sonin.mn
Батлан хамгаалахын сайд асан, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
 
 
Батлан хамгаалахын сайдаар томилогдож, хүндэт харуул, ёслолын жагсаал бүхий хүндлэлээр угтуулж, тамгаа гардан авч байхад танд төрсөн хамгийн анхны бодол, сэтгэгдэл юу байв?
 
-2012 оны намар Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, Батлан хамгаалахын сайдаар томилогдож ажилласан он жилүүд амьдралын минь намтарт гүн хүндэтгэлтэй, хамгийн  бахархалтай дурсамжийг үлдээсэн. Яагаад гэвэл, хуучнаар ЗХУ-ын Свердловск хотноо Уралын их сургуулийг 1986 онд төгсөж ирээд Цэргийн нэгдсэн дээд сургуульд ахлах дэслэгч цолтой, улс төр, философийн багшаар томилогдон ажлын анхны гараагаа эхлүүлж байлаа. Тэгээд 26 жилийн дараа энэ салбартаа сайдаар томилогдон ирнэ гэдэг нэг талаасаа бахархалтай, нөгөө талаасаа хийж, хэрэгжүүлэх ажил маань надад тодорхой харагдаж байсан юм. 
 
Салбартаа өрнүүлэхээр зорьсон гол ажил тань юу байв? Ажлаа юунаас эхэлсэн бэ?
 
-Сайдын албан тушаалыг хүлээн авахдаа юуны өмнө Зэвсэгт хүчний хууль, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгон төгөлдөржүүлэх, салбарт өмнө эхлүүлсэн эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн хэм хэмжээ тогтоох, хэрэгжилтийг хангахаас гадна нийт бие бүрэлдэхүүний нийгмийн асуудалд онцгой анхаарч ажилласан. Өнөөгийн дэлхийн болон бүс нутгийн цэрэг-улс төрийн нөхцөл байдал, орчин үеийн техник, технологийн үсрэнгүй хөгжил, мэдээллийн орон зайн хязгааргүй тэлэлт, түүний нөлөөлөл нь улс орны аюулгүй байдлыг хангахад өмнөхөөс улам илүү анхаарахыг шаардаж байсан. Тэрчлэн улс орноо  батлан хамгаалах бодит хэрэгцээ, байгаа нөөц, бололцоонд тулгуурлаж, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх төрийн бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Энэ нөхцөл байдлын дагуу УИХ-аас “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”-т нийцүүлэн “Батлан хамгаалах тухай”, “Зэвсэгт хүчний тухай”, “Цэргийн албаны тухай”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” багц хуулиуд шинэчлэн батлагдсан шүү дээ. Энэ бол Батлан хамгаалах тогтолцоог шинэчилсэн, Зэвсэгт хүчнийг хууль эрх зүйн шинэ орчныг бүрдүүлсэн томоохон ажил байлаа. Бас нэг төлөвлөсөн томоохон ажил маань Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, тэр тусмаа хугацаат цэргийн алба хаагчдад тусгай мэргэжлийн боловсрол олгох, мэргэжил эзэмшүүлэх сургалтын суурь бааз, тогтолцоог цоо шинээр  бий болгох явдал  байв. Зөвхөн батлан хамгаалах салбарт төдийгүй, Монгол Улсын иргэн хэн бүхэнд, тэр тусмаа хүүхэд, залуучууд, сурагч оюутнуудад эх оронч үзлийг гүн гүнзгий төлөвшүүлэх, эх орон, үүх түүхээрээ  бахархдаг, мэддэг, хайрладаг, хэрэгтэй цагт эх орныхоо төлөө дуудлагад хэзээд бэлэн байх тийм үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийг чухалчилж үзсэн юм.
 
Батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгоход сайдын хувьд ямар бодлого барьж ажилласан бэ?
 
-“Монгол Улсын батлан хамгаалах үзэл баримтлал"-ын хүрээнд салбарынхаа эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхийг чухалчилж үзсэн. Тухайлбал, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх хамгийн чухал багц хуулиудыг УИХ-аас батлан гаргасан нь маш олон эерэг нөхцөл байдлыг салбарт бий болгосон юм. Салбарын төсөв, санхүүгийн зарцуулалт, хуваарилалтыг нэгдсэн хяналт, гольдрилд оруулах нь чухал байлаа. Энэ талын эрх зүйн орчин, зохицуулалт маш хангалтгүй байсан. Энэ чиглэлд багагүй шинэчлэл хийсэн. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бодлогоо шинэчлэн тодорхойлж, салбарын гадаад харилцаагаа идэвхжүүлж, 20 гаруй оронтой гэрээ, хэлэлцээр байгуулан ажиллаж, хоёр хөршөөр тогтохгүй АНУ, ХБНГУ, БНСУ, БНТУ, Энэтхэг, Япон, Кувейт зэрэг оронтой хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн. Зэвсэг, техник хэрэгслийн шинэчлэлээс гадна бүтээн байгуулалтууд шил шилээ даран хийгдэж, барилга-инженерийн батальонуудыг байгуулж, улс орныхоо томоохон төсөл, хөтөлбөрүүдэд ханцуй шамлан зүтгэцгээсэн. Сайдаар ажиллах хугацаандаа  Батлан хамгаалах салбарыг  хамгийн шилдэг технологи, инновацад тулгуурласан, өөрсдөө  шинэ know how эзэмшиж, хийж бүтээдэг, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг  өөрсдөө явуулдаг хүчирхэг бүтэцтэй болгохыг зорьсон юм. Тэгээд анх удаа хатуу сахилга бат, дэг журам дор “Батлан хамгаалахын аж үйлдвэрийн нэгдэл”-ийг бий болгож, Монголын  хамгийн шилдэг инженерт хариуцуулсан. Энэ нь маш олон талын ач  холбогдолтой болсон юм. Жишээ нь, БНТУ-ын Батлан хамгаалахын сайдын урилгаар тус улсад айлчлахдаа туннелийн аргаар байшин барьдаг технологийг Монголд анх оруулж ирсэн юм. Маш чанартай барилгыг харьцангуй богино хугацаанд хялбар аргаар барьдаг энэ технологийг “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл”-ээр дамжуулж монголчууд өдгөө эзэмшсэн байна. 
 
“Зэвсэгт хүчин бол эх оронч үзлийн голомт мөн” гэсэн таны илтгэл тухайн үедээ сонин хэвлэлүүдээр нэлээд хэвлэгдэж, уншигчдын анхаарал татаж байсан санагдана. Ер нь эх оронч үзэл гэж таныхаар юу вэ? Хэрхэн төлөвшиж бий болдог вэ?   
 
-Өнө эртний уламжлалтай монголчууд бидний эх оронч үзлийн түүхэн улбаа нь газар нутгаа хайрлан хамгаалах, өмгөөлөх сэтгэлгээнээс үүдэлтэй. Монгол Улс уудам газар нутагтай, нүүдэлчний өвөрмөц соёл иргэншилтэй, баялаг, бахархалт, баатарлаг түүхтэй, төрт ёсыг дэлхийд таниулж мэдрүүлсэн улс үндэстэн шүү дээ.
 
 
 
Монголын хүүхэд, залуучуудад  эх орноо хайрлан хамгаалах, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүргийг ухааруулан ойлгуулж, эх орон, тусгаар тогтнол, эх хэл, үндэс соёлоороо бахархах, дээдлэн хүндэтгэх, газар шороо, байгаль орчноо хайрлах, язгуурын тийм нэг итгэл үнэмшлийг бат нот суулгах замаар улс орныхоо хөгжлийн тогтвортой байдлыг хангаж, тусгаар тогтнолынхоо баталгааг  нэмэгдүүлэх, хүчирхэгжүүлэх ёстой юм.
 
 
 
Хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх нь Монгол Улсын язгуур эрх ашгийг бодлогын бүх түвшинд эн тэргүүнд тавих, монгол хүний хөгжил, эх оронч ухамсар, хандлага, монгол ахуй, өв соёл, зан заншил, уламжлалыг сурталчлах, соён гэгээрүүлэх бүхий л үйл ажиллагааны гол суурь үндсийг бий болгож байгаа юм. Мэдээж ингэхдээ эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх асуудлыг хэт үндсэрхэг үзлийн үүднээс биш, тэдний өөрсдийгөө таних, төгөлдөржүүлэх, даяаршил хийгээд дангааршилд нийцэхүйц өндөр боловсрол, мэдлэг, соёлтой болгохтой уялдуулж авч үзэх нь чухал. Бүхэлдээ энэ бүхэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын гол үзэл баримтлал төдийгүй Батлан хамгаалах бодлогын гол үндэслэл нь юм шүү дээ. Дэлхийн түүх бол Монголын түүх байдаг юм. Монголын түүх гэдэг тэр чигээрээ монгол цэргийн түүх байдаг. Монгол хүн тэгэхээр цэргийн түүх, эх орныхоо түүхийг хэр сайн мэдэж байна, тэр хэрээр эх оронч үзэлтэй болдог юм. Эх оронч үзэл гэдэг маань улс орны тусгаар тогтнолын хамгийн том баталгаа юм.  
 
