sonin.mn

 

Наурыз нь шинэ өдөр буюу цаг хугацааны шинэчлэлийг харуулдаг баяр билээ. Дорнодын эртний заншил ёсоор бол "Шинэ жил” гэсэн үг юм. Дэлхийн олон ард түмний тэмдэглэдэг бусад "шинэ жилтэй" харьцуулахад Наурыз нь бодитой нийтлэг баярт тооцогддог.
 
 
Учир нь энэ баяр хаврын өдөр, шөнийн урт тэнцэж, нарны шинэ эхлэлтэй давхцдагаараа илүү үнэмшилтэй байдаг. Өөрөөр хэлбэл, байгаль, амьд ертөнц нойрноос сэрж хүмүүний ертөнцөд сэргээн мандалт явагдана. Эрт дээр үеэс Персийн гүрний нөлөөн дор байсан улс орнуудад энэ баярыг өргөн тэмдэглэдэг байж.
 
 
Наурыз нь эртний Персийг уламжилж буй Иран улсын хувьд үндэсний ба төрийн баярт тооцогддог. ОХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас гол төлөв Төв Азийн улс орнууд тэмдэглэж байна. Тухайлбал, Казахстан, Узбекстан, Туркменстан, Киргизстан, Зүүн Азид Наурызыг Афгангстан, түүнчлэн Пакистан болон Кашмирт тэмдэглэдэг.
 
 
Үүнээс үзэхэд Наурыз баяр нь үндэс угсааны гүн гүнзгий утга улбаатай болохыг харуулдаг. Оросын бүрэлдэхүүнд байгаа үндэстнүүдээс Татарстан болон Башкортстанд Наурызыг хаврын баяр болгон тэмдэглэдэг байна, Түүнчлэн Оросын доторх бага үндэстэн болох Чуваш, Комипермякуудад Наурызын ёс журам хадгапагдсан байна.
 
 
Кавказад ислам шашинтан бүх улсад, түүнчлэн Гүрж, цаашаа Түрк болон Македонд энэ баярыг тэмдэглэдэг байна. Ойрхи Дорнодод Иракийн Курдстанд энэ баярыг тэмдэглэдэг. Наурыз нь Бахайн цаг тооллоор ч гэсэн жилийн эхэнд тооцогддог. АНУ-д гуравдугаар сарын 21-нийг Хөдөө аж ахуйн өдөр болгон тэмдэглэдэг.
 
 
Наурыз дэлхийн хамгийн эртний баяр мөн билээ. Дундад Азид энэ баярыг таван мянган жилийн тэртээгээс тэмдэглэж иржээ. Перс хэлнээс “Наурыз” шинэ өдөр гэж орчуулдаг. Энэ баярыг ислам шашин дэлгэрэх хүртэл тэмдэглэж байжээ. Ард түмний дэмжлэгийг хүлээсэн ажээ. Наурызыг чухам хэдийнээс тэмдэглэж эхэлсэн асуудал маргаантай.
 
 
Олонх хүн ард түмний дунд тархсан домгийг үндэс болгодог. Домог бас олон янз. Гэвч домогт бас ямар нэгэн үнэний ор үндэс бий. Зарим судлаач үүнийг зороастризмын хүртэлх үетэй холбож үздэг. Зарим нь Персийн хааны аян дайнтай холбон үздэг. Наурыз-персийн “ноу” (шинэ) ба "руз" (өдөр) гэсэн хоёр үгийн нийлбэрээс бүрдэнэ.
 
 
"Науруз" анх персийн хэллэгт манай цаг тооллын өмнөх хоёрдугаар зууны үед бий болсон ч, энэ баярыг Ахеменидов (манай цаг тооллоос өмнөх 648-330 онд)-ын гүрний үед тэмдэглэж байжээ. Ахменидовын гүрний захиргааны үед хаврын өдөр шөнө тэнцсэн өдрийн баяр нь албан ёсны болж, Зороастизмын баяр болсон байна.
 
