Монгол Улсад 50 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа бий. Уг судалгаанд хүүхдүүдийн талаас илүү нь аюултай, хортой нөхцөлд ажиллаж байгааг анхаарах шаардлагатай гэж дурджээ. (Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо). Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлд насанд хүрээгүй хүний хөдөлмөр эрхлэлтийн талаар хэдхэн заалт бий. Гэвч үүнийг хэрэгжүүлдэггүй байгууллагууд байна. Хүүхдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой эрсдэл учруулсан бодит жишээг дурдая.
КЕЙС №:1:
15 настай цагийн ажилтан краны тэвшээс унаж нас барав
ХУУЛЬ: Хөдөлмөрийн тухай хуулийн 142.7 зүйл. Ажил олгогч энэ хуульд заасны дагуу 15-18 хүртэлх насны хүнээр хөдөлмөр эрхлүүлэх бол хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ болон тухайн насанд хүрээгүй хүнтэй гуравласан хөдөлмөрийн гэрээ байгуулна.
ХУУЛЬ ЗӨРЧСӨН НЬ: 15 настай Н “С”ХХК-нд барилгын материал зөөх цагийн ажилтнаар ажиллаж байсан. Тэрээр баригдаж буй орон сууцны 10 давхарт плита зөөх ажил гүйцэтгэж байхдаа ачаа өргөх краны тэвшнээс унажээ. Улмаар эрүүл мэндэд нь амьдрах боломжгүй хавсарсан хүнд гэмтлүүд учирсны улмаас амь хохирсон. (Эх сурвалж: Шүүхийн шийдвэрийн нэгдсэн сан).
Шүүхээс “С” ХХК-ийн захирал нарын гурван хүнийг:
1.Насанд хүрээгүй (15 настай) хүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй, үйлдвэрлэлийн ажлын байранд ажилуулж хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах үүргээ зөрчсөн,
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 142 дугаар зүйлийн 142.7 дахь хэсэгт заасныг зөрчиж 15 настай Н-ээр барилгын ажил буюу өргөгч төхөөрөмж ашиглан барилгын тагтаар ачааг оруулж, гаргах ажил гүйцэтгүүлсэн гэж буруутгажээ.
“С” ХХК-ийн удирдлагууд 15 настай Н-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Байгууллагын албан тушаалтнууд “Хүүхдийг 15 настай гэж мэдээгүй” гэж мэдүүлжээ.
Компанийн удирдах ажилтнуудыг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэнд тооцож, шүүхээс тэдэнд зохих ял, шийтгэлийг оногдуулсан байна. Талийгаач Н-ийг төрсөн ах нь өөрийн ажилладаг газартаа туслахаар оруулсан аж. Энэ тухай ах нь “Компанитай ямар нэгэн гэрээ хийгээгүй, бид хоёр барилгын материал зөөх болон бусад туслах ажил хийдэг байсан” гэжээ.
Ажил олгогчид хүүхэдтэй гэрээ байгуулж ажиллуулдаг тохиолдол цөөн бөгөөд гэрээ байгуулсан ч хэлбэр төдий, ажлын хөлс, хөдөлмөрийн нөхцөл, ажиллах цагийг тохиролцдоггүй нийтлэг асуудал бий.
Мөн нөгөө талд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ танилынхаа ажлын байранд ажиллуулах, туслуулах нь элбэг байх бөгөөд энэ тохиолдолд гэрээ байгуулахгүй зөвхөн амаар тохиролцдог жишиг ч байна. Энэ мэтчилэн гэрээгүй, хөдөлмөрийн нөхцөл, ажлын цаг, цалин хөлс тодорхойгүй байдлаар ажиллаж байгаа хүүхэд өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чадваргүйн улмаас хөдөлмөрийн мөлжлөгт өртөх, амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарч байна.
КЕЙС №:2:
“Би хүний дансаар мөнгөө авдаг байсан”
ХУУЛЬ: Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйл. Бэлгийн мөлжлөг
2.Энэ гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор:
2.5.хоёр, түүнээс олон хүний эсрэг байнга тогтвортой үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ХУУЛЬ ЗӨРЧСӨН НЬ: Насанд хүрээгүй Ө, У нарт мөнгө хэрэгтэй байсан. Энэ мэт нөхцөлийн улмаас Ж, Ц нар тэднийг эрхшээлдээ байлгаж, бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулж байжээ. Эндээс харахад хүүхдийн хууль бус хөдөлмөр эрхлэлт бэлгийн мөлжлөгийн хэлбэрээр ч илрэх тохиолдол цөөнгүй байна.