Таны үед гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх талаар ямар дорвитой ажил хийж байв?
 
-Батлан хамгаалахын сайдын эрхэм хүндтэй хариуцлагатай албыг хоёр жил гаруй хугацаанд нэр төртэй хашиж, салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлэхдээ хийсэн ажлаа би ерөнхийд нь гурван бүлэг, чиглэлд багтаан багцалсан гэж хэлмээр байна. Нэгдүгээрт, салбарын эрх зүйн орчныг сайжруулах, тэр тусмаа гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд, хоёрдугаарт, цэргийн алба хаагч, нийт бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэж, монгол цэрэг эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд гар бие оролцдог болох, эцэст нь эх орны ирээдүй хүүхэд залууст эх оронч үзэл, сэтгэл, омогшил бахархлыг төрүүлэх, тийм үзэл санааг суулгах чиглэлд анхаарч багагүй шинэ төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэндээ баяртай байдаг. Тэр тусмаа жаахан зогсонги болчхоод байсан гадаад харилцаагаа сайжруулах талаар дорвитой алхмуудыг хийсэн. Мөнхийн хөрш орны хувьд  БНХАУ, ОХУ-тай хамтын ажиллагаагаа онцгой анхаарч хөгжүүлэхийг чухалчилсан. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К Шойгу болон БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Чан Ванцюаны урилгаар харилцан айлчилж чухал хэлэлцээрүүдийг хийлээ. Яг үнэндээ хоёр хөрш оронд  хийсэн Батлан хамгаалахын сайдын айлчлалын дараа Ши-Жинпинь, Путин нар Монголд айлчилсан юм шүү дээ. Тэр тусмаа хойд хөрштэй батлан хамгаалах салбарын маань харилцаа илүү дотно болсон. Хувь хүнийхээ хувьд ч С.К.Шойгутай найз нөхөд болсон. Улмаар Халхын голын дайны ялалтын  түүхт ойгоор Путин ирж оролцсон. Үр дүн нь өдгөө ч харагддаг. Мөн гуравдагч орнуудын хамгийн чухал түнш, стратегийн холбоотон АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгл  Монголд айлчилж, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааг цоо шинэ түвшинд гаргах эхлэлийг тавьсан билээ. Мөн Турк, Япон, БНСУ, Энэтхэг, Кувейт, ХБНГУ зэрэг улстай батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлсэн юм. 
 
“Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” гэдгийг дэлхий дахин хүлээн зөвшөөрч эхэлсэн нь монгол хүн бүрийн бахархал гэдэгтэй та бүхэн санал нийлэх биз ээ. Хэдэн мянган монгол цэргийн алба хаагч дэлхийн халуун цэгүүдэд хүн төрөлхтний нэрийн өмнөөс аюулыг сөрж, энхийг сахиулж, энхийг дэмжих ажиллагаанд цэрэг илгээгч дэлхийн топ орнуудын тоонд манай улс зүй ёсоор багтах болсон. Урьд нь манай улсаас салаа цэрэг бусдын далбаан дор энхийг сахиулахаар явдаг байсан бол энэ байдал өөрчлөгдөж, бүхэл бүтэн батальон, цэргийн эмнэлэг дангаараа үүрэг гүйцэтгэдэг болсон. Цэргийн бааз хамгаалдаг байсан бол нисэх онгоцны буудал хамгаалах зэргээр гүйцэтгэх үүрэг өргөжиж, хариуцлага ч нэмэгдсэн юм. Үүний ачаар манай цэрэг дайчдын үүрэг гүйцэтгэх бэлэн байдлын түвшин дээшилж, Зэвсэгт хүчний чадавх бэхжихээс гадна цэргийн алба хаагчдын нийгмийн хангамжийн асуудал, цаашлаад улс орны эдийн засагт ч ихээхэн ахиц дэвшил авчирсныг энд онцлон дурдууштай.
 