 
Наурызыг тэмдэглэдэг өдөр Персийн гүрний хаан Шахиншахад бэлэг сэлт бэлтгэж өгдөг байв. Ираны алдарт “Шахнаме” найраглалд түүний баярлаж эхэлснийг Шах Джамшидын (перс) хаанчлал эхэлсэн үетэй холбодог. Үүнээс улбаапаад уг баярыг “Джамиди Навруз” гэх нь бий. Тухайлбал,
 
Олонд алдартай захирагч эзэн хаан
 
Огторгуйн өндөрт нар шиг гэрэлтэнэ
 
Ширээнд нь залах ёслолд цугларсан ард түмэн
 
Чин хүсэлт Эзнийхээ алдрыг бишрэн залбирна
 
Джамид хааныг алмаз эрдэнээр бүтэн хучсан
 
Жаргалтай баярт тэр өдрийг Шинэ өдөр хэмээв
 
Олны сэтгэл баясан тэнийсэн тэр өдөр
 
Ормазд өдөр, Фарвардин cap байсан юм
 
Вино шимтэн, гангар гунгар яриа өрнүүлэн
 
Бүгд эзнээ хайрлан, сэтгэл дүүрэн баясав
 
Энэхүү баярыг ариунаар хямгадан уламжилж
 
Эртний соёлын сайхан дурсамж болгон үлдээв гэжээ.
 
Наурызыг ихэнх оронд гуравдугаар сарын 22-нд тэмдэглэдэг ч гэлээ Фарфардины Ормазд сарын өдөртэй давхацдаг Ираны цаг тооллын эхний өдрийн дагуу өдөр, шөнө тэнцдэг өдөртэй тохирно. Наурызыг жинхэнэ ард түмний баяр болгон тэмдэглэдэг Ираны хувьд хоёр Наурыз болдог. Том ба бага наурыз гэж.
 
 
Бага Наурыз-хаврын эхлэл, Их Наурыз-Фарфардин сарын зургаа дахь хоног юм. Иран улсад энэ баярыг гол төлөв 13 хоногийн турш тэмдэглэдэг. Азербайжанц Наурызыг төрийн баяр гэнэ. Азербайжанд “тонгал” гэж нэрлэдэг гал асааж, долоон удаа түүн дээгүүр харайх заншил бас байна.
 
 
Наурызыг 2009 оны есдүгээр сарын 30-нд ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний материалын бус төрөлд дэлхийн бусад 76 төрлийн хамт соёлын өвийн жагсааптад бүртгэн авчээ. Материаллаг бус өвийн 76 төрөл зүйлийн жагсаалтад оруулахыг материаллаг бус өвийг хамгаалах талаарх 24 улс орны оролцогч Олон улс хоорондын хорооны гишүүд дэмжжээ.
 
 
2010 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дүгээр хуралдаанаар «Дэлхийн соёл» консенсулын өдрийн 49 дэх НҮБ-ын чуулганы тогтоолоор гуравдугаар сарын 21-ийг Олон улсын Наурызын өдөр гэж тогтоожээ.
 
 
2010 оны хоёрдугаар сарын 23-нд Азербайжан, Афганстан, Иран, Казахстан, Киргизстан,  Таджикстан, Турк, Албан, Македения ба Энэрхэг улсын дэмжлэгээр НҮБ-ын Ерөнхий Ассамблей “Олон улсын Наурызын өдрийн” тогтоолын төслийг танилцуулав. Үүний үр дүнд НҮБ-ын Ерөнхий Ассемблей “Олон улсын Наурызын өдөр”-ийн тогтоолыг санал нэгтэйгээр баталжээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолд заахдаа:
 
-Гуравдугаар сарын 21 -нийг Олон улсын Наурызын өдөр хэмээн хүлээн зөвшөөрөх 
 
-Наурызыг тэмдэглэдэг гишүүн орнуудын гаргасан хичээл зүтгэлд талархал илэрхийлж, Наурызтай холбоотой соёл, ёс заншлыг хамгаалах ба хөгжүүлэхийн төлөө гаргаж буй хүчин чармайлтад Наурызыг тэмдэглэдэг гишүүн орнуудад тапархап илэрхийлэх
 