Дээр дурдсан гэмт хэрэгтэн Ж, Ц нь насанд хүрээгүй Ө нарын охидод мөнгө хэрэгтэй байгаа эмзэг байдлыг нь далимдуулж биеийг нь үнэлүүлсэн. Улмаар ашиг олох зорилгоор тээврийн хэрэгслээр тээвэрлэж, тээвэрлэлтийн хөлсөнд 50-100 мянган төгрөг авдаг байжээ.
Хохирогч “Би хүнд үйлчлээд төлбөрөө Ц-н дансаар авдаг байсан. Ц тэндээс машины төлбөр хасаад үлдсэнийг нь надад бэлнээр АТМ-ээс гаргаж өгдөг” гэж мэдүүлсэн байна. Харин гэрч буюу түүний ээж нь “Гэртээ 50, 60 мянган төгрөг бэлнээр авчирсан. Мөн дүүдээ живх, чихэр, ундаа барьчихсан орж ирсэн. Би хаанаас мөнгө олсон юм бэ гэхэд "би ажил хийж байгаа гэсэн” гэжээ. Тэрээр энэ үед арваннэгдүгээр ангийн сурагч байсан. Хэрэгтнүүд насанд хүрээгүй хохирогч нарын тогтмол орлогогүй, мөнгө олох зорилго дээр тулгуурлаж, тэдгээрт илүү орлоготой ажиллахын тулд нэмэлт төлбөртэй тусгай үйлчилгээ /бэлгийн харьцаанд орох/ үзүүлэх ажлыг санал болгосон. Улмаар садар самуун явдалд хүүхдийг ашиглан, цалин олгох нэрээр бусдад биеийг нь үнэлүүлж, машинаар үйлчлэх, олсон мөнгийг хуваан авах байдлаар ашиглан, мөлжих ажиллагааг байнга тогтвортой зохион байгуулжээ.
Энэ мэтчилэн хохирогчдын эрх зүйн бүрэн бус чадамжтай байдлыг далимдуулан ажлын байр, орлогын эх үүсгэврээр эрхшээлдээ оруулсан байх тул тэдний үйлдэл нь бэлгийн мөлжлөгийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэн зохих ялыг оноожээ.
Хүүхэд биеэ үнэлэхийг хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэж ОУХБ-ын 182 дугаар конвенцын III дугаар зүйлд заасан байна. Насанд хүрээгүй хохирогч нарын биеэ үнэлэлтэд уруу татагдах болсон шалтгаан нь санхүү, мөнгөний гачигдал. Энэ мэтчилэн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд садар самуунд ууруу татагдах, бага хэмжээний мөнгө, хэрэглээний зүйл авч хариуд нь бэлгийн харьцаанд орох нь нийгмийн шинжтэй асуудал болсон, үүний цаана хүүхдийн хууль бус хөдөлмөр эрхлэлт, бэлгийн мөлжлөг явагдаж байх өндөр магадлалтайг Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн чанарын судалгаанд дурджээ.
Хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашиглах гэдэгт дараах үйлдлүүд багтана. Үүнд:
● Хүүхдийн асран хамгаалагч, төрөл садан, эсвэл хэн нэгэн этгээд хүүхдийг хүчээр эрхшээлдээ оруулан хүүхдийг мөлжих, орлого олох зорилгоор ашиглах, өөрийн болон бусдын дур хүслийг хангах хэрэгсэл болгох, биеийг нь үнэлүүлэх, садар самуунд татан оруулах, ашиглах.
КЕЙС №:3
“Дарга намайг шувуу үргээх хүүхэд ол гэсэн”
ХУУЛЬ: Хөдөлмөрийн тухай хуулийн 142.1. 15 насанд хүрээгүй хүнээр энэ хуулийн 142.3, 142.5-д зааснаас бусад тохиолдолд хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно.
