацаагаараа, шаардлага хангасан тохиолдолд хошуучаас дэд хурандаа хүртэлх хугацаа таван жил байсан. Тиймээс би хугацаагаараа дэд хурандаа цолоо гуравдугаар сарын 18-нд авч байсан гэв.
 
 
ХИЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭРЭЭ БАХАРХДАГ ДЭД ХУРАНДАА
 
Тэрбээр өөрийнхөө тухай гэхээс илүү хилчид, хилчин эмэгтэйчүүдийн талаар ярьж байсан юм. Удирдлагынхаа итгэлийг алдахгүйн тулд хичээж ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа хилчдийн нийгмийн асуудалд өөрийнхөө хэмжээнд санал болгоод хуульд байгаа мөртлөө шийдэгдэж чадаагүй асуудлууд дээр илүү анхаарч удирдлагадаа зөв танилцуулж чадсан аж. Энэ ажлуудыг хийхэд Хүний нөөцийн дарга, хурандаа н.Батбаяр, ХХЕГ-ын компандлач байсан Ц.Сэргэлэн генерал командлагч ажлыг маань дэмжсэн учраас хилчид маань бахархдаг гэв. Нэг удаа хүү нь “Ээж ээ, аав та хоёр хоёулаа дэд хурандаа. Аав таниас өмнөх дэд хурандаа байхад яагаад эрхэм дэд хурандаад илтгэе гээд тан дээр гүйж ирээд байгаа юм бэ” хэмээн асууж байжээ. Энэ нь Д.Дүгэрсүрэнгийн хилчдийн төлөө болон “Хилчин эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүнээр ажиллахдаа хийсэн ажил хэрхэн эзэндээ хүрснийг илтгэж байгаа хэрэг юм.
 
Түүний нэг эмзэглэж явдаг зүйл нь сайхан мэдлэг, мэргэжлийг олж авчихаад мэргэжлээрээ ажиллаж чадахгүй хайртай нөхрөө дагаад хилийн заставт ажил олдвол хийнэ, олдохгүй бол ажилгүй гэр бүл гээд тэтгэмж аваад гэртээ хүүхдээ харж байна. Гэтэл застав дээр зочин, төлөөлөгч, шинэ цэрэг ирэхэд ээж аав, эгч шиг нь угтаж аваад жаргал, зовлонг нь хуваалцаад эмч, эгч, тогооч, цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэж байна. Нөхөр нь эрт тэтгэвэрт гарахад энэ хүмүүс мэргэжлээрээ ажиллаж чадаагүй, тэтгэвэр тэтгэмж ярих боломжгүйгээр залуу нас нь дуусх жишээтэй. Хэдийгээр ажилгүй гэр бүлийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлөх талаас нь хангаж байгаа ч үүнд хамрагдахгүй байгаа цоорхой юу байна гээд энэ болгон дээр нийгмийн асуудал хариуцсан хилчин эмэгтэйчүүдийн холбоонд дуу хоолой болж үүнийг удирдлагад хүргэх ажил энд л байдаг. Хүүхэд нь сургуульд орох, оюутан болохоос эхлээд эхнэр нөхөр  тусдаа амьдах үе ч гарна. Мөн хилчин хүн ямар нэгэн байдлаар ажил үүргээ гүйцэтгэж байгаад эндэх, тахир дутуу болох асуудал гардаг. Үүний ард үлдэж байгаа гэр бүл, үр хүүхэд юу болж байгаа вэ гэхээс эхлээд санаа зовох асуудал их байдаг гэж байлаа.
 
ЗӨВ ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨХ
 
Цэргийн хүмүүс эрт тэтгэвэрт гарахад асуудал байдаг. Нийтлэлийн баатарт маань ийм асуудал гарсангүй. Тэрбээр нийгмийн хүрээллийг өөртөө бий болгодог ажлыг хийж сурчээ. Хоёрдугаарт, ээж нь өнгөрөөд удаагүй байсан учраас аавыгаа харах шаардлагатай байв. Д.Дүгэрсүрэн ханьтайгаа нийлэн зөв хооллолтын клуб нээн ажиллуулсан нь аавыгаа хөл дээр нь босгоход нөлөөлсөн аж. “Хүнд амьдралын хань ямар чухал вэ гэдгийг бүх цаг үе харууллаа. Бид хоёр нийгэмд хэрэгтэй зөв хооллолтын клубыг бий болгосон. Зөв хооллолтын зөвлөх дэлхий нийтэд шинэ ажил мэргэжил болж гарч ирлээ. Тэгэхээр энэ ажлыг бид хоёр хийх боломжтой юм байна гээд гэр бүлээрээ зөвлөгөө өгч байна. Бид хоёр бүх сургалтад нь суусан. Зөвлөх гэхээр нэг өрөөнд суугаад дэвтэр, бал бариулаад хийдэг ажил биш. Хаана, хэзээ ч хийх боломжтой ажил. Хүн өөрөө хүсвэл өөрийнхөө биеийг олж авахын төлөө хичээвэл болдог.
Би 2018 оны зургадугаар сард тэтгэвэртээ гарсан. Эхний хоёр сараа аялж зугаалж стрессээ тайлж өнгөрөөсөн. 2016 оны наймдугаар сараас өөрсдийгөө энэ ажилд зориулсан. Манай хоёр хүү ч энэ ажлыг ойлгодог. Миний том хүү Ч.Мөнхдөл 28 настай, Австрали улсад гэр бүлтэйгээ ажиллаж, амьдарч байна. Хоёр хүүхэдтэй. Бодибилдингээр хичээллээд улсын аваргад оролцож байсан. Бие бялдрын хувьд зөв өсөлт хөгжилтэй явж байна. Архи, тамхины буруу зуршилгүй байгаа нь үр хүүхдээрээ бахархах нэг юм. Бага хүү Ч.Дамдинпүрэв 22 настай Унгар улсад аавынхаа мэргэжлээр суралцаж байгаа. Бид хоёр хүүхдүүддээ “Юуны өмнө мөнгө олохын төлөө явж болохгүй. Өөрийгөө мэдлэгжүүлж, чадваржуулахын төлөө байгаарай” гэж хэлдэг. Бага хүү маань Япон улсад хэлний бэлтгэлд сууж байсан. Тэгэхэд тэндээ ажиллаж байгаа компанидаа цаг бүртгэлийн аппликлейшн хийж өгсөн. Хүн байгаа газартаа мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэнгээ зөв хүмүүжилтэй байгаа нь л гол. Мэдээж гадаадад сурч байгаа оюутнууд цагийн ажил хийж байгаа газрынх нь захирал миний хүүг өөрийн хүү шиг хайрлаад дэмжээд явж байна. Сая Монголд амралтаараа ирсэн байхад нь хүртэл “Хэзээ ирэх гэж байна. Яамаар байна” гээд бүх талаар дэмжиж байсан. Би хүүхдүүддээ “Зөв бай. Хэрэв хүн чамайг дэмжвэл хүний итгэлийг алдаж болохгүй” гэж хэлдэг. Хүн үр хүүхэд нь зөв явах, миний аав өнөөдөр 94 настай сайхан азай буурал байна. Энэ бол хүний амьдралын хамгийн сайхан баяр баясгалан, эцэг эхийн минь буян юм даа.
 
 
Манай аав ээж хоёр намайг алт мөнгө, эд хөрөнгөөр хүмүүжүүлээгүй. Бид хоёр хоёр хүүхэддээ юу ч бэлдээгүй. Хүсэж байвал өөрсдийнхөө чадвараар явах ёстой. Өөрсдийнхөө ирээдүйг өөрсдөө бүтээх ёстой. Миний ээж аав хоёр “За чи байртай, машинтай бол” гэж мөнгө өгөөгүй. Бид хоёр цалингийн зээлээр өнөөдөр байр, машин унаагаа бий болгосон. Зээл тавиад бол гэж байгаа юм биш өөрийнхөө хүч хөдөлмөрөөр хүсэж байгаа зүйлдээ хүрэх хэрэгтэй. Үнэгүй юм хулганы хавханд байдаг гэдэг шиг бэлэн юман дээр хүн хэзээ ч үнэт зүйл болж үлдэхгүй” хэмээн ярьсан юм.
 
 
Р.Оюун
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин