sonin.mn

Цэргийн хөгжим нь армийн сүр хүчийг хоёроос гурав дахин нэмэгдүүлдэг. А.В.СУВОРОВ

1970-1980-аад оны үед төрөл мэргэжлийн цэргийн олон сургуульд монголоос суралцагсад цөөнгүй байв. Зөвлөлтөд монголоос суралцагч цэргийн алба хаагч биднийг тус улс дахь манай элчин сайдын яамны Цэрэг-агаарын цэргийн атташегийн аппарат шууд хариуцаж байлаа.

Сургууль бүхний лавлагаа тэдэнд байх. Нэг өдөр манай академийн оюутны байрны жижүүрийн утсаар цэргийн атташе, хошууч генерал Ц.Содномдаржаа ярьж, ЭСЯ-нд яаралтай ир гэлээ.

Энэ нь 1977 оны зун. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Банзрагч, хошууч Ж.Дэндэвт Байлдааны гавьяаны Улаан тугийн одон гардуулж, Элчин сайдын яамны хүндэт жуух, БХЯ-ны тэмдгээр намайг шагнаж баяр хүргэж билээ. Ингэж л би П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн Хөгжмийн дээд сургуулийн Цэргийн хөгжмийн факультетийн сонсогч Ж.Дэндэвтэй анх танилцсан юм.

Оюутан хүн тэр том одонгоор шагнуулах нь их ховор билээ. 1970 оны сүүлчээр бид хоёр тус тусын сургуулиа төгсөж, БХЯ-нд томилогдож хамт ажиллав. Тэр үеийн Оперативын газрын харьяанд Нисэхийн алба, Хөгжмийн алба, Цэргийн газрын зургийн алба, Ус цаг уурын алба гээд энгийн байгууллагатай ажил төрлийн асар их холбоотой, нэлээд их нөлөөтэй албад байж билээ.

Хөгжмийн нэрт удирдаач Ж.Дэндэв Ардын армийн хөгжмийн албаны даргаар тасралтгүй 10 гаруй жил ажиллахдаа миний мэдэхийн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн зэмсгийг хэд хэдэн удаа шинэчилж, мөн үйлдвэр комбинатын тэнд байрлах армийн засварын 165 дугаар ангийн Офицеруудын байрны хажууд цэргийн хөгжимчдийн ордон, төрөлжсөн олон танхим, тасалгаатай болгож, 1980 оны эхээр нээлтээ хийж байлаа.

Энэ нь цэргийн хөгжмийн аж ахуйн талд том ололт байлаа. Тэрбээр цэргийн хөгжмийн сургуулийг санаачлагчийн нэг бөгөөд туггай цэргийн анги, нэгтгэл бүхнийг хөгжмийн салаатай болгосон ...

Хөгжимчин хүүхэд, улирсан цэргийн алба хаагч-хөгжимчин, салааны дарга нь офицер. Үлээвэр хөгжмөөр цэргийн анги бүхэн марш тоглоод мөн ч сүртэй сайхан байсан сан. Хөгжим нь сүрлэг, хөпжимчин хүүхэд нь түмний анхаарлыг татна.

Жил бүрийн хавраас эхлээд улсын наадам хүртэл цэргийн парадын бэлтгэл гэж нүсэр ажил өрнөнө. Бид парадад хөл тавьж, Ж.Дэндэв дарга нэгдсэн парадад хөгжмөө удирдана. Мөн ч сайхан шүү. Олноо рапорт хэмээн алдаршсан генерал Ж.Ёндон цагаан хоолойгоор, Дэндэв гэхэд автоматаар хөдөлж байгаа юм шиг цагаан бээлийтэй гараа гялс хийтэл өргөөд л хөгжмийн дуунаар парад эхэлнэ.

Сүхбаатарын талбайд болдог Ардын хувьсгалын ойн баярын парадын хөгжмийг 13 жил тасралтгүй удирдсан “Дархан” удирдаач. Түүний удирдаж тоглуулсан сүрлэг сайхан маршийн аялгуунд их жанжныхаа талбайд хөл тавьж, хийморь золбоогоо сэргээсэн парадын нэгдүгээр хайрцгийн эхний эгнээний офицерын нэг нь байлаа би.

Цэргийн хөгжим нь төрийн болон цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаануудад оролцох, цэрэг дайчдын уран сайхны соёлыг нэмэгдүүлэх, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний жагсаалч ажиллагааг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй билээ. Хөгжмийн зохиолч Ж.Дэндэвийн уран бүтээлийн нэрийн хуудас нь марш.

Сэтгэл сэргээм бадрангуй, сүрлэг сайхан маршуудын нэг болох “Эх орны алдар”-аа Ж.Дэндэв удирдаач 1981 онд Монгол Улсын иргэн сансарт ниссэн тэр баярт мөчид бичжээ.

Улмаар Ардын армийн 60 жилийн ойд зориулсан үлээвэр хөпжмийн маршийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн юм. Түүгээр ч зогсохгүй сансрын баатраа улсынхаа нийслэлд морилон ирэхэд “Эх орны алдар” марш эгшиглэж, зохиогч нь өерөө удирдаж угтсан түүхтэй.

...Огторгуйд цойлон нисэхийн өмнөх сансрын хөлгийн дуу чимээ бүдгэрэн бүдгэрсээр зах хязгааргүй хөх тэнгэрийн уудамд бараа нь алсрав. Амьдрал бэлэглэж, элгэндээ тэвэрсэн амгалан цэнхэр дэлхий ээжийгээ алган дээрх шигээ харж, хүн ардынхаа хүсэл мөрөөдлийг тээж яваа монгол хүүгийн сэтгэлд яруу тунгалаг, цоглог сайхан ая эгшиглэж байлаа...

“Эх орны алдар” маршийг сонсоход нүдний өмнө өөрийн эрхгүй дээрх зураглал төрж, хүн бүр хөг аялгуун цэнхэр тэнгэрт нисвэн “Сансрын нисэгчид” болдог.

“Эх орны алдар” марш нь зохиомжийн хувьд маршийн хөгжмийн төрөлд нэгэн шинэ хуудсыг нээсэн содон бүтээл болсон юм. Энэ марш нь монголчуудын нэг бахархал.

“...Сансрын нисэгчийг аялгуундаа өлгийдсөн “Эх орны алдар”-аа би зүрхнээс зүрхэнд, сэтгэлээс сэтгэлд шингэх сайхан бүтээл болжээ хэмээн бодож, цаашид олон олон монгол хүн сансарт нисэхэд миний марш үдэж, уггаж байгаасай гэж хүсдэг дээ! ...” гэж алдарт хөгжимчин, удирдаач, профессор Ж.Дэндэв гуай нэгэнтээ ярьсан юм.

Цэргийн хөгжмийн нэртэй удирдаач тэрбээр 1940 онд Увс аймагт гөржээ. 1950 онд ЦЕС-ийн хөгжмийн салаанд хөгжимчин сурагч, 1978-1991 онд Армийн хөгжмийн албаны дарга, 1991-2008 онд БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуульд ахлах багшаар ажиллажээ.

Үлээвэр найрал хөгжимд бичсэн томоохон хэмжээний хөгжим 20, марш 40, нийтийн дуу 20, хөгжмийн найруулга, хөрвүүлэг 130, мөн Тува улсын нийслэлд уригдан багшилж, Төв театрт нь “Ангирын дууль" балетын томоохон хэмжээний бүтээл тавьжээ.

Нэрт удирдаач, профессор агсан Ж.Дэндэв ЗХУ, ОХУ, Беларусь, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Хятад, Япон, Эстони зэрэг оронд бүтээлээ толилуулжээ. Түүнчлэн олон улсын Үлээвэр найрал хөгжмийн наадамд шүүгчээр уригдан ажиллаж байжээ.

Бэлтгэл хурандаа Я.Даваасамбуу