●142.3.Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхгүй, сурч боловсроход саад учруулахгүй нөхцөлд 13-15 насны хүнийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн зөвшөөрөлтэйгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд хөнгөн ажил эрхлүүлж болно.
●142.5. 15 нас хүрээгүй хүнийг урлаг, спортын үзүүлбэр, зар сурталчилгаанд оролцуулахаар хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр гаргасан зөвшөөрөл, ажиллах цаг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг үндэслэн хүүхдийн эрхийн улсын байцаагч тухай бүр зөвшөөрөл олгосон бол хөдөлмөр эрхлүүлж болно.
ХУУЛЬ ЗӨРЧСӨН НЬ: Тариалангийн талбайд ажиллаж байсан 12 настай И тээврийн хэрэгслийн чиргүүлийн дугуйнд хөлөө дайруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирчээ.
Гэрч Д “...үр тариаг долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-н хүртэл бор шувуу иддэг, энэ хугацаанд 30-40 хүүхэд ажилласан. Энэ ажлыг насанд хүрсэн хүмүүсээр хийлгэх гэхэд ганц нэг хоног болоод хаяад явчихдаг. Тэр ажил хийгээгүй хүмүүсийн нэр дээр цалин бодоод үүнийг хүүхдүүдэд хувааж өгдөг. Дарга намайг шувуу үргээх хүүхэд ол гэсэн” гэж мэдүүлжээ.
Шүүхээс гурван хүнийг гэм буруутайд тооцон хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж шийдвэрлэн зохих ял, шийтгэлийг оноожээ. Хөдөлмөрийн тухай хуулиар 12 настай хүүхэд албан ёсоор хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах боломжгүй. Гэвч дээрх тохиолдолд хөдөлмөрийн гэрээгүйгээр, насанд хүрэгчдийн нэрээр цалин бодож хүүхдэд олгожээ.
Өөрөөр хэлбэл ажил олгогчид хүүхдийг хямд ажиллах хүч гэж харж, харин хүүхэд хөнгөн ажлыг тодорхой цагт, аюулгүй орчинд гүйцэтгэх ёстой гэж хуульд заасныг үл тоомсорлосноор хүүхдийн эрүүл мэнд, амь насанд ноцтой эрсдэл учирсан байна.
Хүүхэд хөдөлмөрийн харилцаанд оролцохдоо эрх зүйн бүрэн чадамжгүй буюу бие даан гэрээ, хэлцэл байгуулах эрхгүй. Гэтэл ажил олгогчид тэднийг албан ёсны гэрээ, хэлцэлгүйгээр ажилд авдаг. Улмаар хүүхэд хөдөлмөрийн гэрээ, иргэний хэлцэл байгуулаагүйгээс үүдэн ямар ажил, хэдэн цаг ажиллахаа, ямар нөхцөлд, хэр хэмжээтэй ажил үүрэг гүйцэтгэхээ мэдэхгүйгээр ажиллаж хууль бус хөдөлмөр эрхлэлтэд өртөж байна. Цаашлаад ажил олгогчийн хууль, гэрээ зөрчсөн үйлдлийг эсэргүүцэхгүйгээр хүнд, хортой, аюултай нөхцөлд дуулгавартайгаар ажиллаж эрхээ зөрчүүлэх, санхүүгээр хохирох, биеийн болон сэтгэл санааны эрсдэлд өртөх, гэмтэж бэртэх, ёс зүйн доройтолд орох, цаашилбал боолчлол, гэмт хэрэг, зөрчилд өртөх, хохирох тохиолдол гарсаар байна. Ажил олгогчид хүүхдийг зөвхөн гэрээтэй, эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр ажиллуулах ёстойг үүгээр сануулъя.
Х.ХАТАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Лхагва - 12 сарын 03,
2025

Сэтгэгдэл2
Улныхан хүүхдээ тэжээж чадахгүй амьдралаа өнгөтэй өөдтэй авч явж чадахгүй байж яагаад олон хүүхэд төрүүлээд байгаа юм болоо. Энэ бол ядуу сэтгэхүйтэй холбоотой асуудал.
Ихэнх хүүхдүүд багаасаа трауматай болж байгаа.