-Гишүүн орнуудад Наурызын тухай мэдээллийн түвшинг дээшлүүлэхэд анхаарч, шаардлагатай бол энэ баярыг таниулах арга хэмжээг зохион байгуулахад хүчин чармайлт гаргахыг уриапах
-Наурызыг тэмдэглэдэг гишүүн орнууд Наурызын өвийн тухай мэдээллийг Олон улсын нийгэмлэгийн хэмжээнд дэлгэрүүлэх зорилгоор энэ баярын түүхэн сурвалж болон түүний уламжлалыг судлах
 
-Сонирхож буй НҮБ-ын гишүүн орнуудад, тухайлбал, түүний мэргэжсэн байгууллагуудад, ялангуяа НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын сангууд ба хөтөлбөрүүдэд болон сонирхож буй Олон улсын болон бүс нутгийн байгууллагад, түүнчлэн төрийн бус байгууллагуудад Наурызыг тэмдэглэдэг улс орнуудад зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд оролцож байхыг уриалсан ажээ.
 
 
Үүгээр Наурыз нь дэлхийн улс түмний эв нэгдэл, энх тайван, найрамдал сайн санааны баяр болсон билээ. Наурыз шашны бус, үндэсний баяр мөн билээ. Наурыз үндэсний баяр болохын зэрэгцээ түүний түүхэн ач холбогдол нь гүнзгий оршдог.
 
 
Өвлийн хүйтэн өнгөрч, амьдралын хүч тамир буй болгодог тааламжтай улирал ирдэгт ард түмэн их баяртай байдаг билээ. Өвөл тарга тэвээрэг алдсан мап, амьтан дулаан үетэйгээ золгож, хүмүүс мөн хаврын цэлмэг агаараар амьсгалж сэтгэл нь тэнийдэг байна.
 
 
Казахууд Наурызыг өөрөөр “Улыстын улы күни” (Ард түмний алдарт өдөр) гэж нэрлэх. Ард түмэн гуравдугаар сарыг бүхэлд нь “Наурыз” гэж нэрлэдэг юм. Наурыз казахын ард түмний хамгийн гол баяр мөн. Наурыз байгаль нойрноос сэрж хөдөлгөөнд орж эхлэх үе. Наурыз бэлэг дэмбэрлийн баяр болохын хувьд түүнтэй ард түмний олон ёс заншил холбоотой байдаг ажээ.
 
 
Энэ сард хүү төрвөл Наурызбай, Наурызбек, Наурызхан, охин төрвөл Наурыз, Наурызгүл, Наурызжан гэх мэтчилэн нэр өгдөг байна. Наурызын өдөр гарсан төлийг төлийн эхэн гэж үзэж онцгойлон анхаарч асарч тордоно. Эхэн төлийг худалдахгүй, хүнд бэлэглэхгүй. Ийм малыг өөрийнхөө хүндэтгэлтэй баяр, эсвэл тахил өргөж ёслол үйлдэнэ.
 
 
Наурыз-хаврын баяр, байгаль шинэчлэгдэх, шинэ он эхлэх, шинэ амьдрал соёлох үе. Наурыз баяр бол байгалийг шүтэхийн баяр, гуравдугаар сарын 22-нд өдөр шөнө тэнцсэний баяр юм. Од ба од гаргууд бүтэн жил тойрч явахдаа өөрийн анх гарсан цэгтээ буцаж ирж, цаашаа шинэ тойргоор явж эхэлдэг байна. Өдөр уртасч, шөнө богинсч эхэлдэг байна.
 
 
Наурыз бол байгалийн баяр. Дундад Азийнхан болон Казахстаны оршин суугчид энэ өдрийг “Самарханы хөх чулуу зөөлөрсөн өдөр” ч гэж сайшаадаг. Энэ нь дулаарал эхэлснийг илтгэж байгаа юм. Казахуудын дунд тархсан домгоор бол Наурызын өмнөх шөнө дэлхийд аз жаргал хэсч явдаг. Иймээс баярын урьдах шөнийг аз жаргалын шөнө гэж бэлэгшээдэг.
 
 
Өөрөөр хэлбэл, Наурыз дэлхийд сайн санаа ирэх өдөр, цэцэгс дэлгэрч, шувууд дуугарч, газар ногоорч, гол горхи урсч, дэлхийд шинэ жил бууж ирнэ. Наурыз сайн санаа дэлхийд оршин дэлгэрэх өдөр юм. Иймд энэ баярт урьдчилан сайн бэлтгэж, хариуцлагатай хандах учиртай юм.
 
 
Орчин тойрноо эмхэлж цэгцлэн, гол горхи, худаг ус, булгийн эх, түүний орчин тойрон болон гэр орноо сайтар цэвэрлэж, цэвэрхэн хувцсаа өмсдөг байх хэрэгтэй юм. Мөн энэ өдөр аян замд гарахгүй, үс хумсаа авдаггүй, хүнтэй муудалцаж, хэрэлддэггүй, хараалын үг хэлдэггүй, хувцас угаадаггүй ийм цээрийг баримталдаг юм.
 
 
Наурызын баярын ширээгээ элбэг дэлбэг засдаг, аяга саваа цэвэр ус, тараг, будаагаар дүүргэж тавьдаг уламжлал байжээ. Шинэ оныг элбэг дэлбэг хүлээж авбал, тэр жилийн турш тийм сайн болно гэж бэлэгшээдэг. Наурыз ирэхэд гэр оронд байгаа бүх юм сайнаар эргэж, өвчин зовлон, бүтэлгүй юм арилж алга болдог гэж үздэг.
 
 
Хүмүүс хоорондоо маш эвсэг байж, инээд баяраар дүүрэн харьцах ёстой. Хүнд гомдсон гомдлоо мартдаг. Хүүхэд баясч, эмэгтэйчүүд инээд баяслаар дүүрэн байна. Уур хилэн хэрхэвч гаргах ёсгүй гэж үздэг. Олон төрлийн хоол ундыг хүрэлцээтэй бэлтгэдэг. Нас барагсдад зориулж ном уншуулдаг. Дараа нь ахмад хүн сургаал хайрлаж, сайн сайхан байхыг хүсэж ерөөл айлтгана.
 
 
Баярын ширээнд уламжлалт хоолноос гадна “Наурыз көже” буюу наурызын шөл заавал байна. “Наурызын шөлийг хүнсний долоон төрлөөр бэлтгэнэ. Долоон төрлийн хүнс ард түмний зан үйлээс гаралтай... Казах хэлэн дэх долоон овог, долоон баялаг, долоон алхам газар, долоон мануухай, долоон шөнө гэх мэт залгаа үгнүүд ард түмний уугийн итгэл үнэмшил, домгийн болон зурхайн ойлголтоос гарчээ.
 
 
Тийм учраас зарим газарт төрөл зүй өөрчлөгдсөн ч хүнсний долоон төрөл байх нь заавал хадгалагджээ” (Казах ССР Бага нэвтэрхий толь, дөрөвдүгээр боть, 672 дахь тал).  Шөлийг айлын эзэгтэй бүр өөр жороор хийж болдог ч долоон төрөл өөрчлөгдөх ёсгүй юм. Энэ нь: ус, мах, давс, өөх, гурил, амуу тариа, сүү.
 
 
Үүнд өвлөөс үлдсэн борцолсон мах, казы зэрэг хүндэтгэлтэй хоолнууд нэмэгдэнэ. Ус, мах, давс, цагаан будаа нь хүн байгалийн нэгдлийг харуулна. Сүү-амьдралын эхлэлийг, буудайн зүйл үр удам олон болохыг, том саванд бэлтгэсэн хоол эв нэгдлийг илэрхийлнэ. Долоон төрөл нь амьдралын долоон элементийг буюу-жаргалтай, азтай, цэцэн мэргэн, эрүүл, баян, дэвжиж дээшлэх, ивээлтэй байхыг илтгэн харуулна.
 
 
Наурызын шөл уламжлагдсан өглөгч зан чанар, зочломтгой байдал, уужим сэтгэл зэрэг гоё ёс заншлын нэг-хоол амсуулахын гоё үзэгдэл болон тогтсон байна. Казахад “Нэг өдөр хоол амсахад дөчин өдрийн мэнд хүргэх” гэсэн сайхан үг бий.
 
 
Баярлаж цэнгэнэ. Үндэсний төрөл бүрийн тоглоомоор тоглож наадан сайхан өнгөрүүлдэг байв. Энэ үед архи уух, хоорондоо хэрэлдэх муудалцахыг хатуу цээрлэдэг байна. Найрын үеэр морь уралдуулах, бөх барилдуулах, бусад биеийн тамирын тэмцээн зохиох, харилцаа дууны уралдаан, төрөл бүрийн тоглоом явагдаж, наурызын үед таавар тааж, дуу дуулж, шүлэг уншиж, Наурызын магтаал дуулж болдог.
 
 
 
Хүн бүхэн настнуудаас ерөөл хайрлахыг хүсдэг. Наурызын найр буюу “Наурызнама” 3-9 хоног үргэлжилж, ард түмний үндэсний ёс, зан заншлууд нь өргөнөөр хэрэглэгддэг онцгой том цугларалт наадам юм.
 
 
Ёс заншил ёсоор дээр үед Наурызын баярыг айл-хотон, улс орноороо, ялангуяа залуус бүгд өглөө эрт гэгээг хүлээж авахаас-гол горхи цэвэрлэх, мод суулгах, цэцэг тариалахаас эхэлдэг байв. Улам сонирхолтой болгож тоглож наадаж, дуудуулж .бүжиг хийж, яруу найргийн уралдаан, харилцаа дуу, казах бөх барилдах, морь уралдуулах гэх мэт үргэлжилж “Алты бахан” гэдэг тоглоомоор дуусдаг байж.
 
 
Наурызын хоёр дахь өдөр олон нийт бүгд хаврын тариаланд гардаг байв. Малчид төл хүлээн авах бэлтгэлд гардаг байв. Энэ өдөр сайн сайхныг хүсэх, баяр хүргэх, уучлах, нөхөрлөх зэрэг хүний сайн чанар харагдаж, хойш үеийнхэн тийм сайн чанараас хүмүүжил авна. Наурызын онцгой үлгэр жишээч, баяр ёслолын, үнэ цэнэлэг ба танин мэдэхүйн шинж тэмдэг нь маш олон.
 
 
Энэ бүхэн хүн бүрийг дээд зэргийн ухамсартай. үлгэр жишээч, хүмүүжилтэй, ахан дүүсэг, чин шударга. энэрэгүй байх үзэлд хүргэнэ.  Тиймээс Наурызыг яаран хүлээдэг нь үүнтэй холбоотой байж мэднэ. Энэ алдарт өдөртэй холбоотой ард түмний ёс горим, зан заншлууд ч бий. Казахын ард түмэн ч жилийн эхэн болох энэ баярыг онцгой үнэлэн, түүнийг жил бүр тэмдэглэж байх ёслол болгожээ.
 
 
Наурызын ерөөл айлтгах явдал чухалд тооцогдоно. Үүнд Наурызын найрын үед уригдсан, энэ өдөрт зориулж авьяасаа үзүүлсэн яруу найрагч, дуучин, бөхчүүдэд болон бусад авьяастан, залуу уран бүтээлч, нийт хүмүүст зориулан аксакалууд, эмээ, ахмад настай хүмүүс ерөөл айлтгана.
 
 
Ерөөл нийт ард түмэн, олон нийт болон хамт олон, айл хоттныхонд зориулагдана. Залуучууд наурызын ерөөл хэлүүлэхээр тэмүүлдэг. Наурызаар айлтгасан ерөөл бол онцгой юм. Ийм ерөөлийг «уыз бата» (уурагт ерөөл) гэнэ. Тухайлбал, 
 
Төр түвшин байг 
 
Түмэн олон амгалан байг 
 
Хүн ард эрүүл байг 
 
Хүүхэд бүр аз жаргаптай байг 
 
Улыс он болсын 
 
Ак мол болсын 
 
Наурыз кутты болсын! 
 
Эх орон нэгт монгол түмэн минь, нутаг, аймаг нэгт казах түмэн минь элгээрээ энх түвшин амгалан байх болтугай.
 
Түүх, соёл судлаач Т.Етекбай