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд мэргэжлийн ур чадвараа олон улсын хэмжээнд батлан харуулж, Иракийн дайны дараах сэргээн босгох хүмүүнлэгийн ажиллагаа болон Сьерра-Леон, Чад, Афганистан зэрэг улсад үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүн жилээс жилд нэмэгдсэн. Зөвхөн Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэх 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийг илгээж эхэлснээс хойш Монгол Улс жилдээ 50 тэрбум төгрөг олж, Зэвсэгт хүчнийхээ хөгжилд зарцуулдаг болсон. Үүнээс гадна уг ажиллагаанд оролцсон цэрэг дайчдын хувьд гэртээ ирэхдээ унах унаа, орон байртай болох гэх мэт нийгмийн асуудлаа тодорхой хэмжээнд шийдэх боломж, гарц нээгдсэн. Энэ орлогын дийлэнхийг Өмнөд Суданд 50 хэмийн халуунд үүрэг гүйцэтгэж байгаа манай энхийг сахиулагч дайчин цэргүүд олж байгаа нь ч хөдөлшгүй үнэн юм.  2016 онд гэхэд Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлогыг 40 тэрбум төгрөгөөр төсөвлөж байсан нь энэ ажлын үр дүн гэж үзүүштэй. 2006 оноос тогтмол явагдсан “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургууль, ОХУ-тай хамтарсан цэргийн сургалт, дадлагыг “Сэлэнгэ” нэртэйгээр эх орондоо амжилтай зохион байгуулсан гээд дурдвал урт жагсаал гарна. Ер нь Батлан хамгаалах салбарын гадаад бодлого зарим нөхцөлд ГХЯ-ныхаас илүү амжилттай хэрэгжиж, хөгжсөн гэдгийг шууд онцолж хэлмээр байна. 
 
Таны тэргүүлж байсан батлан хамгаалах салбараас хийж хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөрүүд, тухайлбал, “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд барилга байшин босож, зам гүүр хийгдэж, хугацаат цэргийн алба хаагчид мэргэжил боловсролтой болж байсан. Өнөөдөр бодоход таны эхлүүлсэн ажлын ач холбогдол, үр өгөөж, алдаа оноо юу байв?
 
-“Батлан хамгаалахын аж үйлдвэрийн нэгдэл”-ийг бий болгосон нэг том зорилго бол Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтыг цэрэг дайчид өөрсдийн хүчээр хийхэд оршиж байсан юм. Улмаар 2013 онд “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг санаачлан батлуулсан нь цэргийн алба хаагчдыг эх орны бүтээн байгуулалтын ажилд оролцуулах их ажлын гараа болж, хөтөлбөр маш амжилттай хэрэгжиж эхэлсэн юм. Цэрэгт ирсэн залуучууд мэргэжилтэй болж, ажил сурч бас орлоготой болж, ахуй амьдралаа авч явж чадах, сахилга бат, зохион байгуулалттай ажиллах хүчин бий болсон. 
Энэ хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжид Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран эхний сургалтаараа “Тавантолгой- Сайншанд”-ын чиглэлийн төмөр замыг барихад нэн шаардлагатай хүнд машин механизмын оператор, засварчин бетон арматурчин, жолооч, мэргэшсэн жолооч гэсэн таван чиглэлээр 2016 хүнийг бэлтгэж гаргасан. Одоо энэ тоо улам ихэссэн биз дээ. Мөн энэ хөтөлбөрийн хүрээнд  Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Говийн бүсийн сургалтын төвийг байгуулсан. Үр дүн нь эдүгээ хэнд ч тодорхой харагдаж байна. “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн хөндлөн төмөр замыг Зэвсэгт хүчний анги, салбарууд дангаараа тавьж чадсан шүү дээ. Алдаа гэхээсээ ач холбогдол нь цааш цаашдаа Монгол Улсад маш хэрэгтэй, улам илүү өргөжүүлэх шаардлагатай хөтөлбөр  болсонд сэтгэл хангалуун байдаг.
 
Мөн таны эхлүүлсэн “Оюутан цэрэг” хөтөлбөр одоо ч үргэлжилж байна. Олон залуусын амьдрал ахуйд тус дэмээ өгсөн энэ хөтөлбөрийн талаар ярина уу.
 
-Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн үзэл санааг батлан хамгаалах бодлоготой уялдуулан “Оюутан цэрэг” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэр цагаас өнөөг хүртэл энэ хөтөлбөр амжилттай үргэлжлэн хэрэгжиж байна. Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэй, мөн бакалаврын зэрэг горилон их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад зориулсан энэ хөтөлбөр асар далайцтай өрнөх болсон. Оюутнууд хугацаа алдахгүйгээр зуныхаа амралтаараа хугацаат цэргийн албыг хааж болно гэсэн үг л дээ. Үр дүнгийн талаар ярих ч юм биш. Өнөөдөр энэ хөтөлбөрт хамрагдахын тулд оюутнууд бүр дугаарладаг болсон шүү дээ. 
 
Та “Монголын нууц товчоо”-г байлдагч бүрийн халаасанд багтахаар хэвлүүлж өгч байсан нь нэлээд шинэлэг ажил болж байсан. Энэ санаа хэрхэн төрсөн бэ?  
 
-Бид даян дэлхийд төрт ёсыг анхлан таниулсан, дэг тогтоож явсан өвөг, дээдсийн үр сад, Эзэн Чингис хааны удам, хойч үеийнхэн. Агуу Монголын цадиг түүх бол бидний үе үеийн бахархал төдийгүй монгол үндэстэн мөнхөд оршин тогтнохын үндэс юм шүү дээ. Тиймээс хүн бүр түүхээ хамгаас илүү мэддэг байх ёстой. Мэдэхийн тулд энэ хорвоо ертөнц дээр өөр ямар ч улс, үндэстэн бий болгож чадаагүй, ухаж ойлгож баршгүй онцгой философийг үр хойчдоо гэрээслэл, сургаал зарлиг болгон бичиглэж үлдээсэн “Монголын нууц товчоо”-г монгол хүн бүр, тэр тусмаа эр цэрэг, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн нэвт шувт судлан, эцэг эхийнхээ нэр мэт хэзээ ч үл мартахаар хоногшуулан, оюун бодолдоо шингээж, учрыг ухаж, утгыг тайлсан байх учиртай л даа. Морин хуураа монгол хүн бүр гэрийн хоймортоо дээдлэн залдаг шигээ үүх түүхийнхээ алтан судар болсон “Монголын нууц товчоо”-гоо дээдлэн шүтэж, цаг ямагт санаж сэрж яваасай хэмээн чин сэтгэлээсээ  бодож хүсэж явдгаа салбарын сайд болмогцоо биелүүлье, хэрэгжүүлье гэж зорьсон юм.
 
 
Цэрэг, эх оронч үзэл, үндэснийхээ баатарлаг түүхээр ямагт бахархаж явах болтугай гэсэн үүднээс энэ гайхамшигт судрыг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд зориулан, биедээ үргэлж авч явахад нь хялбараар төсвийн биш цэвэр хувийнхаа хөрөнгөөр хэвлүүлж, цэрэг дайчдад хүргүүлсэн юм аа. Ингэснээрээ монгол ёс зан заншил, түүхээрээ бахархдаг үзэл санаа батлан хамгаалах салбарын хэмжээнд үнэхээр өндөр түвшинд гарсан билээ.
 
 
 
Таны сайдаар ажиллах хугацаанд Өмнөд Судан, Афганистан гээд дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байсан энхийг сахиулагчид хэд хэдэн удаа гавьяа байгуулж байсан. Та энхийг сахиулагчдынхаа талаарх бодлоо хуваалцана уу?
 
-Энэ талаар би ярих асар дуртай. Ёстой сэтгэл сэргээд ирдэг болохоор тэр л дээ. Дэлхийн хамгийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа монгол дайчдаараа үнэхээр бахархаад баршгүй. Монголын энхийг сахиулагчдын ур чадвар, найдвартай, хариуцлагатай, мэргэжилдээ чадварлаг байдлыг нь НАТО төдийгүй НҮБ-ын олон улсын энхийг сахиулагчдын эгнээнд багтдаг бүх улс орны командлал дээд хэмжээнд үнэлдэг юм шүү дээ. Ямар сайндаа л монгол цэргүүд байгаа газар бусад орны цэргүүд бүтэн нойртой, хувцсаа тайлж орондоо орж, тухтай амардаг байх вэ дээ. Үнэхээр үгээр илэрхийлэхэд багадна. Зэвсэг, техник хэрэгсэл бусад орныхоос жаахан хоцрогдмол хэдий ч манай цэргүүдийн бие бялдар, тэсвэр тэвчээр, оюуны  хүч чадал, мэргэжлийн ур чадварын хөгжил нь тэр болгоноо нөхөж, бусдыг гайхшруулахад хүргэдэг юм. Энэ бол монгол цэргийн гайхамшиг, зөвхөн монгол цэрэгт байдаг онцгой өгөгдөл. Даанч жавхаатай шүү дээ, манай дайчид. Өмнөд Африк, Судан, Сьерра-Леонд алба хааж буй дайчдаа эргэж очоод бахдан хайрлах сэтгэл эрхгүй оргилж билээ. НАТО-ийн орнуудын чуулган дээр  очиход агуу дайчин, баатарлаг түүхт Монгол Улсын Батлан хамгаалахын сайд хэмээн бүгд хүндэтгэл үзүүлж, бүх командлагч нар нь босож баяр хүргээд, хамгийн эхний эгнээнд урьж байхад эх орноороо, дайчдаараа, Монголын түүхээрээ, монгол хүн болж төрснөөрөө эрхгүй бахархан, сэтгэлд ёстой л гал асах шиг болж омогшиж байсныг хэрхэн мартах билээ. Монголын Зэвсэгт хүчинд алба хааж буй бүх бие  бүрэлдэхүүн, тэр тусмаа олон улсын энхийг сахиулах хүчинд алба хааж буй болон хааж ирсэн дайчид маань эх оронч сэтгэлтэй, хэрэгтэй цагт өчүүхэн ч эргэлзэхгүйгээр улс орноо  өмгөөлөн босох үзэл санааг элэг зүрхэндээ нэвт хадаж шингээсэн байдаг юм. Тэдэнд улс төр, мөнгө хөрөнгөөс илүү эх орон минь үнэ цэнтэй гэсэн чин хатуу итгэл үнэмшил суусан байдаг юм. Тийм учраас би Монголын цэрэг дайчдаа хайрлаж, хүндэтгэж, тэднээрээ  бахархаж монгол цэргийн онцгой ур чадварт өчүүхэн ч эргэлзэхгүйгээр итгэдэг билээ. 
 
 
Дэлхийн улс орнуудын Зэвсэгт хүчин Монголыг минь яг л ингэж, цэрэг дайчдынх нь ялгуусан түүхээр хүндэтгэдэг юм байна. Монгол цэргийн тооны олноор биш хатуу сахилга бат, шударга хатуу зориг, зөв зохион байгуулалт, оновчтой шийдвэр, удирдлагын хүчээр ямагт ялан дийлдэг байсан арга ухааныг нь дэлхийн цэргийн сургуулиудад одоо ч судалж, зааж сургаж байна шүү дээ. 
 
 
 
Та УИХ-д дахин сонгогдон ажиллаж байна. Нэг хэсэг сайд байсан хүний хувьд, цэргийн угшилтай хүний хувьд батлан хамгаалах салбартай холбоотой асуудалд санаа чилж, оюун бодолдоо тунгааж л явдаг болов уу?
 
-Тэр мэдээж шүү дээ.
 
Монгол Улсад Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төв байгууллага байгуулагдсаны түүхэн 110 жилийн ой энэ жил тохиож байна. Салбарынхан маш олон төрлийн үйл ажиллагаа өрнүүлж, хийж хэрэгжүүлж байна. Бидний “Батлан хамгаалахын сайд ярьж байна” булан ч бас нэг хэлбэр нь юм. Бид үүгээрээ нэгэн үеийн сайдын хийж хэрэгжүүлж байсан үйл хэргийг дэлгэн харуулахаас гадна та нарынхаа салбарын талаарх үнэ цэнтэй санал бодлыг сонсох зорилготой юм. Салбарын цаашдын өнгө төрх төлвийг та хэрхэн төсөөлж байна вэ?  
 
-Баярлалаа, та бүхэнд, танай редакцын хамт олонд, тэрчлэн Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийнхэнд ойн баярын мэндийг хүргэе! Тухайн үед надтай гар, сэтгэл, зүтгэл нийлэн сайхан ажиллаж байсан Батлан хамгаалах яамны бүхий л газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, хамт олон та нартаа ихэд баярлаж явдаг гэдгээ хэлэхийг хүсэж байна. Намайг сайдаар ажиллаж байх үед олсон бүхий л ололт амжилт маань та бүхэнтэй салшгүй холбоотой билээ. Үеийн үед Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, төрийн цэргийн бусад байгууллагууд Үндсэн хууль болон бусад хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй  хэрэгжүүлж, биелүүлж ирсэн билээ. Улс орны амин чухал энэ салбарын ирээдүйг би хувьдаа асар их гэрэл гэгээтэйгээр, өөдрөгөөр харж, итгэж, төсөөлж явдаг. Улам өндөр түвшинд гарч хөгжих нь эргэлзээгүй. 
 
 
Д.ГҮНЖИЛМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин